LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Б.Нурбек: Нуруу тань хөл рүүгээ дагаж өвдөж байвал заавал эмчид ханд

Share

“Нуруу өвдлөө”, “Нуруунд юм орчихлоо” гэж хэлж үзээгүй хүн ховор байх. Нурууны өвчин дэлхий даяар нийт өвчлөлийн хоёрдугаарт бичигдэх болсныг ч мэргэжлийн эмч нар сануулж байна. “Жаргалан” Гранд Мед эмнэлгийн нуруу, нугасны мэс заслын их эмч Б.Нурбектэй нурууны өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх болон яаж эдгээх талаар ярилцлаа. 

Нурууны өвчин дэлхий дахинд болон манай оронд хэр элбэг тохиолддог юм бэ?

Нурууны өвчлөл ганцхан Монголд төдийгүй дэлхий даяар эрүүл мэндийн томоохон асуудал болчихоод байна. Энэ дэлхийн хаа ч ялгаагүй эмчид хандаж буй дийлэнх өвчтөнүүдийн зовиур нь ханиад байдаг бол хоёрт нь нурууны өвчин ордог.

Манай орны хувьд нурууны өвчин 50-аас дээш насанд түгээмэл тохиолддог. Настай хүмүүст нурууны мэдрэлийн сувгийн нарийсал, харин залуу хүмүүсийн хувьд дискний эвэрхийний зовиур их тохиолдож байна.

Залуу хүмүүс нурууны өвчлөлд ихээр өртөж байгаа шалтгаан юу вэ. Амьдралын ямар хэв маяг үүнд нөлөөлж байна вэ?

Дээхнэ үеэс явж ирсэн эрүүл мэндийн онолоор 22 нас хүртэл хүний нуруу огт өвдөх ёсгүй. Гэвч сүүлийн үед энэ өвчин залуужих болсон шалтгаан нь суурьшмал соёл иргэншилтэй шууд холбоотой. Зарим эрдэмтэд энэ онолтой санал нийлдэггүй. Тэд хүн хүний царай төрх өөр байдагтай адилхан нурууных нь дискний чанар ч бас харилцан адилгүй гэж үздэг. Зарим хүний нурууны диск хэчнээн удаан суусан ч, мөн хэчнээн хүнд зүйл өргөсөн ч асуудал үүсгэдэггүй байхад үлдсэн заримынх нь тийм биш.

Хүн хүний нурууны диск ялгаатай байдаг нь юутай холбоотой юм бол оо?

Үүнийг тухайн хүний генийн түвшинд уургын бүтэцтэй нь холбож тайлбарлах шаардлагатай. Гэвч үүнээс шалтаалахгүйгээр нуруугаа хамгаалж сурах нь бидний амьдралын хамгийн чухал асуудал болчихоод байна. Өдөр бүр 30 минутаас 1 цагийн турш заавал алхахаас гадна хэт тарган байж болохгүй. Мөн тамхинаас хол байх хэрэгтэй.

Нурууны диск гэж яг юугаа хэлээд байгаа юм бэ?

Хүнд 32 шүд байдагтай адилхан нуруунд 23 диск байдаг. Нурууны нугас тонгойх, гэдийх зэргээр хөдлөх тоолонд машинаар бол амортизаторын үүрэг гүйцэтгэдэг нурууны нугалам хоорондын жийргэвч эд эсийг хэлж байгаа юм.

Тэгвэл энэ диск буюу жийргэвчээ хүн яаж гамнах ёстой вэ?

Нэг хэсэг анагаах ухаан хүн хөдөлж байх тусмаа эрүүл мэндэд сайн гэж үздэг байсан. Харин өнөөдөр спортын элдэв хөдөлгөөнүүд эрүүл мэндэд осолтой гэж үзэх боллоо.

Спортын гэмтлүүдийг судалдаг бүхэл бүтэн салбар шинжлэх ухаан хөгжиж байна. Нурууны дискэнд аль болох бага ачаалал өгдөг хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд сайн гэж үзэх болсон. Үүнд гольф тоглох зэрэг нураагаараа хагас эргэсэн хөдөлгөөнийг хүний эрүүл мэндэд сайн гэж үзэх болж. Эсрэгээрээ үсэрч буух, арагшаагаа гэдийх зэрэг хөдөлгөөнийг осолтой гэж үзэж байна. Нуруунд хамгийн сайн хөдөлгөөн хийдэг спортоор усанд сэлэлтийг эмч нар санал нэгтэй нэрлэх болсон.

Байнга сууж ажиллах нь нуруу, нугасанд ямар хор хөнөөлтэй юм бэ?

Хүний байгаа байрлалаас шалтгаалаад дискэнд үзүүлэх ачааллыг эрдэмтэд тоогоор хэмжиж үзсэн байдаг. Эгц дээшээ хараад хэвтэж байхад дискэнд ирэх ачаалал 25 хувьтай бол хажуугаараа хэвтэхэд 75, зогсоо үед 100, суухад 140 гэж үзсэн. Эндээс суугаа үед дискэнд ирэх ачаалал их болох нь харагдаж байгаа юм.

Хэвтэхэд бас учир бий гэдэг. Хатуу, зөөлөн ямар гадаргуу дээр хэвтэх ёстой юм бэ. Бас дээшээ, доошоо, хажуу тийшээ яаж харж хэвтэх хэрэгтэй вэ?

Судлаад үзэхэд зөөлөн, хатуу орны ялгаа бараг байхгүй болох нь тогтоогдсон. Түүний оронд өөрийнхөө сурсан орон дээрээ хэвтэхийг зөвлөж байна. Хатуу орон дээр унтаж сурсан бол хатуу, зөөлөн дээр унтаж сурсан бол тэрүүгээрээ л байх хэрэгтэй. Харин хаашаа харж хэвтэхийн тухайд яг тэгж, ингэж хэвтсэнээс болж нуруу муудна гэсэн зүйл анагаах ухаанд байхгүй.

Өсгийтэй гутал өмсөх нь нуруунд муу гэлцдэг?

1980-аад оны судалгаагаар өсгийтэй гутал нуруунд муу гэж үздэг байсан. Харин сүүлийн үеийн судалгаагаар эсрэгээрээ гарсан. Өсгийтэй гутал өмсөх нь нуруунд харин ч сайн гэж үзэх болж. Тиймээс өөрийнхөө өмсөж сурсан гутлаа л өмс гэж зөвлөмөөр байна.

Өсгийтэй гутал нуруунд тэгж аюултай нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа одоогоор алга.

Нурууны шохойжилтын талаар та юу хэлэх вэ. Нуруу шойхожно гэдэг нь ямар учиртай болохыг тайлбарлаж өгөөч?

Нурууны шохойжилт юунаас үүсдэгийг бид судалж үзсэн. Ард түмний дунд яригддаг шохойжно гэдэг үг өөрөө оновчтой тодорхойлолт биш. Нурууны шохойжилт дотроо хоёр янз. Эхнийх нь яс ургалт. Хоёр дахь нь хүзүүний хуян хөөрөх буюу остреохондроз юм. Яс ургана гэдэг чинь нас явж байгаагийн шинж. Гэхдээ нас явснаас болж яс ургахаас гадна өвчний шалтгаантай яс ургалт бас тохиолддог. Ургасан яс болгон өвдөлт үүсгэдэггүй. Тиймээс эмчид үзүүлж, нарийн оношлуулах хэрэгтэй. Ер нь бол нурууны шохойжилт гэдэг нэр томъёо тийм ч оновчтой тодорхойлолт биш.

Тэгэхээр бид эмчид үзүүлээд нурууны шохойжилт гэж хэлсэн эмчээс та оношоо зөв хэл гэж шаардах хэрэгтэй болох нь ээ?

Монголд нэг том асуудал байна. Нурууг гэмтлийн эмч үздэг, мэдрэлийн эмч ч үзэж оношилдог. Нурууны мэргэшсэн эмч үзэх тохиолдол ч бас бий. Гэтэл гаднын өндөр хөгжилтэй улсуудад зөвхөн нуруугаар дагнаж мэргэшсэн эмч нар бэлтгэгддэг. Манайд болохоор мэдрэлийн эмч нь өөрийнхөөрөө нурууг оношилдог, гэмтлийн эмч өөрийнхөөрөө хэлдэг. Тиймээс цаашид мэргэжлийн нуруугаар дагнасан эмч нарыг бэлтгэж, энэ асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх хэрэгтэй.

Нурууны нугаламуудаар хүний мэдрэлийн суваг явж, бусад эрхтэндээ очдог гэх. Ийм нөхцөлд мэдрэлийн эмч нурууг оношлох нь хэр зөв бэ?

Нуруу өөрөө хүний тулгуур эрхтэн. Нурууны өвчний анхан шатны шинж тэмдэг нь мэдрэлээ дагаж өвдөж мэдэгддэг учраас нэг хэсэг үүнийг мэдрэлийн эмч үзэж, оношлох ёстой гэж үздэг байсан. Гэтэл өнөөдөр нурууны мэргэшсэн эмч хүн мэдрэлээ ч мэддэг, нуруугаараа ч мэргэшсэн байх шаардлага тавигдаж байна. Тиймээс нурууны нарийн мэргэжлийн эмч нарыг бэлдэх нь зөв. Манайд ийм эмч нар сүүлийн жилүүдэд цөөнгүй тоогоор бэлтгэгдэж байгаа нь сайшаалтай хэрэг.

Нурууны өвчин эдгэрэлт авахдаа хэр хурдан байдаг вэ?

Дэлхий даяар нурууны өвчний тохиолдлын таван хувьд нь хагалгаа хийдэг. Хагалгаа хийгээд мэдрэлээ дарсан дискийг авчихлаа гэхэд тэр дискээ дахиад л ашиглах хэрэгтэй болдог. Хагалгааны дараа дахиад өвдөөд байна гэж хүмүүс ярьдаг. Ийм тохиолдолд хагалгаа хийгдсэн диск нь өвдөж байна уу, эсвэл өөр диск шинээр өвдөөд эхэлсэн үү гэдгийг тодорхойлох шаардлагатай болдог.

Мэс засал хийнэ гэдэг өөрөө дэлхий даяар бизнес болчихсон. Тиймээс нуруундаа хагалгаа хийлгэх хэмжээний оноштой юу, үгүй юу гэдгээ баттай мэдэх шаардлага гарч ирж байна, тийм үү?

Нурууны мэдрэл нь аль хэдийнэ дарагдчихсан тохиолдолд гарцаагүй хагалгаанд орохоос өөр аргагүй. Хэрэв хугацаа алдвал суумгай болох аюултай. Гэтэл бас хагалгаа хийлгэх шаардлагагүй хүнд хагалгаа хийж орхисон тохиолдол нэг бус бий. Үүний шалтгаан нь хүний нуруу хөдөлдөг эрхтэн учраас тэр. MRI зураг авахуулах гээд хэвтэж байхад ч гэсэн хүний нуруу хөдөлгөөнтэй байдаг учраас нуруу нь бодит амьдрал дээр дарагдалттай мөртлөө зурган дээр дарагдалгүй гарчихдаг тохиолдол бий. Нурууг зөвхөн хагалгаагаар биш, физик эмчилгээ зэрэг өөр аргаар эмчилж болно.

Хэдэн наснаас эхэлж нуруугаа урьдчилан сэргийлэх үзлэгт оруулвал зүгээр вэ?

Яг тэдэн нас гэсэн зүйл байхгүй. Гэхдээ нуруундаа ойр ойрхон асуудал үүсгэх буюу, эсвэл жилийн дотор хоёроос гурав ахиж юм оруулах, эвгүй хөдөлсөн зэрэг тохиолдолд таны нуруу өвдөж эхэллээ гэж ойлгож болно.

Хүүхдийн нуруунд хүнд номтой үүргэвч үүрүүлдэг болсон. Энэ мэдээж буруу юу?

Хүүхдийн нурууны диск найман нас хүртлээ судалтай байдаг. Энэ судлынхаа тусламжтайгаар найман нас хүртлээ диск өөрөө бага зэргийн гэмтэл авсан ч өөрийгөө эргэн төлжүүлдэг болохыг баталсан. Харин найман наснаас хойш энэ чадвараа алддаг. Хүүхдийн яс нь ч, шөрмөс нь ч зөөлөн учраас настай хүний нуруутай харьцуулахад их өөр. Хүүхдийн нуруу өөрийгөө төлжүүлэх, эмчлэх чадвар сайтай гэсэн үг. Яг хүнд цүнх үүрснээс болж бага насны хүүхдийн нуруунд ийм гэмтэл учруулж байна гэсэн бодит жишээ, судалгаа одоогоор алга.

Жирэмслэхээс болж нуруунд өгдөг ачаалал, мөн хийсвэр хагалгаа хийлгэж төрснөөс болж нуруу өвддөг талаар та юу хэлэх вэ?

Энэ чинь дотроо гурван янз. Хэвийн жирэмслэлтийн үед нийт эмэгтэйчүүдийн 70 хувь нь нуруугаар заавал өвддөг. Энэ бол жирэмсэн болсонтой холбоотойгоор заавал явагдах ёстой хэвийн үзэгдэл. Жирэмсэн болсон учраас нуруунд нэмэлт ачаалал өгч байна гэж ойлгож болно. Үүнээс гадна төрсний дараа нэг хэсэг нуруугаар өвдөж бас болдог. Ийм тохиолдолд өөрөө аяндаа зүгээр болох ёстой. Гормоны өөрчлөлтөөс болж ингэдэг юм. Энэ нь өвчин биш. Харин гурав дахь шалтгаан буюу хийсвэр хийлгэснээс болж нуруугаар өвдлөө гэдэг чинь буруу ойлголт. Уг хүн өөрөө нурууны асуудалтай байж болно. Жирэмсэн болохоосоо өмнө нурууны асуудалтай байсан гэсэн үг. Тиймээс ийм тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Түүнээс биш хийсвэр хагалгаанаас болж нуруу өвдөж байгаа хэрэг биш.

Нурууны булчингийн талаар юу хэлэх вэ. Нурууны булчин ямар үүрэгтэй юм бэ?

Хүний бүх булчин нэгдүгээрт хөдөлгөөн хийх, хоёрдугаарт өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Яагаад хүнд ажил хийсний дараа бие өвддөг вэ гэвэл хүний булчингууд өөртөө хэт ачаалал авснаас болж түүний эсрэг өөрийгөө хамгаалах дархлаа нь явагдаж байна гэсэн үг. Хүмүүс нурууны булчин чангарчихлаа гэж ярьдаг. Энэ бол нуруу өөртөө ирж буй ачааллыг багасгахыг хүсч байгаа хэрэг. Ийм байдал 72 цагаас удаан үргэлжлэх ёсгүй. Үүнээс удаан буюу ойр ойрхон давтагдаад эхэлвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Түр зууртаа массаж хийгээд булчингаа сулллачихаж мэдээж болно. Гэхдээ энэ байдал миний хэлсэнчлэн давтамжтай явагдаад байвал яалт ч үгүй эмнэлэгт хандахаас өөр аргагүй.

Массаж гэснээс уламжлалт бариа засал, рашаан сувилал нуруунд хэр зохимжтой вэ?

Тухайн хүндээ тохирох эсэхээс шалтгаална. Бүх өвчнийг мэс заслаар, эсвэл рашаан шавар, бариа эмчилгээгээр эдгээнэ гэж байхгүй. Энэ бүхэн чинь тохирох хүндээ л тохирно. Тохирохгүй хүндээ тохирдоггүй юм.

Аарцаг нурууны бариа засал гээд хаа сайгүй бий болчихлоо шүү дээ?

Яг үүнээс чинь болж цагийг дэмий үрж, нурууны өвчнөө улам хүндрүүлээд ирж байгаа тохиолдол маш их гарч байна. Тиймээс бидэнд нэгдсэн стандарт хэрэгтэй. 

Бариа засалд цагаа дэмий үрж, өвчнөө хүндрүүлмээргүй байна.

Фитнес, бодибилдингээс болж нуруугаа гэмтээх тохиолдол залуусын дунд цөөнгүй гарах боллоо?

Энэ чинь дэлхийд бүр тусдаа салбар шинжлэх ухаан болоод хөгжчихлөө. Аливаа нэг спортоор хичээллэж эхлэхэд тохиромжтой нас гэж байна. Жишээ нь 20 настай хүүхэд ширээний теннисээр хичээллэж эхлэхэд яг тохирно. Харин 40 настай хүн гэнэт огцом ширээний теннисээр хичээллээд эхэлвэл гэмтэх магадлал өндөртэй. Ер нь сүүлийн үед аль болох биедээ гэмтэл авах магадлал багатай хөнгөн мөртлөө үр дүнтэй спортоор хичээллэхийг зөвлөх болсон. Тухайлбал дугуй унах, явган аялалаар хичээллэх гэх мэт.

Яг өнөөдөр та нурууны асуудалтай хэдэн хүн үзсэн бэ?

Би өнөөдөр хагалгаатай байсан учраас таван хүн л үзэж амжлаа.

Тэр таван хүн чинь нурууны ямар асуудалтай хүмүүс байв?

Хоёр нь сувгийн нарийсалтай хүн байсан.

Мэдрэлийн суваг нь нарийссан гэсэн үг үү. Юунаас болж ингэдэг юм бол?

Нас өндөр болсон учраас сувгийн нарийсалттай болсон юм уу гэхээр бас яг тийм биш байлаа. Уг нь ийм тохиолдол ихэвчлэн наснаас болдог. Гэвч миний үзсэн хоёр хүн хоёулаа тийм биш байсан. Настай хүн гэхээрээ заавал сувгийн нарийсал болох албагүй л дээ. Би тэр хоёр хүнд физик эмчилгээ хийлгэхийг санал болгосон.

Хагалгаанд орсон гэсэн. Ямар төрлийн хагалгаа хийсэн бэ?

Бас л сувгийн нарийсал. Дэлхий дахинд дурангийн мэс заслаар сувгийн нарийслыг засах хагалгаа 2016 оноос эхэлж дэлгэрсэн. Манай улс энэ хагалгааг нэвтрүүлсэн дэлхийн дөрөв дэх улс болчихоод явж байна. Өмнө нь сувгийн нарийслыг мэс заслын аргаар засч чаддаггүй байсан юм.

Нуруугаа өвдлөө гээд хүнээр гишгүүлдэг. Энэ зөв үү, буруу юу?

Түр зуурын арга хэмжээ л дээ. Бид шинжлэх ухаан хөгжсөн цаг үед амьдарч байж өвчиндөө илүү нухацтай, анагаах ухааны үүднээс хандаж сурах хэрэгтэй байна.

Нурууны дөрөв, тав дахь үедээ суулт өгөөд мэдрэл нь дарагдсан хүний хөл нь байнга өвддөг гэнэ. Хагалгаа хийлгэхээс өөр арга бий юу гэж асуулгасан?

Хөл ойр ойрхон өвдөж байгаа бол нурууныхаа өвчинд илүү нухацтай хандах хэрэгтэй. Дэлхий дахинд нурууны өвчнийг аль болох хагалгааны бус аргаар эмчлэхийг илүүд үздэг болсон хэдий ч байнга ингээд өвдөөд яваад байж болохгүй. Хагалгааны тухайд дурангийн төрөл бүрийн арга нэвтэрч байгаа учраас айх хэрэггүй. Тиймээс би энэ хүнд дахин нэг удаа эмчид сайтар үзүүл гэж зөвлөмөөр байна.

Хагалгаа хэдэн хувийн үр дүнтэй байдаг юм бэ?

Нурууны хагалгааг 92 хувийн үр дүнтэй, найман хувийн эрсдэлтэй гэж үздэг. Эмч нар бидэнд ч гэсэн хүн болгонд хагалгаа хийгээд байх сонирхол үнэхээр байдаггүй. Гэвч өөр аргагүй хэмжээнд таны нурууны өвчин хүрсэн бол хагалгаа л хамгийн найдвартай.

Нурууны бөгтөр засах ямар сайн арга байдаг вэ. Бөгтөр засах бүс гэж гарсан байсан?

Бөгтөрийг хоёр хувааж үздэг. Эмгэг бөгтөрийг эрт дээр үеэс эхэлж аль болох засахыг хичээж ирсэн. Харин төрөлхийн бөгтөрийг заавал засах гээд байх шаардлагагүй. Ер нь бол бөгтөрийг дасгал хийж, нурууныхаа булчинг чангаруулах замаар засахыг эмч нар зөвлөдөг.

Блок гаргана гэж ирээд л нэгнийгээ өндөрт өргөж, нурууг нь тар няр дуугаргаад байдаг. Энэ хэр зөв бэ?

Блок гаргана гэдгийг физикийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлая. Хоёр вакуум зүйл хоорондоо салж, хагарч байна гэж товчхоноор ойлгож болно. Аливаа үе маань дотроо шингэнтэй, гадна талдаа ууттай байдаг. Тэрний гадна талд дахиад капсуль маягийн зүйл бий. Уут, капсуль хоёрын хооронд вакуум зай байгаа. Хүзүүний, нурууны блок гаргана гэдэг чинь тэр вакуум зайг хагалж гаргахыг хэлж байгаа юм. Үүнийг Америкийн эрдэмтэд нухацтай судалж үзсэн байдаг. Ингээд ямар дүгнэлтэд хүрсэн гэхээр эрдэмтэд дотроо хоёр хэсэгт хуваагдсан. Нэг хэсэг нь үүнийг аюултай, буруу гэсэн байхад нөгөө хэсэг нь ямар ч муу тал алга гэж үзсэн. Гэвч нурууны диск  муутай хүний блокыг гаргаж байна гээд улам гэмтээчихсэн тохиолдол байдгийг энд хэлчихье. Ер нь блок гаргана гэдэг ямар ч эмчилгээний ач холбогдол, үр дүнгүй зүйл.

Хөл, хонго руугаа өвдөж эхэлнэ гэдэг нурууны өвчний шинж тэмдэг мөн үү?

Хонго руугаа өвдөнө гэдэг чинь мэдрэл цочирч, мэдрэл рүүгээ нөлөөлж байгаагийн шинж. Ийм тохиолдолд элдэв янзын эм ууж, бариа засал хийлгэж цаг алдалгүйгээр яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Зарим хүмүүс дээрх аргуудаар түр зуур намдаачихаад одоо гайгүй болчихлоо гээд яваад байдаг. Хонго, хөл, гуя руугаа дагаж өвдөөд байхад удаан хэнэггүй явж болохгүй. Заавал яаралтай мэдрэлийн эмчид үзүүлэх ёстой.

Сууж байгаад гэнэт босохоор цавь руугаа хатгаад байх юм. Энэ нуруутай холбоотой юу гэж нэг уншигч асуулгасан юм?

Хоёр шалтгаантай. Сууж байгаад босно гэдэг чинь ачаалал авч байна гэсэн үг. Ачааллыг өвдөг, түнх зэрэг дээр илүү авдаг. Тийм учраас нуруунаас гадна түнх асуудалтай байж болох юм. Тиймээс түнхээ үзүүлэхэд гэмгүй гэж зөвлөе.

Нурууны хагалгаанд орсны дараа бариа хийлгэж болдог уу?

Блок гаргахгүй л бол зөөлөн бариа хийлгэж болохгүй биш, болно.

Эмчилгээний зориулалттай олон төрлийн ор их дэлгэрчээ. Энэ хэр тохиромжтой вэ?

Эмчилгээний нэг хэлбэр мөн боловч энэ чинь түр зуурын л эмчилгээний арга. Үнэхээр тийм ид шидтэй ор байдагсан бол нарийн мэргэжлийн эмч нар бидний хэрэг гэж байна уу.

Нурууны мурийлтыг хагалгаагүйгээр засах боломжтой юу?

Мурийлт дотроо дөрвөн төрөлтэй. Төрөлхийн, өсвөр насандаа шалтгаан тодорхойгүйгээр мурийх, нас яваад ирэхээр буюу 50-60 насандаа мурийх, мөн нэг талын мэдрэл дарагдсанаас болж нөгөө тийшээгээ мурийх гэсэн дөрвөн янз. Тиймээс эхлээд энэ дөрвийн аль шалтгааны улмаас мурийсныг тогтоох шаардлагатай. Таны мурийлтын хэлбэрийг тогтооно гэсэн үг. Гэхдээ энд нурууны өвдөлт хэзээ ч мурийлтаас болдоггүй гэдгийг онцолж хэлмээр байна. Таны нуруу өвдөж л байгаа бол мурийлтаас өөр шалтгаан байна гэсэн үг.

Ардын эмчилгээ нурууны өвчинд үр дүнтэй юу?

Ардын шинжлэх ухааныг шууд үгүйсгэж болохгүй. Гэвч бид туйлширч бас болохгүй. Ардын эмчилгээ, бариа заслаар бүх өвчнийг эмчилчихдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Тиймээс учиртай л хандах хэрэгтэй. Ер нь бол бид нар илүү шинжлэх ухаанч баймаар байна.

Тамхи яагаад нурууны өвчинд муу юм бэ?

Тамхийг яалт ч үгүй нурууны өвчинд муу гэж үздэг боллоо. Тамхинд агуулагддаг никотин нуруунд муу болохыг эрдэмтэд аль хэдийнэ судлаад тогтоочихсон. Нурууны диск чинь өөрөө тор шиг торлог хэсгүүдтэй байдаг. Энэ хэсгийг нь никотин ихээр гэмтээдэг болохыг тогтоосон. Тиймээс нурууны асуудалтай хүмүүст тамхи хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Олон цагаар машин барьдаг хүмүүс нурууны өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

Эрдэмтдийн хийсэн судалгаа бий. Гудамжинд цемент цохиж буталдаг аппарат байдаг шүү дээ. Ийм аппарат дээр ажилладаг хүмүүсийн нуруу гэмтэл авч байгаа болохыг анзаарч. Учир нь ийм цохилттой аппарат дээр ажиллах үед веризоны хөдөлгөөн буюу доргилттой давтамжит хөдөлгөөнийг нуруу их хэмжээгээр мэдэрдэг болох нь тогтоогдсон. Үүнээс улбаалаад морь унадаг хүмүүсийг мөн адил судлаад үзэхэд яг адилхан гэдэг нь тодорхой болсон. Мөн мотоцикль унадаг хүмүүс ч бас ийм доргилттой хөдөлгөөнийг мэдэрдэг гэж үзэж байна. Хойноос нь машин барьж байгаа хүмүүс бас орно. Мөн адил веризоны буюу доргилттой хөдөлгөөнийг байнга мэдэрдэг гэсэн үг. Манай эмнэлэгт том машин жолоодсоор байгаад нуруу нь өвддөг болчихсон хүмүүс их ирдэг нь үүнийг баталж байгаа юм. Ер нь бол суугаа ажил хийдэг бүх хүмүүст 30 минут тутамд босч яв, нуруугаа амраа гэж зөвлөмөөр байна. Машин удаан хугацаагаар барьдаг хүмүүст хандаж хэлэхэд барьдаггүй хүмүүсээс хоёр дахин илүү хугацаагаар нуруугаа амраах шаардлагатай. Дээр нь болж өгвөл тамхи битгий татаач ээ.

Эх сурвалж: http://www.tusgal.mn/

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!