₮ 0

No products in the cart.

Д.Нямсүрэн: Бөөрний дутагдлыг эцсийн шатанд оруулдаг гол өвчин нь түүдгэнцрийн архаг үрэвсэл

УКТЭ –ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч Д.Нямсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед бөөрний үрэвслээр өвчлөгсдийн нас залуужиж байгаа тухай их яригдаж байна. Энэ юутай холбоотой вэ?

-Дэлхийн хэмжээнд өвчлөлийнхөө байдлаар нэгдүгээрт зурх судас, хоёрдугаарт, хоол боловсруулах эрхтэн, гуравдугаарт, бөөрний өвчин ордог гэж үздэг. Монголчуудад бөөрний өвчин яагаад элбэг тохиолддог вэ гэхээр эрс тэс уур амьсгалтай холбоотой.

Мөн хүмүүсийн хооллолт, ажлын ачаалал, амьдралын хэв маяг нөлөөлдөг гэхэд болно. Хүнд хүчир ажил хийдэг, удаан хугацаагаар гадаа зогсдог гэх ч юм уу. Бас хувийн ариун цэвэр, залуучуудын хувцаслалттай ч холбоотой байдаг.

Нөгөө талаас бөөрний өвчин ихсээд байна гэдэг нь оношлогоо сайжирсантай, мөн хүмүүсийн өөртөө анхаарал тавих нь нэмэгдсэнтэй холбоотой. Орчин үед оношлогооны аппаратууд, боловсон хүчний чадамж маш сайжирсан. Түүнчлэн хүмүүсийн мэдээлэл авах суваг их байгаа учир хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, эмнэлэгт ханддаг болсон. Энэ утгаараа нэг талаасаа бөөрний өвчлөл ихэссэн юм шиг харагдаж байгаа мэт боловч нөгөө талаасаа аваад үзвэл хүн цочирдохоор хэмжээнд хүртэл ихэссэн зүйл байхгүй.

-Бөөр өвчлөл, үрэвсэл юунаас болж үүсдэг вэ?

-Бөөрний өвчлөл ихсэж буй шалтгаан гэвэл Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл ихсэж байна. Үүнээс гадна утаар униар, тоос тортог, хөрсний бохирдол дийлдэхээ больсон. Хүмүүс агаарын бохирдол, хүнд металийн хордлогод орж байна.

Нийслэл хотын замд машины ачаалал дийлдэхгүй байна. Судалгаагаар эдгээр машинуудын ихэнх нь 10 жилээс дээш явсан, ашиглалтын хугацаа нь дууссан машинууд гэдэг нь тогтоогдож байгаа. Эдгээр машинууд агаарын бохирдлын үндэс болж байна.

Хөрсний бохирдол томоохон асуудал болж байна. Хүмүүс олон нийтийн газар ил задгай шээх, нус, шүлсээ хаяж байна. Түүнчлэн усны бохирдлыг хөндөхгүй байж боломгүй.

Мөн эмийн замбараагүй хэрэглээ, хүнсний аюулгүй байдал бас бөөрний өвчлөлийн гол шалтгаан. Хүмүүс Хятадаас орж ирж байгаа бордоотой жимс хэрэглэж байна. Биднийг бөөр шилжүүлэн суулгах мэс заслын курст Хятадад сурч байхад багш нар бөөр муутай хүнд манай жимсийг өгч болохгүй шүү гэж хэлдэг байсан.

Бидний идсэн уусан хоол маань бөөрөөр дамжин шүүгдэж, муу нь шээсээр дамжин гарч, сайн нь биед шим тэжээл болон үлдэх ёстой. Гэтэл ийм хортой орчинд ачааллаж байгаа бөөр өвчлөх нь дамжиггүй.

-Бөөрний өвчлөлүүдээс ихэвчлэн ямар өвчлөлүүд зонхилж байна вэ?

-Бөөр өвдөх олон шалтгаан бий. Төрөлхийн гажиг өвчин, олдмол үрэвсэх өвчнүүд, бөөрний чулуужих өвчин байна. Бөөрний үрэвсэлт өвчин дотроо өвөрмөц, өвөрмөц бус үрэвсэл гэж байна. Өвөрмөц дотор бөөрний сүрьеэ зэрэг өвчин орно. Харин өвөрмөц бус дотор амь насанд маш халгаатай халдварт өвчнүүд орно. Бөөрний хавдар сүүлийн 20 жилийн хугацаанд харьцангүй өссөн. Түүнчлэн хүн амын дунд бөөрний түүдгэнцэрийн хурц болон архаг үрэвсэл ихсэж байна. Гэр бүлээсээ гадуур харилцаанд орсноор эмэгтэй хүн давсаг бөөр, эрэгтэй хүн шээсний түрүү булчирхайн халдварт өвчний халдвар авна. Иймээс үүсээд байгаа шалтгаан үүсгээд байгаа шалтгаанаас хол байх хэрэгтэй.

-Танай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь бөөрний ямар өвчнөөр өвдөж байна вэ? 

-Манай тасагт хэвтэж байгаа хүмүүсийн дунд бөөр чулуужих, үрэвсэлт өвчнүүд, түрүү булчирхайн өвчнүүд, бөөрний хавдар маш их байна. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд дархлалын тогтолцоо суларсны улмаас бөөрний буглаа үүсэх магадлал маш их байна.

-Бөөрний өвчлөл хүндэрч, эцсийн шатанд орох гол шалтгаан нь юу вэ?

-Бөөрний дутагдлыг эцсийн шатанд оруулдаг гол өвчин нь түүдгэнцрийн архаг үрэвсэл юм. Энэ өвчин бөөрний дутагдалд орж байгаа хүмүүсийн 90 гаруй хувийг эзэлж байна. Тус өвчин нь эмчлэгдэхдээ ярвигтай, дахих магадлал өндөртэй учраас тэр чинээгээр бөөрийг доройтуулж байдаг. Нөхөн үржихүйн болон хөдөлмөрийн насны залуучуудад ихэвчлэн тохиолдоно.

Бөөрний дутагдалд оруулаад байгаа хоёр дахь өвчин бол сахарын шижин. Энэ нь бөөрний судасны үйл ажиллагааг гажуудуулж, бөөрний дутагдлыг үүсгэнэ. Мөн даралт ихсэх шалтгаантай янз бүрийн эмгэгүүдээс болоод бөөрний үйл ажиллагаа алдагдаж, эцсийн шатанд орох тохиолдол бий. Дээр нь бөөрний төрөлхийн эмгэгүүд хамаарна. Бөөрний архаг дутагдалд орсон хүмүүст цаашид амьдралын чанарыг өгч чадах зүйл бол бөөр шилжүүлэн суулгах мэс засал. Харин ийм мэс засалд орж чадахгүй хүмүүс, хиймэл бөөрний аппарат буюу гемодиализийн аппаратад орохоос өөр аргагүй.

-Манайд бөөрний гемодиализийн аппаратны хүрэлцээ ямар байдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар 120 орчим аппараттай болсон гэж Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга ярьж байна. Манай эмнэлэгт гэхэд л 20 орчим аппарат бий. Гемодиализийн аппаратыг төвлөрүүлэх биш орон нутгаар тарааж, орон нутагт нь ойртуулах хэрэгтэй.

-Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг болсон. Одоогийн байдлаар хэдэн хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгээд байна вэ?

-Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 онд анх удаа хийсэн. Бараг 20 жил болж байгаа гэсэн үг. Одоогийн байдлаар 112-114 хүн хагалгаа хийсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 100 дахь хүндээ мэс засал хийсэн.

-Донорын олдоц ямар байдаг вэ?

-Ах дүү, хамаатан садан нь донор болж байна. Сая он гараад бурхан болсон хоёр хүн дөрвөн бөөрөө өгсөн. Тэр дөрвөн бөөрийг бид шилжүүлэн суулгасан бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал маш сайн байгаа. Эмнэлгээс гарсан.

-Хүмүүс гадаад руу явж хагалгаа хийлгэж байна. Харин манайд бөөр шилжүүлэн суулгах хагалгааны өртөг нь хэд вэ?

-Бүх зардал нь орлоо гэхэд 37.5 сая төгрөг болдог. Харин гадаад орны хувьд, харьцангуй үнэтэй. Тухайлбал, Сингапурт 90 мянга, Солонгост 60-70 мянган ам.доллар байдаг.

-Бөөрний өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Ер нь бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх нь даарч хөрөхгүй байх, зөв хооллож, ажлын ачааллаа тохируулах, хувийн болон бэлгийн ариун цэврийг сахих гэх мэт энгийн аргуудаас эхэлнэ. Бөөрний үрэвсэлт өвчинд өгсөх замын халдвар буюу бэлгийн замын халдвар ч нөлөөлж байдаг. Иймд бөөр, эмэгтэйчүүд, арьс өнгөний эмч нар хамтран ажиллах хэрэгтэй. Бөөр, давсгаар өвдөх үед мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэж байж бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

-Нуруу нь өвдсөн хүн бүхэн бөөр өвдлөө гэж бодох тохиолдол бий. Хүмүүс ер нь ямар ч өвчний үед дур мэдэн антибиотик уудаг шүү дээ.

-Хүмүүс нуруугаар нь хатгаж өвдөхөөр өөрөө өөртөө онош тогтоон янз бүрийн эм тариа хэрэглэн бөөрөө эмчлэх гэж оролддог. Манайхан эм уух их сонирхолтой.Энэ нь маш буруу үзэгдэл юм. Тэгээд яг онош тогтоогоод үзэхээр тэр нь бөөр бус өөр өвчин байдаг. Тэгэхээр ямар ч өвчнийг эмчийн хяналтад зөв оношлуулах нь хамгийн зөв арга гэж хэлмээр байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...