₮ 0

No products in the cart.

Б.Анхлан: Бамбай булчирхайн эмгэг нь олон төрөл учраас ялган оношлох чухал

Бид эрүүл мэндээ зайлшгүй хамгаалах ёстой. Тэр дундаа хүн бүр мэдэж байх ёстой ч төдийлөн мэддэггүй өвчин бий. Энэ бол бамбай булчирхайн эмгэг. Иргэдийн дунд ихсэх хандлагатай, түгээмэл байгаа энэ өвчлөлийн талаар АШУҮИС-ийн багш, дотоод шүүрэл судлаач их эмч Б.Анхлантай ярилцлаа.

-Юуны түрүүнд бамбай булчирхайн өвчлөлийн талаар ерөнхий ойлголт өгөөч?

-Бамбай булчирхай нь жижиг хэмжээтэй боловч хүний биеийн бүхий л эд эрхтний бодисын солилцоонд оролцож, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангаж өгч байдаг амин чухал эрхтэн.

-Ихэвчлэн хэдэн насны, аль хүйсийн хүмүүст бамбайн эмгэг илэрч байна вэ?

-Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2-8 дахин илүү өвчлөх магадлалтай. Сүүлийн жилүүдэд бамбай булчирхайн эмгэгийн тархалт ихсэж байна. Манай улсад тархалтын судалгаа хараахан хийгдэж дуусаагүй хэдий ч өвчлөл ихсэж байгаа нь ажиглагдаж байгаа…

-Бамбай булчирхайн эмгэг төдийлөн хүнд илрээд байдаггүй. Бамбайн эмгэгтэй гэдгээ мэдэхгүй бусад эрхтнүүдээ эмчлүүлж явсаар эцэстээ бамбайгаа хүндрүүлээд эмчид хандах нь их. Бамбайн булчирхайн эмгэгтэй байна гэдгээ яаж мэдэх вэ?

-Үнэхээр тийм. Бамбайн эмгэг гэлтгүй ямар нэг эрхтэн нь өвдөж хэдэн сараас хэдэн жилээр гүрийж явсаар өвчнөө хүндрүүлээд эмч дээр ирдэг. Нэгэнт хүндэрсэн, эмчилгээ авах боломжгүй болсон тохиолдолд эмчийн буруу болоод үлддэг шүү дээ. Биед ямар нэг зовиур байвал заавал эмчид хандах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэй. Бамбай булчирхайн эмгэг байгаа эсэхийг бамбайн дааврын шинжилгээний тусламжтай баттай мэдэж болно.

-Бамбайн эмгэгийн шинж тэмдэг хэрхэн яаж илэрдэг вэ?

-Тухайн хүний биеийн онцлог, удамшил, нас, хүйс, амьдарч буй орчин, ажил мэргэжилтэй холбоотойгоор хүн бүрт харилцан адилгүй шинж тэмдэг илэрнэ. Ихэвчлэн илэрдэг шинж тэмдэг гэвэл, зүрх дэлсэх, турах, арьс харлах, нүд бүлтийх, халууцаж хөлрөх, салганаж чичрэх, булчин сулрах, хоолны дуршил ихсэх, гүйлгэх, нойргүйдэх, амархан уурлаж баярлах, гомдох, сэтгэл түгших, цочромтгой болох мөн биеийн жин нэмэгдэх, ой тогтоолт муудах, арьс хуурайших, сонсгол муудах, ээдэрч дультарч ярих, өтгөн хатах, жингүйдэх мэт санагдах.

Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг алдагдах, жирэмслэхгүй байх, жирэмсэн болсон ч үр тогтоох чадвар муу, эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн сулрал гэх мэт шинж тэмдэгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

-Бамбайн эмгэг эмэгтэйчүүдэд түгээмэл илэрч, үр тогтоох чадвар муу байдаг гэлээ шүү дээ. Эрэгтэйчүүд ховор өвддөг гэсэн үг үү?

-Эрэгтэй хүн бамбай булчирхайн эмгэгээр өвчлөх нь эмэгтэйчүүдээс бага тохиолдоно. Учир нь хүйсийн онцлог. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Мөн шинж тэмдэг бүдэг далд явцтай илрэх тохиолдол ч бий. Ялангуяа эмэгтэйчүүд жирэмслэхгүй олон жил боллоо, жирэмсэн болсон хэдий ч зулбасан гэсэн өгүүлэмжтэй, учир шалтгаанаа олохгүй олон эмнэлэг, эмч дамжиж явсаар дотоод шүүрлийн эмч дээр бамбай булчирхайн эмгэгээр оношлогдох нь цөөнгүй тохиолддог.

-Бамбайн эмгэгийн үед тогтмол эм уух ёстой байдаг шүү дээ. Ер нь эм уухгүй гүйцэд эдгэнэ гэж байдаг юм болов уу?

-Бамбай булчирхайн эмгэг нь олон төрөл байдаг. Хооронд нь ялган оношлоно. Эмийн эмчилгээгээр эдгэх эмгэг байхад эмийн эмчилгээгээр биш өөр эмчилгээний аргаар эмчлэх тохиолдол бий. Жишээ нь: Тархмал хордлогот бахуу буюу бамбай булчирхай томрон, бамбайн даавар ихээр ялгардаг эмгэг байна.

Энэ өвчний үед эмийн эмчилгээгээр 1-1.5 жилийн дотор хяналтын шинжилгээндээ сайн хамрагдвал гүйцэд эмчлэх бүрэн боломжтой. Харин бамбай булчирхай үйл ажиллагаа явуулах боломжгүй бамбайн даавар ялгарахаа болих ялгаралт багасах зэрэг тохиолдолд бамбайн дааврыг гаднаас орлуулж хэрэглэх буюу ууна. Уухдаа мөн адил эмийн тунг тохируулах, дааврын хяналтын шинжилгээг тогтмол өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл хүний амьдралын хэмнэл, амьдарч буй орчин, ажил мэргэжлийн онцлог, идэж ууж буй зүйлээс шалтгаалан дааврын хэрэгцээ өөрчлөгдөж байдаг тул эмийн тунг өөрчлөх хэрэг гарна. Бамбайн зангилаа оноштой хүмүүс зангилааны хэмжээг хянах дотоод шүүрлийн эмчийн хяналтад байх, шаардлагатай тохиолдолд RFA, мэс засал эмчилгээний аргуудаас санал болгох жишээний. Дааврын хяналтын шинжилгээг тогтмол өгөн эмчийн хяналтаа сайн хийлгээд явах юм бол эрүүл амьдрах бүрэн боломжтой.

-Зарим хүмүүс ардын эмчилгээгээр эмчлээд бамбайн эмгэг эдгэрсэн гэж ярьдаг л даа. Ийм тохиолдол байж болох уу?

-Ийм тохиолдол байсан бол магадгүй бамбайн эмгэг биш байсан байх. Ард иргэдийн ам дамжсан эмчилгээний аргууд шинжлэх ухаанаар батлагдаагүй шүү дээ. Бид ямар зуунд амьдарч байгаагаа бодох л хэрэгтэй. Хэн нэгний санаанаасаа зохиосон, шинжлэх ухаанаар батлагдаагүй эмчилгээнд итгэж цаг хугацаа алдан биеийн байдлаа хүндрүүлэх хэрэггүй, эмчид хандах нь зөв.

-Орчин үед хоол хүнсээр эмчилдэг болсон. Бамбайн эмгэгтэй үед ямар хоол хүнс хэрэглэх ёстой вэ?

-Бамбайн эмгэгтэй хүн хоол хүнсэндээ анхаарна. Тэр дундаа бамбайн дутагдал оноштой бол бамбайн даавар орлуулах эмээ өглөө өлөн элгэн дээрээ уугаад 1-2 цаг юм идэж болохгүй. Хэрвээ эмээ уугаад араас нь юм идвэл эмийн үйлчилгээ саармагжаад тухайн өдрийн эмийн хэрэгцээ биед дутагдана. Тиймээс эмээ уучихаад 1-2 цагийн дараа өглөөний цайгаа уух хэрэгтэй. Архи, тамхи зэрэг хорт зуршлууд нь бамбайн эмгэгийг хүндрүүлнэ.

-Бамбайн эмгэг удамшдаг уу?

-Бамбайн өвчлөл удамших өндөр хандлагатай. Удамшдаг генийг аваад төрчих юм бол бамбайн эмгэгээр өвдөх магадлал ихэснэ. Гэхдээ удамд нь бамбайн эмгэгтэй хүн байсан бол тэр хүн заавал өвдөнө гэж ойлгож болохгүй л дээ. Ямарваа нэгэн хүчин зүйл буюу гадны орчин, стресс, тамхидалт, архидалт, амьдралын буруу хэв маяг, жирэмслэлт, төрөлт бусад өвчнөөр өвчлөх зэрэг нь нөлөөлж байна гэж үзэж байгаа.

-Сүүлийн үед бамбайн эмгэг залуужиж, ихсэх хандлагатай байна уу?

-Тийм ээ. Сүүлийн үед ихсэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь оношлогооны арга сайжирч, хүн амын тоо өссөнтэй, мөн нийгэм эдийн засгийн, гадаад дотоод орчны нөхцөл, ууж идэж байгаа хүнсний зүйл зэргээс шалтгаалж байгаа гэж бодож байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бамбайн эмгэгээр оношлогдсон бол дааврын хяналтын шинжилгээг тогтмол өгөх, хэн нэгний ам дамжсан яриагаар өөрийгөө эмчилж цаг хугацаа алдах хэрэггүй, заавал нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...