LOADING

Type to search

Онцлох

Д.Амбасэлмаа: Залуучууд цатгалдаж болохгүй, их зов

Share

Үгийг нь сонсохгүй байхын аргагүй, өөрийн гэсэн зам мөрөө тодоос тод үлдээсэн “том” хүн гэж  аль ч салбарт байдаг. Монголын сэтгүүлзүй тэр дундаа радио, телевизийн салбарт нэгэн жарны амьдралаа зориулсан, одоо ч амсхийх завгүй ажиллаж буй хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаа гуай юм. Тэрбээр оны өмнө “Сонссоноо уншихуй”, “Үзсэнээ уншихуй”, “Бичсэнээ уншихуй” гэсэн гурван ботийг оюутнууд болон залуу сэтгүүлчдэд зориулж гаргаад байгааг онцлохгүй өнгөрч болохгүй.  Өдгөө 82 насны босгоо алхаж яваа энэ эрхэм хүний хувьд гурван боть номоо эмхэтгэж, хэвлүүлнэ гэдэг сэтгүүлзүйн салбарт үнэхээр том капитал. Түүнчлэн тэрээр соёл, шинжлэх ухаан, урлаг гээд бүхий л салбарын төлөөлөгчдийн хөрөг, баримтат нэвтрүүлэг болох  “Хүн- Түүх” цувралынхаа бэлтгэл ажилд ороод байгаа юм билээ. Тэгээд ч зогсохгүй Монголын уран зохиолын дээжис 108 ботийг  унших зорилт өөртөө тавьчихаад байгаагаа сонирхуулсан шүү. Тэрээр   “Сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчдийн нэг гайхамшиг нь биологийн явцаар нас нь хэмжигддэггүй. Зүрх зогссон байхад  ч хүмүүст  хийсэн зүйл хэрэг болж байвал тэр хүн нь ч, бүтээл нь ч  “амьд”  гэсэн үг. Тиймээс ч миний нас ахиж, төгсөх нас руу ойртох тусам л хариуцлага улам нэмэгдэж байна. Залуучууд ер нь их цатгалдаж болохгүй. Их зов” гэсэн үгээр “чимхээд авах” шиг л болсон.

Тэднийд очиход, Амбасэлмаа гуай цэнхэр дээл өмсч, цай унд бэлдчихсэн угтаж авсан юм. Жижигхэн зүйлд ч их  хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ ханддаг  хүн байх нь гэх  бодол зурсхийсэн. Гадуур хувцсаа тайлж өлгөөд том өрөөнд нь ортол ширээний нэг өнцөгт Амбаа гуай яг л шалгалт өгөх гэж байгаа сургуулийн хүүхэд шиг ямар нэг зүйл хичээнгүйлэн бичээд сууж байв. Өндөр таазтай хөшгөө тал хаасан цонхны дэргэдэх том модон ширээний ард ганцаараа сууж байгаа нь Амбаа гуайг улам л жижигхэн харагдуулж байсан нь нэг л хайр хүрмээр санагдсан шүү. Цонхоор туссан нарны шаргал туяа Амбаа гуайн царайг зөөлөн, дулаахан харагдуулж байсан. Түүний оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хоёр, гурван удаа давтаж үзэхэд эрдэнийн шигтгээ шиг энэ жижигхэн биенээс ийм их эрч, хүч , ийм их ухаан бас тэвчээр гардаг гэж бодохоор хайрламаар, бахархмаар санагдаж байсан өег бодол тэр үед ахиад л төрсөн юм. Түүнээс бэргэн байж, залуу сэтгүүлчдийн өмнөөс үг дайн ийн ярилцлаа. Түүний хэлсэн үг бүр сэтгүүлчдэд шижир алт мэт үнэтэй санагдах нь дамжиггүй.

Хүн насныхаа хязгаараар тэтгэвэрт гарахаас биш уран бүтээлчдийн оюун санаа, авьяас  хэзээ ч тэтгэвэрт гардаггүй гэсэн үг бий. Та ч үүний  адил ойрд уран бүтээл ихтэй байгаа гэж сонссон. Сониноосоо хуваалцаж болох уу?

Би энэ хорвоо дээр 82 насалж, төрсний гэрчилгээн дээрээ  84 настай гэж тэмдэглүүлсэн хүн. Нас ахих тусам миний хариуцлага өндөрсөж байгаа болохоор одоо би зүгээр суухгүй. Хүн төрнө, үхнэ гэсэн жамтай. Байгалийн жамаар үхэх нас надтай тулж ирж, миний амьдралын сүүлчийн он жилүүд үргэлжилж байна. Би амьдралдаа бараг  жарны турш сэтгүүлчийн хөдөлмөр эрхэлж, монгол нутагтаа  яваагүй газар, очоогүй аймаг, сум гэж байхгүй.

Тэгэхээр энэ их үзсэн бүхнээс минь үлдэх юм гэж байх ёстой гэж бодогдох болсон. Сэтгүүлч болох гэж байгаа улсууд, залуу сэтгүүлчдэд зориулж, хийж байсан нийтлэл нэвтрүүлгээ эмхэтгэж амжсан. Би өөрийн гэсэн долоон номтой хүн. Сүүлийн гурван ном болох  “Сонссоноо уншихуй”, “Үзсэнээ уншихуй”, “Бичсэнээ уншихуй” цувралаа оны өмнө дуусгаж, хүлээлгэж өгчихөөд сууж байна. “Сонссоноо уншихуй” цувралд радиогийн Л.Мөнхтөр, Ц.Чимэддорж, Цэдэндамбаа зэрэг нэрт сэтгүүлчдийн  бүтээлүүдийг эмхэтгэж гаргасан. Дараагийнх нь болох,  “Үзсэнээ уншихуй”-д дан өөрийнхөө малчин, тариаланчидтай уулзаж, бэлтгэж байсан  нэвтрүүлгээ эмхэтгэсэн. “Бичсэнээ уншихуй” цувралд 1975 оноос сонинд бичсэн өөрийн тэмдэглэл, ярилцлага, сурвалжлагаа сийрүүлсэн юм.

Мөн соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргалтай хамтраад “Хүн- Түүх” гэдэг цуврал нэвтрүүлэг хийхээр, зохиолоо гаргаад ажиллаж байна.  Яагаад үүнийг хийхээр болсон бэ гэхээр, бид жишээлэхэд агуу бичгийн хүн  Бямбын Ренчин гуайн талаар тусгайлсан баримтат кино авч үлдэж чадаагүй байсаар, энэ хүн бурхан боллоо шүү дээ.  Тэгэхээр энэ мэт гашуун түүхийг давтахгүйн тулд бурханы оронд очиход нас нь дөхөөд ирсэн том зохиолч, зохион бүтээгчид, урлагийн  дуучин, жүжигчин гэх мэт агуу хүмүүсийн түүх, тэдний хийж бүтээсэн бүхнийг нь авч үлдэхээр хоёр, хоёр  бүлгээр баримтат кино хийхээр төлөвлөж байна. Золоо бид хоёр 20, 20 минутаар хоёр бүлэг хийнэ байх.

Эхний нэвтрүүлгийг нь  би өөрийнхөө бүтээлээр хийнэ. Би 1940 оны сурагч учраас Сталины тухай хоёр дуу, Маршал Чойбалсаны тухай нэг дуу, “Монгол ардын улаан цэрэг”, “Саруулхан шөнө”, “Шөнийн бороо” гэсэн дууг мэргэжлийн хүмүүс нотлоод, дуучид дуулна. Энэ дуунууд бараг мартагдах дөхсөн байсныг сэргээж байгаа гэсэн үг. Над шиг 1940 оны энэ дууг мэддэг сурагч хэр олон билээ. Тэгэхээр хэрэв би үүнийг мэргэжлийн хүмүүстэй хамтарч бүтээл болгож үлдээхгүй бол аялгуу, үг нь надтай хамт дуусна. Тэгэхээр би “амьд” хальс шиг л  үг, аяыг бүгдийг нь заагаад өгчихөж байна шүү дээ.

Одоогийн залуу үеийнхэн ийм дуу байдаг эсэхийг ч мэдэхгүй. Тэгэхээр нэг талаараа энэ нэвтрүүлгээр бид түүх, соёлоо сэргээж, амьдруулж байгаа гэсэн үг.  Иймээс “Түүх дуулж байна” гэсэн давхар нэрийг нэвтрүүлэгтээ өгч байгаа юм.  Бид нэвтрүүлгээ Мартын 8-аар  олонд хүргэнэ. Энэ мэтчилэн, улсынхаа түүхийг бүтээсэн мундаг хүмүүсийг түүх, тэдний бүтээлийг салбар салбараас нь шүүрч гаргаж ирэх юм.

Жишээлбэл, шинжлэх ухааны салбарт гэхэд доктор Б.Чадраа гуайг, анагаах ухааны салбараас ардын мундаг эмч нараас, кино урлагийн салбараас  Л.Цогзолмаа, дуучдаас  Г.Хайдав гуай гэх мэтчилэн  хийж бүтээсэн зүйлтэй, нас нь  дээр гарсан хүмүүсийн түүхийг авч үлдэхийг зорьж байна. Энэ хүмүүс чинь  Монголын соёлын төлөөлөгчид байхгүй юу. Хэдэн салбараар яваад гол гол хүмүүсээ авчихбал энэ тийм ч хэцүү ажил биш.

Та нэгэн жарны турш сэтгүүлзүй гэх том гал тогоотой амьдралаа холбож, жаргал, зовлонг нь бүгдийг нь биеэр туулж, амссан  хүн. Таны бодлоор сэтгүүлч мэргэжлийн амин шүншиг нь хаанаа байдаг, үүнийг яаж эзэмших хэрэгтэй вэ?

Сургуульд нь сурсан хэн бүхнээр энэ мэргэжил хэмжигдэхгүй шүү дээ. Сэтгүүлч болох хүнд ерөөсөө мах, цусанд шингэсэн төрөлхийн авьяас, мэдрэмж л гэж байдаг. Түүнээс биш дан хар хөдөлмөрөөр босохгүй. Сэтгүүлзүй бол толгой ажиллахад аяндаа маш түргэн хугацаанд бичих зүйл чинь урсаад ороод ирдэг байхгүй юу.  Тиймээс би сэтгүүлчийн чадвар дотроос хөдөлмөрийг хасаад хаячихдаг юм.

Би Төв аймгийн Баянцагаан суманд хөдөө  төрж, өсөхдөө, Дэлхийн хоёрдугаар дайны үед өлсч үзсэн. 1944 оны зудад малаа үхүүлээд, манай ижий турж үхсэн малын зөвхөн дөрвөн  шийрийг нь эмээ бид хоёрт л авчирч өгдөг. Үүнийг нь бид хуурч иддэг байсан. Тухайн үеийн намын үүрийн дарга Түмэнбаяр гэж хүн сургуулийн сурагч, сумын төвийнхнийг бүгдийг нь цуглуулж, Дэлхийн хоёрдугаар дайны тухай ярьж, Гитлерийн фашистууд Оросын баруун талаас цөмөрч орж ирсэн гээд л дайны үеийн байдлыг нэгд нэгэнгүй ухуулж таниулдаг байсан.

Тиймээс жаахан байхдаа дайнаас болж Монгол Улс зовж, зуд болж өлсч байна гэдгийг мэддэг байж билээ. Баянцагаан сумын хойд хаданд сургуулийн сурагч бидэнд цэргийн шинель, орой дээрээ таван хошуу тэмдэгтэй малгай, модон сэлэм бариулчихсан  цэргийн сургуулилт заадаг байсан юм. Баянцагааны бага сургуульд ингэж биднийг амьдралд сургасан. Айж мэддэг, дайсан ирвэл яах вэ гэдгийг хүртэл сургуулилт хийж үзэж, бяцхан бор зүрхэндээ айдас, түгшүүр, бэрхшээлийг туулсан. Энэ явдал надад их том сургууль болсон. Дараа нь, намын дээд сургууль Марксизмын тухай олон ном уншиж, ухаан тэнийсэн.

1960 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд сэтгүүлзүйн онол таван жил үзсэн. Өмнө нь Монголын радиод хоёр жил ажилласан бас эх орны дайны үеийн хүүхэд болохоор би их дэвсгэртэй очсон гэж санагддаг юм, одоо бодоход.

Тэнд хичээл их нарийн заана л даа. Бүх мэдээллийн төрлийг задлаад заадаг байж билээ. Жишээлбэл, сурвалжлага хийлээ гэхэд, сэтгүүлч хүн чин сэтгэлийн, халуун яриа өрнүүлэхийн тулд өөрөө их мэдлэгтэй, халуун дулаан харилцаатай, сэтгэлийг татах дотно нөхрийн увидас эзэмшсэн байх ёстой. Сурвалжлагч, хариулагч хоёр асуултад хариулах нэр төдий хуурай яриа үүсгэх биш, халуун дулаан яриагаар хүний зүрх сэтгэл рүү нэвтрэх уран чадварыг сэтгүүлч зайлшгүй эзэмшсэн байх ёстой.  Орос багш нар энэ мэтчилэн заагаад байна шүү дээ, бидэнд.

Би Москвагийн Ломоносовын их сургуулиараа, багш нараараа, тэнд сурснаараа их бахардаг.  Сэтгүүлч мэргэжлийн амин сүнс хаана байдгийг товчлоод хэлбэл, өөрийн яс, махандаа байгаа авьяас, мэдрэмж дээр нь сэтгүүлзүйн онол, уран бүтээлч багш нарын зааж, сургасныг хүлээж авах хэрэгтэй. Дээр нь дадлага, амьдралд гүн орж хүмүүстэй уулзах.

Жишээ нь би, малчин Цогтгэрэл гуайтай олон дахин уулзсан. Энэ хүнтэй ярихад  телевизийн ярианы уран чадварын сургалтыг тэр мундаг малчнаас аваад ирж байгаа юм шүү дээ. Тэгэхээр уулзаж байгаа хүмүүс чинь аяндаа бидний нэвтрүүлгийн зохиол, бичих уран чадварыг дээшлүүлээд, заагаад өгч байгаа юм. Тийм учраас хувийн уран чадвар, мэдрэмж, амьдралаас сэтгүүлч хүний бүтээл гардаг.

СЭТГҮҮЛЧ БАЙНГА ЯМАР НЭГ ЗҮЙЛД ТАТАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

Сэтгүүлзүйн бүтээлийг ямар шалгуураар жинхэнэ бүтээл гэж үнэлнэ гэж та боддог вэ?

Сэтгүүлзүй гэдэг чинь цэвэр баримт учраас сэтгүүлч хүний уран бүтээл урт настай байх ёстой. Амбасэлмаагийн амьдрал төгссөнөөр уран бүтээл нь дуусах биш.  Надаас хойш миний хийсэн бүтээл хүнд баримт болж байх л хэрэгтэй байхгүй юу. Надад баримт их бий л дээ. Зудын бүх нэвтрүүлгүүд, Намхайнямбуу, Норовбанзад гуайн хөрөг гэх мэтээр олон ч сайхан нэвтрүүлэг хальсанд үлдсэн. Сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчдийн нэг гайхамшиг нь биологийн явцаар нас нь хэмжигдэггүй. Зүрх зогссон байхад  ч хүмүүст  хийсэн зүйл хэрэг болж байвал тэр хүн, бүтээл нь ч  “амьд”  гэсэн үг.  Тиймээс ч миний нас ахиж, төгсөх нас руу ойртох тусам л хариуцлага улам нэмэгдэж байна. Залуучууд ер нь их цатгалдаж болохгүй.

Их зов. Миний толгой, нойроо хагаслатлаа бодож, сэтгэж, санаа зовж, өдий наян хэд хүрчихээд байна. Москвагийн их сургуульд сурч байхад миний багш нар дандаа Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан гаргүй, хөлгүй, доголон, тахир дутуу хүмүүс байсан шүү дээ. Тэр мундаг багш нарын лекцийг таван жил сонсчихоод улсаас цалин аваад л зүгээр суух эрх надад байхгүй. Би улсдаа их өртэй гэж өөрийгөө боддог. Намайг гэртээ хэдэн хүүхдүүдээ зарчихаад л сууж байдаг гэж бодож магадгүй. Үгүй. Би одоо ч гэсэн их завгүй байна. Цагаан сарын уур амьсгал өнгөрүүлээд “Хүн-Түүх” баримтат кинон дээрээ ажиллана.  Би ажилгүй байх тун дургүй. Сэтгүүлч хүн ямар нэг зүйлд байнга татагдаж байх ёстой. Тэгэхгүй бол зэвэрнэ, эсвэл өвчин тусна. Үргэлж толгойдоо бодох юмтай, завгүй байвал хүн өвчин эргүүлдэггүй байхгүй юу.

Нэг ахмад тариаланч “Д.Амбасэлмаа гуай манайд ирж сурвалжлага хийж байсан юм. Гэтэл нэг харсан чинь алга болчихсон байсан. Гайхаад хайтал шанаган дотор орчихсон байж билээ. Их сониуч хүн бас сайн сэтгүүлч шиг санагдсан”  хэмээн таны талаар ярьж байсан удаатай. Сэтгүүлч хүний сониуч зан төрөлхийн байдаг юм болов уу?

Шанаган дотор би ганцаараа ороогүй байх, оператортайгаа орно.  Шанага хаашаа ч эргэж болдог сайхан талбар, тариалангийн талбайг бүхлээр нь авах боломж бүрдэнэ. Телевизийн сэтгүүлч сониныхоос өөр л дөө. Зураг авах цэг гэж байдаг байхгүй юу. Тэр цэгийг сэтгүүлч нь найруулагч, оператортойгоо гурвуулаа зөвлөж, ярилцдаг, ямар өнцгөөс авахаа шийддэг. Сониуч зан гэдэг чинь бүх л хүнд байдаг. Харин сэтгүүлчид бүр илүү байдаг байх.Бичих, нийтлэх сэдэв сониуч зангийн нэг хэсгээс үүдэлтэй байж  болох юм.

Таныг анхны шинэ үсгийн багш нарын нэг байсан гэж сонсч байсан. Энэ түүхээсээ хуваалцаач?

Би 1940 онд  Төв аймгийн Баянцагаан сумын Дэлгэр- Өлзийт сумандаа долоон настайдаа дөрөвдүгээр ангид орж суралцаж байсан.  Гэтэл 1944 оны зуд болж, нэг жил сургуулиа алгасаад, 1946 онд төгсч байсан. Тухайн үед бага анги төгсч, бичиг үсэг үзсэн хүн чинь их боловсролтойд тооцогддог байлаа шүү дээ. Тиймээс төгсөөд бичиг үсгийн багш болсон доо.

Тухайн үед би 12 настай байсан учир хөдөлмөрийн дэвтэр нээж, ажилд орж болохгүй дүрэмтэй байсан. Тиймээс насан дээрээ хоёр нас нэмж, 1931 онд төрсөн гэж бичүүлж байж шинэ үсгийн багш болж байсан юм. Өөрөөсөө насаар хамаагүй том улсуудыг гэрт тойруулж суулгачихаад бичиг үсэг заах эхэндээ ч сүрдмээр ажил байсан шүү. Би энэ ажилдаа их хайртай бас бахархдаг. Анхны шинэ үсгийн багш нарын нэг гэдэг миний сэтгүүлчийн хөдөлмөрөөс илүү буянтай ажил гэж би санадаг юм шүү.

ХҮН АХИЖ Л БАЙГАА БОЛ ӨӨРИЙГӨӨ ЧАМЛАХ ЗҮЙЛ УЛАМ ГАРНА

Та олон сайхан малчин, тариаланчидтай уулзаж нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж байсан хүн. Социализмын үеийн том бүтээн байгуулалт, ажил тэнд өрнөдөг байсан болохоор та  мал ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр  түлхүү ажилласан байх л даа. Ер нь сэтгүүлч  нийтлэл, нэвтрүүлгийнхээ сэдвийг цаг үетэйгээ нийцүүлж оновчтой сонгохын тулд юуг анхаарах ёстой гэж та боддог вэ?

Сэдэв сонгох сэтгүүлчийн хувийн мэдрэмжээс л хамаарна. Сайн юмыг түүх албатай биш шүү дээ. Хүний сэтгэлд юм хийх чухал. Энэ хөдөлмөртөө холбоотой хүргэх ёстой сэдэв гэж нэг айхтар юм байдаг. Цогтгэрэл, Намхайнямбуу гуай шиг малчин байхад тэдэн дээр очихгүй, хэн дээр очих юм. Далай шиг сэдвийн дотроос сэтгүүлч атгаж, сонгож авах чадвартай байх ёстой. Хүнийг заавал баярлуулах нийтлэл, нэвтрүүлэг хийж байх хэрэггүй гэж санагддаг.

Бидний мэргэжил зөвхөн мэдээлэх үүрэгтэй биш,  хүний сэтгэлд, нулимсанд нь хүртэл уран бүтээл хийх ёстой гэж бодогддог. Хийсэн бүх зүйл сэтгэлд хүрнэ гэж байхгүй. Очсон бүхнээ гаргууд хийдэг болж, уран чадвар оргилдоо хүрнэ гэж ямар ч сэтгүүлчид байдаггүй. Ахиж л байгаа бол хүнд  өөрийгөө чамлах зүйл их гарна. Одоо гэсэн би, “Ээ үүнийг ингээд хийчихдэг байж” гэж бодох үе ч байдаг. Чадлынхаа хэрээр юм хийгээд, чадлынхаа хэрээр юм үлдээгээд амьдрал дуусдаг байх.

Таны нийтлэл, нэвтрүүлгүүдээс сэтгэлд хамгийн их хүрсэн ч гэх юм уу, түүхэн үүргээ гүйцэтгэсэн бүтээл юу байдаг вэ?

“Ганц тэнгэр гандаж зудлахын цагт” гэж надад том цуврал нэвтрүүлэг бий. Энд хамаг л мундаг малчдынхаа хөрөг, яриаг үлдээсэн гэж санадаг.  Тэр их агуу ухааныг хагаслаад яах юм гэж санагдаад малчдынхаа яриаг би уртаар аваад, алтан фондондоо хадгалчихдаг байсан. Надад, нэвтрүүлэг болгоогүй  Намхайнямбуу, Цогтгэрэл гэх мэтчилэн  агуу монгол ухаантай малчдын сайхан ярилцлага олон бий.

Чин сэтгэлийн яриа урсаад байхаар нь микрофон салгаж чаддаггүй юм. Радио, телевизийн сэтгүүлчийн онцлог энэ л дээ. “Газар тэнгэр гандаж зудлахын цагт” гэдэг энэ цувралаараа юмнуудаа ёстой хамаад ирсэн шүү гэж би боддог шүү.  Өөр нэг нь, “Уяхан замбутивийн наран” гээд ардын жүжигчин Н.Норовбанзад гуайн талаар хөрөг нэвтрүүлэг бий. Хүн ер нь өөрөө их сайн мэддэг хүнээ сайн хийдэг юм.  Н.Норовбанзад гуай манай нутгийнх байсан. Энэ хөрөг  нэвтрүүлэг алтан фондод бий. Хамгийн гол тэр том дуучны дуу нь алтан фондод байдаг учраас би өөрөө явуулын техникээр бичихгүй болохоор их “амьд” бүтээл болсон гэж сэтгэл ханадаг шүү.

Үг хомсдоно гэж байдаг болов уу, сэтгүүлч оюуны цараагаа  тэлж,  үгийн ураа арвижуулахын тулд байнга л уншиж байгаа ёстой болов уу. Та ер нь их унших уу?

Сэтгүүлчид ард түмнийхээ хэлийг мэдэхгүй, алт шиг яриан дунд нь явахгүй, уншихгүй байгаа болохоор монгол хэлийг маш их ядууруулж байна. Сэтгүүлчид унших хамгийн чухал. Одоо би гэртээ юу хийж байна гээч. Номнуудыг би ботиор авдаг юм.  Саяхан  уран зохиолын дээжис 108 ботийг худалдаж авсан. Эндээс хамгийн түрүүнд  Д.Пүрэвдоржийг уншиж байна.  Дараа нь, П.Бадарч, Д.Цоодол гээд бүтээлүүдийг уншина. Бид том зохиолчдын хэдхэн бүтээлийг нь уншчихаад, уншсан, мэднэ гэж ярьдаг юм билээ. Д.Пүрэвдоржийг уншвал, миний үлдэж байгаа амьдралыг сайхан болгоно, надад юм бодогдуулна.  Би ойрын гурав, дөрөв хоногт үүнийгээ дуусгаад, Б.Ренчин, Ш.Дулмааг хүртэл уншина. Чи өөрийгөө ингээд нэг шалгаад үзээрэй.

Номыг зүгээр л нэг тааралдсанаа унших хэрэггүй. Нэрд гарсан, хүлээн зөвшөөрөгдсөн  том зохиолчдоо унших хэрэгтэй. Би одоо энэ номнуудыг уншаад маш их жаргаж байна. Би амьдралынхаа үлдсэн хугацаанд, эцсийн мөч хүртлээ “Хүн-Түүх” хөрөг нэвтрүүлгээ дуусгаж, гар дээрээ алтан сан хөмрөг болгон хадгалж байгаа 108 ботио шимтэн уншина даа. Амьдралын сүүлчийн өдрүүд маш хариуцлагатай, үнэ цэнэтэй гэдгийг би ойлгож байна. Одоо завгүй сууж байна. Хоол ч бага идэж, нойр ч бага хүрэх юм.  Заримдаа шөнө 02.00 цаг хүртэл ном уншаад, маргааш нь өглөө нь 11.00 гээд сэрэх ч үе байдаг. Нас өндөр болох тусам сэтгүүлч хүн маш завгүй, хариуцлага өндөр болдог юм байна.

Та амьдралдаа ер нь хариуцлагагүй хандаж, хариуцлагагүй байж үзээгүй хүн үү?

Би дандаа завгүй байсан. Харин чи их сайхан асуулт асуулаа. Харамсах цаг надад байсангүй. Би долоон настай байхаасаа Дэлхийн хоёрдугаар дайны үед, дараа нь Намын дээд сургууль, Москвагийн их сургууль гээд л явчихсан хүн шүү дээ. 1958 оноос радио, телевизийн эфирт гарсан. Манай эфир гэдэг чинь хүнийг их хатуужуулдаг. Маргааш 12.00 цагт нэвтрүүлэх бол соронзон бичлэгт буулгаж байж л харина, түүнээс нааш явах эрх байхгүй. Радио, телевиз, сонин гэлтгүй сэтгүүлзүйн гал тогоо сэтгүүлчийг өндөр сахилга батад сургадаг байхгүй юу. Харин энүүхэндээ гэхэд би их бие сайтай. Хамгийн гол нь намайг авардаг юм бол би 40 настайгаасаа гимнастик хийж эхэлсэн. Тэгээд Соёл нийгэмлэгийн гар бөмбөгийн шигшээ багт тоглодог байлаа. 

Ширээний теннис гэх мэт биеийн тамирыг би их оролдоно шүү дээ. Үүний хүчинд би одоо харьцангуй эрүүл байгаа. Дөчөөд настайгаасаа гимнастик хийсэн. Одоо би өглөө бүхэн хөлөө өвдгөөрөө нугалж, өгзгөндөө өсгийгөө хүргээд, нийлүүлж суугаад  50 тоолж, дасгал хийдэг.  Нондин ардын жүжигчин Г.Хайдав гуайтай уулзсан чинь миний өглөөд хийдэг энэ дасгалыг 60 тоолдог гэхээр би түүнээс хойш 60 тоолдог болсон.

Эрүүл биетэй байна гэдэг сэтгүүлч хүнд маш чухал. Чи одооноос эхэлж хийвэл миний насан дээр одооны настайчууд шиг хөл нь хазагнаж, сүүж нь өвдөхгүй. Сэтгүүлчийн ажил оюуны хөдөлмөрөөс хамгийн хүнд нь гэдэг. Тиймээс хөдөлгөөнтэй байж, агаар салхинд сайн явж байх хэрэгтэй.  Сэтгүүлч хүнд зав гэж байдаггүй юм. Зүгээр хэвтэж байсан ч толгойд нийтлэл, нэвтрүүлэг бичигдэж л байдаг.

Б.Ууганбаяр

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!