Бурхан, ном, хувраг чухаг дээд гуравт хүн чин сэтгэлээсээ “Үхэхийн цагт та л аварч чадна шүү. Учир нь та муу бүгдээс ангижирч, хамаг эрдмийг олсон тул тэр цагт та л аварна шүү” гэж олон дахин сэтгэлдээ бодож дадуулах хэрэгтэй. Ингэвэл үхэл ирэхийн цагт нүдэнд юм харагдахаа больж, хүний дуу сонстохгүй болох зэргээр хамаг юм хураагдаж байх үед “одооноос” дадуулаад байгаа Бурханаа санаж чаддаг юм байна.
Монголчууд бид толгой дээрээ хонх, дамрын дуутай нүд анимаар байна гэж настай өвөө эмээ нар хэлж байхыг би зөндөө сонсч байсан. Би өөрийн хувьд хонх бариад цохих тийм тохиолдол зөндөө гарч байсан юм. Бурханыг, бурханы дүрийг, олон бурхан байгаа бол аль бурхан гэдгийг сайн бодоод, эсвэл багшаа бодоход бурхан бүгдийг бодсонтой адил гэдэг. Тэгэхээр одооноос багшаа байнга бодож, залбираад байвал тэр үед өөрийн сэтгэлд бурхан, багш хамгийн хурдан төрнө. Ингэж чадвал та цаашаа зовлон багатай, сайн төрлийг хурдан авч, сайн төрөлд төрж чадна гэдэг.
Өөр нэг бэлтгэх зүйл нь та ном үзэж судлах байна. Ном үзэж судлаад ийм үед тэгдэг юм гэдгийг таньж мэдэх хэрэгтэй. Номыг сонсох хэрэгтэй. Үхэл ирж хүний дуу сонстох нь багасаад ирэхэд хэл, чихний эрхтэн хураагдаж байгаа юм байна, тийм үед ямар үзэгдэл тодрохыг, тэгвэл дараа нь ингэж бодох хэрэгтэй гэж бодох зэргээр судар номд эрэмбэлээд тодруулан айлдсан байгааг та сонсоод, үзээд, ном уншлага уншихдаа, бясалгахдаа тэр үйл явцыг одоо энэ хураагдаж байна, одоо энэ үзэгдэл тодорлоо, одоо энэ нь хураагдаж, ийм үзэгдэл тодорлоо гэх зэргээр нэг нэгийг нь хурааж, одооноос ийм бодлуудыг дадуулах хэрэгтэй.
Хамгийн гол нь багш, бурхадыг сайн сэтгэлдээ төсөөлж, чин сэтгэлээсээ залбирч байвал чухал шүү гэж захимаар байна. Энээс цааш дэлгэрүүлбэл цаг маань боломжгүй тул өөр өөрсдийн багшдаа айлтгаж, одооноос багшийн нигур, аман айлдвараас энэ талаар өөрөө сонсч авах хэрэгтэй.
Ачит багшийн айлдвараас….2021.08.03
Монголын Сүсэгтний Холбоо ТББ/ Mongoliin Susegtnii Kholboo NGO