LOADING

Type to search

Uncategorized

Жүжичин Ц.Цэрэнболдын тухай бидний мэдэхгүй түүхүүд

Share

Сүүлийн үеийн тайз, дэлгэцийн бүтээлүүдэд эцэг хүн болоод Монгол эрийн сайхан чанарыг харуулсан олон ч кинонд дүр бүтээж олны хайр, хүндлэлийг хүлээсэн хүмүүсийн нэг бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд билээ. Түний ажил мэргэжил, амьдралынх нь талаар мэдээлэл бэлтгэлээ.

Тэрээр 1977 оны 5-р сарын 21-нд төрж, өвөө дээрээ өсжээ.

Түүний өвөө дархан хүн байж. Тэрээр энэ тухайгаа дурсахдаа “Би хажууд нь галыг нь түлж өгдөг хүүхэд байлаа. Дарханых нь хөөргийг халаана. Сүүлд паяалник халаадаг болсон юм. Дарханы ажилд тусалдаг нь л би байсан.

Өвөө надад гаанс толгой тааруулаад өгчихсөн. Багаасаа л тамхинд орчихсон хүүхэд байлаа. Өвөөтэйгөө адилхан тэр хавийн өвөгчүүлтэй их нийлдэг болохоор найзууд маань намайг “өвгөн Болдоо” гэж хочилдог байлаа” гэжээ.

Түүний бага нас налайхын тавдугаар хороонд өнгөрсөн. Аав нь уурхайчин, ээж нь налайхын ахуйн үйлчилгээнд оёдолчингоос эхлээд нярав, мэргэжилтэн хүртэл ажилласан хүн гэнэ. Тэрээр жүжигчин болно гэж бодож байгаагүй. Гэр бүл нь налайхаас Багануурт шилжиж очиж, тэрээр гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолооч хийдэг байжээ.

Тэр хооронд байгууллагуудын хооронд АСК тэмцээн болж Д.Бямбацогт гэх хүн тухайн үед Багануурын театрын дарга байхдаа  уралдаанд бэлдэж байгаад “Чи ер нь шалгалт өгөөд үзвэл яасан юм” гэжээ. Түүний ээж дэмжиж  жүжигчин болох зам руу орсон гэдэг.Тэрээр “Мюзикл” дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2003 онд төгсжээ.Тэрээр айлын том хүү бөгөөд “Аав” киноны жижиг хэсэгт ээжтэйгээ хамт тогложээ.

Түүний анхны тоглосон уран бүтээл бол Австри, Германы хамтарсан “Чингис хаан” баримтат уран сайхны кино юм. Тус кинонд Жамухын дүрд тоглож байжээ. Мөн жүжигчин Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглохоор болсон. Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулж байгаа юм.

Тэрээр нэг хэсэг үзэгчдийг байлдан дагуулж байсан “Аав” киногоороо “Academy awards 2015” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсан билээ.

Түүний эхнэр эдийн засагч мэргэжилтэй. Жүжигчин маань эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан аж. Түүнийг сурч байхад эхнэр нь сургуульд санхүү хариуцсан ажилтан байсан гэнэ. Тэрээр Далайцэрэн, Үлэмжгоо гэдэг хоёр хөөрхөн хүүхэдтэй. Мөн тэрээр Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх “2000” уран сайхны кинонд  эхнэрийн хамт тоглосон байна.

Сонирхуулахад, Дээрх бүтээлийн зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичсэн бөгөөд яруу найрагч О.Цэнд-Аюуш болон С.Баттулга нар кино зохиолд хөрвүүлж, соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг найруулжээ. 

“2000” түүхэн бүтээлд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Д.Төмөртөгтох, Н.Батцэцэг болон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр нар гол дүр бүтээсэн бөгөөд хийлч Ч.Дэлгэрцэцэг тоглосон юм.

                                                                                                                                                                           Г.Жаргал

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!