Тавдугаар сургаал
Хоёр үзүүртэй зүүгээр даавуу оёх гэвэл тал тал руугаа сүлбээд бүтэхгүй. Иймд нэг тодорхой чиглэлийг барих нь чухал.
Хэрэв та хоёр үзүүртэй зүүгээр юм оёх гэвэл зүү чинь хоёр үзүүрээрээ даавуунд тээглээд юм оёж чадахгүй. Үүнтэй нэгэн адил тодорхой нэг чиглэл барихгүй олон чиглэлийн араас тэнэж явах юм бол юунд ч хүрэхгүй. Та хөл дээрээ бат зогсож тогтвортой байж чадахгүй, цаас шиг салхины аясаар намилзаад байх юм бол танд хүч дутагдаж байна гэсэн үг.
Илүү тогтвортой байхын тулд номын мэдлэгийг эзэмших хэрэгтэй. Та энэ сургаалийг хэдий чинээ сайн эзэмшинэ, номын мөн чанарт төдий чинээ гүн гүнзгий нэвтэрнэ. Цаастай зүйрлэх юм бол их суурьтай, тогтвортой болно. Тэгсэн цагт ухааны чинь цаас шиг шинж алт шиг үнэт зүйл болон хувирч, танд ганцхан тодорхой чиглэл гарч ирнэ.
Таныг хэрэв “тэнэг гэнэн хүн, энэ бүх юм бол санаанаасаа зохиосон зүйл, үнэн хэрэгтээ танд өөр ямар ч амьдрал байхгүй, Бурхан болж та чадахгүй” гэх юм уу эсвэл “Буддизм таныг аврахгүй, Бурханы шашны үзэл нь утга учиргүй зүйл” гэж бусад хүмүүс танд хэлэх юм бол та номын мөн чанарыг мэдэж байгаа тул дотроо инээгээд л өнгөрөөгөөрэй.
Тэр хүмүүс таны номоор замнах гэсэн шийдвэрийг ганхуулж чадахгүй, та цааш явсаар байх болно. Хичнээн хүнд үед ч та номын замаар урагшилсаар л байх болно. Энэ замаар явсаар та жинхэнэ баялаг болох нэг наснаас нөгөө насанд дамжин явах дотоод баялагт хүрнэ.
Хэрэв та тийм баялагт хараахан хүрч чадаагүй бол олон хүмүүс Бурханы шашинг үзэж, бясалгал хийж буйг хараад тэдний жишээг даган Бурханы шашны сургаалийн бясалгах замыг сонирхон сонгож болно.
Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд “нэг удаа амьдарч байгаа юм чинь амьдралаас бүхнийг авах хэрэгтэй” гэсэн амьдралын баяр цэнгэлийг номлодог өөр хүмүүстэй учрах болно. Зугаатай, хөнгөн амьдралтай эдгээр хүмүүс таны сэтгэлийг татсанаар, тэдний нөлөөнд автан, тэдний араас зугаатай амьдралын замаар явж байгаагаа та өөрөө ажиглахгүй байна.
Хэрэв та амьдралдаа бусдын нөлөөнд автан наашаа цаашаа хэлбэлзэн байгаа бол энэ нь таны ухаан маш сул байгаагийн шинж. Ухаан бодол чинь хоёрдмол, ухамсар чинь тогтворгүй байгаа бол хоёр үзүүртэй зүүгээр юм оёж болдоггүй шиг сургаалийг мөрдөж чадахгүй.
Хоёрдмол ухаанаар номд хүрч чадахгүй. Ухаан санааны нэг тодорхой чиглэлтэй байж, нэг цэг рүү тэмүүлэн явахын чухал нь ойлгомжтой.
Та Бурханы шашны тулгуур мөн чанарыг ойлгохыг хүсч байгаа бол энд хамгийн гол нь оюун ухааны хөгжих механизмыг танин мэдэх явдал чухал юм. Телевизор засахыг хүсч байгаа бол та хэдэн зүйлийг мэдэж байх ёстой. Тухайлбал, телевизор яаж ажилладаг, түүний жижиг хэсэг бүр ямар үүрэгтэй, өнгөт дүрс яаж гардаг, сувгууд нь хэрхэн ажилладаг, улам олон суваг үзэхийн тулд юу хийвэл зохихыг мэдэх нь зүйтэй.
Телевизорын бүтцийн бүх дүр зургийг төсөөлж, чухамхүү юуг засах шаардлагатайг ойлгохын тулд физик, радиоэлектроник, техникч гэх мэтийн өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрэв та телевизорын ажиллах механизмыг зарчмын хувьд мэдэж байгаа бол түүний бүх нарийн бүтцийг нэг бүрчлэн мэдэхгүй ч том эд хэсгийн хэр баргийн гэмтлийг засаж чадах билээ.
Бидний ухаан, телевизор хоёрын төсөөтэй талыг жишиж үзээд телевизортой төстэй шинж бидний ухамсарт байгааг та ойлгосон биз. Хүний ухаан бол нэг ёсны телевизор. Гэхдээ нилээд хөгжсөн, өндөр түвшинд хүрсэн телевизор. Бидний ухамсарт олон “программ”, “мэдээллийн ангилал” өнгөрсөн, ирээдүйд очиж болох суваг бий, харин бид тэдний залгах механизмыг аанай л мэддэггүй.
Бурхан багшийн “телевизор” бидний өөрийн “телевизор” хоёр хоёулаа ухамсартай тул нэг гаралтай юм шиг мөртлөө Бурханы телевизор бол төгс төгөлдөр загвар байдаг. Энд бүх юм нь эмх цэгцтэй, найдвартай ажилладаг, олон сувагтай, дүрс нь маш тодорхой. Бидний “телевизор” бол төгс төгөлдөр болж хараахан чадаагүй, зарим суваг нь ерөөсөө ажилладаггүй, олон тооны саад бэрхшээлтэй, дүрслэл нь тод бус, өнгө нь муу байдаг.
Хэрэв та оюун ухааны “телевизор”-ээ тохируулах механизмыг нь мэдэж байгаа бол түүнд тохиргоо хийж, засаж чадна гэсэн үг. Хэрэв ухамсрын ажиллах механизм нь танд тодорхой бол түүнийг улам боловсронгуй болгож болно. Гол нь механизмыг нь мэдэх нь чухал.
Тэгвэл энэ тухай бусад хүмүүс юу бодож байгаа, тэд таны авъяас чадварт итгэж байгаа эсэхээс үл хамааран та өөрөө өөртөө тусалж чадна. Бидний тэмүүлбэл зохих зүйл бол энэ юм. Би ухамсрынхаа ажиллах механизмыг мэдэж байгаа учраас түүний ажиллагааг засаж, түүнийг зөв хэлбэрт нь оруулж чадна гэдгээ та өөрөө мэдэж байх нь чухал.
Ийм учраас өөрийнхөө ухамсар , түүний үүрэг, ажиллах зарчмыг судлах ёстой. Энэ бол маш чухал юм.
Дараа нь зам. Зам гэдэг нь таныг алхам алхмаар амжилт өөд хөтлөх тууштай зөрөг жим юм.
Бурханы номд суралцахад шарын, улааны, Гаадамба, Гаржүдва, Сажава, Гэлүгва гэх мэт янз бүрийн шашны урсгалын түүхийг мэдэх нь чухал биш. Харин ухамсрын ажиллах механизмыг мэдэж байх нь үүнээс илүү чухал. Та бодьсадийн зэрэгт хүрэх үед таны хувьд урсгалуудын ялгаа онц ач холбогдолгүй болно.
Гэлүгва, Нимава, Гармава зэргээс аль замыг сонгох нь дээр вэ гэж маргах нь онц ач холбогдолгүй. Замыг сонгохдоо гадаад талаас нь харах хэрэггүй, харин дотоод талаас нь сонгоход янз янзын урсгалын багш нарын зөвлөгөө танд ашиг тусаа өгч болох юм.
Энэ багш жинхэнэ багш уу, үгүй юу гэдгийг судалж олох нь гол зүйл. Багшийн ямар урсгалд хамрагдах нь чухал биш, харин жинхэнэ багш гэдэг нь хавьгүй чухал. Улайран итгэхгүй байхад туслах сургаалийг хүмүүст би өгдөг. Бусад урсгалуудыг бүү шүүмжил. Энэ бол их увайгүй хэрэг . Та өөртөө нэгэн урсгалыг сонгож авсан бол түүнийг даган явахдаа бусад урсгалыг шүүмжлэхгүй байхыг танаас гуйя
Эх сурвалж: Аз жаргалд хүрэх 41 сургаал Зохиолч: Гэвш Жамба Тинлей