LOADING

Type to search

Ухаарахуй

Очир огтлогч ба гөрөөчин

Share

Нэгэн гөрөөч хүн байжээ. Тэр ийн сэтгэрүүн: Хөгшин залуу, эр эм, баян үгээгүй, их бага амьтан цөм хэзээ үхэх болзошгүй ажгуу. Үхсэн хүнд буян хилэнц хоёроос бус юу ч үгүй тул буян үйлдвээс сайн гэдэг үг үнэн буй.

Миний алсан амьтан олон тул хилэнцийг цөөтгөж, буян үйлдсүгэй би. Хэзээ үхэх магадгүй гэж бодоод хий яарч буян хийх хэрэг мөн болой» хэмээгээд Очироор огтлогч судар нэгийг бүтээсэн бус буян хийж завдалгүй үхэж эрлэг номун хаанаа хүрвээс тэрбээр зарлиг болруун:

Чи хө шажин ном дэлгэрсэн хүний сайн орноо төрсөн тул  дээш одох буян хэдүй үйлдэв. Доош одох муу хилэнц юу үйлдэв  гэсэнд тэр гөрөөч хүн олон амьтан хорлосоноо мэдэж айгаад үг  хэлж үл чадан үхэдхийн газар унасанд эрлэг номун хаан зарлиг  болруун:

Ай хөөрхий ертөнцөд төрсөн хүн буян хилэнцийн үр боловсортол гээх ёстой,  үнэнийг үргэлж сонсч, сэдэвч үл хэрэгсэх, мунхаг, хамаг юм  мөнх бусыг өдөр бүр үзсэн атал мөнх бусыг санахгүй, сэтгэл нь  сохор, эд баян боловч буян үйлдэж, өглөг өгөхгүй, харгис  хармын чөдөртэй биеийн эрхтэн бүрэн боловч унших, урих,  мөргөх эргэх тэргүүтэн үйлдэхгүй, сэрэмжгүй залхуу ядмаг,  сайн муу аливаа үйлийг хүлцэх сэтгэл өчүүхэн ч үгүй ямарваа  ганцаар өнчин, нүцгэн, ядран энэлсэн зовлонтныг асрах  сэтгэлгүй, Ялж төгс нөгчсөн бурхан тэргүүтнийг нигүүлсэхийн  чинад хязгаараа хүрсэн ангид тонилгохын аргыг элдэвчлэн  номловч сонсох чих дүлий, өөрийн аливаа буруу гэмийг анхаарч  мэдэхгүй ямагт биеэ сайн хэмээн сэтгээд бусдыг доромжлон, зориудын тэнэг найдангуйг хэмээх эдгээр найман нөхдөөсөө эс салваас сайн төрлийг олж үл болно. Бас чи хагаслаж барагдваас мөн болж болох билээ.

Тийн бөгөөтөл тэр мэт авах гээхийн ялгалыг үл хэрэглэсэнээр энэ мэт цөм энэ хүний адил буюу. Чөлөө учрал бүрдсэн номтой ертөнцийн хүн болж төрөөд буян хийхгүй ирэгсэд их далайгаас эрдэнэ авахаар очоод гар хоосон ирэгчид энэ хоёр үл өөдлөх, тэр мэт энэ хүн завсаргүй тамаар өөр оронгүй буйза хэмээсэнд эрлэгүүд аваачиж завсаргүй тамд орхиж амлашгүй олон зүйлийн зовлонгуудыг эдлүүлэв.

Тэр цагт тэр хүн ” Аяа халаг хоохой нэг мөсөн үхэж үгүй болж болдог ч болоосой” хэмээн гашуудаж уйлан хамаг амьтныг асран нигүүлсэгчид авран соёрх хэмээн залбирсанд эрлэгүүд өгүүлэв.

Чи залбиравч тусгүй. Ертөнцөд амьд ахуй хүн байх цагтаа эс зассан үйлийг энд хялгасан төдий ч засах номгүй, нэгэнт гүйцсэн үйл тул уйлваас юуны хэрэг. Энэ зовлон бүгд чиний үйлдсэн үйл мөн. Бусдаар үхсэн нь бус хэмээн өгүүлэлдэж, бүхий дор эрхэт Аръяабалаа бодисадва махасадва нараар огторгуйгаас заларч ирээд арван найман тамын оронд байгчидын дотор дээд ном билгүүний чинад хязгаараа хүрсэн Очироор огтлогч судрыг бүтээсэн ба уншсан, уншуулсан, бутээгчдэд туслан нэмэр өргөсөн, даган баясалцсан, ундаа идээ ба ус түлш зэргийг өргөсөн тийм хүн буй бөгөөд цөм гарч ирэгтүн хэмээн газар доргитол зарлиг болсонд тамын орнуудаас найман түмэн дөрвөн мянган илүү хүн тонилов.

Тэр гөрөөчийг тамаас гарахыг завдаж иртэл нүгэл хилэнц ихийн тул тогтож хоцорсонд тэр гөрөөч:

Би бээр Очироор огтлогч судар нэгийг бүтээсэн хэмээн бархирсанд эрлэгүүд: чи бас худал хуурмаг өгүүлж болдог газар чинь энэ бус буй хэмээгээд тамлаваас тамын зовлон эс эдэлсэнд түүнийг эрлэг номун хааны дэргэд авч ирэхэд:

Түүний буян буй болвоос нааш үзүүл хэмээн зарлиг болсонд алтан авдраа нээвээс Очироор огтлогч судар тэр хүний нэр лүгээ хамт гарав. Эрлэг номун хаан зарлиг болруун:

Би бээр омтгой шүүсэн хийгээд чиний нүгэл хилэнц зузаан энэ хоёроос үүдэж түр зуур тамын зовлон эдлүүлжээ. Үүний тамд огоорсон хилэнц хийгээд хамаг амьтны нүгэл хилэнц арилах болтугай хэмээн залбираад тэр хүнд идээ өөр өөрийн өнгө зүс дуугаар цөм ирээд ийн өчирүүн:

Ай номун их хаанаа бид тус тусын заяасан тэжээлээр амьдарч амьтанд хоргүй явтал бурхан номын сургаалаас буруу загнаж энэ хүн манай бүгдийн амийг тасалсан бөлгөө.

Тийм атал үүнийг энэ мэт сайшаах нь номын цаазын ёс энэ буюу эс бөгөөс бид бүгд хамаг амьтны харъяат бус буюу хэмээн өчвөөс номун хаан зарлиг болруун: Энэ хүн очироор огтлогч нэрт хөлгөн судрыг нэг бүтээсэний буян ихийн тул энэ нь номын ёс хэмээн зарлиг болруун: Тэр судар ганц ажгуу.

Бид зүйл бүрийн амьтан илтэд дөрвөн түмэн найман мянган илүү амьтан буюу. Номын чанар хэдийгээр их боловч бид тус тусын аминаас хагацахуйд өвдөх ажгуу.

Гомдох хийгээд үр зулзага ба ижил ханиас салж хоцрон хөнөөгдөөд, морь нохой тэргүүтэнд гүйцэтгэх үед дээшээ гаръя хэмээн санавч далавч үгүй, доошоо оръё хэмээн санавч газар хатуу тул арга үгүй аминаас хагацах хийгээд аюулын хорт сум тусахуйд хорсож өвдөөд, цусаа үзэн нүд гөлрөн бүхий дор энэ хүнийг ирэхэд хэдүй айвч явах аргагүй тул нүүрийг харж чадахгүй нүдээ буруулавч алив зарим нь нүх хонгилд орвоос энэ хүн утаагаар утахад арга ядаж газар харагч гадагш гаръя хэмээн санавч үл болон ийн тийн маажлан ядарсаар үхэв.

Зарим нь усны дотроос энэ хүний биеийг барихуйд айсан өвдсөн хийгээд хуурай газар тавьсанд амьдаар арьс өвчих мэт өвдөж, бид усны амьтан арьсаа хатахуйд гадаад амьсгал тасрах, мах ясыг хатаж барагдахуйд үхэж гүйцэхийн тул их зовсон хэмээн тус тус зовлонгоо тоочин төдий өчөөд бас ийн өчирүүн:

Очироор огтлогчийн аугаа хүчин чадал, бидний зовлонгийн үйл хэдүй чинээг үл мэдэхийн тул бид энэ хүнийг үл тавимуй хэмээсэнд Эрлэг номун хаан зарлиг болруун:

Аливаа буян үйлдэгчид эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд зорьж эс үйлдвээс ийм ийм дутагдал болохын гадна дээдийн ном лугаа нийлүүлэн хамаг амьтны тусад зорьж буян хийвээс өөр бусдын хоёр тус бүтээхийг Ялж төгс нөгчсөн бурхан номлосон бөлгөө хэмээгээд зардасын эрлэгүүдэд зарлиг болруун:

Энэ аминаасаа ангижирсан олон амьтны өшөөг цөөрүүлэхийн тул жинлүүрийн нэгэн этгээд дор Очироор огтлогчийн судрыг талбиж, нөгөө этгээд дор тэдгээр олон амьтныг талби хэмээсэнд талбиад эрлэг номун хаан өгүүлрүүн:

Энэ судрын этгээд дийлж, энэ хүн сайн төрөл олвоос бүгдэд сайн тус хүрэлцэх тэмдэг. Хэрвээ танай бүгд дийлвээс энэ хүнийг тамалж өшөөгөө автугай хэмээгээд жинлэвээс Очироор огтлогч ихэд хүнд бөгөөд тэдгээр амьтад хөнгөдөж дийлэгдсэнд тэр олон амьтан өгүүлэлдвэй:

 Эдүгээ энэ судрыг дээш өргөвөөс ийм хөнгөн бөгөөтөл чухам тэмцлийн цагт асар хүнд болсон нь энэ Очироор огтлогч судрын адистидын аугаа хүчин тэнсэлгүй их ажгуу хэмээн өгүүлэлдээд сүсэг бишрэл төрж мөргөв. Тэр хүнд өгүүлрүүн: Ийм их буянтанг эс мэдэж тэмцэлдэв. Бид нар чамайг барихгүй аяараа зорьтугай хэмээгээд тэндээс тэр олон амьтан тэнгэр хүний төрлийг олцгоов. Номун хаан тэр хүнд зарлиг болруун:

Чи бээр Очироор огтлогчийг бүтээсэн буянаар чамд хорлогдсон тэр олон амьтан цөм сайн төрлийг олов. Чи бээр олон амьтны амь тасалсанаар нас буян барагдаж, төрөл егүүтгэсэн буюу. Эдүгээ чиний насны хэмжээ болоогүй тул Очироор огтлогч судрыг бүтээсэнээр зуурдын зовлон эдлэлгүй ертөнцөд одож хүүрэндээ орж хүн болоод буян хилэнцийн үр боловсорсоныг эдүгээ үзсэн тул чи хойно насны эцэст хүрээд олзтой ирэх биш үү хэмээгээд тэр хүнийг буцаав.

Тэр буцаж явтал түүний уг орны хаан нь нэгэн тамын үүдэнд төмөр гинжээр хүлээтэй хэвтэхийг үзээд түр зогсож харваас хаан нь: хүн чи намайг танив уу? хэмээв. Тэр хүн манай газрын хаан бөлгөө. Чи юуны шалтгаанаар ийм болов хэмээвээс хаан өгүүлрүүн:

Эрлэгүүд дэнсэлж үзээд чи баян сайн боловч ач үр, алдар нэрийн төлөө хичээж, хааяа ном үйлдэвч амь нас, аж төрөхийн тулд гэснээс бус буян хийсэнгүй бөгөөд чамд тамаас бус очих газар үгүй гэв. Тийм боловч дөчин есөн хоногийн дотор хойноосоо буян ирэх эсэхийг хүлээмүй хэмээгээд энэ төмөр дээсээр хүлж орхив. Чи бээр яаж явна эдүгээ хаана очих буй хэмээв. Тэр хүн аливаа явдлыг бүрнээ хэлээд ялангуяа энэ эрлэг тамын орноо Очироор огтлогч судраас үлэмж ач тустай, юм үгүй хэмээхийг би сонсов. Эдүгээ энд үлдэж сэтгэвээс тэр магад үнэн байнам хэмээсэнд тэр хаан өгүүлрүүн:

       Чи миний хаан хөвгүүнд энэ байдлыг бүрнээ өгүүлж, захиаг хүргэж тусалмуй. Миний хойноос Очироор огтлогч судрыг уншуулж энэ аюул зовлонгоос гэтэлгэ хэмээн ачит эцэг чинь гуйв хэмээн аль зохистойгоор өгүүлж тусална уу? Чи бидэн хоёр урьд ноён албатын эв найрамдалтай явсанаа сэтгэж надад ном буянаар туслахыг гуймуй би хэмээсэнд тэр хүн « Би буян хийвээс бус үйлийг үйлдэхгүй” тул хааны энэ захиаг хараад лав бүтээсүгэй би.

Хаан дараагаар үлдэж мэдэх буй хэмээгээд одов. Тэндээс тэр хүн гэртээ ирж хүүрэндээ ороод хөдөлвөөс түүний гэргий, хүүхэд, ураг садангууд нь үзээд айн дутаасанд тэрээр улмаар амьдарч босоод тэдний айсныг мэдэж та нар надаас бүү айгтун.

Би бээр урьд Очироор огтлогч судрыг бүтээсэн буянаар эрлэг номун хаан намайг буцаан илгээсэн бөлгөө. Амраг садан та бүгдийг хорлох ч байтугай аливаа араатан гөрөөсийг хорлох тийм муу үйлийг тэвчсэн хэмээн дуудсанд итгэж дэргэд нь ирцгээв.

Тэрээр буян хилэнцийн үр ба тамын зовлон хийгээд Очироор огтлогчийн ач тусуудыг бүрнээ хэлэв. Тэр улс сонсож сүсэг бишрэл төрж, Очироор огтлогчийг шүтсүгэй хэмээн ам авав.

Тэндээс тэр хүн хааны хан хөвгүүнд захиаг өгүүлвээс хан хөвгүүн сонсоод яаран Очироор огтлогч судрыг уншуулсаны буянаар хаан эцэг нь тамын зовлонгоос тонилж, сайн төрөл олов. Тэр орны улс сонсоод Очироор огтлогч сударт сүсэг бишрэл төрж шүтсэний ач тусаар энэ ба хойтын хоёр тус бүтээд амар жаргаланг олов.

Тэндээс тэр гөрөөчин хүн нүгэл хилэнцийн үйл бүхнийг тэвчээд хаан хамаг амьтны тусын тулд нэгэн үзүүрт сэтгэлээр Очироор огтлогчийг уншив. Урт наслаад урьдаас үлэмж баян болж эцэстээ төрөл егүүтгээд Сугавадын оронд Аминдаваа бурханы дэргэд лянхуа цэцэгнээс төрөв. Билгийн чинад хязгаараа хүрсэн Очироор огтлогчийн ач тусаар алагч гөрөөчин хүн тамаас тонилж эл Сугавадын орноо төрсөн ажээ:

Эх сурвалж: www.budda.mn

error: Content is protected !!