LOADING

Type to search

Эрүүл мэнд

Өндөр өртөгт оношилгоо, шинжилгээний үнийг ЭМД-аар хөнгөлж буй эмнэлгүүд

Share

2020 оны наймдугаар сард ЭМД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу ЭМД-ийн Үндэсний зөвлөлөөс 03 тогтоолыг гаргаж, даатгалаас үзүүлэх тусламж үйлчилгээний өөрчлөлтийн талаар тусгасан. 03 тогтоолоор 9 төрлийн оношилгоо, 130 гаруй шинжилгээг /нян судлалын, бамбай булчирхайн дааврын, зүрхний шигдээсийн маркер тодорхойлох, халдварын молекул биологийн, эмнэл зүйн эс, эд судлалын гэх мэт/ “Өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээний багц”-д хамруулахаар болсон. Үүнд 50 мянган төгрөгөөс дээш өртөг бүхий шинжилгээнүүд багтаж байгаа юм.

“Өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээний багц”-ны багцад ЭМД-аас хөнгөлөлт эдлэхийн тулд заавал эмчийн бичиг /13А маягт/ шаардлагатай. Хөдөө орон нутгийн иргэд мөн 13А маягтаар үйлчилгээ авна. ЭМД-аас хөнгөлөлт эдлэхийн тулд иргэн заавал даатгалаа төлсөн байх шаардлагатай бөгөөд 2016 оноос хойш нөхөн төлсөн байна.

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний хувьд ЭМД-аас 70, иргэн өөрөө 30 хувийг төлнө. ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан бүх эмнэлгүүд ижил үнийн жишигтэй байна.

Өндөрт өртөгтэй оношилгооны төрлүүд ба ЭМД-ын хөнгөлөлтийн талаарх мэдээлэл

MRI оношилгооны нийт өртөг 350 мянган төгрөг. Үүнээс иргэн 30 хувь буюу 105 мянган төгрөгийг хувиасаа төлнө.

Компьютер томографийн оношилгооны өртөг 120 мянган төгрөг бөгөөд иргэн хувиасаа 36 мянган төгрөг,

Дурангийн ажиллабарын хувьд 150 мянган төгрөг бөгөөд иргэн хувиасаа 45 мянган төгрөг,

Судсан дотуурх ажиллабарын нийт өртөг 650 мянган төгрөг бөгөөд иргэн хувиасаа 195 мянган төгрөг,

Судасны бус ажиллабар нийтдээ 320 мянган төгрөг бөгөөд үүнээс иргэн хувиасаа 96 мянган төгрөг,

Цөмийн оношилгооны нийт өртөг 120 мянга бөгөөд иргэн хувиасаа 36 мянган төгрөг,

Зүрхний 24 цагийн бичлэгийн үнэ 50 мянган төгрөг бөгөөд иргэн хувиасаа 15 мянган төгрөг

Булчингийн цахилгаан бичлэгийн нийт өртөг 120 мянга бөгөөд иргэн хувиасаа 36 мянган төгрөгийг тус тус төлнө.

Хувийн гэрээт эмнэлгүүдэд энэ хөнгөлөлт ижил үйлчлэх үү. Ямар ямар эмнэлгүүд ЭМД-тай гэрээтэй ажиллаж байгаа вэ?

Нийтдээ 52 байгууллагатай гэрээ хийсэн. Төрийн өмчийн 39 эмнэлэг байгаагаас нийслэл Улаанбаатар хотод 18, орон нутагт 21 нь байна. Хувийн хэвшлийн 13 эмнэлэг байгаагаас 12 нь нийслэлд, 1 нь орон нутагт байна. Дараах эмнэлгүүдэд ЭМД-аас хөнгөлөлт эдлэх боломжтой. Эмнэлэг бүрд үнийн жишиг ижил байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ЭМДЕГ-тай гэрээт улсын эмнэлгүүд:

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Улсын гуравдугаар төв эмнэлэг

ГССҮТ

ЭХЭМҮТ

Хавдар Судлалын Үндэсний Төв

Халдварт өвчин судлалын үндэсний төв

Арьсны өвчин судлалын үндэсний төв

Нийслэлийн “Өргөө” амаржих газар

Цэргийн төв эмнэлэг

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

Улсын томоохон эмнэлгүүдэд өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг даатгалаар хөнгөлж буй. Өндөр өртөгтэй шинжилгээний төрөл болох MRI, компьютер томограф, дурангийн шинжилгээ хийдэг улсын томоохон эмнэлгүүдээс заримынх үнийн мэдээллийн талаар хүргэе.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Томограф шинжилгээ: Эмчийн үзлэгээр шаардлагатай гэсэн тохиолдолд томограф шинжилгээ хийгдэнэ. Хэрэв Эрүүл мэндийн даатгал төлдөг бол иргэн хувиасаа 36 мянган төгрөг, даатгалаас 84 мянган төгрөг төлнө. Төрөөс эрүүл мэндийн даатгал төлөгддөг иргэдэд /хүүхэд, тэтгэврийн насны, нийгмийн халамж авдаг/ үнэ төлбөргүй.

MRI шинжилгээ: Эмчийн үзлэгээр шаардлагатай гэсэн тохиолдолд MRI шинжилгээ хийнэ. Эрүүл мэндийн даатгал төлдөг хувь хүн нэг удаа MRI шинжилгээ хийлгэхэд нийт үнэ буюу 325 мянган төгрөгөөс 165 мянган төгрөг хөнгөлүүлнэ. Оношоос хамаарч үнийн хувьд ялгаатай. Тухайлбал, толгойн MRI шинжилгээний үнэ 350,000 төгрөг. Үүний 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг:

MRI шинжилгээ хийлгэхэд онош, тодосгогчтой, тодосгогчгүйгээсээ хамаарч дундаж үнэ нь 250-500 мянган төгрөг. Эрүүл мэндийн даатгал бүрэн төлөгдсөн бол даатгалаас 165 мянган төгрөгийг хөнгөлнө.

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Томограф шинжилгээ: Толгойн томографийн үндсэн үнэ 90 мянган төгрөг, хэвлийн томографийн үндсэн үнэ 150 мянган төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгал төлдөг бол төлбөрийг 100 хувь хөнгөлнө. Мөн төрөөс эрүүл мэнийн даатгал төлөгддөг бол үнэ төлбөргүй.

MRI шинжилгээ: 2021 онд батлагдсан “Эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээний үнийн жишиг батлах тухай-1” А/25 захирлын тушаалд заасанчлан МRI шинжилгээний үндсэн үнэ 350,000 төгрөг гэжээ. Эрхтэн тус бүр дээр оношоос хамааран харилцан адилгүй. Дунджаар 250-350 мянга байна гэсэн үг. Улсаас эрүүл мэндийн даатгал төлөгддөг иргэний хувьд 100 хувь үнэ төлбөргүй. Харин хувиасаа эрүүл мэндийн даатгал төлдөг иргэний хувьд Эрүүл мэндийн даатгалаас 165,000 төгрөгийг хөнгөлөх юм байна.    

Гэмтэл согог судлалын үндэсний төв

Томограф шинжилгээ: Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол үндсэн үнийн /120 мянган төгрөг/ 15 хувийг хувиасаа төлнө. Иргэн хувиасаа 36 мянган төгрөгийн төлбөр төлнө гэсэн үг. Эрүүл мэндийн даатгал төрөөс төлөгддөг бол үнэ төлбөргүй юм байна.

MRI шинжилгээний үндсэн үнэ нь 350 мянган төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцдаг бол 100 хувь үнэ төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалаа төлдөг бол датгалаас хөнгөлснөөр иргэн хувиасаа 105 мянган төгрөг төлнө.

Ямар, ямар хувийн хэвшлийн эмнэлгүүд ЭМД-аар хөнгөлөлт үзүүлэх вэ?

ЭМДЕГ-тай өндөр өртөгт оношилгоо, шинжилгээний төрлөөр гэрээ байгуулсан 13 хувийн хэвшлийн эмнэлэг байна. Тодруулбал,

Төмөр замын төв эмнэлэг

АСЭ эмнэлэг

АЧТАН эмнэлэг

Гурван гал

Грандмед

Номун

Мөнгөн гүүр

УБ Сонгдо

Эм Би Жи

ЭМЖЖ

Юнимед

Асралт мед

“Мөнгөн гүүр”, “УБ Сонгдо”, “Грандмед” эмнэлгүүд MRI болон компьютер томографийн шинжилгээний үнийн 70 хүртэлх хувийг даатгалаар хөнгөлж байна.

Эдгээрээс MRI, компьютер томограф зэрэг өндөр өртөгтэй шинжилгээ хийдэг эмнэлгүүд нь “Мөнгөн гүүр”, “УБ Сонгдо”, “Грандмед” зэрэг юм.

Эдгээр эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт үзүүлж буй. Тодруулбал, иргэн хувиасаа нийт зардлын 30 хувийг төлнө. “УБ Сонгдо” эмнэлгээс тодруулахад бүгд 70 хувь биш харин оношоос хамаарч 70 хүртэлх хувиар хөнгөлнө гэв. Эмнэлгүүдийн ачаалал их байгаа тул MRI шинжилгээний хувьд “УБ Сонгдо”, “Грандмед” эмнэлэгт 10-р сар хүртэлх үзлэгийн хуваарь дууссан байна. “Грандмед” эмнэлэгт компьютер томограф шинжилгээ хийлгэхийн тулд цаг захиалах шаардлагагүй. Үзүүлэхээр очсон дарааллаар үйлчилнэ. “Грандмед”, “УБ Сонгдо” эмнэлгүүдэд дурангийн шинжилгээнд даатгалаар хөнгөлөлт үзүүлэхгүй.

Өндөр өртөгтэй MRI шинжилгээний үнийн талаарх мэдээллийг ЭНД-ээс харах боломжтой.

“Гурван гал”, “Юнимед” эмнэлэгт өндөр өртөгтэй оношилгооноос зүрхний ЭХО шинжилгээг хийж байгаа бөгөөд даатгалаас 70 хувийг хөнгөлснөөр иргэн хувиасаа 15 мянган төгрөг төлөх боломжтой юм. “Юнимед” эмнэлэгт мөн зүрхний 24 цагийн холтерийн шинжилгээг хийж байна. Мөн иргэн хувиасаа 15 мянган төгрөг төлнө. “АСЭ” эмнэлэг өндөр өртөгт мэс заслынхаа 70 хувийг даатгалаар хөнгөлж байгаа юм. Чих, хамар, хоолойн ЭМЖЖ эмнэлэг мөн өндөр, өртөгч оношилгоо, шинжилгээг даатгалаар хөнгөлж байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!