LOADING

Type to search

Шинжлэх ухаан

Ковид туссан хүмүүсийн тархи 20 насаар хөгширч, IQ 10-аар буурчээ

Share

Ковид-19 өвчний хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүс удаан хугацааны турш ядарч, тархины манан үүсэж байгааг өмнө нь мэдээлж байсан. Long covid буюу олон сарын турш ковидоор өвчилж, өвчний шинж тэмдэг нь арилахгүй байгаа хүмүүсийн дунд хийсэн Америкийн эрдэмтдийн судалгаагаар нэлээд таагүй үр дүн гарчээ.

Кембрижийн их сургуулийн тархи судлаач Дэвид Менон болон түүний баг Ковид-19 өвчний хүнд хэлбэрээр өвдсөн 46 хүнийг судалгаанд хамруулсан ба халдвар авснаас зургаан сарын дараа эдгээр хүмүүсийн тархины танин мэдэхүйн чадвар 20 насаар хөгширсөн байгааг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 50 настай хүний танин мэдэхүйн чадвар 70 настай хүнийхтэй ижил түвшинд хүрсэн байгаа юм. Энэ бол тэдгээр хүмүүсийн оюуны итгэлцүүр (IQ) 10 оноогоор буурсантай тэнцэх үзүүлэлт ажээ.

Их Британийн нэгэн судалгаагаар долоон хүн тутмын нэг нь ковидийн эерэг сорил гарснаас хойш 12 долоо хоногийн дараа танин мэдэхүйн бэрхшээлтэй болж буйг тогтоожээ. 154,000 хүний ​​дунд явуулсан өөр судалгаагаар ковидоор өвчилсөн өвчтөнүүд энгийн хүмүүстэй харьцуулахад тархины манантай байх магадлал 80% -иар илүү байгааг тогтоожээ.

Статистик мэдээллээс үзэхэд дэлхий дахинд одоогоор 500 сая гаруй хүн тус вирусийн халдвар авснаас 2%-аас 5% хүртэлх хэсэг нь хүнд хэлбэрээр өвдсөн гэж тооцвол бидний эргэн тойронд Ковид-19 өвчнөөс болж танин мэдэхүйн алдагдалтай болсон сая сая хүн амьдарч байна гэсэн үг.

Өмнө нь хийгдсэн судалгаагаар Ковид-19 өвчний хүнд хэлбэрийн үед тархины анхаарал төвлөрүүлэх, асуудал шийдвэрлэх болон санах ойд оролцдог дух-зулайн (фронтопариетал) хэсэгт глюкозын хэрэглээ буурдаг болохыг тогтоосон юм. Энэ нь вирус тархинд шууд нөлөөлдгийн нэг баталгаа гэж үзэж байв. Гэвч зарим судлаачид гол буруутан нь вирус биш, харин уушгины үрэвсэл болон амьсгалын дутагдлын улмаас хүчилтөрөгч, цусан хангамж буурах нь тархины үйл ажиллагаа муудах гол шалтгаан байж болно гэж үзэж байгаа юм.

“Ковид-19” халдварын эмнэлзүйн явц дийлэнх өвчтөнд буюу нийт өвчлөлийн 81 хувьд шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрийн өөрчлөлтөөр илэрч байна. Өвчилсөн хүмүүсийн нийт тохиолдлын 10-15 хувьд нь тухайн өвчтөнд хавсарсан эмгэг болж биеийн байдал хүндрэх эрсдэл үүсгэж,  5 орчим хувьд нь маш хүнд хүндрэл буюу амьсгалын эрхтний дутагдалд орж, эрчимт эмчилгээ хийлгэх шаардлага үүсч байна.

“Ковид-19” халдварын хүнд өвчтөнийг эмнэлзүйн байдлаар нь ангилж үзвэл:

  • Шинж тэмдэг эхэлснээс хойш 7-10 дахь хоног дээр уг өвчний эмгэг жамаас шалтгаалан өвчтөн хатгаа, түүнээс шалтгаалсан амьсгалын дутагдал, үжлийн байдлаар хүндэрч удаан хугацаанд эмчлэгдэх нөхцөл байдал үүсч байна. /”Үжил гэдэг нь халдварын эсрэг биет махбодын хариултын зохицуулга алдагдсанаас улбаалсан амь насанд аюултай эрхтэн тогтолцооны дисфункц юм./
  • Эмнэлэгт хэвтэн эмчүүлсэн өвчтөн 9-10 дахь хоногтоо эрчимт эмчилгээнд орох шаардлага үүссэн.
  • “Ковид-19”-ийн халдвараар өвчилж хүндээр өвдөн эдгэрсэн хүний бүрэн эдгэрч гарах дундаж хугацаа нь 20 хоног байна.
  • “Ковид-19”-ийн маш хүнд хэлбэрээр өвчилж нас барсан тохиолдлын тухайд өвчлөлийн шинж тэмдэг илэрснээс хойш 7-10 хоногоос эмнэлэгт хэвтэх шаардлага үүсч, эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлэх заалт үүссэн бөгөөд дунджаар 19 дөх хоногт нас барсан үзүүлэлттэй байна. 

“Ковид-19” халдварыг эмнэл зүйн явцаар нь дараах байдлаар ангилж байна. Үүнд:

  • Цочмог – халдвартай нь батлагдсанаас хойш 1-4 дэх долоо хоногийг хэлнэ.
  • Цочмогдуу –  халдвартай нь батлагдсанаас хойш 1 сараас 3 сар хүртэл хугацаанд шинж тэмдэг үргэлжлэхийг хэлнэ.
  • Архаг – 6 сараас дээш хугацаанд шинж тэмдэг илэрсэн буюу урт хугацааны ковидын дараах хам шинж, уг өвчнөөс шалтгаалсан эмнэлзүйн зовуурь, хүндэрлийн дараах өөрчлөлтүүд үргэлжилж буйг хэлнэ.

“Ковид-19” халдварын талаарх мэдээлэл судалгаа улам бүр сайжирч, үүнтэй холбоотой эмнэл зүйн менежмент, өвчний талаарх ойлголт өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 

Халдвар авч эдгэрсэн хэдий ч 3 сараас дээш хугацаанд ядарч сульдах, үе мөчөөр өвдөх, амьсгаадах, ханиалгах, сэтгэл гутралд орох, нойргүйдлийн шинж тэмдэг, танин мэдэхүйн үйл ажиллагааны бууралтын шинжүүд илэрчээ.

Өөрөөр хэлбэл архаг хэлбэрээр үргэлжилж байна. 

“Ковид-19”-ийн халдвар амьсгалын эрхтэн талаас ямар хүндрэл үүсгэж байна вэ? 

“Ковид-19” халдварын дараа урт хугацаанд илэрч буй зовуурь шинжүүд нь тухайн өвчнөөр өвдөж байх хугацааны цочмог үедээ хүндээр өвдсөн эсэхээс шалтгаалж янз бүрийн байдлаар үргэлжлэн илэрч байгаа бөгөөд хугацаа нь ч харилцан адилгүй байна. 

Амьсгалын эрхтэн талаас уг өвчний үед уушгины хатгаа өвчин болж хүндрэх, амьсгалын дутагдал, амь насанд аюултай стресс хам шинжийг үүсгэж байна. Үүнээс шалтгаалан өвчтөнд удаан хугацаанд үргэлжилсэн амьсгаадалт мөн архаг ханиалгах шинжүүд үргэлжилж байна.

“Ковид-19” халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст бүрэн эдгээгүй мэт мэдрэгдэх нь ямар шалтгаантай вэ?

Эдгэрсний дараа өмнөх хэвийн байдалдаа эргэж орохгүй юм шиг санагддаг тохиолдлын талаар судалгаанууд нэлээдгүй хийгдсэн. Тухайлбал,

  • Их Британийн Үндэсний статистикийн газрын үндэсний түүвэр судалгааны урьдчилсан үр дүнгээр, “Ковид-19”-ийн эерэг батлагдсан тохиолдлуудад хийгдсэн 10 судалгаанд хамрагдагсдын 1 орчим хувьд нь 12 долоо хоногоос илүү хугацаагаар шинж тэмдэг илэрч байгааг тооцоолжээ.
  • Мөн “ковид-19”-ийн батлагдсан тохиолдлын гуравны нэг орчим хувь нь оношлогдсоноос хойш 3-6 долоо хоногийн дараагаар үргэлжлэн амьдралын хэвийн үйл ажиллагаандаа эргэн орж чадахгүй байгаа мэдрэмж төрөх, амьдралын чанарын үйл ажиллагаа буурч буй тохиолдлууд гарчээ. 
  • Саяхны нэг судалгаагаар “ковид-19” халдвараар өвдсөн хүмүүсийн 30 хувьд нь есөн сарын дараа ч гэсэн үргэлжлэн шинж тэмдэг илрэх буюу ямар нэг байдлаар хөнгөн хүнд амьсгаадах зовууриуд илэрч байгааг тогтоожээ. Уг судалгаанд хамрагдсан нийт өвчтөнүүдийн 85 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдөж гэрээр хянагдаж байсан өвчтөнүүд байжээ.
  • Мөн маш хүндээр өвчилж эрчимт эмчилгээнд орж эмчлүүлсэн хүмүүст сэтгэл гутрал, сэтгэл түгших, зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах зэрэг өөрчлөлт, эрүүл мэндийн асуудал үүсгэж байгааг тогтоосон байна. 

Амьсгалын эрхтэн тогтолцооны урт хугацаанд илэрч байгаа өөрчлөлтүүд нь ямар хамааралтай байна вэ?

“Ковид-19” халдварын хүнд хэлбэрээр өвдсөн, хатгаа өвчин болж хүндэрч байсан өвчтөнүүдийн 42-66 хувьд нь амьсгаадах, амьсгал давчдах зэрэг зовуурь урт хугацаанд илэрч байна. Уг судалгааг өвчтөнүүдэд эдгэрсний дараах 60-100 дахь хоногт нь хянахад эдгээр зовуурь үргэлжлэн илэрч байжээ. Энэ байдал нь тухайн өвчнөөр өвчилсөн хүндийн зэрэгтэй нь шууд хамааралтай юм. Мөн энэ төрлийн судалгаануудаас дурдвал, 

– Испани улсад хийгдсэн үндэсний когорт судалгаанд 1800 орчим амьсгалын дутагдалтай /трахейстом/ түнээсээ шалтгаалсан амьсгалын дэмжлэг авах шаардлагатай өвчтөнүүдийн 52 хувь нь эмнэл зүй сайжирч, амьсгалын дэмжлэгээс амжилттай салж чадсан байна. 

– АНУ-д хийгдсэн судалгаанд хүнд өвчтөнүүдийн 6.6-6.9 хувьд нь байнгийн амьсгалын дэмжлэг бүхий нэмэлт хүчилтөрөгч хэрэглэх, нойрсох үеийн эерэг даралтат амьсгалын дэмжлэг авах хэрэгцээ шаардлага 60 хоног хүртэл хугацаанд үргэлжлэн үүссэн байна.

– Хөнгөн ба хүндэвтэр өвдсөн өвчтөнүүд, амьсгалын дутагдалтай хүндээр өвдсөн тохиолдлуудын 65 хувьд нь хатгаа, үрэвслийн шалтгаантай үүссэн соривжил, гуурсан хоолойн тэлэгдэл, хатгааны шалтгаант уушгины соривжлоос шалтгаалсан амьсгалын идэвхгүй талбай тодорохойлогдох нь нарийвчилсан шинжилгээнүүдээр илэрчээ. 

Тэгвэл “Ковид-19”-ийн халдвараар өвчилсний дараа урт хугацааны турш илэрч буй эрүүл мэндийн асуудал, шинж тэмдгүүдийн үед юуг анхаарах вэ? Дахин эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай юу? 

Өвдсөний дараа эдгэрээд гарах үед амьсгалын эрхтний үйл ажиллагааг үнэлэх хэрэгтэй. Тухайн өвчтөний ажил мэргэжлийн болон биеийн байдалд үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай. Амбулаториор болон гэрээр хянагдсан өвчтөнүүдэд мөн адил үнэлгээ хийж, эмчээс зөвлөгөө авч цаашдын эрүүл мэндийн байдлыг нь тодорхойлох нь зүйтэй. Ингэхдээ юуны өмнө онлайн эсвэл утсаар биеийн байдлын талаараа зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Хоёр дахь удаагийн үзлэгээр дахин эмчид үзүүлэх шаардлагатай эсэхийг тодруулах юм. Амьсгалын эрхтэн талаас үйл ажиллагааны алдагдлыг үнэлэх, бусад эрхтэн тогтолцооноос шалтгаалсан мэдрэл танин мэдэхүйн талын алдагдлыг үнэлэх, зүрх судасны тогтолцооноос гарч буй хүндэрлүүдийг үнэлэх зэргээр нарийвчилсан үзлэг шинжилгээ хийж болно. Хэрвээ эдгээр үзлэгийн дараагаар эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэсэн хэдий ч үргэлжлэн зовуурь илэрч, хүндээр өвдсөн хүмүүст 3, 6, 12 сарын дараагаар амьсгалын эрхтний болон уушгины эмч, бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай гэж үзэж байна.

“Ковид-19” халдварын дараа үлдэж буй амьсгалын эрхтэн тогтолцооны өөрчлөлтүүд нь удаан хугацаагаар үргэлжлэхээс гадна зарим тохиолдолд огт арилахгүйгээр амьсгалын дутагдалтай болох тохиолдол гарч байна. 

Нийт хүндээр өвдсөн хүмүүсийн 6.9 хувьд нь байнгийн хүчилтөрөгч нэмэлтээр авах хэрэгцээ үүсч буйг дээр хэлсэн. Тиймээс аль болох халдварт өртөхгүй байх, өвдсөн ч эмчийн зөвлөгөө зааварыг сайтар дагаж мөрдөхийг сануулж байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!