Сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчлөлүүд ихсэх хандлагатай байгаа. Тэр тусмаа шээс, бэлгийн замын мөөгөнцөр өвчин ихэсч байгаа гэсэн мэдээ байна. Иймээс ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны их эмч Ж.Навчисхантай ярилцлаа.
-Мөөгөнцөр гэж яг ямар өвчин бэ. Ер нь мөөгөнцөр гэдэг нь хүний биед бага хэмжээгээр байдаг. Харин ямар нэгэн шалтгааны улмаас ихэсч, эмгэг өвчин болдог гэж сонссон юм байна. Энэ талаар?
-Хөрөнгө төст мөөгөнцөрийн Candida”-гийн бүлгийн төрлийн үүсгэгчээр үүсгэгддэг бэлэг эрхтний гэмтлийг шээс бэлгийн замын мөөгөнцөр гэдэг. Хүний биед, үтрээнд ч юм уу, хэвийн хэмжээнд байх микрофлорууд гэж байдаг.
Өөрөөр хэлбэл, энэ нь тодорхой хэмжээгээр бидний бие махбодын үйл ажиллагаанд оролцдог гэсэн үг. Харин энэ нь ямар нэг шалтгааны улмаас тоо хэмжээ нь ихсээд ирэхээрээ эмгэг шинж чанартай болдог. Тэр тусмаа хүний биеийн эсэргүүцлэл сулрах, хурц халдварт өвчнөөр өвдөх үед ихсэх магадлалтай.
-Хүмүүс энэ өвчнийг бэлгийн замаар халдварладаг гэж ойлгодог. Тэгэхээр бас өөр шалтгаан байдаг байх нь ээ?
-Ер нь бол бэлгийн замын халдварт өвчинд хамаарагддаг. Гэхдээ заавал бэлгийн замаар гэхгүй, тухайн хүний сахарын өвчлөл, дотоод шүүрлийн булчирхайн эмгэг өөрчлөлтөөс үүдэн өвчлөл үүсч болно. Энэ өвчний үүсэх шалтгааныг дотор нь гадаад буюу дотоод хүчин зүйл гэж ангилдаг. Гадаад хүчин зүйлд нь болохоор механик болон химийн гэмтэл, чийгшил, халуун нэмэгдэх, антибиотик, сахарын эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэл их хэмжээгээр хэрэглэх, тухайн үүсгэгчийн эмгэг зэрэг нь хамаарна.
Харин дотоод хүчин зүйлд төрөлхийн ба олдмол дархлаа дутмагшил, бодисын солилцооны өөрчлөлтүүд ордог. Тухайлбал, нүүрс ус, өөх тосны солилцооны алдагдал орно. Мөн дотоод шүүрлийн булчирхайн эмгэг нь дотоод хүчин зүйлд хамаардаг. Энэ нь сахарын диабет өвчин болон өндгөвчний үйл ажиллагааны дутагдлын үед тохиолдоно. Үүнээс гадна витамин, эрдэс бодисын дутагдал, хурц халдварт, архаг хууч, халдварт бус өвчний үед мөөгөнцрөөр давхар өвчилж болно.
-Мөөгөнцрөөр өвчилсөн гэдгээ мэдэж болох уу. Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг нь яаж илрэх вэ?
-Шинж тэмдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөрөөр илэрдэг. Эмэгтэйчүүдийн үтрээнээс өтгөн цагаан, ээдэмцэрт ялгадас гарч, загатнаа үүсдэг. Ихэвчлэн бэлэг эрхтний доод хэсэгт гэмтэл өгч, гадна бэлэг эрхтэн улайх, хорсох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Харин эрэгтэйчүүдийн хувьд шээсний сүв хорсох, бэлэг эрхтний толгой цагаан өнгөрөөр хучигдах, жижиг улаан толботой тууралт гарч загатнаж, бага зэргийн өвдөлт өгдөг. Тэдний хувьд энэ өвчин нь ихэвчлэн гадаад шалтгаантай байна. Мөн хүүхдэд тохиолдож болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл заавал бэлгийн замаар дамжина гэхгүй, өөрийнх нь биеийн байдлаас шалтгаалан үүсч болно шүү дээ.
-Өвчин даамжирвал яах вэ?
-Эмэгтэйчүүдийн хувьд мөөгөнцрийн гаралтай бэлгийн их, бага уруул, давсагны үрэвсэл, эрэгтэйчүүдэд мөөгөнцрийн баланопостит, шээсний сүвний үрэвсэл болох зэргээр хүндэрдэг.
-Энэ өвчин нь бүрэн эмчлэгддэг үү. Бас тухайн хүн өөрөө эмчлэх боломжтой юу?
-Хамгийн гол нь зовиур илэрсэн үед мэргэжлийн эмчид үзүүлж, тохирсон эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй. Эмчийн заавраар биш дур мэдэн эмчилгээ хийвэл аюултай. Яах вэ, тухайн үедээ эмчилгээ аваад эдгэдэг. Харин дахиж, өвчлөх магадлалтай. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд дахих тохиолдол их байна.
-Эцэст нь яаж урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?
-Юун түрүүнд антибиотик болон эмийг зохисгүй хэрэглэхээс зайлсхийж, зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Дээр нь шинж тэмдэг илэрсэн үед мэргэжлийн эмчид үзүүлж, заавар, зөвлөгөө авах хэрэгтэй. Бас бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх нь чухал.
-Ярилцсанд баярлалаа.