₮ 0

No products in the cart.

Ж.Гантулга: Унтаж, амрах нь уураг тархийг хамгаалах хамгийн чухал зүйлсийн нэг

СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга “Нойртой холбоотой сэтгэцийн тулгамдсан асуудал” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Нойрны хямралаас үүдэлтэй ямар үр дагаврууд гарч болох вэ?

– Нойр бол хүний амин чухал хэрэгцээний нэг.  Хүн өдөрт 7-8 цаг унтаж, бүрэн амарч байх хэрэгтэй. Энэ бол өдөр бүр хоол идэж уухтай яг адил хэрэгцээ юм. Нас ахих тусам хүний нойрсох хугацаа богиносдог гэж үздэг. Гэхдээ хүн аль ч насандаа сайтар унтаж, тархиа байнга сэргээж байх нь чухал. Унтаж, амрах нь уураг тархийг хамгаалах хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нойрны хямралд өртсөнөөр дараах үр дагаврууд гарч болно. Үүнд,

  • Өдрийн турш нойрмоглоно
  • Ядарна
  • Анхаарал төвлөрүүлэх чадвар буурна
  • Шийдвэр гаргахад бэрхшээл үүснэ
  • Уур уцаартай болно
  • сэтгэл гонсойно
  • Бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгддэг. Тийм учраас нойр муутай хоносон тохиолдолд заавал гүйцэд амрах хэрэгтэй.

Мөн нөгөө талдаа шөнийн нойрыг өдрийн нойроор нөхнө гэдэг ойлголт байдаггүй. Та ээлжийн ажилтай л биш бол өдөрт унтах ёстой цагтаа унтаж, тархиа зайлшгүй амраах ёстой.

– Нойрны хямралыг үүсгэдэг голлох шалтгаанд юу багтдаг вэ?

– Нойрны хямралыг үүсгэж буй ерөнхий шалтгаанд дараах зүйлс багтдаг.

  • Сэтгэл зүйн шалтгаан
  • Бие махбодын шалтгаан
  • Эмийн бодис
  • Амьдралын хэв маяг
  • Хүрээлэн буй орчны нөлөө
  • Эдгээрээс сэтгэл зүйн болон амьдралын хэв маягтай холбоотой шалтгаанууд их хувийг эзэлдэг.

– Нойрны хямралд өртсөн бол ямар шинжүүд илэрдэг вэ?

– Нойр хулжих: Нойр хулжин өнгөц нойрсоно, шөнө олон дахин сэрнэ, нойр ханаагүй мэт мэдрэмж төрнө, өглөө эрт сэрнэ.

Нойр хэт хүрэх: Сэрсний дараа нойр бүрэн сэргэж чадахгүй байх, шөнө хангалттай унтсан боловч үе, үе тэсвэрлэшгүй их нойр хүрнэ.

Унтах болон сэрүүн байдлын хэм алдагдах: Өдрийн цагаар нойр хүрнэ, шөнө нойр хүрэхгүй байхыг хэлнэ.

Зүүдэн явалт: Унтаж байснаа гэнэт босож явна, шөнө босож явснаа мэдэхгүй, заримдаа босож явах үедээ ямар нэгэн үйлдэл хийнэ.

Шөнийн айдас: Шөнө нойрон дунд гэнэт айдас төрж орилж хашгирна, айдас төрүүлсэн зүйлийн заримыг санаад заримыг огт санахгүй.

Хар дарж зүүдлэх: Нойрон дундаа аймшигтай зүүд зүүдэлнэ. Энэ үед зүүдээ санан сэтгэл түгшинэ.

Зүүдэн дундаа ярих: Шөнө зүүдэн дундаа янз бүрийн зүйл ярина.

Нойрон дундаа шүдээ хавирах: Шөнө унтаж байхдаа шүдээ хавирна.

– Нойрны хямрал орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?

-Нойрны хямралыг илрүүлэх асуулга гэж бий. Өнгөрсөн нэг сарын хугацаанд доорх шинж тэмдгүүдээс илэрч байсан эсэхийг тодруулан асууж тэмдэглээрэй.

1. Нойртой холбоотой ямар нэгэн асуудал байна уу?

Нойр хулжих

Нойр хүрэхгүй урт хугацаагаар сэрүүн байх буюу олон дахин сэрдэг үү?

Өглөө эрт сэрдэг үү /хэвийн үеийнхээсээ/

Унтсан ч алжаал тайлагдсан мэт мэдрэмж төрөхгүй байдаг уу?

Хэрэв эдгээрээс аль нэг шинж тэмдэг нь байвал цааш нь үргэлжлүүлье.

2. Дунджаар хэдэн цагт унтдаг вэ?

Танд бие махбодын талаас ямар нэгэн өвдөлт байна уу?

Та унтахын тулд ямар нэгэн эм хэрэглэдэг үү?

3. Та дараах зүйлсээс аль нэгийг нь хэрэглэдэг үү? /тийм бол түүнийг тэмдэглэх/

Та унтахынхаа өмнө архи, кофе ууж, хоол иддэг үү?

Та өдрийн цагаар унтдаг уу?

Таны нойрны хэвшсэн дэглэм өөрчлөгдсөн үү? /жишээ нь ээлжийн ажилд явах/

4. Эдгээр асуудлууд долоо хоногийн гурваас дээш өдөр нь байдаг уу?

Таныг чанга хурхирч байна гэж хүмүүс хэлж байсан уу?

Та өдрийн цагаар даван туулашгүй гэнэтийн нойрны дайралтад өртөж байсан уу?

Та уйтгар гунигтай болж өмнө нь баяр цэнгэл эдлүүлдэг байсан зүйлсээсээ одоо сэтгэлийн таашаал авахаа больсон уу?

Таны сэтгэл тайван биш болж юманд санаа зовох буюу сэтгэл түгшдэг болсон уу?

Хэвийн үед долоо хоногт хэдэн стандарт архи уудаг вэ?

Дээрх асуумжуудаар тухайн хүнд нойрны хямралаас гадна сэтгэцийн ямар тулгамдсан асуудал байгааг илэрүүлэх боломжтой.

Түүнчлэн,  Өнгөрсөн нэг сарын хугацаанд доорх үйл ажиллагааг  хийсэн эсэхээ тэмдэглэнэ үү?

  • Та өөрийгөө арчлах сонирхол буурсан уу? /усанд орох, зөв хувцаслах, хооллох гм/
  • Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа ямар вэ? /хань ижил, хүүхдүүд, төрөл төрөгсөд/
  • Ажил, сургуульд явах сонирхол буурсан уу?
  • Гэр ахуйн ажил хийх идэвх сонирхол буурсан уу?
  • Нийгмийн идэвх буурсан уу? /найзуудтайгаа уулзах гм./
  • Мартамхай болж байна уу? гэх мэт асуумжаар илүү тодруулж болно.

Эдгээр асуултын дүгнэлтийг мэргэжлийн эмчид хандсанаар мэдэх боломжтой.

– Нойрны хямралыг хэрхэн даван туулах вэ?

– Нойрны хямралыг даван туулахын тулд дараах зүйлсийг анхаарна.

  • Боломжийн шалтгаануудыг тодорхойлох
  • нойрны өөрчлөлтийг шийдвэрлэх
  • өдөр тутмын амьдралын хэв маягийн шалтгаануудтай ажиллах
  • тайвшруулах амьсгалын дасгал хийх
  • нойрны талаарх тэмдэглэл хөтөлнө

Нойргүйдэлтэй үед тайвшруулах амьсгалын дасгал их үр дүнтэй байдаг. Үүнд:

  • 3-н секундийн турш аажим амьсгал гаргах
  • 3-н секундийн турш аажим амьсгал авах
  • Дахин амьсгал авахын өмнө 3-н секунд амьсгалаа түгжих
  • Орой эсвэл өглөө бүр 10 минутын турш амьсгалын дасгал хийх / огт хийхгүй байснаас 5 минутын турш хийх нь илүү үр дүнтэй/

Нойрны асуудал эмчлэгдэх боломжтой. Гэвч хүмүүсийн олонх нь эм уугаад зүгээр болчихно гэсэн ташаа ойлголттой байдаг. Нойрны эмийн эмчилгээг зөвхөн төрөлжсөн нарийн мэргэжлийн төвд сэтгэцийн эмчийн хяналтад байгаа хүмүүст л хэрэглэх заалттай. Тиймээс нойрны асуудлаа аль болох эмийн бус аргаар шийдвэрлэх нь зүйтэй.

– Эмийн бус аргаар шийдэхийн тулд ямар аргууд хэрэглэх вэ?

– Дараах зүйлсийг анхаарна.

  • Таны унтах орчин дуу чимээгүй байх
  • Таны унтах өрөө хэт халуун эсвэл хэт хүйтэн биш байхаар зохицуулах
  • Ялангуяа оройдоо согтууруулах ундаа, кофе, цайг хэрэглэхгүй байх
  • Унтахаасаа  өмнө юм идэхээс татгалзах
  • Оройн хоолоо аль болох эрт идэх
  • Орондоо орж унтахаа хүлээн бүү хэвт
  • Оройн цагаар оюуны болон бие махбодын идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх дасгал хийх
  • Унтахаас өмнө өдрийн цагаар нойрсохоос зайлсхийх

Эх сурвалж: СЭМҮТ

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...