LOADING

Type to search

Мэдээ

Далай Багшийн шүтэхийг хориглодог тангаргийн буг чөтгөр Шүгдэнгийн тухай

Share

Алтан Хааны зээ хүү IV Далай Лам Ёндонжамц 1601 онд Төвдөд залагдан сууж байгаад 1616 онд тодорхой бус шалтгаанаар гэнэт таалал барсан юм. Түүнийг таалал барсны дараа Далай Лам болон Шарын шашныг эсэргүүцдэг, Төвдийн Занба аймгийн захирагч Дэсрид Пунцогнамжал “IV Далай Ламын хойд дүрийг тодруулж болохгүй” хэмээн хориг тавьж байв. Үүнийг мэдсэн Алтан Хааны удмын Гүр Хунтайж болон Лувсанданзан нар 2000 цэрэг захиран 1621 онд Төвдийн Үй-Занд ирж IV Далай Ламын туслах Сономравданг дэмжиж, Шарын шашныг устгах бодолтой байсан Дэсрид Пунцогнамжалыг хөөн, түүний гарт орсон Шарын шашны хийдүүдийг чөлөөлсөн юм. Тэд IV Ванчин Богд Лувсанчойжижанцантай (1567-1662) Далай Ламын хойд дүрийг тодруулахаар зөвшилцсөнөөс хойш нэг жилийн дараа V Далай Лам Лувсанжамцыг тодруулж сэндийд залсан билээ. 

IV Далай Ламын хойд дүрийг хайх явцад дөрвөн хүүгийн нэр сүүлийн шалгуурт үлдсэн нь Нинбуу нутгийн Дүвчэн Нахавын хувилгаан, Чонжай нутгийн хүү (V Далай Лам Лувсанцамц), Гадхаса хошууны Дагважанцан, Сономравдангийн зээ хүү Нансо-Норвуу нар байв. Ванчин Богд болон Ядам Бурхадын таалал нэг зүгт буун Чонжай нутгийн хүүг V дүрийн Далай Ламын хойд дүрээр тодруулсан юм. Энд өгүүлж буй Гадхаса хошууны Дагважанцан нь тангаргийн буг Должал буюу Шүгдэнгийн өмнөх төрөл. Тэрээр 1619 онд Төвдийн Зан аймгийн Гадхаса хошуунд төржээ. Эцэг Намсрай нь нутаг усандаа эрх мэдэлтэй хошууны ноён хүн байв. Түүний эх Ла-Ажал янз бүрийн башир арга хэрэглэн хүүгийнхээ нэрийг Далай Ламын дүрийг тодруулах явцад шигшигдэж үлдсэн хүүхдүүдийн нэрэнд хавчуулж чадсан боловч зорилго нь бүтээгүйн дээр түүний гэр бүл Дэсрид Пунцогнамжалын талынх тул монголчуудад түйвээгдсэн юм. Ийнхүү Далай Лам болж чадаагүй хүүгээ ээж нь Брайбүн хийдэд авчран Банчэн Сономгэлэгбалсангийн (1594-1675) хойд дүр хэмээн олонд ярьж, башир арга хэрэглэн нэлээдгүй хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлж, Брайбүн хийдийн дээд өргөөнд (Хувилгаан Сономгэлэгбалсангийн өргөө) залуулж чадсан ч үүнийг нь IV Ванчин Богд хүлээн зөвшөөрөөгүй учир олон хүмүүс түүнийг Сономгэлэгбалсангийн хойд дүрийн хувилгаан гэдэгт эргэлзэж байв.

Хожим Дагважанцан “өөрийгөө Банчэн Сономгэлэгбалсангийн хойд дүр гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн далд зорилготойгоор IV Ванчин Богд болон V Далай Лам нарт шавь орсон ч энэ зорилго нь биелээгүй тул тэрээр их бухимддаг байсан гэдэг. Мөн тэрээр Шарын шашны дайсан Дэсрид Пунцогнамжалыг ил далдгүй дэмждэг байсан бөгөөд үүний нэг илрэл нь Дэсрид Пунцогнамжалын хүсэлтээр 1638 онд Гадхаса хошуунд очиж нууцаар Төвдөд буй монголчуудыг дарахын тулд хатуу үйл үлдэж байсан гэдэг. Энэ нууц хэрэг задарснаас болж монголчууд Дэсрид Пунцогнамжал болон Гадхаса хошууг дахин түйвээсэн гэдэг.

Дагважанцангийн хийж буй энэ мэт үйлдлүүд IV Ванчин Богд тэргүүтэй Шарын шашны ихэс дээдэс нарын таалалд нийцдэггүй байсан юм. IV Ванчин Богд 1642 оны Лхасын “Их Ерөөл” хурлын үеэр түүнийг “хувилгааны сэнтийнээс буулгаж энгийн ламын суудалд суулгах” шийдвэр гаргаж байв. Ванчин Богдын энэ шийдвэр Шарын шашны дээдэс нарын таалалд нийцсэн шийдвэр байв. Ванчин Богд түүнийг хувилгааны сэнтийнээс буулгах шийдвэр гаргасан тэр жил Монголын Гүүш Хаан V Далай Лам Лувсанжамцад төвдийн гурван чуулгыг (Үй-зан, Амду, Хам) өргөн барьж, бүх Төвдийн шашин төрийг хослон баригч эзэн хаанд өргөмжлөн Далай Ламын өргөө Гандан-Потаныг Төвдийн засгийн газрын ордон болгосон түүхтэй.

Хуурамч хувилгаан Дагважанцан шинээр байгуулагдсан Төвдийн засгийн газар Гандан-Потаны доор энгийн байдлаар амьдарч байгаад 1656 онд халдварт өвчнөөр өөд болсон гэдэг. Дагважанцанг хүндээр өвдөхөд нь V Далай Лам өөрийн шавь тул хөл хорьсон бясалгалаа орхин түүний өргөөнд морилж Гомбын жанан (даган соёрхол) хайрласан боловч засал авалгүй нас барсан. Түүний биеийг чандарлан чандрыг нь суварганд байрлуулсан шөнө суварганаас дүрсгүй ярих чимээ гарах зэргээр ад зэтгэр болсны шинж өлзий бусын олон муу ёр гарсан тул Найчүн сахиусын зарлиг дагуу Дагважанцангийн өргөөг нурааж, буурин дээр нь зуун гэлэнгээр ном уншуулан суварган дахь чандрыг гарган голд хаясан гэдэг. Дол нутгийн гол дагуу урсаж байсан түүний чандрыг үйл нь таарсан нэгэн бээр эрэгт гаргаснаас уршигдан Дол нутгийн Цагаан булагт хүн малын хижиг өвчин гарсныг V Далай Лам болгоон ад зэтгэр болсон түүнийг Цагаан булгийн савдаг болгон тахисан ч хорлол нь улам ихээр гарах болсон тул 1674 онд буруу ерөөлт тангаргийн буг түүнийг хатуу үйлээр дарахаар болж, Дорж Ловон Дондүвжамц, Тарнийг баригч Лувсанчэнзэ зэрэг бүтээлчин нар Ямандаг болон Пүрэвийн үүднээс долоо хоног бүтээл үйлдэн ерөөл буруудсан тангаргийн буг Шүгдэнг нөхөд сэлттэй нь хамт жинсрэгийн галд шатаасанд хүүр шатсан үнэр бүгдэд үнэртсэн тухай V Далай Лам Лувсанжамцын намтар “Дүгүлийн Гой-сан”-д тодорхой гардаг.

Шүгдэн жинсрэгийн галд шатаснаасаа хойш 47 жилийн дараа буюу 1721 онд урьдын үйл, буруу ерөөлийн эрхээр дахин гарч ирэн өөрийн багшийн хийд болох Дашлхүнбэд ирсэнд Намсрай сахиус хийддээ оруулаагүй тул цааш Сажавын хийдийг зүглэн Сажавын дамжлагын эзэн Дагти Сономринчингийн өмнө ирсэнд Дагти Ринбүүчий “Чи хэн юм?” хэмээн асуусанд дүрсээ үзүүлэн “Би Шарын шашинтай тангараг буруудсан буг байна” хэмээн хэлсэн гэдэг. Энэ үеэс эхлэн буг чөтгөр түүнтэй үйлийн барилдлагатай Сажавын зарим нэг лам нар шүтэж эхэлсэн юм. Улмаар тэдгээр лам нартай номын барилдлагатай Шарын шашны лам нар шүтэх болжээ.

V Далай Лам Лувсанжамц, IV Ванчин Богд Лувсанчойжижанцан, VI Ванчин Богд Балдан-Иш, VII Далай Лам Галсанжамц, Дэчин Агваанчогдон, Жанжаа Ролбийдорж, VIII Далай Лам Жамбалжамц, Ёнзон Ишжанцан, VIII Ванчин Богд Данбийванчүг, Пүржог Агваанжамба зэрэг Шарын шашныг номлол бүтээлийн үүднээс баригч дээдэс нар 200 гаруй жилийн турш буруу ерөөлт тангаргийн буг Шүгдэнг шүтэхийг хориглосоор ирсэн болов ч хожим Павонка Ринбүүчийд Шүгдэнгийн ёр гарсны улмаас тэрээр тангаргийн буг түүнийг сахиусанд шүтэх болсон гэдэг. XIII Далай Лам Түвдэнжамц Павонка Ринбүүчийн энэ үйлдлийг хориглож “Шүгдэнг шүтэхгүй” гэсэн ам тангаргийг нь авсан ч Павонка Ринбүүчий XIII Далай Ламыг таалал барснаас хойш Шарын шашинтан нарын дунд Шүгдэнг шүтэхийг ихээр дэлгэрүүлсэн юм.

Хожим 1960 онд Найчүн сахиус Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламд “Шүгдэнг шүтэхийг хориглох хэрэгтэй” хэмээн айлтгасан ч Дээрхийн Гэгээнтэн шарын шашинтан нарын дунд хагарал гарахаас эмээж Шүгдэнг шүтэхийг хориглоогүй гэдэг. Үүнээс хойш 10 жилийн дараа Шүгдэнг шүтэгч нар Бурханы шашинтан нарын дунд удаа дараа хагарал гаргах болсон тул Ядам Бурхад, Балдан Лхам болон Найчүн сахиус нар Дээрхийн Гэгээнтэнд Шүгдэнг шүтэхийг хориглохыг сануулан эш үзүүлсэн дагуу Дээрхийн Гэгээнтэн 1970 оноос Шүгдэнг шүтэхийг хориглох болсон юм. Хориглох болсон шалтгаануудыг дурдвал:

1) Шүгдэн нь шашин амьтанд хорлодог;

2) Шүгдэнгээс болж Бурханы шашинтан нарын дунд хагарал гарах болсон;

3) Бурханы шашинтан хүн ертөнцийн эгэл буг чөтгөрт аврал одуулах болсон;

4) Урьд заларсан Шарын шашныг баригч дээдэс нар шүтэхийг хориглож байсан зэрэг олон шалтгаан байдаг.

Энэ байдлыг Хятадын засгийн газар ашиглан Шүгдэнг шүтэгч бүлэглэлийг зүйл бүрээр дэмжин Дээрхийн Гэгээнтний эсрэг ашиглах болсон юм. Төвдийн Бурханы шашнаас шахагдсан Шүгдэнгийн бүлэглэл Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр Щвейцари, Балба зэрэг орнуудад Далай Ламын эсрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Шүгдэнгийн бүлэглэл Шарын шашинтай Монгол оронд байр сууриа бэхжүүлэхийн тулд ил далдаар хичээх болсон юм. Үүнд нь хамгийн ихээр саад болж буй зүйл бол монголчуудын Далай Ламд сүсэглэх сүсэг бишрэл юм. Шүгдэнгийн бүлэглэл Монголын сүсэгтэн олныг өөртөө татахын тулд урьдын монгол номын мэргэдийн хойд дүрийг хуурамчаар тодруулж, хөдөө орон нутгаас өсвөр насны хүүхдүүдийг лам болгон Энэтхэг дахь “Шар Гандан” гэгдэх өөрсдийн хийддээ сургаж байна. Шүгдэнгийн бүлэглэл Монголын Бурханы шашны ертөнцөд байр сууриа бэхжүүлж чадвал Хятадын засгийн газрын нөлөө Монголын Бурханы шашинд орж ирэхгүй гэхийн баталгаа байхгүй юм.

Тэд тангаргийн буг Шүгдэнг Шарын шашны гол сахиус, бурхан мэтээр сурталчилж, түүнийг шүтвэл эд хөрөнгө арвижна хэмээн жирийн сүсэгтэн олны толгойг эргүүлж, Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам болон IX Богд Жавзандамба хутагт нарыг хуурамч мэтээр олонд ярьж худал хуурмагийг үйлддэг билээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!