₮ 0

No products in the cart.

Ж.Ариунаа: Цус харвасан хүмүүсийн дөнгөж 10 хувь нь эргэж хэвийн амьдралдаа ордог

Манай улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин. Гурван хүн тутмын нэг нь зүрхний өвчнөөр хорвоог орхиж байна гэх тоо баримтыг мэргэжлийн эмч нар хэлж буй юм.

Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаатай ярилцлаа.

-Харвалтын дараах амьдралын чанарын асуудал хурцаар хөндөгддөг тухай ярьж байсан. Ер нь хэд орчим хувь нь эргээд хэвийн амьдралдаа эргэн ордог юм бол?
-Монгол Улсын хүн амын дунд тархинд цус харвалтын улмаас нас барж буй иргэдийн тоо дэлхийн хэмжээнд нэгдүгээрт бичигдэж байна. Энэ бол хамгийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал.

Дэлхий дахинд жил бүр 17 сая хүн харвалтаар өвдөж байна. Энэ хүмүүсийн 6,5 сая нь шууд нас бардаг. Үлдсэн хүний дийлэнх хувь нь тахир дутуу болдог. Өөрөөр хэлбэл харвалт өгсөн хүмүүсийн дөнгөж 10 хувь нь эргэн хэвийн амьдралдаа ордог бол гуравны нэг нь тахир дутуу болж, гуравны нэг нь нас бардаг.

Айлд нэг хүн харвалтаар өвдөхөд өрхийн орлогын 30 хувь алдагдаж, тухайн айлд ядууралд ордог гэсэн судалгаа бий

-Амьдралын чанарт нөлөөлдөг учраас эдийн засгийн хувьд ч хүндрэл авчирдаг гэдэг?
-Харвалт бол амьдралын чанарт маш их нөлөөлдөг. Энэ яаж нөлөөлдөг гэхээр тархи мэдрэлийн системийг гэмтээдэг. Өөрөөр хэлбэл тархинд очиж байгаа цусан хангамж дутагдаж, тэр хэсгийн эд эс үхэжсэнээс болж тэр мэдрэлийн эс үйл ажиллагаагаа алддаг. Ингэхээр хөл гар хөдөлж чадахгүй, харж, ярьж чадахгүй болдог. Ер нь бол тахир дутуу болох өвчлөлийн нэгдүгээрт бичигдэж байдаг өвчин. Энэ нь нийгэм эдийн засаг, хувь хүнд маш их урхаг үлдээдэг. Тухайн айлд нэг хүн харвалтаар өвдөхөд өрхийн орлогын 30 хувь алдагдаж, тухайн айлд ядууралд ордог гэсэн судалгаа бий.

-Манай улсад тохиолдож буй харвалтын өвчлөлийн шалтгаан нь юу байна вэ?
-Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины харвалтын 62, зүрхний цусан хангамж хомсдох өвчний 49 хувийг цусны даралт ихсэлт үүсгэдэг. Энэ нь засаж болох эрдэлт хүчин зүйл бөгөөд давсны зохистой хэрэглээг баримталж, өдөр тутам идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээ хаяж чадвал энэ эрсдлийг бууруулах боломжтой.

Зүрхний хэм алдагдалт, зүрхний өвчтэй хүмүүст тосгуурын өвчлөл, хавхлагын өвчлөл гэж байна. Хавхлагын өөрчлөлт нь хүүхэд байх наснаасаа зүрх өвддөг, хоолойны архаг ангинтайгаас болж олон дахин өвддөг болчихсон хүмүүс хавхлагын өөрчлөлттэй болно. Үүнээс болж зүрхний хэм  алдагдана, цаашлаад тархины харвалт болно. Тархины эдийн цусан хангамжид дутагдал өгдөг, өөрөөр хэлбэл тархинд цусан хангамж очихгүй, бөглөрдөг. Үүнээс сэргийлэх асуудал хамгийн чухал. Тиймээс иргэд эмчид заавал үзүүлж, нарийн шинжилгээ өгч, хяналт тавьж байх шаардлагатай.

-Насны хувьд ямар байна вэ. Залуучууд төдийгүй хүүхдүүдэд ч тохиолдож байгаа талаар ярьж байсан?
-Харвалт насжилттай холбоотой. 40 наснаас дээш бол өвчлөх эрсдэл өндөр. Гэхдээ хүүхдийн жин хоёр килограммаас бага төрсөн байх юм бол цус харвалтад өртөж болох эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс жин багатай хүүхдийг анхаарах хэрэгтэй.

Шинж тэмдгээ зөв тодорхойлсон бол  эхний гурван цаг дотор бүлэн хайлуулах эмчилгээ хийнэ

Харин тархины судас хатуурах өвчин бол залуу наснаас эхэлдэг. Тэгэхээр нас ахих тусам аажим нэмэгдсээр, судасны хана зузаараад, өөх болон бөглөрч тархины харвалтад хүргэдэг. Тэгэхээр бага залуу наснаас идэж ууж байгаа хоол ундандаа анхаарч, хөдөлгөөн хийж, чихрийн шижинтэй эсэх, өөхлөлттэй байна уу гээд шалгуулж байх хэрэгтэй.

18-аас дээш насны хүн бүр өөрийн байх ёстой даралтыг мэдэж авах хэрэгтэй бөгөөд 40-өөс дээш насанд зовиуртай эсэхээс үл хамааран жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.

-Эхний эмчилгээг сайн хийх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Харвалтын дараа яаралтай тусламж үзүүлэх тусам тухайн өвчтөний эдгэрэлтэд чухал байх.
-Сүүлийн жилүүдэд эмчилгээний сайн аргууд нэвтэрч байна. Жишээ нь шинж тэмдгээ зөв тодорхойлсон бол  эхний гурван цаг дотор бүлэн хайлуулах эмчилгээ хийдэг.

ХААХ гэдэг шинж тэмдэг байдаг. Энэ нь дөрвөн үгийн товчлол харах, алхах, алдах, хэлэх гэсэн дөрвөн шинж тэмдэг илэрснийг мэдээд гурван цаг дотор эмчилгээ авч болно. Харин судас хагараад тархины эд рүү цус орсон байгаа тохиолдолд маш хүнд.  Ийм үед өвчтөн шууд ухаан алдах эсвэл татаж байгаа үед өвчтөнийг яаран тээвэрлэх нь осолтой. Энэ бүлэн хайлуулах эмчилгээ хийхгүй. Аль болох ойрхон эмнэлэгт хандах шаардлагатай. Энэ үед амьсгалын замын эрхтнийг чөлөөтэй байлгах арга хэмжээг хамгийн түрүүнд авах хэрэгтэй.

Нэг харвалт өгсөн бол жилийн дотор дахих магадлалтай

Эсрэгээрээ нөгөө хэлбэр бий. Тархины судас хагарч, тархины эд уруу цус орсон тохиолдол байдаг. Энэ үед өвчтөн ухаан алдах, татах шинж тэмдэг илэрдэг. Энэ үед яаран хөдөлгөхийг тэр бүр зөвлөдөггүй. Тиймээс энэ тохиолдолд эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хамгийн түрүүнд амьсгалын замыг чөлөөлөх хэрэгтэй. Саажсан байвал саажсан талыг дээд талд нь байрлуулж, хөдөлгөөнгүй болгох хэрэгтэй.

-Харвалтын дараах сэргээн засах эмчилгээг хэдий хугацаанд хийдэг юм бол?
-Харвалт бол хурц өвдөж буй өвчин. Эхний нэг сарын хурцын эмчилгээ гэж байдаг. Энэ нь цаад эсийг хамгаалж үлдэх эмчилгээ. Дараа нь 6 сарын эмчилгээ буюу сэргэх үеийн эмчилгээ гэж байдаг. Бусад мэдрэлийн эсийг сэргээж ажиллуулах эмчилгээ. Бүр цаашлаад нэг жил дотор хийгдэнэ. Харин түүнээс хойш бол мэдрэлийн эсүүд тогтвортой байдалд ордог. Үхсэн эс дахин сэргэнэ гэж байхгүй. Тиймээс үхсэн эс сэргэнэ гэж байхгүй учраас дараагийн харвалтаас сэргийлэх шаардлагатай.

-Нэг харвалт өгсөн бол дахин харвах магадлал хир байдаг вэ?
-Жилийн дотор харвах магадлалтай. Зүрх судасны эмгэгүүд байгаа учраас харвах магадлал өндөр учир энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Тогтмол хяналтад байж, анхаарал хандуулах шаардлагатай.

Эх сурвалж: Gogo.MN

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...