₮ 0

No products in the cart.

Д.Янжинсүрэн: Хөхнөөс цус, усархаг шингэн гарахыг хавдар байж болзошгүй шинж тэмдэг гэж үздэг

Монголд 2000-2008 оны хоо­ронд хөхний хорт хавдрын тохиолдол 100 мянган эмэгтэй тутамд жил бүр 15-16 тохиолдол бүртгэгдэж байжээ. Энэ нь нийт хорт хавдраар өвчлөгдийн таван хувийг эзэлж байсан бол 2012 онд долоо болтлоо нэмэгджээ.  Харамсалтай нь хөхний хорт хавдрын таван тохиолдол тутмын гурав нь хожуу шатандаа оношлогддог буюу эмчлэгдэх боломжгүй байдаг гэнэ. Хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд юуг анхаарах ёстой талаар ЭМШУИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, анагаах ухааны тэнхимийн багш, доктор, профессор Д.Янжинсүрэнгээс тодрууллаа. 

-Эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нь бусад өвчинтэй харьцуулахад хэр элбэг байдаг вэ?

-Эмэгтэйчүүдийн дунд элэгний хорт хавдар түгээмэл. Тодруулбал элэгний хорт хавдраар арван эмэгтэй тутмын гурваас дөрөв нь, умайн хүзүүний хорт хавдраар хоёр нь өвчилдөг. Харин ходоод, улаанхоолой болон хөхний хорт хавдраар өвчлөх тохиолдол тус бүр нэг байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн хорт хавдраас хөхний хорт хавдрын өвчлөл гуравдугаарт орж байна гэсэн үг. Хамгийн аймшигтай нь энэ өвчний тохиолдол жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Одоогоос 20 жилийн өмнө хөхний хортой болон хоргүй хавдрын өвчлөл тун ховор тохиолддог байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүйд хүрээд байна.

-Энэ нь юутай холбоотой юм бол?

-Өнөөдөр дэлхий дахинд хөхний хавдар яг юунаас болж үүсээд байна гэдгийг төгс тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ эрдэмтэд хөхний хавдрын ихэнх тохиолдол сэтгэл гутрал, уур бухимдлаас үүсэлтэй гэдэг дээр санал нэгтэй байгаа. Нийгэм хөгжихийн хирээр хүнийг бухимдуулагч хүчин зүйлүүд олшрох болсон. Архи тамхи хэрэглэдэг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх тохиолдол нь харьцангуй их байдаг. Дээр нь дааврын зохисгүй хэрэглээ, үр хөндөлт, буруу хооллолт, эрүүл ахуйн буруу дэглэм зэрэг нь хавдрын өвчлөлийн суурь нь болдог.

-Хөхний хорт хавдрын өвчлөлт өртөмтгий эрсдэлтэй бүлэг гэж байдаг уу?

-Амьдралын буруу хэвшилтэй, архи тамхи хэрэглэдэг, уур бухимдалтай эмэгтэйчүүд энэхүү эрсдэлтэй бүлэгт хамаардаг. Харин насны хувьд бол 35-аас дээш насныханд ихэвчлэн тохиолддог. Энэ нь 35 хүртэлх насныхан хөхний хорт хавдраар өвчилдөггүй гэсэн үг биш. Ер нь энэ өвчнөөр сарын тэмдэг нь ирэх болсон өсвөр насны охиноос 80 настай эмэгтэй хүртэл өвчилдөг. Хамгийн гол нь энэ өвчний талаар эмэгтэй хүн бүр мэдлэгтэй байж, өвчилсний дараа нь эмчлүүлэх тухай ярих бус урьдчилан сэргийлэх тал дээр анхаарах нь зүйтэй. Гэтэл өнөөдөр энэ талаарх мэдлэг, мэдээлэлтэй эмэгтэйчүүд ховор байна. Хэн ч энэ өвчнөөр өвчилж болох учраас заавал эмэгтэйчүүд ч гэлтгүй эрэгтэйчүүд ч эхнэрээ, ээжийгээ, дүүгийнхээ эрүүл мэндэд давхар анхаарч энэ талын мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Тэгээд ч хортой болон хоргүй хавдраас өөр олон төрлийн эмгэг хөхөнд үүсч болдог.

-Тухайлбал?

-Хөх бол гэдэг бол эмэгтэй хүнд байх нэгэн төрлийн булчирхай. Жирэмслэх, сарын тэмдэг ирэх үед хөхөнд олон төрлийн өөрчлөлт ордогтой холбоотойгоор янз бүрийн эмгэг үүсэх тохиолдол гардаг. Тухайлбал өндгөвчөөс тодорхой мөчлөгтэйгөөр ялгарах дааврын нөлөөгөөр зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэхийн өмнө хөх нь хөндүүрлэх жишээтэй. Түүнээс гадна хөх идээлж, буглаа үүсэж, үрэвсэж ч болдог. Хамгийн элбэг тохиолддог нь төрсний дараахь хөхний үрэвсэл. Үүнийг горьдоод хөх нь хавчдихлаа гэж ярьдаг шүү дээ. Зарим нь хөхний дааврын гаралтай эмгэгтэй байдаг. Хөхний зургийг нь авахаар ямар нэгэн эмгэггүй байдаг мөртлөө хөхнөөс нь ялгадас гарах, хөндүүр байх жишээтэй.

-Хөхний хорт хавдрын голлох шинж тэмдэг нь юу вэ?

-Хөхнөөс цус, усархаг шингэн гарахыг хавдар байж болзошгүй шинж тэмдэг гэж үздэг. Ихэнхдээ өвчтөнүүд хөхний хавдрын эцсийн шатанд буюу царай нь харлаад, турж эцэн, хоолонд дургүй болоод ирэхээр нь л эмнэлэгт ханддаг. Энэ үедээ эмчилгээгүй болчихсон байдаг. Тэгэхээр хэдий хэр эрт илрүүлнэ эмчилгээнд төдий чинээ сайнаар нөлөөлнө.  Эмчилгээний зардал нь ч эрт оношлогдох тусмаа бага байдаг.

-Хөхний хавдрын өвчлөл удамшдаг гэдэг үнэн үү?

-Үнэн. Өөрөөр хэлбэл ээж, эмээ эсвэл ойрын хамаасан садангийнх нь хэн нэг нь хөхний хорт хавдраар өвчилж байсан бол хавдраар өвчлөх эрсдэл өндөр. Тэр бүү хэл хөхний хавдраар өвчилсөн эмэгтэйгээс хөхний хорт хавдрын гентэй хүүхэд төрдөг. Тийм учраас л Холливуудын алдартай жүжигчин Анжелина Жолигийн ээж нь хөхний хорт хавдраар амиа алдсан учраас тэрээр хөхөө тайруулсныг хүн бүр мэдэж байгаа. 

-Хөхөө хэрхэн шалгах вэ?

-Хүн тогтмол хөхөө шалгаж байс­наар хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хөхний хорт хавдар гэдэг нь хөхний булчирхай дотор хатуу, бэрсүү шиг зүйл үүсгэдэг. Үүнийг байгаа эсэхийг эсвэл өөр ямар нэгэн өөрчлөлт байна уу гэдгийг олон янзаар гэрийн нөхцөлд шалгаж болно. Эмэгтэйчүүд сарын тэмдэг дууссанаас хойш долоо хоногийн дараа, цэвэршсэн эмэгтэйчүүд сарын нэг өдрийг сонгож тогтмол хөхөө өөрөө шалгаж хэвших хэрэгтэй. Бага ч гэсэн өөрчлөлт илэрвэл мэргэжлийн эмчид заавал хандаарай. Тухайлбал толины өмнө зогсоод хоёр гараа дээш доош хөдөлгөж хөхөө эгц урд, баруун, зүүн тал, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай ажигла. Хөхнийхөө хэмжээ хоорондоо ижил болон энд хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл /цус, идээ/ ялгарч байгаа хурууныхаа өндгөөр тэмтэрч шалгах хэрэгтэй. Мэргэжлийн эмчид жилдээ хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгийг хийлгэж байх хэрэгтэй. 

М.УУГАН-ЭРДЭНЭ

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...