LOADING

Type to search

Эрүүл мэнд

“Чулуу, өнгөрийг цэвэрлэхгүй бол буйлны үрэвсэлд ямар ч эм нэмэргүй”

Share

-Шүдний өнгөрийг яаж арилгах вэ. Гэрийн нөхцөлд арилгаж болдог уу?

/Баянзүрх дүүргийн иргэн М.Уранжаргал/

-Шүд, буйлны орчинд нян өнгөртэй хоёр хоногоос илүү хуримтлагдвал буйл үрэвсдэг. Өнгөрийг цэвэрлэхгүй удвал улам цаашилж буйл руугаа гүн орж буйл, шүдний хооронд хөндий үүсгэдэг бөгөөд энэ нь нян үржих таатай орчин болдог. Өнгөр нь шүлсэндэх эрдсийн үйлчлэлээр чулууждаг ба шүдний чулуунд олон тооны нян агуулагддаг.

Нянгаас ялгарсан хор буйл, шүд буйлны холбоос эд, эрүүг гэмтээдэг. Ингэснээр шүд сулрах буюу унаж болно. Хэрэв шүд чулуутай байвал шүдний эмчид очиж цэвэрлүүлэх хэрэгтэй. Чулуу, өнгөрийг цэвэрлэхгүй бол буйлны үрэвсэлд ямар ч эм нэмэргүй. Буйлны үрэвслээс хамгаалахын тулд өдөр бүр зөөлөн үстэй сойзоор шүд буйлны уулзвар хэсгийг сайн угаах хэрэгтэй. Хоёр шүдний хоорондох буйл, шүдний уулзвар хэсгийг шүдний утсаар цэвэрлэнэ.

Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Эрдэнэчимэг


Зүрх минутад 60-80 цохилдог


-Заримдаа тайван байх үед ч гэсэн зүрх хурдан чанга цохилох юм. Энэ нь муу юу. Хэвийн үед хүний зүрх нэг минутад хэд цохилох ёстой вэ?

/Чингэлтэй дүүргийн иргэн Н.Оюунбаяр/

-Зүрхний цохилт нэг минутад 60-80 байна. Хэрэв 80-100 байвал зүрхний цохилт түргэснэ. 60-аас доош бол зүрхний цохилт удааширдаг. Харин өвчний шалтгаанаар зүрхний цохилт хурдасвал өрхийн болон дотрын эмчийн хяналт дор эмийн эмчилгээ хийлгэнэ. Юунаас болов гэдэг шалтгааныг нь олох хэрэгтэй.

Үүний тулд зүрхний цахилгаан бичлэг хийлгэх, хэт авиан. шинжилгээгээр шалтгааныг нь олж болно. Бас бусад халдварт өвчнүүд байна. Тухайлбал, бамбай булчирхайн үрэвсэлтэй бол зүрхэнд өөрчлөлт орно.

Хан-Уул дүүргиин Эрүүл мэндийн нэгдэл амбулаторийн Зүрх судасны их эмч Ө.Цэцэгмаа

Нүдний гэмтэл хараанд муугаар нөлөөлнө


Нүдэндээ гэмтэл авсан тохиолдолд эмнэлэгт хандахаасаа өмнө оөрсдөө ямар арга хэмжээ авах вэ?

/Сүхбаатар дүүргийн иргэн М.Заяа/


-Нүд янз бүрийн байдлаар гэмтэж болно. Том гэмтэл бол нүднээс халуун нулимс, цусархаг шүүс гарвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Сум, өрхийн эмч үзээд нүд бүтэн байна уу, үгүй юү гэдгийг харна. Бүтэн биш байвал тодорхой хэмжээний халдвар эсэргүүцэх бодисоор угаах арга хэмжээ авч тос хавчуулаад цэвэр боолтоор боогоод дараагийн шатлалын эмнэлэгт хүргэдэг.

Нүдэнд юм орсон тохиолдол их байдаг. Ялангуяа, төмөр таслагч дээр юм хийж байхад, машин тэргээ засч янзалж байгаад төмрийн, шавар, үртэс орох, ойд явж байхад модны мөчирт нүдээ цохиж гэмтээдэг.

Тэр үед нүд цочирч нулимс гоожоод жаахан өвдөөд байна, маргааш болтол гайгүй байх гээд удаадаг. Гэтэл нүдэнд орсон юм шигдээд удахаараа хөндүүрлэж гурав хоногийн дараа эдгэрэх байсан бол долоо хоноод эдгэрэх жишээтэй. Хараа нь ямар ч ул мөргүйгээр эдгэх байсан бол өвчин ямар нэг хэмжээгээр харааг нь сулруулдаг учраас дур мэдэн эмчилж болохгүй.

Нүдний эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Б.Цэрэндолгор


Уламжлалт эмчилгээ ядаргаанд сайн


-Зүү эмчилгээ стресс тайлдаг гэх юм. Энэ эмчилгээг хэдэн удаа хийлгэснээр хүний биед үр дүнгээ өгдөг юм бэ?

/Баянзүрх дүүргийн иргэн Д.Базар/


-Хүн ядарч, сульдахад тайвшруулах зорилгоор зүү эмчилгээ хийдэг. 10-15 удаа тавьж байж нэг курс болно. Өвчнийхөө байдлаас шалтгаална. Зүү тавиулахаар хүн их ядардаг учраас курс эмчилгээг 2-3 сар амарч байгаад хийдэг. Мэдрэлийн гаралтай нүүрний мурийлт байвал залуу хүн хоёр курс яваад зүгээр болдог.

Мөн хагалгааны дараа нөхөн сэргээх журмаар зүү эмчилгээ хийлгэж болно. Зүү эмчилгээ бүх өвчин зовиурыг дангаараа шийдэж чадахгүй. Иллэг массаж, физик эмчилгээ болон бусад төрлийн эмчилгээтэй хавсарч хийлгэвэл эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Хануур, төөнүүрийг зүүтэйгээ хавсруулаад хийж чадвал илүү сайн үр дүн өгдөг.

УНТЭ-ийн Уламжлалт зүү эмчилгээний тасгийн их эмч, анагаах ухааны магистр Р.Мөнхжаргал

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!