LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Д.Нямбаяр: Зүрхний дутагдлын үед давс, шингэний хэмжээг хэтрүүлэхгүй байх нь чухал

Share

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулсан зөвлөгөө мэдээллийг шууд дамжуулалтаар хүргэдэг билээ. Тус эмнэлгийн Зүрх судасны тасгийн их эмч Д.Нямбаяр зүрхний дутагдал түүний шинж тэмдэг, эмчилгээний талаар дараах зөвлөгөө мэдээллийг хүргэснийг сийрүүлэн хүргэж байна.

Зүрх гэдэг эрхтэн нь хүний бие физиологийн хамгийн чухал эрхтэн бөгөөд их эргэлтийн цусны урсгалаар хүчил төрөгчсөн цусыг биед шахан, буцаагаад татдаг хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү чухал үйл ажиллагааг явуулж чадахгүйд хүргэж байгаа эмгэгийг зүрхний дутагдал гэж нэрлэнэ.

ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ?

Зүрхний дутагдалд орсон тохиолдолд тайван болон ачаалал авсан үед адилхан амьсгаадах, шөнөөр амьсгаадах, ачаалал даах чадвар эрс буурах, хөлийн шилбэ хэсгээр хавагнах, хэвлий хэсгээр цардайх зэрэг нийтлэг шинж тэмдэгүүд илэрдэг. Эдгээр шинжүүдтэй хавсран нийтлэг бус шинж тэмдэгүүд болох ядарч сульдах, толгой эргэх, ухаан балартах, зүрх дэлсэх, шөнөөр хий ханиалгах, хөөстэй цэр гарах зэрэг шинжүүд илэрч болно.

Зүрхний дутагдалд хүргэдэг хэд хэдэн эмгэг бий. Тухайлбал, зүрхийг тэжээдэг гол титэм судасны цусан хангамжийн дутагдал, зүрхний шигдээс, зүрхний хавхлагийн эмгэг, зүрхний томрол, даралт ихсэлт зэрэг нь зүрхний дутагдалд хүргэх эрсдэлтэй.  Мөн зүрхний дутагдал нь анхдагчаар үүсэх боломжтой. 2019 онд Европын зүрхний холбооноос гаргасан удирдамжид зүрхний дутагдалд орох өндөр эрсдэлтэй хүмүүсийг жагсаасан. Үүнд 35-аас дээш насны, эрчүүд, таргалалт, чихрийн шижин өвчин, артерийн даралт ихсэлт, зүрхний хавхлагийн эмгэг болон зүрхний шигдээс өвчний өгүүлэмжтэй хүмүүс уг эмгэгт өртөх эрсдэл өндөрт тооцогддог. Мөн нэмэлт эрсдэлт хүчин зүйлс гэж бий. Үүнд амьдралын буруу хэв маяг хамаарна.

ХЭРХЭН ОНОШЛОХ ВЭ?

Дээр дурьдсан зовиур шинэ тэмдэгүүд илэрсэн, эрсдэлт бүлэгт хамаарч байгаа бол өөрт хамгийн ойр байх өрх, сум дүүргийн эмнэлэгт хандана. Өрх, дүүргийн эмч үзлэг хийгээд дараа дараагийн шаардлагатай шинжилгээг хийлгэнэ. Хамгийн түрүүнд хийгдэх шинжилгээ нь зүрхний цахилгаан бичлэг. Зүрхний өвчлөлийг хамгийн богино хугацаанд зөв үнэлэх эхний шинжилгээ бол цахилгаан бичлэг. Үүний дараа цусанд NT-proBNP эсвэл BNP илрүүлэх шинжилгээг зөвлөдөг. Дараа нь зүрхний хэт авиан шинжилгээ, цээжний зураг авах шинжилгээг хийнэ. Эдгээр шинжилгээнд үндэслэн зүрхний дутагдал болон зүрхний аливаа эмгэг байна гэдэг дүгнэлтийг үнэн зөвөөр гаргаж, оношлоно.

ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Зүрх судасны эмч үзээд зүрхний дутагдал гэдэг онош тавьсан бол тодорхой эмүүдийг хяналттайгаар уухыг зөвлөнө. Эмийн эмчилгээ үр дүнгүй, хүндэрсэн тохиолдолд эмч үзлэг хийн дараагийн арга хэмжээнүүдийг авна. Хамгийн гол нь эмчийн заавраар эмийг тасалдалгүй, зөв тунгаар хэрэглэх нь чухал. Ингэснээр өвчнийг илүү хүндрүүлэхгүй байх боломжтой.

Зүрхний дутагдалтай хүмүүс өглөө бүр биеийн жингээ хянах шаардлагатай байдаг. Ингэхдээ бие зассан байх, өглөөний цайгаа уугаагүй байх шаардлагатай. Хэрэв биеийн жин богино хугацаанд 1-1,5 кг нэмэгдэх, долоо хоногт 2-2,5 кг нэмэгдэх юм бол эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

Мөн давс, шингэний хэрэглээ чухал. Хоногт 2гр-аас хэтрэхгүй давс, нэг литрээс хэтрэхгүй шингэн хэрэглэнэ. Давс, шингэний хэрэглээг хэтрүүлснээр хавагнах шалтгаан болдог. Энэ нь шинж тэмдэг, зовиуруудыг нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!