LOADING

Type to search

Мэдээ

Ирина Муравьевагийн амьдралын түүх

Share

Бүх цаг үеийн киноны алтан фондод зүй ёсоор бичигддэг “Багт наадам”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Грибовоос ирсэн жүжигчин” зэрэг олон киноны дүр бүтээсэн гайхамшигт жүжигчин Ирина Вадимовна Муравьеваг мэдэхгүй хүн гэж үгүй. Түүнийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Хүүхэд, залуу нас

Ирина Муравьева бол 1949 оны 2-р сард төрсөн Мосвагийн уугуул иргэн. Тэрээр уран зураач болон фронтын дайчны гэр бүлд хайраар дүүрэн өссөн айлын хоёр дахь охин юм. Эцэг Вадим Муравьев фронт руу сайн дураараа явсан бөгөөд эрэлхэг зориг баатарлаг үйлс нь түүнийг ялалт төдийгүй хайр дурлалтай нь Берлинд учруулжээ.

Жүжигчин эмэгтэйн ээж нь Беларусийн иргэн бөгөөд олон нутаг нэгтнүүдийн хамт Берлинд хүнд хүчир ажил хийж байжээ. Ээж нь өөрийн хүсэл зоригоор ирээгүй. Германчууд түүнийг албадан ажил хийлгэхээр явуулсан байна. Ирина Муравьевагийн эцэг эх Германаас хамтдаа буцаж ирсэн бөгөөд 1947 онд эхнэр нөхөр болжээ. Тэд хоёр охинтой болсоны бага нь Ирина Вадимовна юм.

Охид их “хатуу” байдлаар хүмүүжсэн гэдэг. Түүний аав нь гэр бүлдээ “цэргийн” сахилга батыг эрхэмлэв. Ирина үргэлж тогтсон цагт гэртээ ирэх ёстой байсан тул бүжиглэх эсвэл хөвгүүдтэй хамт зугаалах гэх мэт зүйлс хориотой. Ээж нь охидоо хатуу хяналтад байлган хамгаалж, анхааралтай ажигладаг байжээ. Гэсэн хэдий ч ээж аав нь хүүхдүүддээ үргэлж туслаж, тэдний хүсэл тэмүүллийг дэмждэг байв. Ээж нь үйлэнд уран, маш сайн оёдолчин байсан бөгөөд охид түүний ачаар дутуу юмгүй харагддаг байжээ.

Сурагч байхдаа Ирина багш нарыхаа хайрыг татсан, бусдадаа үлгэр жишээ болсон охин байв. Сурлагын дэвтэртээ “сайн” дүн авбал эцэг эх нь ихэд эгдүүцдэг байсан гэдэг. Тэр зөвхөн онц л авах ёстой.

Ира зөвхөн ном шагайгаад л сууж байдаг нэгэн байсангүй. Тэрээр бага байхаасаа л театр урлагт дурлан, жүжигчний дугуйланд явахын сацуу сургуулийнхаа жүжиг, концертод оролцдог байжээ. Ахлах ангид орохдоо л Ирина ирээдүйн карьераа тодорхойлчихсон байв. Ахлах сургуулиа дүүргээд эцэг эхийнхээ хориглосныг үл хайхран нийслэл хотын бүхий л кино урлагийн сургуульд шалгуулсан байна. Гэвч авьяаслаг охин маань дандаа л таагүй хариу авч байжээ.

Гэсэн хэдий ч Ирина Муравьева гайхалтай сэтгэл зүтгэлээ харуулав: нэг жилийн дараа тэр дахин институтуудад шалгалт өгчээ. Шалгалтын комиссын шийдвэр өөрчлөгдөөгүй бөгөөд охиныг Хүүхдийн төв театрын дэргэдэх драмын студид сургахаар болж. Тэнд өрсөлдөөн бага байв. Муравьева студиа төгсөөд туршлага хуримтлуулсны дараа алдарт ГИТИС-т элсэн байна.

Театр

Хүүхдийн төв театрын тайзан дээр тоглосон Муравьевагийн анхны дүр бол ямааны тухай жүжгийн үлгэрийн баатар байв. Залуу уран бүтээлч 1977 он хүртэл хүүхдийн театрт ажилласан байна.

1977 он гэхэд тэрээр кино ертөнцөд хэдийнээ танил болсон байв. Жүжигчин бүсгүй нэр хүндтэй Моссовет театрт уригджээ. Муравьевагийн ажилдаа ороод хийсэн анхны тоглолтыг театрын тэргүүлэх найруулагч Павел Чомский найруулсан юм.

Үүний зэрэгцээ, Ирина Муравьева Рустам Ибрагимбековын зохиол дээр үндэслэсэн кинонд гол үүрэг гүйцэтгэсэн. 1982 оноос хойш тэрээр гурван бүтээлд тоглож, бараг бүх цагаа киноны ажилд зориулжээ.

1994 онд Ирина Муравьева Моссовет театраас гаржээ. Түүний дурсамжинд өгүүлснээр нэр бүхий хүний явуулга, бүдүүлэг байдлыг тэвчээгүй гэдэг. Тэрээр “Би театрын амьдралаа дуусгахыг хүссэн. Миний эргэн тойронд байгаа зүйлс аймшигтай болсон. Бусдын сэтгэлийг хөдөлгөх нь бүү хэл өөртөө ч таалагдахгүй байна гэж бодох үе миний амьдралд байлаа” хэмээн ярьсан байдаг.

Дараа нь Ирина Юрий Соломиний урилгаар “Мали” театрт очив. Энэ нь Оросын Ардын жүжигчний хоёр дахь гэр болжээ. Тэрээр “Мали театрт хичнээн муу жүжиг тоглогдсон ч гэсэн үзэгчид ирсээр л байдаг. Теарт ирснээр хүмүүс аз жаргалыг мэдэрдэг. Бүр хүүхдүүдээ хүртэл дагуулж ирдэг байлаа”гэж Муравьева ярилцлагадаа дурджээ.

Түүний олон талт авьяас нь түүнд ямар ч дүрд тоглох боломжийг олгодог. Уянгын жүжгүүдээс эхлээд эрэлхэг зоригтон хүртэл. 2015 оны 3-р сард “Восемь любящих женщин” жүжгийн нээлт болж, Ирина Муравьева ухаан туршлагаа харуулсан өөр дүрээр гарч ирэв.

Тэр жилдээ Ирина  Аким Андросовын “На струнах дождя” уянгын бүтээлд Беллагийн дүрд тоглосон. Тоглолтын төрлийг “сонирхол татсан хошин шог” гэж тодорхойлжээ. Нээлтээ 8-р сард хийсэн бөгөөд үзэгчдээс гайхалтай үнэлгээ авч, театрын шүүмжлэгчдээс магтаал сайшаал хүртэв.

Кино

Бага байхаасаа л тайз болон кинонд тоглохыг мөрөөддөг Ирина Муравьева 1965 онд анх “Дети Дон Кихота” киноны олны хэсэгт жижиг дүрд тоглохыг зөвшөөрч дэлгэцнээ гарч байжээ. Энэ нь түүний кино урлагийн намтрыг эхлүүлсэн юм. Уран бүтээлчийн кинографийн чухал үеүд 70-аад оноос эхтэй. 1973 онд Муравьева “Письмо из юности”, “Зерно риса гэсэн хоёр кинонд нэгэн зэрэг дебют хийжээ.

70-аад оны үед Ирина Муравьева хэд хэдэн алдартай кинонд тоглож байсан бөгөөд үзэгчдэд хамгийн их таалагдаг нь Ирина Вадимовна олон дүрд тоглосон боловч 1979 оны сүүлчээр дэлгэцнээ гарсан “Амьдрал нулимсанд дургүй” кинонд амилуулсан дүр нь бөгөөд түүнийг бүх Холбоотны од болгосон юм.

Хөдөө тосгоноос Москвад ажиллаж амьдрахаар ирсэн гурван бүсгүйн тухай өгүүлэх энэхүү кино нь “Оскар”-ын шагнал хүртэж, сая сая шүтэн бишрэгчдийг араасаа дагуулжээ. Яг үнэндээ энэ бүтээл нь тийм том амжилтад хүрнэ гэж хэний ч санаанд орж байсангүй. Авьяаслаг залуухан жүжигчин бүсгүйн бүтээсэн дүр үзэгч түмэн болон найруулагчдын анхаарлыг татаж, түүнд кинонд тоглох санал зөндөө иржээ.

1981 онд Ирина Вадимовна “Багт наадам” хэмээх инээдмийн кинонд  Москвагийн театрын дээд сургуульд суралцахаар ирсэн охины дүрд тогложээ. Уг дүрийн өгүүлэмж нь нь Муравьевагийн өөрийн намтартай гайхмаар адилхан байсан тул  тэрээр саналыг дуртайяа хүлээн авсан байна. Хэдийгээр 32 настай байсан ч 18 настай залуухан охин Нина Соломатинагийн дүрийг гайхалтай чадварлаг бүтээжээ.

Насны зөрүүтэй байсан ч Ирина Муравьева дүрээ маш сайн гүйцэтгэсэн бөгөөд хувийн дурсамж, туршлага нь маш их тусалсан. Александр Абдуловтай хийсэн гайхалтай дуэт үзэгчдэд маш их таалагдсан тул “Советский экран” сэтгүүлийн уншигчид Муравьеваг 1982 оны шилдэг жүжигчнээр хүлээн зөвшөөрөв.

Энэ мелодрамд Ирина Муравьева өөрийгөө уран бүтээлч гэдгээ жинхэнэ утгаар нь харуулсан. Жүжигчин бүсгүй гайхалтай бүжиглэдэг. Кино гарсны дараа “Над руу залгаарай” дуу нь удаан хугацааны туршид хит болж байлаа. Гэхдээ энэ нь гол дүрийн жүжигчний дуу хоолой биш харин дуучин Жанна Рождественскаягийнх байв.

Тэрээр хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртсэн бөгөөд энэ нь түүнийг “Зөвлөлтийн кино од” статустай болгосон юм. 1983 онд Ирина Муравьевагийн соёлын салбарын өндөр амжилтыг үнэлж “Хүндэт” одонгоор шагнаж РСФСР-ийн гавьяат жүжигчин цол өгчээ.

Та бидний сайн мэдэх “Би хамгийн хөөрхөн сэтгэл булаам бүсгүй” инээдмийн киног 80 сая хүн үзсэн байна.Энэхүү бүтээлээ тэрээр өөрийн гандан бууршгүй авьяасаа дахин батлан харуулсан юм.

70-80-аад он  бол алдарт жүжигчний намтар дахь алтан үе. Энэ үед Ирина Муравьева шинэ кинонуудад тогтмол тоглож, хүүхдийн шоу нэвтрүүлэг, хүүхэлдэйн кинонд дуу оруулж байв.

ЗХУ задарсны дараагаас түүний карьер аажмаар унасан ч дуулах авьяас нь тодорчээ. Мөн тэрээр дэлгэцийн зарим бүтээлд тоглож эхлэв. 2005-2006 онд тухайн үедээ нэрд гарч олныг байлдан дагуулж байсан  “Хөөрхөн төрөх албагүй” киноны эмэгтэй гол дүрийн ээжийн дүрийг бүтээсэн байдаг.

2010 онд олон сая хүний ​​хайрыг татсан Ирина Муравьева “Хятад эмээ” уянгын инээдмийн кинонд тоглож,  “НИКА” шагнал гардуулах ёслолоос шилдэг туслах дүрийг хүртсэн билээ. Үүний дараа Ирина кинонд тоглох нь ховор болж гэр бүлдээ илүү цаг зарцуулах болжээ.

Хувийн амьдрал

Ирина Муравьева багаасаа л гэрлэхийг хүсдэггүй байсан бөгөөд зөвхөн карьераа мөрөөддөг байжээ. Театрт ажиллаж байхдаа тэрээр найруулагч Леонид Эйдлинтэй танилцаж, 1973 онд дотносож эхэлжээ.

Хоёр жилийн дараа хосууд анхны хүү Даниел, 1983 онд хоёр дахь хүүхэд Евгенийгээ хүлээн авчээ. Ирина бол сайн ээж, эхнэр, жинхэнэ гэрийн эзэгтэй. Тэрээр Даня, Женя хоёрыгоо театрын тайзны ард биш гэрт нь өсгөсөн гэдгээрээ бахархдаг. Жүжигчин хүүхдээ үлдээх хүн байхгүй бол театр, кино дүрээс татгалздаг байжээ.

Харин түүний хөвгүүд цуврал кинонуудад тоглосон байдаг.  Түүний хүү Даниел дараа нь хуулийн сургуульд сурч, Францын Ecole d’Art de Blois, Ateliers Acteurstudio-д жүжигчний дамжаанд суралцжээ.  Түүний хоёр дахь хүү Евгений GITIS-ийн үйлдвэрлэлийн ангийг төгсөж, ресторан нээсэн боловч 2017 онд бизнес нь дампуурсан байна. Ирина эмээ болсон. Анхны ач хүү Иван 2005 онд том хүү Даниелийн гэр бүлд төрсөн. Харин хамгийн бага ач нь хоёр дахь хүү Евгений хүү юм.  

2014 онд Муравьевагийн гэр бүлд харамсалтай зүйл тохиолдов. 1-р сарын сүүлчээр түүний нөхөр Леонид Даниловичийн тархинд цус харваж эмнэлэгт хүргэгдэн, хоёрдугаар сарын 16-нд нас баржээ.

Тэрээр сүүлд Мали театрын хоёр үзүүлбэрт оролцжээ. Людмила Титова, Ольга Пашкова, Инна Иванова, Светлана Аманова нар Муравьевагийн тайзан дээрх хамтрагчид юм. Уран бүтээлч Ирина олон нийтэд амьдралаа дэлгэж, хэвлэлийнхний хараанд өртөх дургүй нэгэн билээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!