LOADING

Type to search

Мэдээ

Монгол Улсын үе үеийн тэргүүн хатагтай нар

Share

Манай улсын хувьд удирдагч Ю.Цэдэнбалын үеэс эхлээд  өнөөдрийг хүртэлх зургаан тэргүүн хатагтай байдаг. Дэлхийн нийтийн жишгээс харахад төрийн тэргүүн нарын гэргий нар сайн үйлсийн аян, буяны ажил хийдэг. Энэ нь нэг талаас эр нөхрүүдэд нь томоохон пиар ч болж өгдөг нь үнэн. Төрийн тэргүүн нарын гэргийчүүд гоо үзэмж, хийж байгаа зүйлсээрээ олны анхаарлын төвд байсаар ирсэн билээ.

Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова

Монгол төрийн лидерүүдийн нэг БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн болон БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал гуайн Орос гэргий Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова нь Монгол Улсын тэргүүн хатагтай нарын нэг билээ. Тэрээр 1972 оноос “Хүүхдийн төлөө фонд” байгуулан ажиллаж байжээ. 

Филатова нь улс даяар ажилтан, албан хаагчдыг уг фондод нэг өдрийн цалингаа хандивлахыг уриалж, улмаар хот, хөдөөд цэцэрлэг байгуулах, тоог нь нэмэх ажлыг хийж байжээ. Үүний зэрэгцээ улсын хэмжээний цэцэрлэгийн багш нарыг сургах, туршлага солилцуулах ажлыг тус сангийн хөрөнгөөр шийддэг байсан ажээ. Түүний санаачлагаар өнчин хүүхдийг асрах 58-р цэцэрлэг, Залуу техникчдийн ордон, Гэрлэх ёслолын ордон, хүүхдийн “Найрамдал” зуслан, Хөгжим бүжгийн сургуулийг байгуулсан байна.

Анхны ерөнхийлөгч Б.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаа

Анхны ерөнхийлөгч Б.Очирбатын гэргий, тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа найман жил төр тэргүүлсэн нөхрийнхөө ажилд нэг ч удаа оролцож байгаагүй гэгддэг. Залуугаасаа яамны сайд, уурхайн ерөнхий инженер гээд удирдах дээд алба хашиж ирсэн П.Очирбат гуайн нийгэмд эзлэх байр суурь энэ хатагтайг эртнээс олны дунд биеэ зөв авч явахад нөлөөлжээ. Очирмаа, Оюумаа хэмээх хоёр охин төрүүлж өгсөн хатагтай ханиасаа “Бурхан хань” хэмээх дууны үг бэлгэнд авч, гэрийн эзэгтэйн үнэ цэнэ, алдар хүндээ мөнхөлсөн түүхтэй.

Тэрбээр тэргүүн хатагтайн сэнтийгээс буусан ч гэсэн “Монголын эмэгтэйчүүдийн сан” хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагааг тэргүүлж ирсэн байна. Энэ сан нь эмэгтэйчүүдийн байгууллагыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эхрийг хамгаалах гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ.Тэрээр нэгэн удаа “Таны өгсөн мянган төгрөг нийгмээ өөрчлөхөд оролцож байгаагаа мэдэрч чадвал баяр бахдал өөрт нь төрдөг. Тусыг нь авсан хүн ч зөв хэрэглэж ач тусыг нь гаргах ёстой шүү гэж бодно. Хүний амьдралыг өөрчлөх гэдэг аугаа их сэтгэлийн үр дагавар юм” гэжээ.

Ерөнхийлөгч Б.Багабандийн гэргий А.Оюунбилэг

А.Оюунбилэг нь багш мэргэжилтэй, боловсрол, соёл өндөртэй бүсгүй гэгддэг. А.Оюунбилэг хатагтай тэргүүн хатагтай байх хугацаандаа “Оюунбилэг” сан байгуулж өнчин хүүхдүүдэд хувцас, хоол хүнс, хичээлийн хэрэгсэл тарааж  буян үйлдсэн. Өдгөө сангийн үйл ажиллагаа нь зогсож ач зээ нарыгаа хүмүүжүүлэх ажилд гар бие оролцож яваа ажээ.

 Н.Багабанди эхнэр А.Оюунбилэгтэйгээ есдүгээр ангиасаа захидлаар харилцаж эхэлсэн гэдэг. Энэ түүх Завхан аймгийн Улиастай хотын дунд сургуулиас эхэлсэн ба амьдралын явцад өөр өөр улсад суралцан суурьшсан ч захидал тэдний хайрын холбоос байсаар иржээ. Тиймээс хайраа холбож, түүхээ бичиж ирсэн захидлуудаа он цагийн дарааллаар нь эмхтгэн “Амин хайр”, “Төгсөшгүй хайр” хэмээх есөн боть ном эмхтгэн гаргаж гэргийдээ бэлэг барьсан удаатай.

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмон

Гурав дахь тэргүүн хатагтай О.Цолмон нэлээд олон буяны сантай байснаас хамгийн алдартай нь “Чөлөөт хэвлэл” сан юм. Тэр сангаараа дамжуулан хатагтай эр нөхрийнхөө улс төрийн карьерт багагүй тус хүргэсэн гэдэг.

Тэрээр Эдийн засагч, философич мэргэжилтэй бөгөөд ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгсөж ирээд Н.Энхбаяртай гэрлэж дөрвөн хүүхдийн эцэг, эх болжээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсон даруйдаа эхнэрээ Тагнуулын ерөнхий газрын зөвлөхөөр томилсон бөгөөд долоохон хоног ажилласан гэдэг.

Монгол улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа

Болормаа 1964 онд Улаанбаатарт төрж 47 дугаар дунд сургуулийг дүүргэсэн. Украины Львов хотын Геологийн факультетийн геохимийн ангид суралцан 1982 онд төгсчээ. Инженер геохимич мэргэжилтэй.

Бүх тэргүүн хатагтай нар буяны үйлс хийдэг уламжлалтай. Х.Болормаа нь Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвд нэг анги даан авч, сурч боловсрох, өсөж хүмүүжих бүхий л боломж нөхцөлөөр хангаж, эцэг, эх байх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэрээр Болор” сангаас гадна “Итгэл- Хавдаргүй Монгол” хэмээх санг байгуулж, хүнд өвчинтэй тэмцэж байгаа буяны гараа сунгаж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа

Тэргүүн хатагтай унаган Улаанбаатарын охин, тэр дундаа нийслэлийн төв цэг Сүхбаатар дүүрэгт хүүхэд насаа өнгөрүүлжээ. “Женко” группын үндэс суурийг тавилцсан энэ хатагтай Ерөнхийлөгчид хоёр хүү, нэг охин төрүүлж өгсөн юм.

Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард ИЗНН-ын дэд даргаар томилогдож байсан бөгөөд ИЗНН-ыг байгуулагдсан цагаас нь хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлсэн тухай яриа байдаг. Ц.Энхтуяа нь 2020 оны УИХ-ын хурлын сонгуульд бие даан нэр дэвшсэн билээ.

Монгол Улсын 6 дахь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг

Тэд гэр бүл болоод 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ажээ.

У.Хүрэлсүх эхнэртэйгээ танилцсан талаар өөрийн цахим хуудастаа “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү” гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн байдаг.

Тэд 1990 онд өрх тусгаалаж айлын хажуу өрөө хөлслөн сууж байжээ. Хүрэлсүх нэг телевиз, гурван тольтой мебель ширээ, харин Болорцэцэг гэрээсээ унтах ор, диваанаа аваад хоёр талаас нийлсэн аж.

Хүрэлсүх ангийнхаа хоёр найз болон Болорцэцэгийн ангийн хоёр залуутай хамтран “Андууд” нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулж байсан.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!