Орчин үеийн тренд өвчний нэг бол яах аргагүй таргалалт буюу биеийн жингийн илүүдэл юм. Биеийн жингээ бууруулах олон янзын арга байдгаас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, тодорхой эрсдэл бүхий, ашиг сонирхол агуулсан арга манай улсад цөөнгүй ажиглагдаж байна. Иймд, та ам дамжсан, эх сурвалж хангалтгүй, нотлогдоогүй аргыг бүү хэрэглээрэй.
Тэгвэл жин хасахад туслах шинжлэх ухаанч дадлыг та бүхэнд хүргэе. Харвардын Анагаах Ухааны Сургуулийн Хоол хүнс шим тэжээлийн тэнхимийн доктор, профессор Жорж Л. Блэкбөрны жин хасахад туслах сонирхолтой 6 дадлын талаар өгүүлье.
ИДЭЖ БУЙ ЗҮЙЛ, ЗУРШИЛДАА ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ
Хэрвээ та амьдралын хэв маяг, идэх зуршилдаа өөрчлөлт оруулахгүй бол биеийн жин нэмэгдсээр зүрх судас, дотоод шүүрэл зэрэг эрхтэн системд нөлөөлөх сөрөг нөлөө ар араасаа бий болгосоор байна. Жингээ хасахад хамгийн чухал зүйл бол идэж буй хоол хүнсэндээ хүндэтгэлтэй хандах дадал юм. Тухайлбал, аливаа хоол хүнсний зүйлсийг шууд ам руугаа хийхээсээ илүүтэй ширээн дээр сууж, аяга тавган дээр тавин, хүндэтгэлтэйгээр идэх хэрэгтэй. Энэ нь хоолны амтыг нэмэгдүүлэн хоол идсэн мэдрэмж төрүүлэн зөв хооллоход тусална гэсэн үг. Мөн өлсөх мэдрэмжээ ч хүндлэх хэрэгтэй. Өлссөн бол гүрийхгүйгээр бага зэрэг юм идэж, таалагдсан зүйл байвал ганц хоёр идэж болно. Яагаад гэвэл таалагдсан зүйлээ идэхгүй хориглох, их өлсөх нь хэт их, замбараагүй идэх зэрэг буруу зуршил үүсгэж байдгийг олон судалгааны үр дүн харуулсан байдаг.
ЭРҮҮЛ ХООЛ БЭЛТГЭХДЭЭ ЦАГ ГАРГАЖ СУРАХ
Гэртээ бэлтгэсэн хоол нь гадуур идэх хоолноос калори, өөх тос, сахар, давс бага агуулсан байдаг. Өөрөө хоол бэлтгэж идэх нь эрүүл хооллохоос гадна цадах мэдрэмжийн босго багасах, хэт их идэх зуршил буурснаар зөв зохистой хооллох дадал үүсэхэд тусалдаг. Гэхдээ хоол хүнсэндээ хэрэглэх зүйлсээ зөв сонгох, эдгээр хүнсээр өөртөө тохирсон хоол хийх нь амьдралын зөв хэв маягт суралцахад сайнаар нөлөөлнө. Профессор Блэкбөрн хэлэхдээ “Та долоо хоногийн хувиартаа хүнсээ цуглуулах, хоол хийх цагийг тусгах хэрэгтэй. Ингэж чадвал хоолны дэглэм барихад тустай” гэжээ. Дараа долоо хоногийнхоо төлөвлөгөөг гаргахад ердөө бүтэн сайны орой 15-30 минут байхад болно. Хоол хийх цагаа хэмнэхийн тулд хэрчсэн ногоо болон бүхэл үрийн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэж болно.
ХООЛОО АЛЬ БОЛОХ УДААН ИДЭЖ ДАДАХ
Та хоол идэх бүртээ 20 минутаас дээш хугацаагаар идэж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл ходоодонд хоол орж эхэлснээс хойш 20 минутын дараа ходоод гэдэсний гормон, рецептор тархи руу цадсан мэдрэмжийг үүсгэж байдаг. Хэрвээ та хоолоо хурдан идвэл удаан хооллосон хэмжээнээс 2-3 дахин их идэхэд хүргэнэ. Хоолоо удаан идэхийн тулд аль болох удаан зажлах, идсэнийхээ дараа юм ярих, шингэн зүйл уух зэргээр амсхийж байх хэрэгтэй.
ӨГЛӨӨНИЙ ЦАЙНААС ЭХЛЭН ХООЛНЫ ХЭМЖЭЭГ БАГАСГАХ ЗАРЧИМ БАРИМТЛАХ
Та бид энэ зуршлаас эсрэгээр өглөө өлөн гараад өдөр бага зэрэг идэж, улмаар орой ихээр иддэг. Энэ бол маш буруу дадал учраас өглөө, өдөр аль болох хоолныхоо ихэнх хэсгийг идэж, орой бага зэрэг идэх хэрэгтэй. Өглөөний цай нь таны өдрийн турш явагдах бодисын солилцоог дэмжиж өгснөөр өөх тосыг шатаадаг ферментийг идэвхжүүлж байдаг. Мөн өглөөний цайгаа бага хэмжээгээр уух эсвэл огт уухгүй бол үдийн цайны цаг хүртэл та их өлссөний улмаас хэтрүүлэн идэх магадлалтай. Ер нь хоол идэх бүртээ 450ккал-ийг авч чадах юм бол өлсөх мэдрэмж тэр бүр төрдөггүй.
АЛЬ БОЛОХ САЙН УНТАЖ АМРАХ
Маш олон судалгаагаар бага унтвал таргалуулна гэдгийг тогтоосон байдаг. Бие организм цаанаасаа 6 цагаас бага унтвал стресстэж хооллох зуршил тогтворгүй болсоноор буруу хооллож эхэлдэг. Хэрвээ та унтаж чадахгүй эсвэл сэргэг унтдаг бол нойрсуулах эм биш хөдөлгөөнт эмчилгээний арга хэрэглэж үзэх хэрэгтэй.
БИЕИЙН ЖИНГЭЭ ОЙР ОЙРХОН ҮЗЭХ
Хэрвээ таньд жин байхгүй бол заавал аваарай. Ханандаа календарь өлгөн жингээ үзсэн өдрөө тэмдэглэж, өдөр болгон жинлэсэн дүнгээ тэмдэглээрэй. Энэ үйлдэл нь ердөө хэдхэн секунд зарцуулах бөгөөд энэ нь таныг зорилгодоо хүрэхэд туслах болно. Ихэнх хүмүүс идсэн болон шатаасан ккал-оо хянах нь хэцүү гэж үздэг. Гэхдээ та өдөр болгон жингээ үзэх юм бол та хүссэн бүхнээ мэдэх боломжтой. Нэмж хэлэхэд судалгаагаар жингээ ойр ойрхон үзсэн хүмүүс илүү турсан байдаг бөгөөд цаашид турдаг аж.
Та бүхэнд чухалчлан захихад турах бүтээгдэхүүн хэрэглэх, сүлжээний зүйл хэрэглэхээс илүүтэйгээр дээрх дадлыг ашиглаж жингээ хасаарай хэмээн хүсэж байна. Харвардын профессорын жингээ хасах 6 дадлыг дэлгэрүүлэх бол дараах подкастаас сонсоорой.
Эх сурвалж: Harvard Health Publishing