LOADING

Type to search

Зөвлөгөө Сэтгэлзүйн эрүүл мэнд

Сэтгэл гутрал өсвөр наснаас эхэлдэг

Share

Сэтгэл гутралын улмаас амиа хорлосон өсвөр үеийнхний 75 хувь нь эрэгтэй

Өөр хоорондоо сайн ярилцаж байхын ашиг тусыг өнөө жил эрүүл мэндийн салбарынхан дэлхий дахинаа онцолж байна.

Нэг нэгнээ тэвчээртэй сонсож, тулгарч буй асуудлаа ойр дотны хүн, эмч, сэтгэлзүйчид дэлгэж, нээллттэй ярилцах нь эрүүл байхын үндэс гэдэгт улс орнууд дуу хоолойгоо нэгтгэж байна.

Хүмүүс хоорондын харилцаа хумигдаж, хурдтай хөгжлийн хэмнэлд бие биенээ гэж завгүй яваагаас эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч, цаашлаад цаг бусын хагацал зовлонд ч нэрвэгдэх үндэс нь сэтгэл гутрал болж буйг мэргэжилтнүүд анхааруулав. Сэтгэл гутрал хэмээх үг нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн нэг салаа мөчир болж, бидний үгсийн санд нэвтрээд удаагүй байна.

Үнэндээ хагас зууны тэртээд хүмүүс сэтгэл гутрал буюу депрессийн талаар ингэж нээлттэй ярилцах хэрэгцээ байгаагүй талаар АНУ-ын Калифорни муж улсын их сургуулийн сэтгэл судлалын профессор Нэнси Панза онцлов. Сэтгэл гутрал гэж юу вэ? Байгын уйтгар гунигт автах нь сэтгэл гутралын гол шинж тэмдэг. Мөн жирийн үед баясаж, сэтгэл ханамж авч чаддаг байсан идэвхтэй үйл ажиллагаандаа сонирхолгүй болж, өдөр тутмын амьдралаа ч авч явах чадваргүй болдог.

Энэ байдал хамгийн багадаа хоёр долоо хоногоор үргэлжилбэл сэтгэл гутралд орсны шинж. Сэтгэл гутралд орсон үед эрч хүч буурч, хоолны дуршил өөрчлөгдөж, унтах нь ихсэх, эсвэл багасах, түгших, анхаарал төвлөрөл буурах, яах нь мэдэгдэхгүй байх, тайван бус болох, цаг үргэлж таагүй мэдрэмтэй тээх, өөрийгөө буруутгах, итгэл найдвараа алдах, яваандаа өөртөө аюул учруулж, амиа хорлоход хүргэдэг.

СЭТГЭЛ ГУТРАЛД ТҮГШИХИЙН УЧИР

Энэ эмгэгээр шаналагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Манай гараг дээр сүүлийн гурван жилийн хугацаанд 128 сая хүн сэтгэл гутралд нэрвэгджээ. Тоон мэдээллээс үзвэл 2013 онд дэлхий дахинаа 615 сая хүн ийм өвчний оноштой байсан байна. Энэ нь 1990 оноос хойш 200 орчим саяар өссөн үзүүлэлт болох нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн гарын авлагад тов тодорхой байна.

Сэтгэл гутрал бол эмчилж, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчин аж. Гэвч сэтгэл зүйн болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж муу байгаагаас сэтгэл гутралд нэрвэгдэгсдийн бараг тэн хагас нь өвчнөө даван туулж чаддахгүй байгааг илтгэх судалгаа ч бий. Тийм ч учраас дэлхийн эрүүл мэндийн бодлого тодорхойлогчид нэн түрүүнд анхаарах учиртай өвчний тоонд оруулжээ.

Нөгөөтэйгүүр, асар удаан явцтай энэ өвчнөөр Баруун Европ, Америк, Канад, Энэтхэг, Ойрхи Дорнод, Монгол гээд дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс шаналж, ар гэрийнхэн нь аргаа бардаг. Энэтхэгт нийт хүн амынх нь 36 хувь сэтгэл гутралд орсон бол АНУ-д дунджаар 9.5 хувьтай.

Эдийн засагт учруулах хор хохирол нь зөвхөн АНУ-ын хэмжээнд 30 тэрбум ам.доллар гэж тооцоолсон ч хүнд учруулж буй хохирлыг нь тооцох боломжгүй байна. Учир нь, сэтгэл гутралд гүнзгий автсан хүн амиа егүүтгэдэг. Ийм шалтгаант амиа хорлолтын тоо жилд 850 мянгаар хэмжигддэг гээд бодоход анхаарлыг гадна үлдээж үл болох сэдэв юм. ДЭМБ-ын мэдээгээр Монгол Улс зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн байдлын тархалтаар Ази, Номхон далайн баруун бүсийн 15 орноос долдугаарт ордог байна.

Насанд хүрэгчдийн хувьд хөдөлмөрийн чадвараа алдсан нь уг өвчнөөр шаналах гол шалтгааны нэг болдог бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй. 2013 онд манай улсын үндэсний хэмжээний судалгаагаар нийт насанд хүрэгчдийн 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байжээ.

Эмчилгээнд зориулсан хөрөнгө оруулалт эргээд дөрөв дахин өсдөг байна

СЭТГЭЛ ГУТРАЛ ӨСВӨР НАСНААС ЭХЭЛДЭГ

Сэтгэл гутралд автсаныг илтгэх анхны шинж тэмдэг ихэнхдээ өсвөр насанд илэрдэг талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа хэллээ. Дэлхий дахинд 15-29 насныхны амиа хорлох шалгааны хоёрдугаарт сэтгэл гутрал бичигддэг гэх тоо бий. Манай улсын хувьд ч 10-19 насны хүүхдүүдийн амиа хорлох хоёр дахь шалтгаан болж буйг олон жилийн судалгаа харуулжээ. 1991-2014 онд нийт 443 хүүхэд амиа егүүтгэсэн бол, 2014 оноос хойш нийт 99 хүүхэд амиа хорлоод байна.

Өсвөр насныхны сэтгэл гутрал газар авч буйг илтгэх тоо баримт үүгээр дуусахгүй. 2013 онд Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг Улаанбаатар хотын 5300 гаруй сурагчийн дунд явуулахад бас ноцтой тоо баримт илэрчээ.

Судалгаагаар дөрвөн сурагч тутмын нэг нь амиа хорлох талаар бодсон, долоон сурагчийн нэг нь энэ аюулт үйлдлийг төлөвлөсөн гэж хариулжээ. Гэтэл нийт сурагчийн 10 гаруй хувь нь амиа хорлохоор нэг ба түүнээс дээш удаа завдсан нь өсвөр үеийнхний сэтгэл гутралыг зогсоох, эмнэхэд бодлого тодорхойлогчид нэн даруй анхаарал хандуулах учиртайг илтгэж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хамгийн гол нь нийгэмд сэтгэл гутралтай иргэд олшрохын үндэс өсвөр наснаас эхэлж, нийгмийн хөгжилд сөрөг үр дагавар дагуулдаг аж.

Тиймээс дэлхийн улс орнууд сэтгэл гутралаас ангижрахад онцгойлон анхаарч, нийт зардлынхаа 1-3 хувийг зарцуулдаг бөгөөд цаашид нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Харин манай улсын хувьд энэ асуудалд энэ жилээс анхаарч, төлөвлөгөө гаргахаар ажиллаж буйгаа С.Гэрэлмаа ярилаа.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

error: Content is protected !!