LOADING

Type to search

Ухаарахуй

Гурван бэрхэд суралц

Share

Сэхээлэг болоход гурван бэрхшээл бий. Эдгээрийг үнэний эрэлчин бүр ойлговол зохино. Уул нь хүн бүхэн л сэхээрдэг. Даанч хожимдож сэхээрдэг. Чи уурын мунхгаар хань ижлээ алгадаж, аяга тавгаа шидэлж баахан хэрэг өдөөчихөөд өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөг биз дээ?

Адиша гурван хэцүү зүйлийг сануулж байна.

Эхний хэцүү нь: Тухайн үйл явдлыг болж байхад нь ухамсарлах. Уур бухимдал чиний дотор бөөн утаа май тавьж орхидог. Үүнээс болж чи хаа яваагаа мэдэхээ больдог. Гэвч жаахан хичээгээд үз. Бодит байдлыг ажиглах гээд оролд. Эхлээд арван таван хормын дараа сэхээ орж магадгүй.   Ажиглах  тусам энэ хугацаа наашилна. Арван хором, таван хором гээд л. Эцэст нь чи бүх юм өнгөрсөн хойно биш, яг болж байх агшинд нь ухамсарладаг болно.

Удаах алхам бүр хэцүү. Энэ бол тухайн үйлдлийг болохоос нь өмнө ухамсарлах. Үйлдэл болж задрах мөчөө хүлээсэн үр хөврөл чиний дотор нуугдаж  байдаг. Одоо чамд илүү нарийн хараа хэрэгтэй. Үйлдэл бол бүдүүн хадуун зүйл. Хэн нэгнийг цохиод авах нь ил тод үзэгдэл. Тэр чинээгээрээ ухамсарлахад хялбар. Харин цохих санаа нь бодит үйлдлээсээ хамаагүй нарийн ширийн. Тоо томшгүй бодол санаа сэтгэл дотор хөвөрдөг ч үйлдэл болж  хувирдаг нь тун цөөхөн. Тэгэхлээр алийг нь гэж таних билээ? Түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газраас хэн нэгнийг олох гэсэнтэй адил.

Хилэнц нүгэл, гэмт хэрэг хоёрын ялгаа үүнд бий. Гэмт хэрэг бол бодит үйлдэл юм. Үйлдэлд хувираагүй бодлын чинь төлөө чамайг шийтгэх хууль, шүүх байхгүй. Чи хүн алж, хүрээ талаагүй ч тийм  юм бодож, зүүдэлж, мөрөөдөж чадна. Тэглээ гээд бодит үйлдэл хийхгүй бол энэ чинь гэмт хэрэг биш. Шашин тэгвэл илүү гүн рүү ордог. Бодит үйлдэл хийсэн эсэхээс үл хамааран бодсон бодлыг чинь нүгэлд тооцдог. Чиний дотоод ертөнц аль хэдийн үйл лайнд хутгалдаж, гэм нүгэлд бохирдсон аж. Тэгэхлээр бодлыг үүсч байхад нь танин мэдэх шаардлагатай. Үйлдлээ  ухамсарлаж сурсны дараа л үүнийг хэрэгжүүлж  чадна. Учир нь бодол бол биет зүйл биш.

Анир чимээгүй суугаад бодлоо ажигла. Хэрхэн үүсч, хувирч, тогтнож улмаар замхарч буйг нарийн тодорхойл. Бодол зочин лугаа адил хэзээ нэгтээ чамайг орхин оддог. Олон бодол ирж буцахын тохиол дунд чи гэрийн эзэн шиг суугтун. Ажиглах дасгалаа хүнд төвөгтэй бодлоос эхлэх хэрэггүй. Жирийн бодлууд дээр турш. Эхлээд гэмгүй номхон бодол байснаа аажмаар догширч, сэтгэлийг чинь түйвээнэ. Нэг л мэдэхэд чи уурандаа шатаж, гомдолдоо багтарч, тачаалдаа солиорсон байдаг. Бодлыг ид асч байх агшинд нь ухамсарлаж сур.

Гуравдахь хэцүү юм: Мэдрэмжийг ухамсарлах. Бодол  үүсэхийн өмнө мэдрэмж төрдөг. Мэдрэмж  бодлоор биежиж, бодол үйлдлээр биеждэг. Хааяа өөрийгөө анзаардаг уу? Ямар ч шалтгаангүй сэтгэл чинь үймрээд, юу ч бодоогүй байхад дотор чинь харлаад. Энэ бол дээшээ товойн гарах гэж дуншиж буй мэдрэмж юм. Мэдрэмжийн үрээс бодлын түмэн навч сагсайна. Хэрэв чи бодлоо ухамсарлаж чадах аваас эрт орой нэгэн цагт бодол төрөхийн өмнөх мэдрэмжийг ив илэрхий тольдох болно.

Энэ гурван давааг давсан цагт өөрийнхөө зүрхэн тольтод хүрнэ. Чиний жинхэнэ оршихуй мэдрэмжийн цаана нуугдаж буй. Гурван давхар тойрог түүнийг хашаалжээ. Эхлээд үйлдлээ ухамсарла. Дараа нь бодлоо ухамсарла. Эцэст нь мэдрэмжээ ухамсарла. Тэгвээс хаалт хашилт бүхэн замхарч, өөрийн цэвэр мөн чанарыг олж  үзнэ. Үүнийг Бурхан, атман, би хийгээд би-үгүй юу ч гэж нэрлэсэн чиний дур. Эрлийн үзүүр төгсөх цэг энэ л билээ.

– Ошо “Билгүүн ухааны шастир”

#АгнистынГэгээ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!