LOADING

Type to search

Uncategorized

Ө.Цэцэгмаа: Манайхан зүрх чичрээд байна гэдэг, энэ нь зүрхний хэм алдагдаж, түргэсээд байгаа юм

Share

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл амбулаторийн I Зүрх судасны их эмч Ө.Цэцэгмаатай ярилцлаа.

-Сүүлийн үед зүрх судасны өвчин их залуужиж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Зүрх судасны өвчин залуужиж байгаа нь хотжилттой холбоотой. Агаарын бохирдол, идэж байгаа хоол хүнс­нээс шалтгаалж энэ өв­чин ихэсч байна. Мөн үндсэн суурь өв­чин болох хоолойны ан­гина, шүд болон бөөрний архаг үрэвслээ эмчлүүлээгүйгээс үүнийг үүсгэдэг халд­варууд зүрхний өвчинд нөлөөлдөг. Үүнээс болж хавхлагын үрэв­сэл, зүрхний үе мөчний өвчлөлийг үүс­­гэх шалтгаан болж байна.

Энэ нь бас зөв хооллолттой холбоотой. Зүрхний өвчнийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүд бий. Гурван цагаан хор болох өөх тос, давс, элсэн чихрийг их хэмжээгээр хэрэглэж байна.

Идэж байгаа хоол хүнсэнд ихэвч­лэн чихэрлэг зүйл их хэрэглэснээс шүд хор­хой­тох, хоолойн ангины үрэвсэлтэй, хоол боловсруулах замтай холбоотой үрэвсэл, архи, тамхи их хэрэглэж байгаа нь зүрхний өвчинг үүсгэх шалтгаан болдог. 

-Хүмүүс зүрх өвдлөө гээд валидол их уудаг. Энэ эмийг байнга ууснаар биед сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Энэ эмийг байнга ууж болохгүй. Валидолын найрлагад зүрхийг тайвшруулах үйлчилгээтэй минитол гэдэг бодис байдаг учир уулгадаг. Зүрх өвдсөн үед гарын дор байлгах шаардлагагүй. Эмчдээ үзүүлээд юунаас болж зүрх өвдсөн шалтгааныг нь тодруулж байж эм уух хэрэгтэй. Зүрхний эмийг янз бүрийн антибиотек, витамин шиг гарын дор авч хэрэглэдэг зүйл биш.

Зүрхний цохилт удааширч, хэм алдагдаж түргэснэ, удааширна. Зүрхний цусан хангамжийн ямар дутагдал байна түүнээсээ хамаарч эмийн эмчилгээг эмчийн заавраар хэрэглэнэ. Манайхан эмчээр эм бичүүлж авчихаад “Энэ эм надад таарч байна. Их сайн” гэж хүмүүст хэлдэг. Гэтэл тухайн хүний зүрхний цохилт удааширсан, даралт нь бага үед энэ эмийг хэрэглэхэд хортой. Зөвхөн эмчийн заавраар зүрхний эмнүүдийг уух ёстой. Валидол нь тухайн үед зүрхний судас тэлэх, тайвшруулах зорилгоор уудаг.

-Заримдаа тайван байх үед ч гэсэн зүрх хурдан цохилдог. Энэ нь муу юу. Хэвийн үед хүний зүрх нэг минутад хэд цохилох ёстой вэ?

-Зүрхний цохилт нэг минутад 60-80 байна. Хэрэв 80-100 байвал зүрхний цохилт түргэснэ. 60-аас доош бол зүрхний цохилт удааширдаг. Харин өвчний шалтгаанаар зүрхний цохилт хур­дас­вал өрхийн болон дотрын эмчийн хяналт дор эмийн эмчилгээ хийл­гэнэ. Юунаас болов гэдэг шалтгааныг нь олох хэрэгтэй. Үүний тулд зүрхний цахилгаан бичлэг хийлгэх, хэт авиан шинжилгээгээр шалтгааныг нь олж болно. Бас бусад халдварт өвч­нүүд байна. Тухайлбал, бамбай булчирхайн үрэвсэлтэй бол зүрхэнд өөрчлөлт орно.

-Хурдан, цочмог уурлах нь зүрхний өвчинтэй холбоотой юу. Ийм үед эмч нар долоогоны ханд уу гэдэг?

-Холбоотой. Хүн айж, сандарсан, цоч­сон үед зүрхний цо­хилт түргэсч, даралт ихэс­дэг. Долоогоны ханд тайвшруулахаас гадна зүрхний цохилтыг удааш­руулж, даралт буулгадаг учраас эмчийн зөвлөсний дагуу уух хэрэгтэй.           

-Зүрх нь өвддөггүй хэрнээ хааяа хатгаж өвдөн амьсгаа авч болдоггүй. Эмчид үзүүлэхээр зүгээр байна гэдэг. Ийм үед ямар эмчилгээ, шинжилгээ хийлгэх вэ?

-Янз бүрийн өвчин буюу суурь өвчнөөс шалтгаална. Тухайлбал, уушгины хатгалгаатай, хавирга хоорондын завсрын мэдрэлийн үрэвсэл, булчингийн мэдрэл, цөсний чулуутай бол гэнэт зүрхээр хатгуулж, цээжээр өвддөг. Цээжээр өвдсөн болгоныг миний зүрх өвдөж байна гээд эмчид ханддаг. Нарийн шинжилгээ хийж, оношийг нь тодруулснаар хам шинжүүдийг ялгаж байж зүрхний өвчин гэсэн оношоо тавина. Зүрхний янз бүрийн өвчин байдаг.

Тухайлбал, зүрхний титэм судасны хурц үрэвсэл, ачаалалтай зүрхний бах, зүрхний хэрх өвчний шалтгаантай хавхлагуудад нөлөөлсөн үед хүчтэй хатгаж өвддөг. Мөн зүрхний шигдээсийн үед огцом хүчтэй өвдөлт өгнө. Тиймээс эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

-Зүрх дандаа чичрээд байхаар нь эмчид үзүүлж, цахилгаан бичлэг хийлгэхэд зүгээр байна гэдэг. Энэ нь зүрх өвчлөх шалтгаан мөн үү?

-Манайхан зүрх чичрээд байна гэдэг. Энэ нь зүрхний хэм алдагдаж, түргэсээд байгааг чичирч байна гэж ойлгодог. Энэ үед зүрхний цахилгаан бичлэгээр илрэхгүй ч бусад өвчний үед чичрэлт илэрнэ. Дотоод шүүрлийн булчирхай бамбай, сахар багадалттай үед хөлөрч, чичрэх шинж тэмдэг илэрдэг. Үүнийг яг мэргэжлийн эмчид хандаж оношийг нь тод­руулна. Ганц зүрхний өвчний үед илрэхгүй.

-Цус багадалт зүрхний хэм алдалтад нөлөөлдөг үү?

-Нөлөөлнө. Их хэмжээний цус багадалттай хүн зүрхний болон тархины цусан хангамжийн дутагдалд орсноос толгой өвдөж, зүрхээр хатгуулах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс суурь болон үндсэн өвчнөө эмчлүүлснээр зүрхний зовиур багасна.

-Зүрх тэжээлийн дутагдалд орсон байна гэсэн яриа сүүлийн үед их гарч байна. Энэ юунаас болж байна вэ?

-Тухайн хүний суурь өвчин, цус багадалт нө­лөөлөхөөр чухал эрхтэнд очих цусны хэмжээ багассанаар зүрхэнд тэжээл, тархинд цусан хангамж дутагддаг. Үүнээс болж зүрхний өвчнүүд өвдөх шинж тэмдэг, янз бүрийн өөрчлөлт гардаг. Тиймээс зүрхний тэжээлийн дутагдалд орохгүйн тулд юунаас шалтгаалж байгаа суурь өвчнөө эмчлэх хэрэгтэй.

Зүрхний биш шалтгаантай суурь өвчин цус багадалт, архаг өвчнүүд, хавдрын улмаас цус багадалт үүссэнээс зүрхэндээ нөлөөлсөн байгаа. Эдгээр суурь өвчнийг эмчилснээр зүрхний цусан хангамж сайжирна.

-Сүүлийн үед хүүхдүүд зүрхний цоорхойтой төрж байгаа. Та үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Эхийн хэвлийд байх үйл ажиллагаатай холбоотой. Ээж нь жирэмсэн байхдаа элдэв төрлийн хортой эм бэлдмэл хэрэглэсэн байж болно. Агаарын бохирдолттой холбоотойгоор гажигтай хүүхэд төрөх магадлал өндөр. Мөн удамшилтай бас холбоотой.

-Манайхны дунд зүрх өвдөхөөр даралт ихэсдэг гэсэн яриа бий. Энэ хэр үнэний хувьтай вэ?

-Цусны даралт ихэсвэл зүрхэнд нөлөөлнө. Өндөр даралтын улмаас толгой эргэж, дотор муухайрч зүрх чичирнэ, зүрхээр өвдөх шинж тэмдэг илэрдэг.

-Зүрхний өвчин ямар тохиолдолд хүндэрч, хагалгаа хийхэд хүргэдэг юм бэ?

-Зүрх нь удаан хуга­цаагаар өвдсөн хүмүүс бий. Залуу хүмүүст ихэвч­лэн хэрх өвчний улмаас зүрхний хавхлагууд гэмтээд байгаа. Үүнээс үүдэлтэй зүрхний олдмол гажиг үүсдэг. Энэ олдмол гажгийн улмаас янз бүрийн өөрчлөлт өгч зүрхний дутагдалтай уч­раас мэс заслын аргаар хагалгаа хийдэг.

-Энэ өвчнөөс иргэд яаж урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Сүүлийн үед зүрхний өвчин залуужиж байгаа гол шалтгаан нь амны хөндийн ариун цэвэр, гүйлсэн булчирхайн архаг үрэвслээ эмч­лүүлээгүйгээс зүрхний хавхлагууд, бөөрийг гэмтээснээс хүндрэл өгч даралт ихсэлт, зүрхний янз бүрийн өвчний шалтгаан болж байна.

Тиймээс амны хөндий, хорхой идсэн шүд, чих болон бөөрний архаг үрэвслээ эмчлүүлж байвал зүрхний өвчлөл багасна. Мөн биеийн жин хэт тарган биш, хөдөлгөөний хомсдлоос үүсэлтэй зүрхний өвчин ихэсч байгаа. Хоол хүнсний хэрэглээ буюу давс, элсэн чихэр, өөх тосыг хэтрүүлэн хэрэглэснээр судасны хатуурал үүсч энэ өвчний эхлэл тавигдаж байна. Эмийн эмчилгээ шаардахгүйгээр зөвхөн хувь хүнээс шалтгаалах юм. Тиймээс хоолны дэглэм барьж чадвал зүрхний өвчин багасна.

-Энэ өвчнийг бага дээр нь эмчлүүлснээр бүрэн эдгэрэх үү?

-Эдгэрнэ. Зүрхний өвчний шалтгааныг олоод бага дээр нь эм­чил­бэл зүрхний өвчин эмчлэгдэнэ. Тиймээс амны хөндийн ариун цэвэр, зөв зохистой хоол­лол­тоос шалтгаалсан зүрхний өвчнөөс урьд­чилан сэргийлэх хэрэгтэй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!