Цөс чулуужих болон нойр булчирхайн өвчлөл сүүлийн жилүүдэд ихэсчээ. Ялангуяа төрөх насны, жирэмсэн эмэгтэйчүүдэд цөсөнд чулуу үүсэх өвчин түгээмэл тохиолдох болсон аж. “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн дурангийн тасгийн эрхлэгч А.Баттулгатай энэ талаар ярилцлаа.
– Цөсний чулуужилт гэдэг өвчний талаар ярихаас өмнө цөс гэж яг ямар үүрэгтэй эрхтэн юм бэ гэдгийг асуух нь зүйтэй болов уу?
– Цөсний талаар ярихын тулд юуны түрүүнд элэгний тухай ярих нь зөв байх. Яагаад гэвэл цөс элэгнээс ялгардаг. Элэгнээс ялгарсан шүүрлийг цөс гэж нэрлэдэг. Тэр ялгарсан цөс тодорхой нэг сувгаар урсаад нэг хэсэг нь цөсний хүүдийд хуримтлагдаж хоол идэх үед сувгаар урсаж 12 хуруу гэдэс рүү нийлдэг.
Цөс нь бидний идсэн хоолны тос, өөхийг задлах үүрэгтэй гадаад шүүрлийн бодис гэсэн үг. Хоол боловсруулах эрхтний системд зөвхөн улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс ордоггүй. Уг системийн бас нэг том салбар нь цөс нойр булчирхайн хэсэг байдаг. Цөсний чулуу буюу цөс чулуужих өвчний талаар хүн болгон мэддэг ч нэг их анзаардаггүй. Гэтэл тэр өвчин маш аюултай эрсдэл дагуулж байдгийг мэддэггүй.
Монголд хийгдэж буй хагалгааны бараг 50 хувийг цөсний чулуужилтаас болж цөсний хүүдий авахуулах хагалгаа эзэлдэг. Олгой авахуулахаас их гэсэн үг. Цөс чулуужих өвчин бодисийн солилцооны алдагдлаас үүсэж бий болдог бөгөөд дотроо гурван төрөлтэй. Нэгдүгээрт, цөсний хүүдийнд чулуу үүсэх. Хоёрдугаарт, цөсний ерөнхий сувагт чулуу үүсэх, гуравдугаарт, элгэн доторх сувагт чулуу үүсэх. Цөсний хүүдийд чулуу үүсэх өвчлөлийг бараг хүн бүр мэддэг. Цөсний хүүдий авахуулаад л асуудал шийдэгддэг.
Харин цөсний ерөнхий сувагт чулуу үүсэх бол маш аюултай өвчлөл юм. Цөсний хүүдийд чулуу үүсэх магадлал 70-80 хувь байдаг бол үлдсэн 20 хувь нь цөсний ерөнхий сувагт чулуу үүсдэг. Энэ бол маш өндөр тоо. Цөсний ерөнхий сувагт чулуу үүсвэл мэс ажилбар хийхэд маш хэцүү. Энэ суваг нь ердөө л 0.5 см-ийн өргөнтэй. Гэтэл дотор нь чулуу үүсээд бөглөчихвөл цөс чөлөөтэй урсахаа больж, нэг см-ээс дээш хэмжээтэй болж өргөсдөг.
Цөс элэгнээс ялгарч чөлөөтэй урсах ёстой байтал сувганд чулуу үүсэж бөглөснөөр чөлөөтэй урсахаа больж, цус руу шингэдэг. Ингэснээр хүний нүүр болон бусад эрхтэн шарлаж эхэлдэг. Харин цөсний хүүдийд чулуу үүссэн хүнийх бол сувгаараа чөлөөтэй урсаж байгаа учраас шарлах шинж тэмдэг илэрдэггүй. Гэтэл цөсний ерөнхий сувагт чулуу үүсэх өвчлөлийн 70 хувь нь цөсний хүүдийд чулуу үүсэх өвчлөлтэй хавсарч явагддаг. Энгийн цөсний хүүдийд чулуу үүссэн тохиолдолд баруун талаар хатгах, хоолны шингэц муудах зэрэг зовиур илэрдэг бол ерөнхий сувагт чулуу үүссэн тохиолдолд илүү хурц өвддөг.
Дээр нь гэнэт огцом шарлалт үүсдэг. Ийм тохиолдол сүүлийн жилүүдэд маш их тохиолддог болсон.
– Өвчлөл үүсээд байгаа гол шалтгаан нь юу юм бол?
– Энэ өвчнөөр ихэвчлэн махлаг эсвэл чихрийн шижинтэй хүмүүс өвддөг байсан бол сүүлийн үед төрөх насны эмэгтэйчүүдэд маш их тохиолддог болсон.
Өөрөөр хэлбэл, жирэмсэн эмэгтэйчүүдийн бодисын солилцоо алдагдаж таргалах үед цөсөнд чулуу үүсэж эхэлдэг. Нэг жилийн өмнө эрүүл байсан цөсний хүүдийд чулуу үүсэж төрсний дараахан хурц үрэвслээр илэрдэг. Уг өвчний шалтгааны 60 хувь нь таргалалттай холбоотой. Өөх, тостой, түргэн хоол их идвэл энэ өвчин тусах магадлал өндөрсдөг. Мөн чихрийн шижинтэй хүмүүс. Үлдсэн 40 хувь нь элэгний эмгэгийн үед үүсдэг.
Ер нь туранхай хүмүүсийн цөс чулуужих магадлал бага байдаг.
– Урьд нь энэ төрлийн өвчлөл хэр их байсан юм бол. Ямар арга хэмжээ авдаг байсан бэ?
– Урьд нь бол оношилгоо болон эмчилгээ маш хэцүү байсан. Эмчилгээг дандаа хагалгаагаар шийддэг байсан.
Хагалгаа хийсэн тохиолдолд чулууг бүрэн авч чадахгүй, мөн гуурсийг тайрч 12 хуруу гэдэстэй шууд холбочихдог. Энэ нь маш том хагалгаа болдог байсан. Эсвэл “Т” гуурс зүүж гадагш нь унжуулах зэрэг их түвэгтэй байсан. Харин орчин үед цөс, нойр булчирхайн сэтгүүрдэх шинжилгээ (ERCP) гэж хийдэг болсон. Энэ эмчилгээ манай улсад социализмын үеэс хийгддэг байсан ч маш цөөн хийсэн байдаг.
Манай эмнэлэг 2009 оноос хойш энэ төрлийн эмчилгээ хийж эхэлсэн. Дэлхий нийтэд цөсний чулуу үүсэх өвчлөл хамгийн түгээмэл байдаг. Ялангуяа өндөр хөгжилтэй улс орнуудад маш их. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд таргалалт ихэссэнтэй холбоотойгоор энэ төрлийн өвчин ихсэж байна. Ерөнхий сувгаар урссан цөс oddi-ийн хуниас гэдэг агшиж нээгддэг сүвээр 12 хуруу гэдэс рүү нийлдэг. Гэтэл тэр oddi-ийн хуниас хямарснаар агшиж, нээгдэх үйл ажиллагаанд өөрчлөлт өгдөг. Улмаар ерөнхий сувгаар урсаж буй цөсөнд саатал өгч чулуу үүсэх шалтгаан болдог.
Энэхүү oddi-ийн хуниас агшиж, нээгдэх үйл ажиллагаанд хямрал үүсэх нь бас л сүүлийн жилүүдэд элбэгшиж байгаа. Энэ нь нийгмийн стресстэй холбоотой. Ер нь бол стресстэй холбоотой үйл ажиллагааны хямрал маш их үүсэж байна. Үүнд, үйл ажиллагааны биж хам шинж буюу хоол боловсруулах эрхтний дээд хэсэг болох ходоодны хямрал, гэдэс цочирлын хам шинж буюу бүдүүн гэдсэн дэх хямрал үүсдэг. Энэ нь эмэгтэйчүүдэд ихэвчлэн өтгөн хаталтаар, эрчүүдэд ихэвчлэн гүйлгэлтээр илэрдэг. Тэгэхээр энэ oddi-ийн хуниас яг адилхан.
– 2009 оноос хойш хэчнээн хүнд энэ төрлийн эмчилгээ хийсэн бэ?
– Анх хийж эхэлснээс хойш манай эмнэлэг нийт 700 гаруй, жилд 100 орчим хүнд уг эмчилгээг хийсэн.
Үүнээс нийт хагалгааны 70 орчим хувь нь ерөнхий сувгийн чулууны эмчилгээ хийсэн байдаг. Мөн цөсний ерөнхий суваг болон нойр булчирхайн хорт хавдар 10 орчим хувийг эзэлж байна. Сэтгүүрдэх эмчилгээгээр хавдрыг авч чадахгүй ч сувгийг бөглөсөн хавдрыг сэтгүүрдэж цөсний урсгалыг чөлөөлдөг. Бидний хамгийн гол анхаарах ёстой зүйл бол элэг шилжүүлэн суулгах мэс засал.
Энэ нь сүүлийн жилүүдэд гадаад руу явж эмчилгээ хийлгэх маш том шалтгаан болоод байна. Манай иргэд Энэтхэг, Солонгос улсад маш түгээмэл эмчлүүлдэг болсон. Гэтэл элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл гэж байдаг. Энэ нь өвчтөний элгийг авч донорын элгийг залгахдаа цөсний ерөнхий сувгийг мөн залгадаг. Гэтэл тэрхүү залгасан сувагт хүндрэл үүсэн нарийсаж, улмаар өвчтөн буцаад шарлаад эхэлдэг.
Үүнээс шалтгаалаад залгасан элэг ховхорч улмаар амь нас эрсдэх аюултай. Манай эмнэлэгт одоогоор элэг шилжүүлэн суулгах мэс заслийн дараах сувгийн нарийсал тэлэх 20 хагалгаа хийгээд буй. Үүний 90 хувь нь Энэтхэг улсад хагалгаанд орсон тохиолдол байсан. Манайхан хямдыг нь бодож Энэтхэг рүү яваад байх шиг байна. Үнэ нь хямд учраас чанар, хяналт муу байна. Хагалгаа хийлгэж байгаа эмнэлэг нь туршлагатай, эсэх нь мэдэгддэггүй. Солонгост бол өндөр төлбөрөөр сайн хийдэг. Мөн манай улс өөрсдөө элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болсон. Манайд хийгдсэн хагалгаанаас дээрх хүндрэл гарах нь бага.
Тиймээс манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг сайн хийж байгаа гэж хэлж болно.
– Нойр булчирхайн талаар?
– Нойр булчирхай гэдэг нь бидний идэж байгаа хоолны уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментийг ялгаруулдаг.
Бид хоол шингэхгүй, эсвэл гүйлгээд байна гэж ярьдаг шүү дээ. Энэ нь нойр булчирхайн фермент дутаад байна гэсэн үг. Гэтэл тэр хүчтэй бодис ялгардаг урсгал хаагдахаар дотроо задардаг. Ингэснээр өөрийнхөө нойр булчирхайг гэмтээгээд, ойр орчныхоо эрхтнийг хайлуулдаг. Уг нь бол тэр бодис нарийн гэдэс рүү орж хүний идсэн хоолыг задлах үүрэгтэй. Тиймээс л амь насанд аюултай өвчин гэж анхааруулаад байгаа юм.
– Тэгэхээр нойр булчирхайн хурц үрэвсэл бас л цөсний чулуужилтаас үүсдэг гэж ойлгож болох уу?
– Тэгж ойлгож болно. Гэхдээ нийт өвчлөлийн 50-60 хувь нь архины шалтгаан эзэлдэг.
Харин цөсний сувгийн чулуужилттай холбоотой үүсэх шалтгаан нь 10 орчим хувийг эзэлдэг. Яагаад цөсний сувгийн чулуунаас үүсэлтэй вэ гэвэл цөсний ерөнхий суваг 12 хуруу гэдэсний oddi-ийн хуниаст холбогдохдоо нойр булчирхайн шүүрлийн сувагтай нийлж ордог.
Гэтэл цөсний ерөнхий сувагт чулуу үүсэж oddi-ийн хуниас бөглөрвөл нойр булчирхайн шүүрэл ялгарахаа больж улмаар дотроо задардаг. Үүнээс болж нойр булчирхайн хурц үрэвсэл үүснэ. Энэ тохиолдолд дурангийн хагалгаа хийхгүй бол эмээр эмчлэгдэх боломжгүй. Тиймээс оношилгоо маш чухал. Өмнө нь оношилгоо дутмаг байсан учраас нойр булчирхайн хурц үрэвслийг архины шалтгаан болон хоолны зохицуулалт руу орхидог байсан.
Улмаар нас баралт өндөртэй. Одоо бол дурангаар сэтгүүрдэн оношилсноор хүний амь аврах, нас баралт буурах боломж бүрдсэн. Тэгэхээр иргэд ч, эмч нар ч нойр булчирхайн хурц үрэвслийн үед цөсний ерөнхий сувгийн чулуужилттай хавсарсан, эсэхийг яаралтай шинжилж, эмчилгээний аргаа сонгохгүй бол амь насанд аюултай.
– Цөсний ерөнхий сувгийн чулуужилтийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй байх?
– Тийм. Ер нь бараг мэддэггүй. Харин “Цөсөө авахуулсны дараа дахиад шарлалт үүсээд байна. Эмч хагалгаа хийхдээ цөсний чулууг дотор нь унагаачихсан” гэж буруу ойлгоод байдаг.
Гэтэл цөсний хүүдий авах мэс засалд ерөнхий суваг руу чулууг нь унагаах ямар ч боломжгүй. Энэ нь тусдаа бие даасан өвчлөл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эмч нар ч мэс засал хийхээсээ өмнө ерөнхий сувагт чулуу үүссэн, эсэхийг оношлох нь зүйтэй.
Хэрвээ ерөнхий сувагт чулуу үүсээгүй бол цөсний хүүдийг авах хагалгаа хийгээд л боллоо.
– Цөсний ерөнхий сувагт чулуу үүссэнийг хэрхэн оношилдог юм бол?
– Ерөнхий сувгийн чулууг оношлох маш хүндрэлтэй. Чулуу нэг см-ээс дээш томорсон, сувгийн дээд хэсэгт байрласан байж ЭХО-гоор оношилдог.
Тийм биш бол ЭХО-гоор оношлогддогүй. Шаардлагатай тохиолдолд хэвлийн MRI, хэвлийн СТ-ээр оношлодог. Үүссэн чулуу нь 0.5 см-ээс доош хэмжээтэй байвал оношлогддоггүй. Тиймээс өвчтөний зовиурыг маш сайн асууж тодруулах хэрэгтэй. Энэ нь ямар шинжилгээ хийхийг тодорхойлох сэжим болдог.
Ганцхан тэр жижиг чулуу сувгийг бөглөж, өвчтөн шарласан тохиолдолд оношилж болно.
– Цөсний хүүдийд үүссэн чулууг дурангийн хагалгаагаар авах боломж бий юү?
– Цөсний хүүдийд үүссэн чулууг хүүдийг нь авч байж л эмчилдэг. Учир нь хүүдийд үүссэн чулууг хүүдийг авахгүйгээр эмчлэхэд статистик судалгаагаар жилд 7-20 хувь, таван жилд 25-40 хувьд чулуу үүссэн байдаг.
Тэгэхээр чулуугаа түүлгэсэн ч таван жилийн дараа дахиад л авахуулах хэрэг гарна гэсэн үг. -Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ? -Цөсний чулуужилт болон нойр булчирхайн өвчлөл гэдэг бодисын солилцоонд хямрал үүсэх, буруу хооллох болон таргалалтаас шалтгаалдаг.
Тиймээс идэж буй хоолондоо анхаарах, турах гэх зэрэг амьдралын хэвшлээ өөрчлөх шаардлагатай гэж ойлгох хэрэгтэй. Цөсний ерөнхий сувагт үүссэн чулууг авсан ч бодисын солилцооны хямрал үүсгэгч нь тухайн хүн өөрөө учраас дахиад чулуу үүсэх магадлалтай. Гэхдээ эмч нарын зүгээс дахиж чулуу үүсгэхгүйн тулд oddi-ийн хуниас гэх агшиж нээгддэг амсрыг сэтгүүрдэж зүсдэг. Ингэснээр цөсний урсгал хэвийн болж чулуужилт үүсэх магадлал буурдаг.
– “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт цөс, нойр булчирхайн сэтгүүрдэх шинжилгээ, эмчилгээг (ERCP) 2009 оноос хийж эхэлсэн гэж байсан. Түүнээс өмнө ямар эмнэлэгт хийдэг байв?
– Урьд нь Улсын төв III эмнэлэгт их цөөхөн хийдэг байсан. Анх Монголд хийж эхэлснээс өнөөдрийг хүртэл 100 орчим хүнд энэ эмчилгээг хийсэн. Гэтэл манай эмнэлэг нэг жилд 100 гаруй хүнд хийдэг.
Гэхдээ ганц манай эмнэлэг хийгээд байгаа юм биш. Улсын I, II төв эмнэлэг, “Сөүл клиник” эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, “Интермед” зэрэг эмнэлэг сүүлийн жилүүдэд хийдэг болсон. Тэгэхээр энэ өвчлөл маш түгээмэл болсон гэдэг нь харагдаж байгаа юм. Олон эмнэлэг энэ эмчилгээг хийдэг болсон нь сайшаалтай ч эмч нарын дадлага туршлага хамгийн чухал.
Би өөрөө Хоол боловсруулах эрхтний дурангийн эмч нарын нийгэмлэгийн тэргүүний хувьд энэ асуудалд санаа зовж явдаг. Нийгэмлэгийн үүрэг нь энэ чиглэлийн эмчилгээ хийдэг эмч нарыг чадавхжуулах, аль болох алдаа эндэгдэлгүй эмчлэх чадварыг сайжруулах нь тулгамдсан асуудал болоод байгаа.
– Эмч нарын чадвар муу байгаа гэсэн үг үү?
– Муу байна гэсэн үг биш л дээ. Гэхдээ эмч хүн дадлага, туршлага хуримтлуулна гэдэг маш чухал. Хэдэн зуун эмчилгээ, оношилгоо хийж байж туршлага хуримтлуулдаг. Тэр туршлагаа шинэ залуу эмч нарт хэлж ойлгуулах, анхааруулах нь чухал.
Гэтэл манай эмч нар өөрийн хийж чадах зүйлээ нуудаг нь их анзаарагдсан. Бусдадаа заах, сургах, түгээн дэлгэрүүлэх гэсэн ойлголт байдаггүй. Ганцаараа монопольчлох гэсэн хандлага ажиглагддаг. Уг нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх нь чухал байх ёстой. Мөн шинэ залуу эмч нарын дунд гадаадын өндөр хөгжилтэй улсад суралцаж, туршлага судалчихвал их мундаг эмч болно гэсэн ойлголт түгээмэл байна.
Уг нь зөв л дөө. Гэхдээ юуны түрүүнд өөрийн улсын эмчилгээний арга барилд суралцаж, туршлагатай эмч нартай хамтран ажилласны дараа өндөр хөгжилтэй улс оронд суралцаж, туршлага хуримтлуулах нь илүү үр дүнтэйг ойлгох хэрэгтэй юм.