₮ 0

No products in the cart.

Б.Пагма: Гэнэт хордлогогүй болох нь өсөлтгүй жирэмсний анхны шинж тэмдэг

Өсөлтгүй жирэмсэн сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж байна. Энэ талаар гаргасан албан ёсны тоо баримт, судалгаа байхгүй ч эмч нарын зовох асуудлуудын нэг нь энэ болоод байгаа. Тиймээс энэ сэдвээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Б.Пагматай ярилцлаа.  

-Өсөлтгүй жирэмсэн нь жирэмсний хэд дэх долоо хоногт тохиолддог вэ?

-Жирэмсний эхний гурван сард ураг үүсч, эд эрхтэнүүд нь хөгжиж бүрэлддэг. Эхний гурван сарын хугацаанд жирэмсний явц зогсохыг өсөлтгүй жирэмсэн гэдэг. Үүнээс цаашхи хугацаанд ураг зүрхний цохилтгүй болсныг амьгүй ураг гэж нэрлэдэг. 

-Өсөлтгүй жирэмсний анхны шинж тэмдэг эхэд хэрхэн илрэх вэ?

-Гэнэт хордлогогүй болох нь өсөлтгүй жирэмсний анхны шинж тэмдэг юм. Хэт авиан шинжилгээнд харуулахад жирэмсний хугацаа болон хэт авиан шинжилгээний хугацаа хоорондоо тохирохгүй байх, урагт зүрхний цохилт тодорхойлогдохгүй байх нь өсөлтгүй жирэмсний анхны шинж тэмдэг юм. 

-Энэ нь ямар шалтгаанаар үүсдэг вэ?

-Өсөлтгүй жирэмсний шалтгааныг яг энэ шалтгаанаас болсон гэж хэлж болохгүй байна. Нөлөөлж болохуйц олон шалтгаан байдаг. Үүнд, эхийн архаг хууч, эмгэг байдал, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, мөн дотоод орчны хортой нөлөөлөл зэрэг багтдаг. Жишээлбэл, дотоод орчны хортой нөлөөллийг багасгахын тулд байрандаа засвар хийхдээ аль болох хоргүй материал сонгох нь аюулгүй амьдрах боломж бүрдүүлж байгаа эхний алхам юм. Байраа зассаныхаа дараа будаг нь хатаагүй байхад хатаалгүй орох, аль болох чанаргүй болон стандартын шаардлага хангаагүй будаг, материал сонгох зэрэг нь өсөлтгүй жирэмсэн үүсгэх магадлалтай. Мөн бүсгүйчүүд тураах бэлдмэлийг замбараагүй хэрэглэснээс болж бие махбодийн дотоод зохицуулга алдагдах, дотоод шүүрлийн тэнцвэргүй байдалд орж, өсөлтгүй жирэмсэн болох магадлал өндөр байдаг.

-Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх, олон удаа үр хөндүүлсэн байх нь өсөлтгүй жирэмсэнд нөлөөлөх үү?

-Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байх нь нөлөөлдөг гэж үздэг. Олон удаа үр хөндүүлсэн ээж нар өсөлтгүй жирэмсэн болох эрсдэлтэй байдаг уу гэвэл тийм. Яагаад олон удаа үр хөндүүлэх нь эрсдэлд хүргэдэг вэ гэхээр үр хөндүүлсний дараа нөхөн үржихүйн эрхтэнд үрэвсэлт өвчин үүсэх, дааврын зохицуулга алдагдах зэрэг үр дагаврууд гарч болно. 

-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар алхмуудыг хийх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд эрүүл хоол хүнс хэрэглэж, эрүүл аж төрж, дасгал хөдөлгөөн хийж, ээж өөрийнхөө биеийг эрүүл байлгах хэрэгтэй. Үүнээс гадна янз бүрийн тураах эм бэлдмэлүүдийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Антибиотик, эмүүдийг эмчийн зөвшөөрөлгүй хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн олон удаа үр хөндөлт хийлгэхгүй байх нь чухал. Хэрвээ үр хөндүүлсэн тохиолдолд эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад нэлээд удаан явсны дараа дахин жирэмслэх хэрэгтэй. 

-Өсөлтгүй жирэмсэн үүссэн бол доод тал нь хэдий хугацааны дараа жирэмсэлбэл эх болон урагт аюулгүй вэ?

-Манай ээжүүд нэг удаа өсөлтгүй жирэмсэн болчихоороо маш хурдан ахиад жирэмслэх хүсэлтэй байдаг. Ер нь бол өсөлтгүй жирэмсэн болсны дараа хоёр жил орчим жирэмслэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ядаж л зургаан сарын дараа жирэмслэх хэрэгтэй. Энэ хооронд өсөлтгүй жирэмсэн болсон шалтгаанаа тодруулж, шалтгааныхаа эсрэг эмчилгээ хийлгэснээр дараагийн жирэмслэлт амжилттай болох магадлалтай. 

-Нэг жилийн дотор дараа-лан өсөлтгүй жирэмсэн бо-лох тохиолдол байдаг уу?

-Дараалан өсөлтгүй жирэм-сэн болох тохиолдол байж болно. Жирэмслэлт явагдаж байгаа үед цаашид өсч хөгжих боломжгүй ураг бүрэлдэн бий болсон байх тохиолдол байдаг. Хромосомын эмгэгтэй, янз бүрийн хүнд хэлбэрийн гажиг хөгжилтэй зэрэг тохиолдолд жирэмслэлт эрт өсөлтгүй болох, эрт зулбах магадлалтай байдаг учир энэ шалтгааныг тодруулах хэрэгтэй. Ялангуяа 35-аас дээш насныхан үүнд анхаарах ёстой. 

-Өсөлтгүй жирэмсэнд агаарын бохирдол нөлөөлдөг үү?

-Утаа нөлөөлдөг гэж бодож байна. Бидний хувьд судалгаа хийгээд батлаагүй учир энэ талаар тоо баримт хэлэх боломжгүй. Утаа өөрөө нүүрс-хүчлийн хий гэсэн үг. Гэтэл энэ нүүрсхүчлийн хий нь өсч байгаа залуу эд эсүүдэд хамгийн ихээр нөлөөлдөг.

-Өсөлтгүй жирэмсэн болсны дараа эмчилгээ хийлгэхгүй удвал эхэд ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?

-Эхийн биед сөрөг нөлөө байна уу гэвэл байна. Өсөлтгүй жирэмсэн болоход эхний үед ээжид зовиур мэдрэгдэхгүй. Хордлого мэдэгдэхгүй болохоос өөр шинж тэмдэг ажиглагдахгүй. Харин хэсэг хугацааны дараа үтрээгээр цусархаг зүйл гарч эхэлдэг. Энэ үед ээжүүд өгсөх халдвар авсан тохиолдолд умайд өгсөх халдварууд үүсч, дайврууд руу даамжрах боломжтой.

Эмчилгээ хийлгэхгүй буюу буюу цэвэрлүүлэхгүй удаан яваад байхаар эхийн цусны бүлэгнэлтэд сөргөөр нөлөөлдөг. Мэс ажилбар хийж байх явцад юм уу, эсвэл мэс ажилбар хийгдээгүй жирэмснээ тээгээд явж байх үед ч цус алдах эрсдэлтэй. 

-Тонус гэж маш их ярих боллоо. Сүүлийн үед нэмэгдэж байгаа нь ямар шалтгаантай байна вэ?

-Умай нь хэвийн байх ёстой агшилтаасаа илүү хэмжээгээр агшсан байхыг умай тонустай байна гэж хэлдэг. Ийм байдал удаан үргэлжлэхээр урагт хүчилтөрөгчийн архаг дутмагшил үүсэх, ураг зулбах, дутуу төрөх эрсдэл нэмэгдэж байдаг. Яаж тонусгүй байх вэ гэхээр, ээж өөрөө архаг үрэвсэл болон халдварын голомтгүй байх ёстой. Үүнээс гадна ээжүүд сэтгэл санааны хувьд маш тогтвортой байх хэрэгтэй. “Дутуу төрчих болов уу”, “Өсөлтгүй жирэмсэн болчих вий” гэж бодолгүй дандаа сайн сайхан зүйл бодож байх хэрэгтэй. Ээжээс ялгарч байгаа гормон жирэмснийг хэвийн явуулахад нөлөөлдөг. Жирэмсний явцад зөв хооллож, ажлын ачааллыг зохицуулж байх хэрэгтэй. 

-Фолийн хүчил, витамин хэрэглэх нь жирэмсэн болоход эерэг нөлөө үзүүлдэг гэсэн үнэн үү?

-Дэлхийн аль ч улс оронд дутагдсан витаминуудаа нөхөхийн тулд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витаминуудыг хэрэглэж байна. Гэхдээ витаминыг нөхөх хамгийн зөв арга нь хоол хүнсээрээ зохицуулах юм. Фолийн хүчил ууснаар ургийн гаж хөгжил үүсэхээс сэргийлдэг. Тодруулбал, уруул, тагнайн сэтэрхий үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Тийм болохоор жирэмслэхээр бэлтгэж байгаа болон жирэмсэн болсон эхний 16 долоо хоногт фолийн хүчлийг заавал хэрэглэх ёстой. 

-Жирэмсэн эхчүүд болон урагт сөрөг нөлөө үзүүлдэг халдварууд дотроос хамгийн их сөрөг нөлөөтэй нь ямар халдвар байна вэ? 

-Жирэмсний явцад авч байгаа халдваруудаас хамгийн аюултай нь вирусийн халдварууд байгаа. Улаануудын халдвар нь урагт маш сөрөг нөлөөтэй. Эрт хугацаанд ургийн гажиг хөгжил үүсэх, өсөлтгүй болох, хожуу хугацаанд жирэмсний бусад хүндрэлийг дагуулна. Дээрээс нь хомхой долоосон гээд тоохгүй явдаг. Энэ нь мөн л ургийн гажиг үүсгэдэг халдвар юм. Хэрвээ вирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд маш хурдан эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Өөрөө дур мэдэн эмчилгээ хийж яавч болохгүй.

-Сүүлийн үед залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчний өвчлөл өндөр байгаа. Тэр дундаа тэмбүүгийн тархалт маш өндөр байна. Энэ нь эх болон урагт ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?

-Тэмбүүгийн халдвар нь дутуу төрөх, ураг халдвартай байх өндөр эрсдэлтэй халдварт багтдаг. Ураг дотроо амьгүй болж байгаа шалтгааны дотор тэмбүүгийн халдвар нэлээд өндөр хувийг эзэлдэг. Яагаад гэвэл тэмбүүгийн халдвар үүсгэгч нь эхэсээр дамжин урагт очиж халдварладаг. Тийм болохоор жирэмсэн эхчүүдээс хамгийн түрүүнд тэмбүүгийн шинжилгээ авдаг. Шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан тохиолдолд маш хурдан эмчилгээ хийж эхэлдэг. Халдвартай ураг төрсөн тохиолдолд нярай амьдарч чадахгүй эндэх тохиолдол байдаг. 

-Хамт амьдраад хоёр жил болсон ч одоо хүртэл хүүхэдтэй болохгүй байгаа нэг гэр бүл асуулгахыг хүссэн юм. Хэдий хэр хугацаанд хамт амьдраад хүүхэдтэй болохгүй бол эмчид хандах нь зүйтэй вэ, бас эмчид хандахаасаа өмнө хэрэгжүүлж үзэх ямар арга байна гэж?

-Эмэгтэй хүн гэр бүл болоод нэг жилийн дотор байнгын бэлгийн харьцаанд орсон хэрнээ жирэмсэн болохгүй байхыг үргүйдэлтэй гэж оношилдог. Тиймээс үргүйдэлтэй байна уу, үгүй юу гэдгээ тодруулахын тулд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүй судлалын тасагт ирж оношоо тодруулан, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодруулж авах боломжтой.

Эх сурвалж: itoim.mn

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...