Өдөр бүр нэгхэн сантимертээр сайжрахын төлөө л тэмц Брэнд хувцас, үнэтэй цаг сонирхдоггүй хүн ч гэсэн Армани гэдэг нэрийг мэддэг.
Армани брэндийн жилийн орлого нь жил бүр 1 тэрбум доллараар өсөж байдаг дэлхийн хэмжээний брэнд юм.
Брэндийн ерөнхий захирал Жорже Армани бол домогт хүн бөгөөд өөрийнхөө амжилтанд хүрсэн нууцын тухай тэрээр: “Би өдөр бүр нэгхэн сантиметрийн төлөө л уйгагүй тэмцдэг” гэж хэлж байжээ. Бид ч гэсэн өдөр бүр нэг сантиметрийн төлөө тэмцэж сурах хэрэгтэй. Бусдаас илүү амжилт олохын тулд алдартай лекторын семинарт суух, үнэтэй гэрийн хүмүүжүүлэгч ч хэрэггүй, мөн сэргэлэн толгой, тохилог орчин ч хэрэггүй. Харин чамд “өдөрт нэгхэн сантиметрийн төлөө тэмцэх идэвх, хүчин чармайлт, хүсэл сэтгэл” байх хэрэгтэй.
Бусдыг дагаж баясахын оронд, амьдралаа өчүүхэн төдий ахиулахын төлөө тэмцэж сурах нь чухал. Хэрвээ чи ийм өөрчлөлтийг хийж чадвал чиний ирээдүй илүү сайхан үр дүнтэй харагдах болно.
Нэгэн удаа хичээл орж байлаа, гэнэт багш: “Хүүхдүүд ээ, багш нь яаралтай ажилтай болчихлоо, та нар өөрсдөө давтлага хийж бай, би удахгүй эргээд ирнэ” гээд гараад явлаа. Хүүхдүүд маш их баярлаж, багш ч ангийн хаалгыг хаагаад явав. Багшийг гарсны дараа ангийн уур амьсгал ямар болсныг харах ч хэрэггүй.
Ангиар дүүрэн шуугилдаж, хүүхдийн инээж хөөрөх, чалчих дуу хаа сайгүй сонсогдож, хашгирах дуу чимээ ч сонсогдоно, анги тэр аяараа замбараагүй болсон байлаа. Өөрийгөө хуурахгүй шударга сурах хэрэгтэй гэж хүн болгон хэлдэг. Хэдийгээр энэ үг үнэн ч гэлээ сурах хамгийн чухал ойлголтын нэг биш.
Багшийг байхгүй үед хоорондоо чалчиж байгаа сурагч шударга биш гэж бас хэлж болохгүй. Хэрвээ багш явахаасаа өмнө тэдэнд даалгавар үлдээгээд явсан бол, багшийг байхгүй ч, тэд шударгаар хийх байсан.
Харин сурахыг мэддэг сурагч бол бусдаас арай өөрөөр сэтгэдэг байна. Багшийг хаалгаа хаагаад гарч явах тэр үед, тэд цүнхнээсээ ямар нэгэн англи хэлний дан үгийн ном, эсвэл цээжилдэг ном, магадгүй өөрийнхөө одоо хийж байгаа дасгалын номоо ч гаргаж ирж магадгүй.
Хэрвээ тэдэнд цаг зав гарах л юм бол тэд өөртөө хэрэгтэй ямар нэг зүйлийг хийдэг. Энэ л миний хэлэх гээд байгаа санаа юм. Чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй гэсэн хоосон үг биш, харин сурагчдыг чөлөөт цагаа зөв зарцуулахад хөдөлгөгч хүч юу болох талаар олж мэдэх явдал юм.
Тэднийг багшийгаа ангийн хаалгаар гараад явахад ямар нэг номоо гаргаж ирдэг болгох тэр хүч нь “өдөр бүр алхам алхмаар сайжрах, өнөөдөр өчигдрөөс илүү, маргааш өнөөдрөөс илүү сурах” гэсэн зарчим. Ийм зарчимтай сурагч онц сурдаг гэхэд гайхах зүйл огтхон ч байхгүй юм. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг үг байдаг.
Эрдмийг хичээлээр хураадаг. Дуслыг хураавал далай гэдэг. Өөрөөр хэлбэл нэг өдөр бүгдийг сурах боломжгүй. Нэг өдөр бүгдийг чаддаг болно гэвэл худлаа юм. Өдөр өдрөөр алхам алхмаар сурах хэрэгтэй.
Хэрвээ нэг жилийн 365 хоногт яг энэ зарчмаар сурч амьдарвал маш их зүйлийг сурч, сайжрахаас өөр сонголт бидэнд байхгүй. Өдөрт 10 үг цээжиллээ гэж бодоход нэг жилийн дараа 3600-аад үг цээжилсэн байна.
Ийм хэмжээний үг цээжилсэн байхад чи англи хэлний төгсөх шалгалтын ихэнхи үгийг цээжилчихлээ гэсэн үг. Хүмүүс бид өөрсдийгөө маш амархан амжилтанд хүрэх мэт санадаг боловч яг үнэндээ бүх юм нэгхэн сантиметрээр л дээшлэхээс эхэлдэг. Мөн бид өдөр бүр өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Ингэж чадвал ажлын үр дүн буюу хичээлийн үр дүн өндөр байдаг бөгөөд бусдын хоёр, гурван удаа давтаж байж сурах хичээлийг маш богинохон хугацаанд сурч, хичээлийн дүн ч маш хурдан сайжирдаг.
Ихэнхи хүүхдүүдийн нэг өдрийн хичээлийн төлөвлөгөө нь: Өглөө хичээлдээ очно-амарнаорой давтлагаа хийнэ-тэгээд амарч унтах гэсэн байдаг. Мэдээж зарим үед давтлагын анги, интернэтийн хичээл, гэрийн ажил зэргээс болоод жаахан өөрчлөлт ордог ч ерөнхийдөө ийм маягаар өнгөрдөг. Гэхдээ бид нэг өдрийнхөө хичээлийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж чадаж байх л хамгийн чухал юм.
Зарим үед хичээлээ хийгээд байгаа хэрнээ дүн дээшлэх ямар ч боломжгүй мэт санагдах үе бий. Үүнийг сайн ажиглавал нарийн учир шалтгаан байдаг. Би та бүхэнд өөрийнхөө цагийн хуваариасаа хуваалцаж энэхүү нууцыг зааж өгөх болно. Доор дурдсан аргыг та бүхэн урьд өмнө нь бараг дөжиртөл сонсож байсан ч өөрийн биеэр хэрэгжүүлж үзэхийг хүсээгүй байж магадгүй.
Би дахин нэг удаа давтаж хэлэхэд: Бид нэгхэн сантиметрийн төлөө буюу алхам алхмаар дээшлэхийн төлөө шаргуу тэмцэх хэрэгтэй. Энэ нууцыг мэдэж өөрийн болгож хэрэгжүүлж чадсан хүн алдаа бага гаргаж, өөрийн хүсэл мөрөөдөлдөө арай хурдан хүрэх болов уу.
ЭХ СУРВАЛЖ: Заавал эзэмших сурах аргууд