₮ 0

No products in the cart.

“Сахарын өвчин эхэн үеэсээ л дотоод эд эрхтэнд маш их сөрөг нөлөө үзүүлдэг”

ОХУ-ын хоол судлалын мэргэжилтэн, дотоод шүүрлийн эмч, Шилина Алла Васильевнатай эрүүл зөв хооллолт болон амин дэмийн хэрэглээний талаар ярилцсан юм.

-Чихрийн шижингийн өвчлөл Монголд ихсэж байна. Энэ өвчнийг анагаах ямар арга байна вэ?

-Чихрийн шижинг зөвхөн эм ууснаар бүрэн эмчлэх боломжгүй. Тиймээс хоол хүнсэндээ заавал анхаарах шаардлагатай.  Үүнийг ойлгосон минь хоёр дахь мэргэжлээ эзэмших үндсэн шалтгаан болсон. Хоёрдугаар зэргийн сахарын өвчлөл Монгол, Орост төдийгүй, дэлхий нийтэд түгээмэл байна. Чихрийн шижингийн өвчлөлийн үндсэн хоёр хэлбэр байдаг. Нэгдүгээр зэргийн сахарын өвчтэй хүмүүс байнга инсулин тариулах шаардлагатай болдог.

Харин хоёрдугаар зэргийн сахарын өвчлөл ихэвчлэн илүүдэл жинтэй хүмүүст тохиолддог. Дэлхийн хэмжээнд авч үзвэл сахарын өвчтэй нийт хүмүүсийн 85 хувь нь хоёрдугаар зэргийн сахарын өвчтэй байна. Биеийн жин хэвийн байх нь энэ өвчнөөс сэргийлэх гол үндэс болно.

Сахарын өвчний шинж тэмдэг хүний биед нуугдмал хэлбэрээр байж л байдаг. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс үзлэг хийхдээ ганц анхаарах зүйл бол таргалалттай хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ, гликированный гемоглобины хэмжээ ямар байгааг тодруулж, өвчнийг анхан шатанд нь оношлоход анхаарал тавих хэрэгтэй.

Сахарын өвчнийг эмчлэх үр дүнтэй олон эм байгаа ч тэр нь эрүүл хооллолтгүйгээр үр дүнгээ бүрэн өгөхгүй. 

-Сахарын өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Эхэн үедээ ам цангах шинж тэмдэг илэрнэ. Үүгээр зогсохгүй өвчний эхэн үеэсээ л дотоод эд эрхтэнд маш их сөрөг нөлөө үзүүлж, том, жижиг, хялгасан бүх судсанд өөрчлөлт оруулж байдгаараа маш хор хөнөөлтэй өвчин юм. Үүгээрээ зүрх судасны эмгэгийг үүсгэх хор уршигтай. Сахарын өвчнийг багасгахын тулд илүүдэл жинтэй хүмүүсийн тоог л багасгах хэрэгтэй.

-Илүүдэл жинтэй хүмүүсийн тоог бууруулахад Таны эзэмшсэн хоёр дахь мэргэжил тус болох нь ээ?

-Яг үүний тулд шим тэжээл судлалын чиглэлээр суралцсан хэрэг. Хүмүүсийг зөв хооллож, эрүүл мэнддээ анхаарал хандуулах, дасгал хөдөлгөөн тогтмол хийж заншихад хэвшүүлэх хэрэгтэй. Энэ бүхэн амьдралын буруу хэв маягийг тэр чигт нь өөрчилж, засна гэсэн үг юм. Орчин үеийн хүмүүст амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх тухай сэдэв,  ийм эерэг хандлагыг олон нийтийн дунд трэнд сэдэв болгох хэрэгтэй.

Олон нийтийн эерэг хандлагыг энэ зүгт чиглүүлбэл хүмүүс ийм байдлаар амьдрахыг хичээх болно. Жишээлбэл, “Чи ийм сайхан болохын тулд ямар хоол хүнс хэрэглэж байна? гэхэд хамгийн эрүүл хоол хүнс хэрэглэдэг тухайгаа сонирхуулах зэргээр орчин үеийн залуусын эрүүл, зөв хандлага бусдадаа маш сайнаар нөлөөлдөг. “Би ийм спортоор хичээллэж байна” гэж залуу хүн бүхэн ярих нь орчин үеийн амьдралын хамгийн сонирхол татах, загварлаг хэв маяг болох ёстой юм. Таргалалт, чихрийн шижингээс сэргийлэх эхний арга нь энэ.

-Чихрийн шижин эмчилгээний үр дүн муутай өвчин гэдэг. Энэ үнэн үү?

-Чихрийн шижинг эмчлэх хоёр үндсэн арга бий. Нэг нь дээр хэлсний адил амьдралын хэв маягийг өөрчлөх, нөгөөх нь эмийн эмчилгээний арга. Сахарын өвчнийг эмчлэх үр дүнтэй олон эм байгаа ч тэр нь эрүүл хооллолтгүйгээр үр дүнгээ бүрэн өгөхгүй. Тиймээс эмчлэгддэггүй өвчин мэтээр эндүүрч байгаа юм.

ТОГТСОН ЦАГТ БАГА БАГААР ХООЛЛОЖ ЗАНШВАЛ ИЛҮҮ САЙН БОЛОВСОРНО, БИЕ ОРГАНИЗМ Ч ДАСАН ЗОХИЦНО

Таргалалт нь эрт хөгшрөхийн үндсэн шалтгаан болдог гэж би үзэж байгаа. Таргалалт залуу наснаас явагдсанаар маш олон өвчний эх үндэс болдог. Залуу хүмүүст таргалалт таны дотоод эрхтэнийг өвчлүүлнэ, эд эрхтэнд өөрчлөлт оруулна, сахарын өвчтэй болно гэж хэлэхэд өөртөө тусгаж авахдаа тааруу байдаг. Харин таргалалт эрт хөгшрөх гол шалтгаан болно шүү гэхэд маш соргогоор хүлээж авдаг.

-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд таргалалт ихсэж байна.

-Эхийн сүүгээр хооллосон хүүхдийн биед ашигтай бичил биетүүдийн орчин бүрддэг. Ингэснээр бие организмын дархлааны систем илүү сайн ажилладаг. Ходоод гэдсэн дэх бичил биетийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад илүүдэл жин үүсэх гол нөхцөл болно. Мөн нүүрс усаар баялаг хоол хүнсийг өргөн хэрэглэх болсон нь таргалах гол шалтгаан болсоор байна. Нүүдлийн амьдралын хэв маягтай Монголчууд эртнээс нүүрс усаар баялаг хүнсийг маш бага хэрэглэдэг, идэвхтэй хөдөлгөөнт амьдралын хэв маягтай байсан.

Орчин үед амьдралын хэв маяг өөрчлөгдсөн ч уг ген нь хэвээрээ л үлдсэн шүү дээ. Эволюцийн явцад бид өнөөгийн хөгжилд хүрсэн нь сайн боловч нөгөө талаас энгийн нүүрс усны хэрэглээ маш их нэмэгдлээ. Энэ нь зөвхөн Орост тулгамдсан асуудал биш. Тиймээс зөв хооллолтын талаарх мэдээллийг тухай улс үндэстний онцлогт нь тулгуурлан байнга өгч байх хэрэгтэй юм.

-Таргалалтаас урьдчилан сэргийлэх нь энгийн ойлголт мэт боловч амьдралдаа хэвшүүлэхэд амаргүй байдаг бололтой?

-Дэлхий даяар ямар ч өвчнийг эмчлэх гол арга таргалалтыг бууруулах явдал гэж үзэж байна. Депократ “Хоолыг эм л гэж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол эм нь таны хоол болно шүү” гэж хэлсэн. Эрүүл байхын тулд хооллолтдоо анхаарах хэрэгтэй. Бид ихэвчлэн уураг хангалтгүй, нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэж байна. Хүнсний эслэг хангалттай агуулаагүй, амьтны гаралтай өөх тосоор баялаг хүнс хэрэглэж байна. Хоол хүнсний агууламжид ханаагүй тосны хүчил буюу Омега-3 маш бага байна. Омега-3 нь бие организмд маш чухал, мембраны уян хатан чанарыг хадгалж байдаг. Мембран уян хатан бол бодисын солилцоо маш сайн явагдаж, цусыг шингэлж өгдөг. Хүний биеэс Омега-3 ялгардаггүй учир гаднаас, хоол хүнс, биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан авахаас өөр аргагүй. 

-Хүний биед хоол хүнсээр дамжуулан авч байх хэрэгтэй гол шимт бодисууд нь юу вэ? 

-Өөх тос биед хуримтлагдвал ирээдүйд ашиглах энергийн нөөц болдог.  Нүүрс ус бол богино хугацаанд ашиглагдаад дуусах энергийн нөөц болдог. Гэтэл бодит байдлаас харахад өөх тос ихэнх хүнд хангалттай хэмжээнээс илүү ихээр хуримтлагдаж байна. Уураг нь бие организмын үндсэн суурь хэрэгцээ юм. Биеийн эд эс байнга өөрчлөгдөж байдаг. 3-5 хоногт ходоодны дотоод орчин байнга өөрчлөгддөг. Ясны эд эс 10 жил тутамд шинэчлэгдэж байдаг. Иммуноглобулин, даавар, ферментүүд бүгд уургаас бүтнэ.

Бие организмд маш их хэрэгцээтэй учир гаднаас хоол хүнсээр дамжуулан авч байх хэрэгтэй. Бие физиологийн хувьд хүнд уургийн нөөц байдаггүй. Яагаад гэвэл, бид булчингаас уургийг авч ашиглаж болно. Дотоод нөөцөө хэвийн хэмжээнд авахын тулд зөв хооллож, хангалттай хэмжээний уургийг авч байх хэрэгтэй. Тэгвэл өөрт байгаа нөөцийг зохист хэмжээгээр зарцуулах боломжтой.

-Далд өлсгөлөнгөөс сэргийлэх нь Монголын хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгааг манай эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Та энэ талаар юу хэлэх вэ ?

-Гэдэс дүүрэн байсан ч биеийн эд эсүүд амин дэм, шимт бодисын дутагдалд орж, өлсөж байдаг. Шим тэжээлийг макро шим тэжээл буюу уураг, өөх тос, нүүрс ус, мөн микро шим тэжээл буюу аминдэм эрдэс бодисгэж ангилна. Эдгээр нь хоол хүнсэнд тодорхой хэмжээгээр байх ёстой. Монголд иодын дутагдал их байдаг учир бамбай булчирхайн /щитовидная железа/ өвчлөл элбэг байх гэж таамаглаж байна. Тиймээс иоджуулсан давсыг хоол хүнсэндээ хэрэглэх нь чухал. Монголд Д витамины дутагдал их байгааг мөн анхааралгүй өнгөрч болохгүй. Д аминдэмийн дутагдал нь таргалалт, зүрх судасны өвчнүүд болон халдварт бус өвчнүүд үүсэхэд нөлөөлж байна. Тиймээс ихэнх орны поликлиникүүдэд Д витамины дутагдлыг шинжилгээгээр тодорхойлох шаардлагатай гэсэн зааварчилгаа гаргасан.

-Амин дэмийн дутагдалд орсноо яаж мэдэх вэ?

-Ихэнх тохиолдолд хүнд өвчин зовиур илрэхгүй ч биед ямар нэг зүйл дутагдаж, тав тухгүй байдал мэдрэгдэнэ. Хүний биед уураг, өөх тос тус бүр 25-30 хувь, нүүрс ус 40-50 хувийн харьцаатай байвал зохимжтой гэж үздэг. Одоо микро шим тэжээл болон амин дэмүүдийн талаар ярья л даа.   

Дундаж хүн өдөрт 2000 Ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байхад хангалттай. Орчин үед үүнээс давсан хэмжээний илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байна. Оросын Хүнс тэжээлийн институтээс хоолны илчлэг бага байх хэрэгтэй, гэхдээ амин дэмийг аль ч улиралд хэрэглэж байх ёстой гэж зөвлөдөг. Төмөр, цайр, селен, цайр, магни зэрэг микро элементүүд бие организмд маш чухал хэрэгцээтэй. Гэтэл бид эдгээр элементийг хоол хүнсэндээ зохимжит хэмжээгээр авч чаддаггүй.

-Тэгэхээр бид хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэсэн үг  үү?

-Биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн, амин дэмүүдийн биед үзүүлэх нөлөө яг адилхан. Аль аль нь эрүүл мэндэд тустай амин дэм юм. Бид маш олон төрлийн амин дэм агуулсан хүнсийг тэр болгон хэрэглэж чаддаггүй. Тиймээс тэдгээр аминдэмүүдийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээс авахаас өөр аргагүй болж байна. Тухайлбал, Куркума буюу турмерик гэж үрэвслийн эсрэг, биеэс шингэн хөөх, хоргүйжүүлэх нөлөөтэй хоол амтлагч байдаг. Мөн ийм үйлчилгээтэй розмарин байна. Эдгээр бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэж чаддаггүй.

Фито нутриент буюу ургамлаас авч байгаа шим тэжээлийн тухай ярихад Монголчуудын хувьд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн ургамлууд байгаа байх. Тухайн ургамлуудад эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна эрүүл мэндэд ашиггүй маш олон нэгдлүүд агуулагдаж байдаг. Биологийн идэвхт бүтээгдэхүүн бол тухайн ургамлаас биед ашигтай шим тэжээлүүдийг ялгаж аваад, өөр бусад шим тэжээлүүдтэй зохицуулан үйлдвэрлэж, илүү үр дүнтэй биологийн идэвхт бүтээгдэхүүн гаргаж байна. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэх боломжтой юм. Харин зэрлэг өвс ногоог 14 хоногоос урт хугацаагаар хэрэглэж болохгүй. Биологийн идэвхт бүтээгдэхүүний давуу тал үүнд л оршдог.  

Бид маш олон төрлийн амин дэм агуулсан хүнсийг тэр болгон хэрэглэж чаддаггүй. Тиймээс тэдгээр аминдэмүүдийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээс авахаас өөр аргагүй болж байна.

-Монголд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг маш олон төрлөөр нь худалдаалж байна. Тэдгээрээс яг өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох вэ? 

-Тухайн бүтээгдэхүүний шошгон дээр ямар орц найрлагатай талаарх мэдээлэл бий. Ямар сайн үр нөлөөтэйг ч бичсэн байдаг учир тэр мэдээллийг уншиж, мэргэжлийн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр сонголт хийж болно.  Эмчээс миний бие организмд ямар микро шим тэжээл амин дэмүүд хэрэгтэй байна вэ гэж асуух хэрэгтэй. Амин дэм хэрэглэх хоёр дүрэм байдаг. Нэгдүгээрт, ганцхан амин дэмтэй биш, цогц буюу хэд хэдэн амин дэмийн найрлагатайг сонгох хэрэгтэй. Эдгээр амин дэмүүд нэг нь нөгөөгийнхөө үр нөлөөг улам идэвхжүүлдэг. Хоёрдугаар дүрэм нь, нэг бүтээгдэхүүнийг урт хугацаанд хэрэглэ. Бид эмийг өвчнөө анагаах гэж уудаг бол амин дэмийг өвдөхгүйн тулд уудаг.

-Хоол тэжээлийн зохистой хэрэглээний талаар орчин үед ямар зөвлөмж өгч байна вэ?

-Тогтсон цагт бага багаар хоол идэж заншвал илүү сайн боловсорно, бие организм ч дасан зохицно. Хамгийн багадаа өдөрт дөрвөн удаа хоолловол илчлэгийг тэнцвэртэй хуваарилах боломж олгодог. Бага багаар олон дахин хооллосноор цөсний ялгаралт сайжирч, хоол боловсруулалт эрчимждэг. Хоолыг тайван нөхцөлд идэх шаардлагатай. Үүнээс гадна ус сайн уух хэрэгтэй. Хүссэн үедээ, тасалгааны температурт байсан ус уух нь их хэрэгтэй. Амьтны гаралтай өөх тос болон энгийн нүүрс усны хэрэглээг багасгах хэрэгтэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...