Дөрөвдүгээр сургаал
Хусах тусам улам их ургадаг сахал шиг бидний амьдрал үргэлжилсээр байх тул номын сургаалийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхээр шууд шамдаарай.
“Бурханы сургаалыг дагаад би хүссэнээ авч чадах болов уу? ”, “ Эхлээд би чухал ажлаа амжуулна, дараа нь цаг гарвал номын сургаалаар хичээллэнэ” гэх зэргээр та бодож байгаа бол энэ буруу ойлголт.
Эрүүний сахлын жишээг саная. Бид ойрхон ойрхон сахлаа хусаад байхад сахал маш өтгөн болж ургадаг, тэгэх тусам нь хурдан хурдан хусах хэрэгтэй. Ердийн үед ч тийм л байдаг, ажлыг их хийх тусам дороосоо ундраад л байдаг. Та номын ёсыг дагахаар шийдсэн бол дараа гэж хойш тавилгүй шууд л эдгээр уншлагыг уншиж эхэл.
Номын үйлийг дараа гэж хойш тавьж болохгүй. Өөрийнхөө ажлыг дуусгалгүй, бодож байсан олон төлөвлөгөөгөө ажил хэрэг болгож чадалгүй нас барж буй хүмүүсийг та зөндөө л харж байгаа байх. “Одоохондоо би амьд байна, үхэхээс өмнө хийе гэсэн юмаа дуусгаж барахгүй нь, иймээс хойш тавилгүй номыг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлж эхэлье”. Ингэж шийдээд хойш тавилгүй сургаалийг хэрэгжүүлж эхлэхийг зөвлөж байна.
Нийт цагийнхаа нэг хэсгийг ажил, өдөр тутмын хэрэгт, нөгөө хэсгийг нь номыг хэрэгжүүлэхэд зориулан цаг хугацаагаа зөв хуваарилаарай. Гэхдээ эхнээс нь номыг хэрэгжүүлэхэд бүх цагийнхаа хагасыг зориулах нь маш хэцүү, иймд цагийнхаа ядахдаа 10-15 хувийг илүүчлэхийг оролдоорой.
Түүнээс гадна табага багаар хэрэгжүүлж эхэлбэл энэ нь таны хувьд том цохилт, гэнэтийн зүйл болохгүй.
Хэрэв та бүх хугацаагаа номыг хэрэгжүүлэхэд зориулбал дээр үед их баян Түвд хүнд тохиолдсон явдал танд тохиолдож болох юм. Тэр Түвд хүн агуу их дияанч Мял Богдын түүхийг унштал Мял Богдын хэлсэн үг түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. “Би мөнгөгүй болохоор аз жаргалтай, хэрэв надад мөнгө байсан сан бол би энэ тухай байнга бодоод нойр хүрэхгүйсэн.
Би гэргүй тул аз жаргалтай, хэрэв гэртэй байсан бол би гэрээ янзалж авч явах гэж зовохсон. Эхнэр хүүхэдгүй тул би аз жаргалтай, учир нь гэр бүлдээ санаа тавьж, олон ажил, олон асуудалд санаа зовохгүй”. Миний ярьж байгаа баян хүн Мял Богдын жишээгээр маргааш нь хамаг мөнгө, эд хогшил, байшингаа хүмүүст тарааж өгөөд Мял Богдынх шиг жаргалтай хүн болно гэж найдан ууланд очиж суужээ.
Ууланд очоод нэг долоо хоногийг тийм хэцүү биш өнгөрөөж, хоёр дах долоо хоногийг арай хэцүүхэн дуусгасан авч түүний дараагаар жинхэнэ хэцүү болж, тэрээр хүмүүс дээр эргэж ирэв. Нөхөд нь түүнтэй тааралдаад яагаад ингэж үгээгүй ядуу болчихов гэж асуухад “Үгээгүй ядуу Мял Богд намайг үгээгүй ядуу болгочихлоо” хэмээн өнөөх зовлонт хүн хариулж байсан гэдэг.
Ийм учраас би та нарт хэлэхэд шууд гэнэт бус, бүх цаг хугацаагаа зөв зохицуулан номыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлбэл зохино. Та нарын зарим нь ядуу болчихоод “Энэ үгээгүй ядуу Тинлэй биднийг ийм үгээгүй ядуу болгочихлоо” гэвэл яана. (танхимд инээлдэв). Хэзээ ямар хугацаанд, ямар хэмжээгээр номыг хэрэгжүүлвэл зохихыг мэдэж байх хэрэгтэй.
Мэдээж хэрэг “41 сургааль”-д орсон эдгээр зөвлөгөөг би анх зарлан тунхаглаж байгаа юм биш. Би зөвхөн өнгөрсөн үеийн их багш нарын ярьсан зүйлийг нэгтгэсэн юм. Орчин үеийн хүмүүс маш их ажилтай, дандаа яарч сандарч явдаг бөгөөд сайн тархи, өндөр оюун ухаантай боловч амьдралын гүн ухааныг судлах цаг багатай байдаг.
Та нар тийм их ажилд дарагдсан байдаг тул би бүгдийг уншаад өнгөрсөн үеийн мэргэд хүмүүсийг юунд сургаж байсан бүгдийг нь ойлгоод та бүхнийг өнө эртний эх бичгийг судалж цаг хугацаа алдахгүй байлгах зорилгоор товчлон та нарт хүргэе гэсэн бодол надад төрсөн юм.
Би өөрийнхөө зорилтыг өнгөрсөн үеийн билгүүн ухаантнууд болон бидний анхны багш нарын сургаалийг товч сургаал маягаар та бүхэнд хүргэх гэж байгаагаар тодорхойлж болох юм. Би хэсэг хугацаанд танай Халимаг, Буриад, Тувад байж тэдний хэрэгцээ, асуудлуудыг мэдэж авсан бөгөөд та бүхэнд хүргэж буй “41 сургааль” та бүхний амьдралын хэв маяг, нөхцөл, хэрэгцээнд маш сайн тохирох байх гэж бодож байна.
Бурханы сургаал маш гүнзгий тул та түүнийг бүрэн дүүрэн судлах гэвэл энэ нас чинь гүйцэхгүй. Бидний амьдралын хэмжээ богинохон, түүнээс гадна бидэнд өгсөн хугацаа, үхэл ирэх цагийг бид мэдэхгүй гэж Бурханы шашны их багш нарын нэг Атиша хэлжээ.
Номын сургаал маш өргөн хүрээтэй. Хэрэв та өөрийгөө ном судлахад бүрэн зориулахаар шийдсэн бол үүний тулд бүх амьдралаа зориулах шаардлага гарна. Тэгээд ч бүрэн дүүрэн болж чадахгүй. Сургаал-Мэдлэгийн далай гэж төсөөлөөд энэ далайгаас тэнд байгаа үнэлж баршгүй рашааныг нь авах гэж оролдоод үз. Өөрөөр хэлбэл сүүнээс цөцгийг нь ялгаж ав.
Бурхан багшийн сургаалийг судлахдаа та эрдмийн далайгаас таны хувийн амьдралд зайлшгүй шаардлагатай хамгийн гол зүйлийг мэдэж авахыг хичээгээрэй. Оюун ухааны далайгаас таны хутган авч байгаа мэдлэг танд ашиг тусаа өгөх, оновчтой дадлага болохуйц байх ёстой. Хэрэв мэдлэг бодит үр дүн авчрахгүй бол энэ нь таны хувьд ашиггүй, үр дүнгүй мэдлэг.
Энэ нь юунд хэрэгтэй, ямар тунгаар хэрэглэх, хэзээ яаж уухыг нь мэдэхгүй эмтэй нэгэн адил гэсэн үг.
Мэдлэгийн далайгаас юуг нь, хэдий хэмжээтэй авахаа мөн энэ мэдлэг надад ямар тус болох вэ гэдгийг нарийн мэддэг байх нь чухал
Эх сурвалж: Аз жаргалд хүрэх 41 сургаал Зохиолч: Гэвш Жамба Тинлей