Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа “Амьдрал нулимсанд дургүй”, “Тогоруун цуваа” киногоороо монголчуудын дотны танил болсон Зөвлөлт холбоот улсын Ардын жүжигчин, алдарт Алексей Баталовын тухай хүргэж байна.

Валентин Черных зохиолыг нь бичиж, Владимир Меньшов найруулсанаар 1979 онд Мосфильм кино үйлдвэрт бүтээсэн “Амьдрал нулимсанд дургүй” хэмээх алдарт бүтээл дэлхийн 100 гаруй оронд гарч, 90 гаруй сая хүн үзсэн бөгөөд Америкийн Кино академийн “Оскар”-ыг гадаадын шилдэг кино төрлөөр авсан Орос-Зөвлөлтийн цөөн киноны нэг болж мөнхөрсөн билээ. Найруулагч Михаил Калатозов дэлхийн II дайны үед үзэл суртлын агуулгатай хэд хэдэн кино бүтээсэн бөгөөд 1957 онд “Летят журавли” буюу “Тогоруун цуваа” киногоо гаргасан нь Каннын кино наадмаас дээд шагналыг хүртсэн цорын ганц зөвлөлтийн кино болжээ. Эдгээр дэлхийн сор болсон бүтээлүүдэд алдар нэр, авьяас чадвараа мөнхөлсөн нэргэн эрхэм бол Зөвлөлт холбоот улсын Ардын жүжигчин, алдарт Алексей Баталов билээ. “Амьдрал нулимсанд дургүй” киноны Гошагийн дүрээр Монголын үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн юм.

Тэрбээр 1928 оны 11-р сарын 20-нд Москвагийн ойролцоох Владимир хотод төрсөн бөгөөд язгууртан угсаатай нэгэн байв. Ирээдүйн жүжигчин театрын гэр бүлд төрж, өссөн. Түүний эцэг Владимир Петрович Баталов найруулагч, харин ээж Нина Антоновна Ольшевская нь жүжигчин байсан. Мөн авга ах Николай Бата-лов нь 1916 онд Москвагийн Уран сайхны академик театрт жүжигчин байв.

Түүнийг таван настай байхад эцэг эх нь салж, эх нь зохиолч Виктор Ардовтой амьдрал холбосноор алдарт зохиолчийн гэр рүү нүүх болов. Энд л тэрбээр Оросын утга зохиолын сор болсон эрхмүүдтэй ойр дотно өсөж. Алдарт зохиолчийн гэрт гэрт зохиолч Юрии Олеша, Михаил Булгаков зэрэг гайхалтай эрхмүүд зочилдог байж. Түүгээр ч үл барам тэдний байшинд Фаина Раневсзая, Мария Петровых, Надежда Мандельштам, Лидия Чукавксая нар амьдардаг байлаа. Харин Анна Ахматова Баталовтой нэг өрөөнд амьдардаг байсан төдийгүй тэд үдэш бүр цуглаж, Пушкины тухай ярьдаг байж. Тэрбээр Оросын соёлын нэр хүндтэй төлөөлөгчид байсан тэдний оюун ухаан, авъяас чадварыг биширч өсөв.

1941 онд дайн эхлэж нүүлгэн шилжүүлэлт явагджээ. Тэрээр ээж, хоёр дүүгийн хамт Свердловск, Уфа, Казань гээд олон хотоор явсан. Хотоос хот дамжин дүрвэсээр Бугульма гэдэг хотод хүрчээ. Хожим хүүхэд байхдаа манай хотод амьдарч байсан хэмээн бахархаж Бугульмагийнхан хотынхоо театрыг алдарт жүжигчний нэрээр нэрлэсэн юм. Ингэж дүрвэж явахдаа тэрээр “өлсгөлөн” гэдгийн утга учрыг жинхэнэ мэдэрсэн хүнд хэцүү үеүүдийг туулсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Тэрээр 1944 оноос кинонд тоглож эхэлсэн ба дайны хүнд үед “Зоя” кинонд анхны дүрээ бүтээсэн байна. Дайны дараа тэрээр Москвад эргэн ирэв. 1950 онд найруулагч В. И. Немирович-Данченкогийн нэрэмжит МХАТ-ын дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөөд Зөвлөлтийн армийн төв театрт гурван жил ажиллав. 1953 оноос хойш Алексей Баталов Москвагийн урлагийн театрын жүжигчин болсон ч 1957 онд театраа орхиход хүрчээ. Гэсэн ч Алексей Баталов бол Москвагийн урлагийн театрын жүжигчин хүү юм. Учир нь жүжигчин өөрөө театр миний хувь тавилан гэж олон удаа хэлсэн байдаг.
Кино
Сургуульд байхдаа Баталов найруулагч Лео Арнстамын найруулсан “Зоя” кинонд анхны дүрээ бүтээсэн. Үүнээс хойш 10 жилийн дараа буюу 1954 онд Иосиф Хейфицийн найруулсан “Өнөр бүл” буюу “Большая семья” кинонд тоглож, Каннын наадмаас шилдэг гол дүрийн шагналыг авсан юм. Үүний дараа Хейфицийн найруулсан хэд хэдэн кинонд тоглосон нь 1955 онд “Румянцевын хэрэг”, 1960 онд “Нохойтой хатагтай”, 1964 онд “Аз жаргалын өдөр” байв. Найруулагч Иосиф Хейфиц бол түүний амьрал, амжилтад маш том нөлөө үзүүлсэн хүн бөгөөд түүний ачаар бид бүгдийг үзэх дуртай олон сайхан дүрийг бүтээсэн тухай дурссан байдаг.

1956 онд Максим Горькийн “Мать” буюу “Эх” романаас сэдэвлэн Марк Донскойн найруулсан кинонд Павла Власовагийн дүр оногдов.
Үүнээс жилийн дараа буюу 1957 онд Алексей Баталовын намтарт цоо шинэ үе бий болсон юм. Михаил Калатозовын найруулсан “Тогоруун цуваа” хэмээх домог болсон кинонд тоглосон нь түүнд алдар нэр, үзэгчдийн хайр, хүндлэлийг авч ирснээр зогсохгүй дэлхий нийтэд танигдах болсон юм. Эх орны дайны нийгмийн сэтгэлзүйд үзүүлсэн хор уршгийн сэдвийг хөндсөн тус бүтээл Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн цор ганц Зөвлөлтийн кино юм.

1960 онд тоглосон “Нохойтой хатагтай” /”Дама с собачкой”/ кино жүжигчний шинэ дүр төрхөд нээлт хийлээ. Гуровын дүр нь түүнээс маш их зүтгэл шаардсан, тэр чинээгээрээ үр дүн нь үнэ цэнэтэй байв. Энэ киногоороо олон улсын шагналуудыг багтаасан олон тооны шагнал хүртсэн юм.
1962 онд тэрээр “Нэг жилийн есөн өдөр” кинонд эрдэмтэн Герасимовын дүрийг бүтээсэн бөгөөд тус кино нь цөмийн физикчдийн хийсэн ажлын түүхийг өгүүлэх, бодит үйл явдлууд дээр үндэслэсэн кино юм. Түүнийг дүрээ бодолтой, эрдэмтэн, ХХ зууны элитүүдийн төлөөлөгчөөр харуулахыг хүссэн бөгөөд тэрбээр энэ даалгаврыг тун сайн гүйцэтгэжээ. Энэ дүрээрээ 1966 онд РСФСР-ын шагнал хүртсэн байна.

1975 оноос Алексей Баталов ВГИК-д жүжигчний багшаар ажиллаж байсан бөгөөд 1980 оноос профессор, тэнхимийн эрхлэгч болжээ. Энэ үед Владимир Меньшовын найруулсан “Амьдрал нулимсанд дургүй” кинонд бүтээсэн Гошагийн дүр бол жүжигчний бүтээлч намтар дахь хамгийн оргил үе болсон юм. Тус кино 1980-аад оны ЗХУ төдийгүй дэлхийн шилдэг киноны нэг юм. 1980 онд АНУ-ын Кино академаас гадаадын шилдэг киногоор шалгарч, 30 дахь удаагийн Берлиний кино наадамд “Алтан баавгай”-д нэр дэвшсэн энэ бүтээл бүх цаг үеийн дэлхийн шилдэг бүтээлд зүй ёсоор тооцогддог билээ.
Гошагийн дүрд тоглуулахаар олон Виталий Соломин, Вячеслав Тихонов /Штирлиц/ Олег Ефремов, Леонид Дьячков зэрэг олон алдарт жүжигчнийг сонгож шалгасан гэдэг. Гэтэл найруулагчийн сэтгэлд нийцэхгүй байсан тул эцэст нь өөрөө тоглохоор шийдээд байтал телевизээр “Миний эрхэм хүн” кино гарч таарч. Ингээд л Меньшов Гошад тоглох хүн бол Алексей Баталов юм байна гэж сонгожээ. Тухайн үед улс төрд орох бодолтой байсан Алексей Баталов В.Меньшовыг анх утасдахад татгалзсан хариу өгчээ. Удаан хугацаанд ятгасны эцэст тэрбээр хүлээн зөвшөөрсөн юм. Ингэж л гайхамшигт нэгэн дүр бүтсэн түүхтэй. Уг кино дэлхий нийтэд алдаршсан юм. Тэр ч бүү хэл 1985 онд АНУ -ын ерөнхийлөгч Рональд Рейган, Михайл Горбачевтай хийсэн анхны уулзалтаараа ” Оросын ард түмний нууцлаг сэтгэлийг таних гэж уг киног найман удаа үзэж байсан тухайгаа дурсаж байжээ.

Тэрбээр зөвхөн жүжигчин төдийгүй яруу найрагч, зураач, найруулагч байж. Алексей Баталов өөрөө гурван кино найруулсан: Николай Гоголын бичсэн “Шинель” (1960), Юрий Олесагийн “Три толстяка” (1966), Федор Достоевскийн “Игрок” (1973) зэрэг бүтээлийг кино болгожээ. Мөн радио нэвтрүүлэг Баталовын амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд Толстойн алдарт “Казаки”, Лермонтовын “Бидний цаг үеийн баатар” , Шекспирийн “Ромео ба Жульетта”, Достоевскийн “Цагаан шөнө” зэрэг радио нэвтрүүлгүүд гарсан байна. Тэд тус бүр нь радио нэвтрүүлгийн хамгийн сайн үлгэр жишээ хэвээр үлджээ.

Алексей Баталов хамгийн сүүлд 2006 онд “Карнавалын шөнө 2”-д тоглов.
40 гаруй кинонд тоглосон түүний авьяас билиг, хөдөлмөрийг үнэлж ЗХУ-ын Ардын жүжигчин (1976), ЗХУ-ын Төрийн шагнал (1981), ОХУ-ын Төрийн шагнал (2005) олгосон юм.
Хувийн амьдрал
16 настайдаа зураач Константин Ротовын охин, багын найз Иринатай гэрлэсэн бөгөөд тухайн үед тэрээр Москвагийн уран сайхны театр, студийн сургуульд суралцаж байсан юм. Хосууд Надя хэмээх охинтой болжээ.


Салалт ба шинэ амьдрал
1953 онд “Румянцевын хэрэг” кинонд тоглож байхдаа циркийн жүжигчин Гитан Леононтенкотой уулзаж, улмаар 1958 онд эхнэрээсээ салаад Гитантай гэрлэжээ. 1968 онд Маша хэмээх бяцхан охинтой болов.

Харамсалтай нь Маша охинд эмч нарын гаргасан алдаатай ажиллагаанаас болж тархины саажилттай болсон гэсэн онош тавьсан. Гэсэн хэдий ч Маша кино урлагийн дээд сургуулийн кино зохиолчийн ангийг улаан дипломтой төгсөж Зохиолчдын эвлэлийн гишүүн болж чадсан байна.

2017 оны 6-р сарын 15-нд Алексей Баталов Москва хотын эмнэлэгт нас барлаа. 88 настай Баталов сүүлийн хоёр сар эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Түүний дотнын анд найз нь “Алексей Владимирович нойрон дундаа чимээгүйхэн амьсгал хураасан. Шөнө нь унтаад өглөө сэрээгүй” гэж ярьжээ.
ЗХУ улсад төдийгүй дэлхий нийтийн сор болсон бүтээлүүдийн гайхамшигт сайхан дүрүүдээрээ мөнхөрсөн тэрбээр 40 гаруй кинонд тоглосон бөгөөд бүтээсэн дүр бүр нь үнэ цэнэтэй, мартахын аргагүй юм.

Эх сурвалж: ZAAG.MN