LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Э.Сугармаа: Циститийн үед дараах дэглэмийг бариарай

Share

Цистит үүсэх шалтгаан, эмчилгээ болон урдьчилан сэргийлэх аргууд

Цистит буюу давсагны бактерийн үрэвсэл нь Монгол орны хүйтэн сэрүүн уур амьсгалтай холбоотой эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог. Эмэгтэйчүүдийн шээс задгайрал, эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх, гоо заслын эмч, АУ-ны Докторант Э.Сугармаатай ярилцлаа.

-Эмэгтэйчүүд яагаад циститээр илүү их өвчилдөг вэ? Энэ нь юутай холбоотой вэ?

Эрэгтэй хүний шээсний сүвний урт 10-12 см гэтэл эмэгтэй хүнийх 4-5см байдаг ба шээсний сүвний доторх эд нь намирч хөдлөх явцад бактер давсаганд илүү хялбар хүрч очдог тул эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 5-10 дахин элбэг тохиолддог гэсэн судалгаанууд байдаг.

Эмэгтэй хүний шээсний сүв нь үтрээнээс 1-2см зайд байрладаг тул үтрээний архаг болон дахилтат үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчний үүсгэгч бактер нь шээсний сүвээр дамжин давсагны үрэвсэл үүсгэдэг.

Жирэмслэлт, төрөлт болон илүүдэл биеийн жингээс шалтгаалан давсагны унжилт үүсэж шээс бүрэн гарахгүй байх нь цистит үүсэх, дахих гол шалтгаан болдог.

Төрөлтийн явцад хярзан урагдан, гэмтэж хошноготой ойртсоноос шалтгаалан шулуун гэдэсний бактер үтрээний үрэвсэл мөн цистит үүсэх гол шалтгаан болдог.

Цистит буюу давсагны бактерийн үрэвслийг эмчлэхгүй удах болон үрэвсэл хүндэрснээр давсагны дотор хана шархлах, шээс задгайрах, бөөрний архаг үрэвсэл зэрэг үүсэх магадлалтай.

Хярзангийн урагдал нь цистит үүсэх гол шалтгаан

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Түгээмэл илэрдэг шинжүүдэд: Ойр ойрхон шээс хүрэх, шээх үед хорсох, шархирч өвдөх, дутуу шээсэн мэт санагдах, шээс үнэртэй гарах нь элбэг. Давсагны үрэвсэл архагшсан үед хэвлий, ууц нуруугаар хатгуулах шинж илэрдэг. Гэхдээ эдгээр шинжүүд нь давсагны үрэвслээс гадна үтрээний үрэвсэл, БЗХӨ үед мөн илрэх боломжтой учир оновчтой шинжилгээг өгч, хариунд үндэслэн эмчилгээ хийх хэрэгтэй.

Үтрээний болон давсагны үрэвслийн шинж тэмдгүүд ойролцоо илэрдэг

-Ямар шинжилгээ өгөх шаардлагатай вэ?

Шээсний ерөнхий шинжилгээгээр давсагны үрэвсэл бий эсэх, бөөрний үйл ажиллагаа хэр байгааг мэдэх боломжтой. Харин шээсний ариун чанар буюу бактерологийн шинжилгээгээр шээсэн доторх нянг илрүүлж, антибиотик мэдрэг байдлыг тодорхойлдог тул эмчилгээ илүү оновчтой болдог.Үтрээний үрэвслээс шалтгаалан цистит ойрхон дахидаг тул үтрээний үрэвслийг илрүүлэх шинжилгээг хамт өгч бүрэн эмчилгээ хийх нь дахих эрсдэлийг бууруулдаг.

-Цистит бүрэн эдгэрдэг үү ихэнх хүмүүс дахидаг гэдэг?

Эдгэрэх боломжтой. Гэтэл дур мэдэн эм уух, антибиотикын замбараагүй хэрэглээ, шинж тэмдгийн буюу бүлээн жин тавих, халуун усанд хэвтэх зэрэг нь тухайн үеийн зовиурыг багасгах боловч үүсгэгчийг устгахгүй тул дархлаа сулрах, даарах гэх мэт үед ойр ойрхон сэдэрдэг. Үтрээний үрэвсэл, БЗХӨ, давсагны үрэвслийн шинж тэмдгүүд нь ойролцоо илэрдэг тул оновчтой эмчилгээ хийх шаардлагатай. Мөн эмчилгээний дараах давтан шинжилгээ маш чухал ач холбогдолтой.

-Бага насны охидуудад циститээр өвчлөх боломжтой юу?

Хүндэрсний дараа буруу чиглэлд арчсанаар бактерийг үтрээнд болон шээсний сүвэнд оруулж үтрээний болон давсагны үрэвсэл үүсдэг. Ялангуяа бага насны охид өөрөө арчиж эхлэхдээ буруу чиглэлд арчин үрэвсдэг тул эцэг эх нь зөв зааж өгч, хяналт тавьж зөв хэвшилтэй болгох хэрэгтэй. 

-Циститээр өвчлөхгүйн тулд анхаарах зүйлсийг та бүсгүйчүүдэд маань зөвлөөч?

Эмчид хандах-Шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандан шинжилгээнд суурилсан эмчилгээ хийлгэж байгаарай

Үтрээ угаахгүй байх- Ихэнх эмэгтэйчүүд үтрээний дотор ханыг байнга угааснаар үтрээний дархлаа суларч үрэвсэл ойрхон дахин шээсний сүв, давсагны үрэвсэл үүсгэдэг.

Хөвөн зөөлөн, харшил өгөхгүй, агаар сайн нэвтрүүлдэгариун цэврийн хэрэглэлийг сонгон хэрэглэх ба биений юм ирсэн үед 3-4 цаг тутамд сольж хэвших хэрэгтэй.. Ариун цэврийн хэрэглэлээ солихгүй удах нь бактери үржих, үрэвсэл үүсэх эрсдэлтэй.

Дотуур хувцсаа зөв сонгох- өөрт тохирсон хэт бариу биш, мөн агаар сайн нэвтрүүлдэг дотуур хувцас өмсөж байгаарай. Мөн бидний ярьж хэвшсэнээр бенз дотуур хувцас нь шулуун гэдэсний амсрын бактерийг үтрээ болон шээсний сүврүү зөөвөрлөн үрэвсэл үүсэх магадлалыг ихэсгэдэг.

Ус сайн уух- өдөрт дунджаар 2л усыг бага багаар ойрхон ууж шээснээр давсагны дотор хананд бактер өсөж үржих нөхцөлийг бууруулдаг.

Халуун ногоо, архины хэрэглээ нь давсагны дотор ханыг гэмтээдэг тул татгалзахыг зөвлөж байна

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!