LOADING

Type to search

Uncategorized

Х.Баасансүрэн: Энэ цагт бурхан багш амилбал шашнаа хараад маш их харамсана

Share

Монголын буддын шашны анхны өргөө болсон Бат-Эрдэнэзуу хийдийн хамба Х. Баасансүрэнтэй уулзаж хийдийнх нь үүх түүх, өнөө цагийн лам хуваргын тухай ярилцлаа. Харахад энгийн ч шашны эрдэм номд төгс суралцаж буй энэ хүн сонирхолтой хийгээд бидний мэдэхгүй олон зүйлийг дэлгэн ярьж байна. Эрхэм танд хүргэе.

-Эрдэнэзуу хийдийн түүхээс яриагаа эхлэх үү? 

-Манай хийд монгол орны хамгийн анхны шашин номын өргөө. Энэ нь бурхан шашин дэлгэрч байсан үеийн анхны эд зүйлс, ховор олдвор гэх мэт эртний их түүхтэй ховор нандин олдворууд Эрдэнэзуу хийд хавиас олддогоороо батлагддаг юм.

Нэг ёсондоо Эрдэнэзуу хийдийг Хархорум хотын Өгөдэй хааны Түмэн ордон болоод тэр дундаа их хааны ордны суурин дээр барьсан гэж гаднын судлаачид үздэг.  Мөн зэрэгцэн цогцолсон 10 гаруй сүм байсан бөгөөд 90 метр өндөртэй дугана байсан улбаатай. 

-Автай сайн хааны үед үүссэн гэх домог байдаг. Энэ буруу ойлголт юм байна, тиймээ?

-Автай сайн хаан Гомбо сахиусыг залж ирснээр Эрдэнэзуу хийдэд бурхны шашин дахин дэлгэрсэн гэж үздэг юм. Тухайн үед халх ойрдууд хоорондоо их зөрчилтэй байсан. Тиймээс өмнөх олон сайхан дугана мөхсөн юм билээ. Тэр үеэс хойш өнөөгийн төрхөөрөө байгаа. 

-Тэгээд их хэлмэгдүүлэлтийн үед ахин унасан. Тэр хүнд цагт яаж энэ хийд орноо авч үлдсэн юм бол? 

-1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үе хоёр хэсгээс бүрдсэн байдаг. Тухайн үед 1500-гаад лам хуваргатай байсан. Бүх лам нар нь сургууль хэлбэрээр байрладаг. Зургаан аймагтай 65 орчим дуган сүмтэй, цамаараа их алдартай хийд байсан юм билээ.

Тэр үед орон даяар лам нарыг ангилаад 30 гаруй мянгыг нь цаазаар авч, 20 гаруй мянган ламыг шоронд суулгаж доод ангилалд багтаж буй залуу лам нарыг артелийн ажилчин болгосон.

2013 сүм байсныг устгаад үгүй болгосон гэсэн судалгаа байдаг. Энэ их хар салхинд хамгийн түрүүнд Эрдэнэзуу өртсөн нь тодорхой л доо. Гэхдээ 1944 онд Х. Чойбалсан улсын хамгаалалтад авснаар хийдийн маань өнөө цагийн сүм, дугана үлдсэн. 

-Ямар азаар Х.Чойбалсан гуай тийм шийдвэр гаргасан юм бол? 

-Монголын төлөөлөгчид улаан армид бэлэг хүргэхээр явсан юм билээ. Гэтэл Улсын дээд зөвлөлийн дарга хийж байсан Крем гэж орос хүн “Ард түмнийхээ шашин шүтлэгийг харгалзан үзэлгүй шууд үгүй хийлээ” гэж буруутгасан хандлага гаргасан байдаг. Түүнээс үүдээд зарим сүм хийд аврагдсан гэж Ц.Ширэндэв гуай ярьсан байдаг. 

-Тухайн үед Америкийн төлөөлөгчид манай сүм хийдэд мөргөл үйлдэх гэж ирээд гайхшралд орж байсан гэдэг яриа бий. Та мэдэх үү? 

-1944 онд Америкаас төлөөлөгчид зочилсон байдаг. Тэр хүмүүс бурхны шашинтай орон гэж мэддэг байсан болохоор сүм дугана ихтэй гэж бодож, зорьж ирсэн хэрэг. Гэтэл бүх зүйлийг нь сүйрүүлчихсэн. Эзэнгүй болчихсон хэдэн дугана л байсан байгаа юм.

Энэ үед манай төр засгийн удирдагч нар Сталинтай холбоо барьж чиг авсан байдаг. Тэгээд 100 гаруй лам цуглуулж дуганад хуралдуулаад нүүр тахалж өнгөрүүлж байсан гэдэг. Яг тэр жилээ Чойбалсан 30 гаруй хүнийг цуглуулаад асууж, судалж Эрдэнэзууг музей болгон төрийн хамгаалтанд авсан гэдэг. 

-Тэгээд хэдийнээс эхэлж шашин номын өргөө болж сэргэсэн юм бэ? 

-Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх гуайн гаргасан тогтоолоор Эрдэнэзуу хийдийг шашин номын уншлагатай болгох тогтоол гаргаж 17 ламтай дахин сэргээсэн байдаг.

Одоо 50 гаруй лам хуваргатай, бага сургууль, бясалгалын сүм, байгаль орчин, амьдрах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатайгаас гадна лусын сүмтэй. Дэлхийн өвийн хамгаалалтанд орчихсон төрийн мэдэлд байдаг сүм дээ. 

-Дайны жил Эрдэнэзуу хийд зэвсгийн агуулахын үүрэг гүйцэтгэж байсан гэж ярьдаг нь үнэн үү? 

-Мэдээж янз бүрийн зүйлээр ашиглаж байсан нь ойлгомжтой. Гэхдээ миний баттай сонссоноор зэвсгийн агуулах байсан гэдэг худлаа. 

-Танай хийдтэй холбоотой ховор зургууд их олдсон гэж сонссон юм байна? 

-Маш сайхан ховор бүтээлүүд бий. Эрдэнэзуу хийдийн анхны зураг төслөөс эхлээд хийдтэй холбоотой их зүйл олдсон. Аман түүх бол бодитой бус харин архив юм уу зураг бол бодит түүх болж үлддэг. Их дээр үеэс оросууд олон хүн явуулж манай хийдийн зургийг авхуулдаг байсан юм билээ.

Одоо ч зарим нь хувь хүний гарт үнэтэй болохоос биш олон зураг хадгалагдаж байгаа. Одоо хадгалагдаж байгаа бүтээлүүдээс хамгийн эртний зураг гэвэл 1890 оны зураг бий. 

-Одоо байгаа дугануудаас танай хийдийн хамгийн эртний дугана хэдэн онд боссон байдаг вэ? 

-Гол хийдийн багана. Тэр багана дээр 1586 оны зуны дунд сарын шинийн 15-нд босголоо. Автай сайн хаан энэ дуганыг босгосныхоо дараа шүлэгч залахаар явсан гэж бичсэн нь бий. 

-Эрдэнэзуу хийд өнөөг хүртэл хэдэн хамба ламтай байв? 

-Энэ хийдэд өнөөг хүртэл 25 хамба лам суусан байдаг. Анхны хамба Лувсандагвадоржоо 800 оны эхэн хүртэл амьдарч байсан. Энэ хүн л ерөнхийдөө Эрдэнэзуу хийдийн суурийг тавьж бүх зүйлийг хийж бүтээхэд их үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн сүүлийн хувилгаан хамбыг нь 80 насанд нь 1938 онд цаазаар авсан байдаг юм билээ. 

-Хийдийн барилгад мэргэжлийн байгууллагаас дүн шинжилгээ хийдэг үү? 

-Бид байнга засч сэргээж байгаа. Дэлхийн өвд орчихсон болохоор сайн хамгаалах нь чухал. Нэг ёсондоо Хархорины газар дор Монголын эртний түүх байгаа учраас түүнийг хадгалж үлдэх тухайд дэлхийн олон эрдэмтэд, судлаачид анхаарч хамгаалалтандаа оруулсан.

Тиймээс шинээр барилга барих нь бүү хэл жорлон ч ухах эрх бидэнд байхгүй. Газар доор нь их түүх байгаа учраас судалгаа шинжилгээ хийх ёстой. Ямар ч байсан бүх дугана бүрэн, одоо байгаагаар нь л цаашид хадгалах хэрэгтэй. 

-Лам нарынхаа сурах, боловсрох тал дээр хэрхэн анхаардаг вэ? 

-Манай лам нар дандаа залуучууд байдаг. Би гэхэд 22 жил шашинд шавилсан залуу хүн. Шашны сургуульд маань 20 гаруй хүүхэд сурч байна. Энэтхэгт таван хүүхэд сурч байгаа. Сая бас 20 гаруй хүүхэд суралцаж ирсэн. Бид номын их гэгээрэлд хүрэхгүй ч өөрсдөө сайн боловсрохгүй бол бусдын сэтгэлд засал хийж чадахгүй шүү дээ.

Тиймээс боловсрох тал дээр их анхаардаг. Би 1995 онд шашны сургууль байгуулсан. Одоо манай хийдийн лам нар бурхан шашны сургаал номыг орчин үеийн үг хэллэгээр буулгаж хүмүүст түгээх ажил хийж байна. 

-Сүүлийн үед Эрдэнэзуу хийдээс бурхан алдагдлаа гэх яриа үе үе гарах болсон. Ховор үзмэрүүдээ алдаад байгаа юм биш биз? 

-Манай дэргэд Эрдэнэзуу музей гэж тусдаа захиргаатай харуул хамгаалалтай байгууллага бий. Энэ нь лам нарт хамаардаггүй. Өнгөрсөн хугацаанд Эрдэнзуугаас юм алдлаа гэсэн яриа хэд хэд гарсан. Энэ нь хийдээс биш музейгээс алдагдаад байгаа юм.

Гол нь Эрдэнэзуу музейн фондны эрхлэгч нь өөрөө эртний бурхдуудыг дууриамал бурхнаар солиод гадагш борлуулсан асуудал үүсгэж байсан нь илэрсэн. Тэрнээс биш өөрөөр алдсан гэх яриа бол ховор байх. 

-Хосгүй үнэт зүйл, ном судар танай музейд их бий биз? 

-180 гаруй бурхны үзмэр байдаг юм гэсэн. Энэ бол өөр хаана ч байхгүй тоо л доо. Тиймээс сайн л хадгалах нь чухал. Тэгэхэд төв Гандантэгчинлэн хийдийн 60 хосгүй үнэт үзмэртэй юм билээ. Харин ном бол их цөөхөн. Бусад хийдийн л адил хэмжээний номын цуглуулгатай байх. 

-Өндөр гэгээний урласан бурхан олон байдаг уу?

-Би сайн мэдэхгүй байна. Яг өөрийнх нь урласан бурхан байдаг үгүйг. Харин шавь нарынх нь урласан бурхад байдаг гэж сонссон. Манай музей тусдаа шүү дээ. Тэгээд ч орж үзэхийг хориглодог. Би нэг л удаа фондонд нь орж үзсэн. 

-Настнууд гэр орондоо хадгалж байсан шашны номтой холбоотой эртний зүйлээ танай хийдэд өргөн барьдаг уу? 

-Бараг үгүй. Одоо чинь арай өөр зах зээлээр борлуулбал тэдэнд ашигтай болчихсон үе. Нэг хэсэг бол бурхан, судар маш их өргөдөг байсан. 

-Хархориныхон бусад орон нутгийнхнаас илүү шүтлэгтэй юм шиг санагддаг. Энэ юунд байна вэ? 

-Түүхийн маш том уламжлал, улбаатай орон нутаг. Шүтлэг байсан газар улбаа тасардаггүй гэж ахмадууд ярьдаг. Тиймээс шүтлэгтэй байх тал бий. Ядаж л айл бүхэн нь хүрдтэй, судартай байх жишээтэй. 

-Хийморийн сан, Ганжуур гээд л сүсэгтнүүд их ном уншуулдаг. Тэрхүү ном судрыг өнөө цагийн хэлээр орчуулбал агуулга нь ямар байдаг юм бол? 

-Сүсэгтэн лам дээр очихоор Ганжуур уншуул гэдэг. Тэгээд л агуулгаар нь бурхны айлдвар хэмээн сүсэглэж залбираад л мөргөөд байдаг. Гэтэл Ганжуур бол Ананд, Махката хоёрын хөврүүлсэн тэмдэглэл байдаг. Бурхан багшийг таалал төгссөний дараа тухайн үеийнх нь үйл явдлыг бичгийн хэлэнд буулгасан юм билээ.

Мөн Алтангэрэл судар ч гэсэн тэр хотод төдөн мянган хүн цуглалаа гэсэн утгатай. Бурхны гэгээн залрах үед тийм нэртэй хувилгаан босч ирээд баруун өвдгөө нугалаад ингэж асуув” гэх мэтийн л юм байдаг.

Мэдээж тухайн үеийн хэл яриа, харьцаа өөр ч амьдралын хэв маягийг сударчлан үлдээсэн байдаг. Гэтэл бид ид шидийн юм шиг ойлгоод байдаг. Тэгэхээр дотор нь байгаа юмыг ойлгож байж л шүтэж чадахаас биш мухраар шүтэх чинь утгагүй л байгаа юм. 

-Тиймээс мухар сүсэг огт хэрэггүй гэсэн үг үү? 

-Мухар ч хамаагүй сүсэг бишрэл байх нь нэг давуу талтай л даа. Тайвшрал авч чаддаг. Яагаад бөө ихдээд байна гэхээр сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгээд байна. Өмнө нь лам нар гүйцэтгэдэг байсан. Одоо чадахаа болчихоод байна. Хүн амьдралдаа асуудал үүсэхээр хэн нэгэнд ханддаг. Энэ зах зээл нь байгаа болохоор бөө, лам байгаад байгаа юм. 

-Дэлгүүр гэдэг шиг хийд үйлчилгээний байгууллага мөн үү? 

-Хийд орон гэдэг үйлчилгээний байгууллага хэзээ ч биш. Анхнаасаа ч байгаагүй. Лам хуварга гэдэг мөн л адил мэргэчин төлөгчин, хүний амьдралыг зааж хэлж өгдөг хүн биш. Амьдралын шаардлагаар зурхай үүссэн нь үнэн. Гэхдээ сэтгэл санаа нийлсэн, ном үзэж судлая гэсэн хүмүүс нэг дор цуглаад л ном уншдаг байсан.

Тэгээд сүүлдээ суварга босгож ном уншдаг болсон. Гэтэл одоо үйлчилгээний байгууллага болчихсон. Энэ бол маш буруу ойлголт. Сургаал номыг түгээхийн тухайд лам хуваргууд сайн бясалгал хийж мэдэрснээ хүмүүст хүргэдэг байх хэрэгтэй. 

-Хүний сэтгэлийг хэрхэн засах ёстой вэ? 

-Шуналгүй болоход л хүн баян болдог. Уургүй болоход хайраар дүүрдэг юм шүү гэдгийг л бид ойлгуулах ёстой. Бурхан шашин шуналгүй болохыг нь заадаг болохоос биш шуналыг нь дэвжих юмыг заадаггүй юм. 

-Тэгээд яагаад баяжих ном уншуул гэдэг юм бол? 

-Өнөө цагт Баян намсрайн даллага авна гэхэд хэдэн арван мянгаараа хүмүүс цуглаж байгаа атлаа бурхан багшийн сургаал айлдана гэхээр таван хүн л ирдэг. Лам нар нь ийм ном уншихаар хүмүүс баяждаг гээд ойлгуулчихсан. Энэ төөрөгдлийг арилгахгүй бол болохгүй л дээ. 

-Бурхан багш амилаад энэ цаг үед ирвэл үүсгэн санаачилсан шашнаа юу гэх бол? 

-Маш их харамсана, гайхна. Анх буй болгож зам мөрийг нь тэгшилсэн ном судар, сургаалийг нь зуун хувь гуйвуулчихсан байгаа. Буруу яваад байгаа юмыг л засах нь миний үүрэг гэж боддог. Манай бурхан шашин энэ хэвээрээ яваад байвал цаашид маш хэцүү.

В.Нэргүй

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!