LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Хэт уурлаж бухимдах, уцаарлах зэрэг нь ЭЛГЭНД муугаар нөлөөлдөг

Share

Уншигчиддаа зориулж Анагаах ухааны магистр, Уламжлалт анагаах ухааны ахлах эмч, хүний их эмч Б.Мягмарсүрэнгийн буланг нээн ажиллуулж түүний зөвлөмжүүдийг нийтэлж байна.

-Элэг цөсний өвчний талаар сүүлийн үед маш их ярьж бичиж байгаа. Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчнийг юу гэж үздэг вэ?

-Манай Монголчууд халуун цустай гэж ярьдаг нь оргүй үг биш байх л даа. Цусны халуун чанар хэмжээндээ байх үедээ хүний бие эрүүл чийрэг, зүрх зоригтой, хүч чадалтай өлчир байдаг. Энэ нь мөн өвчин эсэргүүцэх чадвартай, оюунлаг байх үндэс суурь нь болдог. Харин цус шарын халуун арвидаж хямарвал хамгийн түрүүнд элэг цөс өртөж өвчилж эхэлдэг.

-Цус шарын халуун арвидаж хямарснаас хүний биед ямар ямар өөрчлөлт орох вэ?

-Үүнээс болж хүний биед өвчин эмгэгийн олон шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд юуны түрүүнд:

-Цус эсүүд болон судасны хана гэмтэнэ. Мөн,

-Судас бөглөрөх

-Нүд өвдөх

-Хараа муудах

-Яс хэврэгших

-Хоолны шингэц муудах

-Остеохондроз зэрэг бодисын солилцооны хямралууд,

-Цусны даралт ихсэх

-Цус харвах

-Үе мөч арьсны гээд олон өвчний үр дагавар илэрдэг.

-Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчнийг хоол унднаас шалтгаалсан гэж үзэж, идэж ууж байгаа зүйлээр нь эмчилдэг гэж үнэн үү?

-Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчнийг идээ ундаагаар эмчлэхээс гадна явдал мөрийн нөхцлийг авч үздэг. Ер нь цусны халуун чанарын өвчинтэй хүнд галын төөнөх илч, наранд шарагдах гэх мэтийн халуунд халах, биеийн хүчний хүнд ажил эрхлэх, хэт уурлаж бухимдах, уцаарлах зэрэг нь хор нөлөөтэй байдаг.

-Цус шарын халуун арвидахыг яаж эмчлэх вэ?

-Энэ өвчнийг ургамал амьтны гаралтай уламжлалт монгол эм тан, хануур хатгуур, сам соруул, шивүүр, усан засал, зүү бариа заслын аргуудыг зөв хослуулан эмчилдэг.

-Ер нь хүн яавал өвчлөхгүй байж болох вэ?

-Ер нь архаг хууч өвчингүй, эрүүл чийрэг биетэй, хоол унд, ажил амралтын дэглэмээ чанд сахиж чаддаг хүмүүс өвчинд өртөх нь бага, бараг өвчилдөггүй.

-Халдварт өвчинд өртөхгүйн тулд яах ёстой вэ?

-Халдварт өвчинд өртөхгүй байхын тулд эрүүл ахуйн дэглэмийг насан туршдаа сахиж явах ёстой.

-Халдварт өвчин яагаад байн байн гараад байдаг юм бэ?

-Үүнд нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Тухайлбал;

-Хүн амын нягтрал хэт ихсэх

-Орчны ариун цэвэр муудах

-Агаар, ус бохирдох

-Хоол хүнсний чанар алдагдах… зэргээс үүдэн хүн амьдрах эрүүл

орчин хомсдож байна. Үүнээс болж сүүлийн үед янз бүрийн өвчлөл, тэр дундаа халдварт өвчний дэгдэлт ихсэх гол шалтгаан болж байна.

-Монголчуудыг маш буруу хооллодог гэдэг. Тиймээс хоол боловсруулах замын өвчнөөр маш их өвддөг гэх юм билээ. Та үүнийг юу гэж үздэг вэ?

-Олдохоор нь олиг болтлоо идээд, олдохгүй болохоор нь олийтлоо хоосон явна гэж үг байдаг. Их үнэн үг байгаа биз. Өглөө өлөн ходоодыг цочроохгүй, бүлээн зөөлөн чанартай амархан шингэх, хөнгөн хоол цай хэрэглэж байвал бие хямрах, хүнд оргих нь бага байдаг.

-Монголчуудын ихэнх нь өглөө юм идэх дургүй байдаг. Энэ буруу биз?!…

-Өглөө юм идэх дургүй хүмүүс байдаг. Үүнийг ихэнх хүмүүс зүгээр л өглөө юм идэх дургүй мэтээр тайлбарладаг. Гэтэл энэ нь цаанаа заавал шалтгаантай байдаг. Өглөө унд ууж, юм идэх дургүй байна гэдэг бол таны хоол боловсруулах эрхтэн, системийн хямралд орсныг илэрхийлж байгаа хэрэг. өөрөөр хэлбэл энд болохоо байлаа гэдгийг мэдэгдэж буй дохио юм. Иймд ядахдаа ганц аяга буцалсан бүлээн ус (бага зэрэг жамц давстай ч байж болно) уугаад сурчих хэрэгтэй. Ингэж чадвал яваандаа өөр болно.

-Энэ талаар уламжлалт анагаах ухааны ном сударт юу гэж өгүүлсэн байдаг бол?

-Эмнэлгийн ном сударт “өвчний эх нь эс шингэсэн, эмийн эх нь ширгээсэн ус” гэж заасан байдаг юм. Энэ чигээрээ өглөөд өлөн яваад байвал та олон муу эмгэгтэй болно гэсэн үг. Үүнд:

-Цөс өтгөрнө

-Цөсний хүүдийд чулуу үүснэ

-Арьс бараантаж харлана

-Арьс хуурайшна

-Арьс хогжруутна

-Арьс эвэршинэ

-Шалтгаангүйгээр үе мөч үе үе өвддөг болно

-Хумс амархан хугарамтгай болно

-Үс унамтгай болно

-Биеийн жин нэмэгдэнэ…

Удаан хугацаагаар өглөө унд уухгүй байснаас таны биед ямар өөрчлөлт орсныг энэ мэтийн олон шинж тэмдгүүд илэрхийлэх боловч цаагуураа элэг цөс хямарч байгаа хэрэг юм.

-Тэгвэл зөв хооллохын тулд яах ёстой вэ?

-Зөв хооллоно гэдэг их учиртай. Юуны түрүүнд хоолыг яарч сандралгүй тайван идэх хэрэгтэй. Мөн хооллох явцдаа уурлаж уцаарлахгүй, чанга чанга ярих хэрэггүй. Хамгийн гол нь тайван амгалан сууж хооллохыг хичээ. Ингэж хооллох нь эрүүл мэндэд маш чухал нөлөөтэйг санаж яв.

-Тэгвэл буруу хооллох гэж юуг хэлэх вэ?

-Буруу хооллолт гэдэгт тухайн хүний наад захын буруу зуршлууд ордог. Үүнд:

-Орой хэт оройтож хооллох

-Их өлсөж ирээд гэнэт их идэх

-Таарамжгүй хоол хүнсний зүйлийг хольж хэрэглэх

-Халуун хоол идээд араас нь хүйтэн унд уух

-Гэдэс ходоодоо дааруулах

-Ихээр уурлах

-Тураах эм бэлдмэл, цай зэргийг их хэмжээгээр хэрэглэх…

Эдгээр нь ходоодыг цочроон агшааж, хоол боловсруулахад шаардагддаг. шүүрлүүдийн ялгарлыг саатуулдаг. Үүнээс болж хоол шингэхгүй, ходоод өвдөх, гэнэт гүйлгэх, гэдэс дүүрэх, дотор муухайрч бөөлжих шинж илэрнэ. Энэ байдал олон дахин давтагдвал ходоод шархлах аюултай.

-Хүний дотоод эд эрхтнүүдийн онцлог гэж байдаг уу?

-Байлгүй яахав. Жишээлбэл:

-Ходоод өлсөх дургүй

-Бас хэт их идэх дургүй

-Элэг халууцах дургүй

-Бөөр даарах, усанд живэх, бас хатах (шингэн алдах, хэт их цангах гэх мэт) дургүй

-Уушги угаартах дургүй

-Зүрх шимшрэх, бачуурах дургүй

-Дэлүү амттанд бялуурах, цусаар дутагдах (цус алдах, цус багадах тэх мэт) дургүй гэдэг. Иймд дээрх онцлогуудыг санаж хоол ундаа тохируулан хэрэглэж занших хэрэгтэй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!