LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

О.Мөнгөнцэцэг: Нүд хуурайших нь хүний дотоод эрхтэнээс мөн шалгаалдаг

Share

Нүд бол хүний хамгийн чухал эрхтэн. Бидний гаднаас авч буй мэдээллийн 70 гаруй хувь нь нүдээр дамждаг. Мөн маш эмзэг эрхтэн учраас өчүүхэн төдий гэмтэл хараа муутгах цаашлаад сохрох аюулд хүргэж мэднэ. Тиймээс ертөнцийг харах гэрэлт мэлмий нүдээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө авахаар Монгол Улсын хүний гавьяат эмч Ч.Оросоогийн нэрэмжит “МБДХ” эмнэлгийг зорилоо. 2001 онд байгуулагдсан энэ эмнэлэгт харах эрхтэний эмгэгүүд болон нүдний цайж хатуурсан болор авах, нүдний даралт ихдэх үеийн мэс засал зэрэг 30 гаруй төрлийн эмчилгээ хийдэг гэнэ. Тус эмнэлгийн их эмч, анагаах ухааны магистр О.Мөнгөнцэцэг тэй уулзлаа.

-Сүүлийн үед нүдний ямар төрлийн өвчин зонхилж, хэдэн насныхан илүү өртөж байна вэ?

-Насны хувьд бараг бүх насныхан нүдний ямар нэг өвчтэй байна гээд хэлчихвэл нэг их буруудахгүй дээ. Жишээ нь, бага насны хүүхдүүдийн хараа их муудаж байна. Энэ нь олон цагаар зурагт үзэх, компьютер тоглох зэргээс үүдэлтэй. Ахмад хүмүүсийн хувьд болор цайх эмгэг их болсон. Ер нь манайханд нүдний талстын үрэвсэл их. Үе мөчний өвчин, хоолойны ангинаас үүдэлтэй солонгон бүрхэвчийн үрэвсэл ихэссэн. Мөн янз бүрийн гэмтэл ослоос нүдний хараа нь муудсан хүмүүс олон ирж байна.

Дээрээс нь ухархайн хананы гэмтэл нэлээд нэмэгдэх хандлага ажиглагддаг. Ялангуяа залуучууд архи дарс ууж хоорондоо зодоон хийж нэгнийхээ нүдийг таглачихдаг. Энэ үед нүдийг тойрон байрладаг ясан дөрвөн хана нь хугардаг. Үүнээс болоод хараа муудах эрсдэл өндөр байна. Яваандаа сохрох тохиолдол ч бий. Ер нь харааны эрүүл ахуйн дэглэм алдагдсанаас энэ бүх өвчин эмгэг үүсч байна. Түүнээс хүн болгоны хараа муудах ёстой биш шүү дээ. Нөгөө талаар нүдний өвчин цаг агаар уур амьсгалтай их холбоотой.

Манай агаар хэт хуурайгаас хүмүүсийн нүд их хуурайшдаг. Хуурай нүд гэдэг өвчин үүсэх таатай орчин гэсэн үг. Ялангуяа хэт ягаан туяаны нөлөөлөлд амархан өртдөг. Сүүлийн үеийн LCD дэлгэцийг туяа ялгаруулдаггүй гэдэг боловч манайханд нөлөөлөөд л байна. Компьютерийн ард суугаа хүмүүс нүд аргаад өвдөөд байна гэдэг нь үүний баталгаа. Дээрээс нь оффисын өрөөнүүд агааржуулалт муутай. Нэг өрөөнд олон компьютер зэрэг ажиллаж, дээрээс нь өдрийн гэрэл удаан асаадаг нь нүдний эвэрлэг бүрхэвчийг гэмтээгээд байгаа юм.

-Энэ бүхнээс нүдээ хэрхэн хамгаалах вэ?

-Юуны өмнө нүдээ байнга чийгшүүлэх ёстой. Мөн нарнаас, хэт ягаан туяанаас хамгаалах шилийг зүүж байвал нүдний бүрхэвч гэмтэхгүй. Хар өнгийн даавуу наранд яаж гандаж өнгөгүй болдог билээ хүний нүд түүн шиг л наранд мууддаг. Манайхан хараа муутай хүн л шил зүүдэг гэж буруу ойлгодог. Хэрэв манайх Япон, Солонгос шиг далайн чийглэг уур амьсгалтай байсан бол шил зүүх шаардлагагүй л дээ. Хамгаалалтын шил хараа муудах, нүд хуурайшихаас 50-60 хувь хамгаалж чадна. Нүд хуурайших нь мөн хүний дотоод эрхтэнээс шалгаалдаг. Өнөөдөр манайхан бараг толгой дараадан ангинтай, шүд нь хорхойтой. Тиймээс хүүхдэдээ багаас нь анхаарал тавьж өвчнөөс урьдчилан сэргийлж байх хэрэгтэй.

-Нүдээ чийгшүүлэх хэрэгтэй гэлээ, гэрийн нөхцөлд ямар арга байна?

-Шингэн зүйлийг сайн уух хэрэгтэй. Хүн хоногт 2-2.5 литр шингэн уух ёстой юм. Гэрийн нөхцөлд хамгийн амархан арга бол буцалсан хүйтэн усаар нүдээ угаах. Зовхио татаж байгаад тариур юм уу, дусаагуур ашиглаад угааж болно. Хиймэл нулимс бас тустай. Энэтхэг, Тайланд, Орос болон Европын орнуудаас оруулж ирдэг юм. Гэхдээ Европынх нь Монголчуудад арай илүү тохирдог санагддаг.

-Нүдний ханиад гэж хүмүүс ярьдаг болж. Энэ ямар өвчин бэ?

-Вирүсээр үүсгэгддэг болохоор нь тэгж нэрлэдэг. Гурван жилийн өмнөөс л манайд орж ирсэн. Сүүлийн үед үер ус, орчны бохирдолтой холбоотойгоор агаар дуслаар халдаж хүмүүсийн өвчлөл нэмэгдэх болсон. Түүнээс гадна стрессээс үүдэлтэйгээр нүдний өвчлөл энэ зун их байлаа. Нүдний ханиаднаас сэргийлэх хамгийн сайн арга бол хувийн ариун цэвэр сайн сахих. Гадуур явж ирээд гараа тогтмол угаах хэрэгтэй. Мөн халуун өдөр зайрмаг идэх сайн биш. Бороонд норж даарч болохгүй. Даараад ханиад хүрэх нүдний өвчин тусах таатай нөхцөл бүрдээд байна гэсэн үг. Биеийн эсэргүүцэл сайн байх өвчин тусахгүй байх сайн арга.

-Нүд аргахад тустай гэсэн янз бүрийн дусаалга их болжээ. Аль нь сайныг мэдэх арга байх уу?

-Сайн гэсэн болгоныг дусаагаад байж таарахгүй. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байж хэрэглэх ёстой. Сүүлийн үед Японы витамин DA 6, D6, АЕС гэх зэрэг гоо сайхны дусаалгуудыг өргөн хэрэглэдэг болж. Энэ нь хүн бүхэн таараад байдаг ч юм биш. Тэгээд ч энэ чинь чийглэг уур амьсгалтай орныхонд зориулагдсан дусаалга шүү дээ. Өөр нэг буруу дадал нь манайхан дусаалгыг дамжуулан хэрэглэдэг. Үүгээр дамжин өвчин халдварлаж болохыг ойлгодоггүй. Мөн буруу дусаадаг. Зовхи, сормуусанд хүргэхгүйгээр дусаах ёстой юм. Сормуусаар дамжин гаднаас нян оруулж болзошгүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг болж байгаа юм.

-Нүд өвдөхөд хөхний сүү дусаах сайн гэдэг. Энэ хэр зөв бэ?

-Манайхан нүдэнд юм орвол долоодог, нүд өвдлөө гэхэд хөхний сүү дусаах зэргээр эртнээс уламжлаад ирсэн аргуудыг их хэрэглэдэг. Гэхдээ энэ буруу юм. Хэлээрээ долоож байгаад сохолсон тохиолдол хүртэл бий. Саяхан нэг залуу нүд нь өвдөхөөр ламд очиж хоёр хоног долоолгосон гээд бүр хүндэрсэн хойно нь эмнэлэгт ирсэн. Нүдний өнгөн хэсгийн хогийг авсан ч гаднаас нян ороод нүдний дунд давхаргыг үрэвсүүлээд түүнийг бараг хараагүй болгох шахсан байна билээ. Хөхний сүү дусаах бас буруу. Бага зэрэг улайсан үед болно. Харин үрэвссэн тохиолдолд сүү дусаахад тэжээлт орчинг нь бий болгочихдог.

-Нүд амраах хамгийн энгийн дасгалыг манай уншигчдад зааж өгөөч.

-Аль болох алсыг ширтэх, үгүй ядаж өрөөнийхөө буланг ширтэх хамгийн энгийн дасгал. Хамрын үзүүрээ харах, нүдээ эхлээд цагийн зүүний дагуу, дараа нь эсрэгээр нь эргэлдүүлж харах, чанга аних зэрэг дасгалыг өдөрт хэдэн ч удаа хийж болно.

-Давхраа хийлгэх хараанд нөлөөлдөг гэж үнэн үү?

-Нүдний зовхинд хийж байгаа мэс ажилбар учраас хараанд нөлөөлнө гэж байхгүй. Эмч нар 16-гаас дээш насны хүнд давхраа хийхийг зорьдог нь учиртай. Мөгөөрсөнд барьж оёдог учраас хүүхдийнх арай бэхжээгүй байдаг юм.

Б.Түмэн

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!