Манай улсад халдварт бус өвчний улмаас нас барах шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин орж байна. Зөвхөн 2012 онд гэхэд 5939 хүн энэ өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Түүнээс гадна энэ өвчнөөр өвчлөгсдийн нас залуужиж, 20 дөнгөж гарсан залуус ч хорвоог орхиж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд зүрх-судасны тогтолцооны шалтгаант нас баралтын түвшин өсөхөөс гадна тархинд цус харвалт Монгол эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгааг Эрүүл мэнд хөгжлийн төвийн тайлангаас харж болно.
Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлснээр зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулахаас гадна өвчилсөн хойноо ч эмчилж энэ төрлийн өвчлөлийн бууруулах бүрэн боломжтой аж.
Тэгвэл энэ бямба гарагт Сонгдо эмнэлгийн зүрх судасны эмч, доктор Ц.Намхайдорж зүрх судасны өвчний талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор үнэ төлбөргүй лекц уншихаар болжээ. Ц.Намхайдорж БНХАУ-ын Шанхай хотод сурч, ажиллаж байгаад ирсэн бөгөөд Сонгдо эмнэлэгт судсан дотуурх мэс ажилбарыг хийдэг юм байна. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Манай улсад зүрх судасны өвчлөл яагаад ийм өндөр байдаг юм бол?
-Монголд бусад орнуудтай харьцуулахад өвчлөл их байгаа нь амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Тухайн хүнийг зүрх судасны өвчтэй эсэхийг тодруулахын тулд эхлээд эрсдэл хэр зэрэг байгааг бид тооцдог. Зүрх судасны өвчний эрсдэлийг биднээс хамаарах болон хамаарахгүй гэсэн хоёр том бүлэгт хувааж үздэг.
Биднээс хамаарахгүй эрсдэлд нас, хүйс, удамшил орно. Нас ахих тусам зүрх судасны өвчнөөр өвдөх, даралт ихсэх магадлал өснө. Эрэгтэй хүйс эмэгтэйгээсээ өвдөх магадлал өндөртэй байдаг. Мөн удамшил байна. Аав ээж нь, төрсөн ах дүү нь энэ өвчнөөр өвдөж байсан бол мөн л өвчлөх магадлалтай гэсэн үг. Эдгээр нь биднээс хамаарахгүй хүчин зүйлүүд.
Харин хамаарах ,өөрчилж болох хүчин зүйлд
- Тамхи
- Даралт,
- Сахар,
- Биеийн жингийн илүүдэл,
- Цусан дахь өөх тосны солилцооны алдагдал,
- Стресс,
- Нойргүйдэл,
- Хурхиралтын хам шинж гээд олон зүйл бий.
Энэ бүлгийг бид өөрчилж болно. Биеийн жингээ барьж, илүүдэл жингүй болоход анхаарч, тамхи татахгүй байх, татдаг бол болих эсвэл багасгах гэх мэт. Зөвхөн тамхи татахаа болиход л маш том эрсдэлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг. Сахарыг гэхэд хоол ундаар зохицуулж болно.
АНУ-д ч мөн адил энэ өвчнөөр нас барж буй хүмүүс маш их, нас баралтын нэгдүгээр шалтгаан болчихсон байна. Илүүдэл жин, сахарын өвчин, даралт газар авсан гээд эрсдэлүүд их байна. Гол шалтгаан нь түргэн хоол.
-Зүрхний шигдээс, тархинд цус харвалт залуужиж байгаа талаар ярьж байна. Сүүлийн жилүүдэд бүхий л төрлийн өвчин нас хамаарахгүй болчихсон юм шиг санагдах юм?
-Залуужиж байна гэдэг чинь амьдралын хэв маяг огцом өөрчлөгдөж байгаатай л холбоотой. Хүн үүсээд хэдэн зуун мянган жил болохдоо бусад амьтадтай л адилхан байгаль дээр оршин тогтнохын тулд тэмцэж, байгалийн шалгарлыг даван туулж ирсэн. Харин сүүлийн хэдхэн зуун жилд нийгэмшиж бидний амьдралд маш том өөрчлөлт орсон.
Тодруулбал сүүлийн 100-200 жилийн нийгэм, аж үйлдвэрийн хөгжлийн үр дүнд машин унаа, дулаан байр, хоол хүнсийг нийлгээр гаргаж авах болсон зэргээс хамаарч шинэ төрлийн өвчлөлүүд ч маш ихэсч байна.
Жишээ нь, Сахарын өвчин гэхэд л зуун жилийн өмнө маш ховор байсан. Хаад ноёд л энэ өвчнөөр өвддөг байсан. Харин одоо толгой дараалаад л энэ өвчнөөр өвчилж байна шүү дээ.
Одоо бид дулаан байранд амьдарч , машин унаад, идэж уух зүйл нь байгалийн бус нийлэг гэхээр л хүний биед маш их өөрчлөлт орж байна. Өвчлөл залуужаад байгаа шалтгааны гол нь энэ.
Зүрх судасны өвчинд маш сайн хяналт тавьж, эмчилж, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж чадах юм бол бууруулж, хянаж болох өвчин
Залуучууд, тэр дундаа эрчүүд 30 нас хүрээд л илүүдэл жинтэй болж, тамхи их татаж байна. Дээр нь маш их стресстэй байна. Стресс бол судсыг хатууруулдаг маш том хүчин зүйл. Бидэнд стрессдэх шалтгаан хангалттай их байна. Гараад машин жолоодоод зам дээр гарахад л стрессдэнэ. Дээр нь ажил төрөл, ар гэр,мөнгө төгрөг, зээл гээд маш олон зүйл байна. Тэгээд түүнийгээ багасгах ,тайлах аргаа буруу сонгоод байна. Стрессийг зөв тайлах ёстой. Спортын олон төрлөөр хичээллэж, булчин ажиллуулж хөлсөө гаргах нь хамгийн чухал байдаг. Гэтэл стрессээ тайлж байна гээд архи ууж, өдөр шөнөгүй хөзөр тоглодог хүмүүс ч байна. Энэ бол буруу.
-Энэ төрлийн өвчлөл их байгаа ч эмчилгээний үр дүн өндөр гэдэг.
-Зүрх судасны өвчин дэлхийн ихэнх орон, тэр тусмаа хөгжиж буй, хөгжингүй орнуудад нас баралтын нэгдүгээр шалтгаан байсаар байгаа гэж дээр хэлсэн. Харин зүрх судасны асуудлыг маш сайн хяналтад авсан Япон, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хавдар нас баралтын нэгдүгээр шалтгаан болдог. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр зүрх судасны өвчинд маш сайн хяналт тавьж, эмчилж, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж чадах юм бол бууруулж, хянаж болох өвчин юм гэдгийг харуулж байгаа юм.
Зүрх, судас гэсэн хоёр зүйл байгаа учраас өвчлөл өндөр байгаад байгаа. Харвалт, зүрхний шигдээс, дутагдал гээд дотроо олон төрлийн өвчлөл, хүндрэл орж байгаа учраас өвчилж буй хүний тоо, нас баралт өндөр байдаг гэж болно.
-Манайд хүмүүс өвчнөө хүндрүүлээд ирэх нь их байдаг шүү дээ. Зүрх судасны өвчний хувьд ямар байдаг юм бол?
-Ялгаагүй. Эрсдэлт бүлгийн хүмүүст ихэнхдээ амьдралын чанарт нөлөөлөхүйц зовуурь шаналгаа байхгүй яваад байдаг. Жишээ нь даралт ихтэй хүн байхад бага зэрэг шилэн хүзүү хөших, толгой дүүрэх гэх мэт зовуурь хааяа илэрдэг,тухайн үед нь дур мэдэж эм уугаад л тоохгүй яваад байдаг. Тэгж яваад л гэнэт зүрхний шигдээс, харвалт болдог. Тэр үед нь л айж сандарч ирнэ үү гэхээс эрсдэлт хүчин зүйлүүдийг анхаардаггүй. Хавдартай л яг адилхан.
Гол нь дээр дурдсан эрсдэлүүд хүнийг байж ядтал нь зовуурь өгдөггүй учир тоохгүй байгаа юм. Гэтэл цаагуураа хүний биеийг идчихдэг. Том хүндрэлийн дараа эмчилгээ ч үр дүнгээ өгөх нь бага болдог. Хувь хүний эрүүл мэнддээ анхаарах хандлага тодорхой хэмжээнд маш чухал. Тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Ядаж л даралтны хэвийн хэмжээг мэддэг, анхаарахгүй бол юунд хүргэж болдгийг мэддэг байх ёстой.
Мөн нас ахих тусам эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх хэрэгтэй. Эрсдэл байна гээд заавал эмнэлэгт хандах ёстой гэсэн үг биш. Эрсдэл байгаа бол үүнийг бууруулах, хянахын тулд би яах ёстойг мэддэг байх нь чухал.
-Зүрх судасны өвчинд халтай зүйл бол амьтны гаралтай өөх тос. Гэтэл манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар өөх тос идэх хэрэгтэй гэдэг.
-Ямар ч зүйл хэмжээ хязгаартай. Тэгэхээр хэмжээ нь ихдэх эсвэл багадах юм бол буруу болдог. Өөх тос огт хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэх нь хоёулаа сөрөг нөлөөтэй. Тодорхой хэмжээ гэдэг нь цусан дахь өөх тосны хэмжээг хэвийн хэмжээнд л барих хэрэгтэй. Монголчуудын амьдралын хэв маяг өнөөдөр өөрчлөгдсөн шүү дээ.
Өөх тосыг хэт хориглох нь цөсний чулуу үүсэх, тэнэгрэлийг мөн хавдрын эрсдэлийг ч нэмэгдүүлдэг
Монголчууд бүгд л нүүдлийн мал ахуй эрхэлж хатуу ширүүн уур амьсгалд зохицож амьдрахад идэж хэрэглэж байсан зүйлс нь түүндээ тохирсон байсан. Одоогийн ийм нөхцөл, орчинд тэр хоол хүнс хэвээрээ байгаад байвал болохгүй. Дагаад өөрчлөгдөх хэрэгтэй. Одоо дулаан байранд амьдарч, биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс тэр их өөх тосыг хэрэглээд байвал болохгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд тааруулж хэрэглэх хэрэгтэй.
Хүний биеийн бүх эс өөхөн давхаргатай байдаг. Өөх тос бол маш их энергийн эх үүсвэр байдаг. Хэт хориглох нь цөсний чулуу үүсэх, тэнэгрэлийг мөн хавдрын эрсдэлийг ч нэмэгдүүлдэг гэсэн судалгаанууд ч байдаг. Тиймээс зохистой хэрэглэх хэрэгтэй.
-Монголчуудын эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байна аа даа.
-Ажиглаад байхад Монголчуудыг гурван бүлэгт хувааж үзэж болж байгаа юм.
Эхний бүлэгт юм яриад хэрэгжүүлдэггүй, тоодоггүй хүмүүс орно. Тухайн хүнд тулгараад байгаа эрсдэлийг хэлээд байхад тоодоггүй. Тоосон ч хэсэг хугацааны дараа мартдаг. Явж явж том асуудалд ордог. Энэ бүлгийнхэн дийлэнх шахуу байгаа юм.
Харин дараагийнх нь бүлэгт хэт их анхаардаг хүмүүс багтаж байгаа юм. Сав л хийвэл эмнэлэгт хандаж, олон төрлийн шинжилгээ өгч түүндээ стресстдэг. Биеэ хэт чагнадаг гэсэн үг. Тухайн хүний биед асуудал байхгүй ч сэтгэлзүйд өөрчлөлт орж байгаа хүмүүс ихсэж байна. Тэд өөрсдөө энд тэндээс янз бүрийн юм олж уншина, өөрийгөө оношилно, дураараа эмчилгээ хийнэ, сүүлдээ эмчид итгэхээ болино, гадагшаа явж мөнгө, цагаа үрдэг нэг хэсэг байна.
Эрүүл мэндийн талаар зөв ойлголттой, маш сайн хяналтад явдаг хэсэг бүлэг хүмүүс байна. Гэхдээ маш бага хувийг эзэлнэ.
-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол чухал учраас лекц уншихаар болсон юм байна тийм үү. Лекцийнхээ талаар тодруулахгүй юу. Хэрхэн хамрагдах вэ?
-Тийм ээ, бид иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор уг лекцийн зохион байгуулж байна. Энэ бямба гарагт BlueSky зочид буудалд 11.30 цагаас “Зүрхний цусан хангамжийн дутагдал” сэдвээр үнэ төлбөргүй лекц уншиж, зүрхний титэм судасны өвчин,түүний эрсдэл, түүнээс хэрхэн сэргийлж болох талаар иргэдэд зөвлөгөө өгнө.
Өвдсөн хойноо яах вэ гэдэг нь чухал биш. Харин яаж өвдөхгүй байх вэ гэдэгт л эрүүл мэндийн боловсрол чиглэгдэх ёстой. Тиймээс зүрх судасны өвчин бол урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулах нь тус лекцийн гол зорилго юм.
Ямар ч системийн үед ганхахгүй, тууштай бодлоготой байх салбар бол эрүүл мэнд, боловсрол
Нийгмийн хөгжил хүмүүсийн эрүүл мэндэд маш том нөлөөтэй. Тухайн орны эдийн засгийн байдал, даатгалын систем, эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлгүүдийн нөхцөл бололцоо, эмч нарын чадвар гээд маш олон зүйл нөлөөлдөг. Манай орны хувьд эрүүл мэндийн салбар , тогтолцоо нь тэр чигээрээ дампуурчихсан. Улс төрчдийн шоу болоод л дуусч байна.
Ямар ч системийн үед ганхахгүй, тууштай бодлоготой байх салбар бол эрүүл мэнд, боловсрол. Тэр бодлого нь маш зөв байх ёстой. Гэтэл энэ байдлаа алдчихсан. Одоо зүгээр инерциэрээ л өнхөрч байна. Тиймээс бид иргэдэд бага боловч эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор тус лекцийг зохион байгуулж байгаа юм.
Дээр нь өөрийн эмнэлэг дээр хийгдэж буй шинэ соргог оношлогоо эмчилгээний аргуудаас танилцуулах бас зорилго тээж байна. Ер нь одоо нэг үеэ бодвол бас анагаах ухааны шинэ шинэ ололт амжилтууд монголд нэвтэрч, гадаад явах иргэдийн тоо бас тодорхой хэмжээгээр буурч байгаа. Үүнд гадаадын олон орны эмч нарын хамтын ажиллагаа их чухал нөлөөлдөг.
Сонирхуулахад, энэ сарын 22, 23-нд БНХАУ-ын Гуанжоу хотын профессор титэм судасны хүнд хэлбэрийн өвчлөлийг судсан дотуур эмчлэх мэс ажилбарыг манай багтай хамтарч хийхээр төлөвлөж байна. Иймэрхүү хамтын ажиллагаа бидний цаашдын ажилд их тус нэмэр болдог. Бидэнд туршлага хуримтлуулж, суралцах сайхан боломж болдог. Тиймээс титэм судасны хүнд өвчинтэй, эсвэл урд нь судсан дотуурх эмчилгээ амжилтгүй болсон хүмүүс урьдчилаад бидэнд хандаж болно.
Эх сурвалж: Сонгдо эмнэлэг