LOADING

Type to search

Uncategorized

“Нүдний даралт гэнэт нүд ихээр улайх, хараа муудах, толгой өвдөх, огиулж бөөлжих шинжээр илэрдэг”

Share

Хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаалан нүдний даралт ихсэх өвчнөөр өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгдэж байгаа.

Тиймээс Нүдний даралт ихсэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Болор мэлмий” эмнэлгийн нүдний эмч Ш.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Юунаас болж нүдний даралт ихэсдэг вэ?

-Нүд өөрийн гэсэн хэвийн даралттай эрхтэн. Харааны мэдрэлд нүдэнд ирж байгаа мэдээллийг тархинд дамжуулдаг мэдрэлийн багц байдаг. Даралт өндөр байвал харааны мэдрэл нь цайрч, хатингаршаад түүнд байгаа мэдрэлийн эсийн тоо цөөрснөөрөө хараагүй болдог. Нүдний даралт ихсэх өвчин нь төрөлхийн, залуу насны болон 35-аас дээш насны гэсэн хэлбэртэй. Ихэнхдээ 35-аас дээш насны хүмүүс өвчлөх нь элбэг байдаг.

-Нүдний даралт ихэссэн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Энэ өвчин тухайн хүнээсээ хамаараад өөр, өөр хэлбэрээр илэрдэг. Үүнээс хамгийн элбэг тохиолддог 35-аас дээш насныхны даралт нь дотроо нээлттэй, хаалттай хэлбэрээр явагддаг. Ази хүмүүст хаалттай хэлбэр нь элбэг тохиолддог. Гэнэт нүд ихээр улайх, хараа муудах, толгой өвдөх, огиулж бөөлжих гэсэн шинжээр илэрдэг. Энэ нь архаг хэлбэрээр илэрсэн тохиолдолд онцын зовиур мэдрэгддэггүй. Нээлттэй хэлбэр гэдэг нь Европын орнуудад ихэвчлэн тохиолддоно. Азиас Япончууд энэ хэлбэрээр илүү өвчилдөг. Ийм хэлбэрийн өвчнөөр өвчилсөн тохиолдолд зовиургүй, маш удаан хугацаагаар явагддаг учраас аюултай. Ихэвчлэн хожуу буюу хараагаа алдсан тохиолдолд илрэх аюултай юм.

-Нүдний даралт ихсэх өвчтэй хүн хараагаа алддаг хэрэг үү?

-Эмч нар энэ өвчнийг нүдний хавдар ч гэж хэлдэг. Нэгэнт хараагүй болсон тохиолдолд эмчлэгддэггүй учраас аюултай. Ямар нэгэн байдлаар нүдний даралтаас болоод хараа алдсан тохиолдолд хараа дахин сэргэх боломжгүй.

-Манай улсын хувьд энэ өвчний тархалт ямар байдаг вэ?

-Сүүлийн үеийн судалгаагаар хаалттай хэлбэрээр 1000 хүнд 1,4 хувь өвчилнө. Харин нээлттэй хэлбэрээр 1000 хүнд 0,5 хувь нь өвчилдөг гэж үздэг. Энэ өвчин нь сохролд хүргэдэг өвчнүүдийн хоёрдугаарт бичигдэж, 30 орчим хувийг эзэлдэг.

-Нүдний даралт ихэссэн үед болор солиулж болох уу?

-Нүдний бүтцээс хамаараад олон төрлийн өвчлөл үүсдэг. Үүний нэг нь болор солиулах юм. Болор солиулах, нүдний даралт хоёр хоорондоо холбоогүй. Болор гэдэг бол өөрөө хүний насан туршид байнга томорч байдаг эрхтэн. Тиймээс нас ахисан хүмүүсийн болор томорсноос болоод нүдний даралтыг хоёрдогчоор үүсгэж болдог. Ийм тохиолдолд болрын хагалгаа хийлгэж болдог.

-Сүүлийн үед охид, бүсгүйчүүд нүдний давхраа хийлгэдэг болжээ. Энэ нь нүдний даралт ихсэхэд нөлөөлөх үү?

-Нүдний давхраа оёулах нь зовхин дээр хийдэг косметик хагалгаа. Тэгэхээр энэ хоёр хоорондоо холбоогүй. Нүдний косметик хагалгаа нь нүдний хараа, өвчлөлд нөлөөлөхгүй. Харин гоо сайхны тал дээр асуудал үүсч магадгүй. Учир нь дээд зовхины хагалгаа булчинг гэмтээх аюултай. Харин доод зовхинд хагалгаа хийлгэхдээ хэт их татсанаас болоод нүд улайх нулимс гарах зэрэг зовиуртай болдог.

-Нүдний даралттай хүн юуг хориглох хэрэгтэй вэ?

-Нээлттэй хаалттай хэлбэрээс нь хамаараад хориглох зүйл нь хүртэл өөр байна. Хаалттай хэлбэрээр өвчин нь оношлогдсон тохиолдолд харанхуй газар удаан сууж болохгүй. Ялангуяа манайхан өрөөнийхөө гэрлээ унтрааж байгаад телевизор үздэг. Ийм тохиолдолд өвчин хүндэрдэг. Тэгээд аль аль хэлбэрт нь хэт их шингэн юм уух, спиртийн төрлийн юм хэрэглэх, даарсан тохиолдолд нүдний даралтыг ихэсгэдэг гэж үздэг. Ямар нэгэн эм ууснаас даралт ихсэх тохиолдол нь харьцангуй элбэг биш гэж үздэг.

-Нүдний даралт ихсэх өвчин удамшдаг уу?

-Энэ өвчин удамшдаг. Цусан төрлийн хүмүүс энэ өвчнөөр өвдөж, оношлогдож байсан тохиолдолд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.

Б.Сэлэнгэ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!