LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Ж.Бадрал: Уушги бол хамгийн мэд­рэмжгүй эрхтэн, цоор­сон байхад ч зүгээр яваад байна

Share

Ж.Бадрал эмчтэй ярилцлаа. Түүнийг хүмүүс уушгины Бадрал гэдгээр нь андахгүй мэддэг билээ.

-Өвлийн гурван сард нийслэлд утаа хэмжээ хяз­гаараа алддаг. Энэ тохил­долд хүний уушги яах вэ?

-Арваннэгдүгээр сар га­руут л хот маань утаагаар бүрхэгддэг болсон. Энэ нь хоёрдугаар сар хүртэл үр­гэлжилдэг. Утаанаас хам­гаалах гэж хүн бүр бодож байх шиг байна. Эмч нар ч утаа хүний биед яаж нөлөөлж байна, үүнээс яаж хамгаалах талаар байнга анхаарч бай­даг. Ер нь уушги бол хам­гаалах эрхтэн. Тийм учраас өөрийгөө хамгаалах, цэвэр­шүүлэх системтэй. Юу гэ­хээр цагаан мөгөөрс, гуур­сан хоолойг хучсан хучуур эд гаднаас амьсгал авахад агаар­тай хамт орсон бохирыг шүүгээд, амьсгалаар га­дагш­луулдаг. Гадагшлуулж байгаа хэлбэр нь цэр, нус, ханиад гэх мэтээр илэрдэг. Хэрэв утаа, тоос шороонд удаан хуга­цаагаар байгаад байвал ууш­гины хамгаалах, цэвэрлэх системийн үйл ажиллагаа алдагддаг.

Хамгаалалтын систем нь алдагдахаар өвдөнө. Үүний эсрэг эмч нар сайн ажиллах хэрэгтэй. Яаж хамгаалах ёстой гэхээр цэр шингэлэх, гадагшлуулах, цагаан мө­гөөрс гуурсан хоолойн на­рийсалтын эсрэг эмчилгээг хийх хэрэгтэй болдог.

-Утаанаас болоод хү­ний уушгинд ямар ямар согог үүсдэг вэ?

-Утаа, тоос нь хүний уушгинд ороод барьцалдаж, чулуун нүүрс шиг болчихдог. Уушги хатуураад гэмтдэг гэсэн үг л дээ. Ийм айхтар хүндрүүлэхгүйн тулд урьд­чилан хамгаалах хэрэгтэй.

-Танд үзүүлэхээр ирдэг хүмүүс голдуу ямар зо­виуртай байдаг вэ?

-Ханиалгах, цэр гарах, амьсгаадах, дотор бачуурах гэх мэт зовиуртай хүмүүс ирдэг. Уушгины зөвлөх эмч бол тэр олон зовиурыг хоо­ронд нь ялгаж салгахын тулд эхлээд зургийг нь авч үздэг. Зураг үзэхэд монголчуудын 80-90 хувь нь уушгины брон­хит буюу цагаан мөгөөрс, гуурсан хоолойн үрэвсэлтэй байдаг. Энэ нь бидний эрүүл мэндэд аюулын харанга дэл­дэж байгаа хэрэг.

-Энэ нь юутай холбоо­той вэ?

-Монголчууд өвөл нь утаа, хавар намарт нь тоос шороо, зунд нь ургамлын гаралтай янз бүрийн харшил, цагаан хөвөнтэй орчинд амьдарч байна. Байнга л ийм орчин байна шүү дээ. Энэ бүхэн нөлөөлж байна.

-Та түрүүн уушги өөрий­гөө хамгаалдаг гэ­сэн. Тэгвэл агаарын бохир­дол дээд цэгтээ хүрсэн өвлийн улиралд уушгинд тодорхой эмчилгээ хийвэл хамгаалах систем нь сэр­гэдэг гэсэн үг үү?

-Сэргэнэ. Уушгины ца­гаан мөгөөрсөн дотуур жир­вэлзүүр хучуур эд байдаг. Хучуур эдний өнгөн талд жижиг намирсан эс байдаг. Энэ нь гаднаас бохирдсон агаар аваад өөрөө тунгааж шүүж, буцаагаад гадагшаа ханиалгаар гаргадаг. Жир­вэл­зүүр хучуур эдийн өөрийнх нь хөдөлгөөнийг ихэсгэх, утаа, тоос шороо орох үед гадаг­шуулах төрлийн эмчилгээ хийвэл хамгаалах систем нь сэргэдэг.

-Өвлийн улиралд эрүүл хүн ч ийм эмчилгээ хийлгэх хэрэгтэй юу?

-Өвдөхөөс нь сэргийлэх арга хэмжээ авч болно. Ер нь хүний биед таван цул, зургаан сав эрхтэн байдаг гэдэг. Таван цул эрхтэнд уушги, зүрх, элэг, дэлүү, бөөр ордог. Үүнээс хамгийн чухал эрхтэн нь уушги. Хүн эхээс төрөхдөө л амьсгалж эхэлдэг. Ертөн­цийн мөнх бусыг үзээд нас эцэслэхэд амьсгал хураагд­даг. Энэ хооронд уушги гад­наас цэвэр хүчилтөрөгч аваад цусаар дамжуулан бие мах­бодийн эд эсэд хүргэх гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүр­гийнх нь ямар нэг хэсэгт саад гарах юм бол янз бүрийн өвчин үүснэ. Хоолой дээр сэрвэлзээд ханиалгаад эхэлж байгаа чинь утаа, тоос биед орж байна гэдгийг бие орга­низм илэрхийлж байгаа хэрэг. Мөн дотогш орохоос сэр­гийлж, ханиадаар гадагш­луулж байна гэсэн үг. Ууш­гины аль хэсэгт утаа, тоос хуримтлагдаж эхэлж байна гэдгээс өвчлөл нь шалт­гаална.

-Ер нь уушгийг эрүүл байлгахад юу хамгийн чу­хал вэ?

-Цэвэр агаар л хамгийн чухал шүү дээ. Япон өмнө нь агаарын бохирдол ихтэй, утаа тоос тортогтой байж л дээ. Тэр үед цэвэр агаараар амьсгалуулдаг систем бай­сан гэдэг.

-Сүүлийн үед уушгины хорт хавдар ихэссэн гэдэг. Шалтгаан нь юу вэ?

-Тийм ээ. Хавдар ихсэх шалтгаан нь саяын бидний яриад байгаа цагаан мөгөөрс, гуурсан хоолойн хурц үрэв­сэл эхэн үедээ оношлог­доогүй эсвэл эмчлэгдээгүй бол архагшдаг. Энэ үед нь тохирсон эмчилгээ хийхгүй бол хавдрын урьдал өвчин болно. Үүнийг эмчлэхгүй бол хавдар болж, хажуу эрхт­нүүддээ нөлөөлж эхэлдэг. Энэ үед нь оношилбол эдгэ­рэх магадлал тун бага.

-Уушги өвдлөө гэхэд биед хэрхэн зовиур илрэх вэ?

-Уушги бол хамгийн мэд­рэмжгүй эрхтэн. Уушги цоор­сон байхад ч зүгээр яваад байна. Бүр хүндэрч байж л өвчин мэдэгддэг. Тийм боло­хоор урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог хийлгэж байх хэрэгтэй.

-Та уушгины эмчээр хэ­дэн оноос ажиллаж байна вэ?

-1962 онд Анагаахын дээ­дийг төгссөн. Тэр үед Эрүүл мэндийн сайд Туваан гуай намайг Архангай аймагт то­милсон юм. Аймгаасаа сум дундын эмнэлгийн анхны их эмчээр очиж байлаа. Биднийг төгсөх үеэр Туваан сайд хүн бүртэй л уулзаж ярилцаж байсан. Тэгэхэд намайг дөр­вөн өнчин дүүтэй, амьдралын боломж муу юм гээд сур­гуульдаа багшаар авч үлдье гэж байсан юм. Сайд надад “Нэг жил юу ч гэсэн хөдөө ажиллаад үз. Яаж ажиллахыг чинь харъя” гэсэн. Нэг жилийн дараа ирээд Сүрьеэ эсэр­гүүцэх диспансерт эмчээр очсон. Түүнээс хойш 45 жил энэ чиглэлээр ажиллаж байна.

-Таны залуугийн үетэй одоог харьцуулахад ууш­гины өвчлөл хэр ихэссэн бэ?

-Жил ирэх тусам эрчим­тэйгээр нэмэгдэж байна. Олон шалтгаан бий байх. Ялангуяа бронхит буюу ца­гаан мөгөөрсөн хоолойн үрэв­сэл бүр ихэссэн. Сүрьеэ ч нэмэгдсэн. Ер нь өвөл хатгалгаа авдаггүй хүн бараг байхгүй болсон байна.

-Уушги бүрэн төгс эмч­лэгддэг эрхтэн үү?

-Хавдрын сүүлчийн шат л биш бол ямар ч өвчний үед бүрэн төгс эмчлэгдэнэ. Гэх­дээ зөв оношлох хэрэгтэй.

-Сүрьеэ юунаас болж үүсдэг вэ?

-Сүрьеэ бол тусгай үүс­гэгчтэй өвчин. Таван төрлийн үүсгэгч байдгаас манайд хүний болон үхрийн төрлийн үүсгэгч нян бий. Үхрээс хүнд халдана. Хүнээс хүнд хал­дана. Тийм учраас Хэнтий, Дорнодын буриадууд түүхий сүүгээ хэрэглэдэг зуршлаа­саа болоод сүрьеэ ихтэй байдаг.

Д.Оюунтуяа

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!