₮ 0

No products in the cart.

Биднийг гаднаас зовоодог зүйл байхгүй, бүх юмсыг бид өөрсдөө сэтгэлдээ хэрхэн хүлээн авахаас хамаарна

Гуравдугаар сургаал

Биднийг гаднаас зовоодог зүйл байхгүй, бүх юмсыг бид өөрсдөө сэтгэлдээ хэрхэн хүлээн авахаас хамаарна. Бидний зовж байгаа, жаргалтай байгаа эсэхэд оюун ухааны нөлөө асар их ач холбогдолтой юм.

Гадны дурын бие, тухайлбал таны урд байгаа энэ үзгийг авъя. Энэ үзэг бидэнд өөрөө аз жаргал, гай зовлонг ч өгч чадахгүй. Харин бид түүнийг өөрийн ухаан, ухамсрын үүднээс яаж авч үзэж байна гэдэг нь өөр хэрэг. Аз жаргал, гай тотгор нь бидний өөрсдөөс хамааралтай.

Зовлон, жаргал нь бидний гадна байгаа бус, харин бидний дотор үүрлэж байдаг. Бид ихэвчлэн үүнийг ойлгодоггүй тул гадаад объект бидэнд жаргал баяр авчрах юм уу эсвэл үүний эсрэг зовлон тарих юм шиг, эсвэл юмыг өөрийн болгох, үгүй бол бол ямар нэг зүйлээс салах, бидний бодож байгаагаар биднийг аз жаргалтай болгох өөр зүйлээр солих гэж бүх хүчээрээ чармайдаг билээ.

Бид байнга гадна талд байгаа ямар нэг юмыг өөрчлөх, нэг юмыг нөгөөгөөр солих гэж тэмүүлдэг боловч бидний дотоод сэтгэлд буй аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөе гэж хэзээ ч боддоггүй. Гэтэл энд л бидний өөрсдийнхөө асуудлыг зөв шийдэж чадахгүй байгаагийн шалтгаан нь байгаа юм шүү дээ.

Биднээс гадуур байгаа эд юмсыг бид оюун ухааны үүднээс янз бүрээр үнэлж болдгийг одоо би та нарт харуулъя. Жишээ болгож сауныг авч үзье. “Чи буруу хэрэг хийсэн учраас шийтгэлд нь гучин минутын турш саунд суух ёстой гэж та нэг хүнд хэлсэн байна. Тэр хүн арван минутын дараа тэсэшгүй халуунаас болж үхлээ хэмээн хашгирч гарав.

Нөгөөх л сауныхаа тухай та өөр нэг хүнд: “Энэ бол их ашигтай зүйл, бүх өвчнийг эдгээх чадалтай. Нэг ороход тавин мянган төгрөг авдаг юм. Чи миний найз учраас чамаас арван мянган төгрөг авъя. Гэхдээ тэнд гучаас илүү минут байж болохгүй шүү” гэж хэлжээ. Гучин минут болоод та тэр хүнийг саунаас гарахыг шаардахад “Ороод арван минут ч болоогүй байна, дахиад жаахан баймаар байна” гэжээ.

Нэг л саун байхад нэг хүн нь саунаас жаргал эдлэж байхад нөгөөд нь зовлон болж байгааг бид харлаа. Яагаад тэр вэ? Сауныг янз янзаар үзэж байгаагийн шалтгаан нь юу вэ?. Нэг л саунд хоёр хүн ороход тэдэнд нөлөөлөх гадаад шалтгаан нь адил шүү дээ.

Энэ жишээг харахад гол нь гадаад ертөнцөд буй зүйлд биш, харин бидний оюун ухаанд, ухамсарт, үзэл бодолд байна. Эндээс үзэхэд зовлон, жаргалыг амсахад оюун санааны үүрэг асар их болох нь ойлгомжтой байна.

Хэрэв та ямар нэгэн объектыг сөрөг талаас нь тайлбарлах юм бол тэр танд ямар нэгэн сөрөг юм бодогдуулж, та түүнийг муу, тааламжгүй юм гэж үзэх болно. Энэ тохиолдолд та үнэхээр зовлон эдэлж, танд муу муухай юм бодогдоно.

Хэрэв юмыг эерэг сэтгэлийн үүднээс авч үзэх юм бол та хаашаа ч явсан аз жаргалтай байх болно.

Биднээс гадуур байгаа юм болгон эерэг, сөрөг гэсэн хоёр талтай байдаг юм. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл эерэг, сөрөг гэсэн хоёр цэнэгтэй байдаг бөгөөд үзэгдлийн эерэг эсвэл сөрөг талыг хүлээж авч байгаагаас хамаарч та баяр баясгалан юмуу зовлонг амсах болно. Та юмыг муу талаас нь бус сайн талаас нь хүлээж авбал аз жаргалтай байх болно.

Жишээ нь эмнэлэгийг аваад үзье. Энд сайн , муу юм хоёулаа байдаг. Хэрэв та эмнэлэг түүнтэй холбоотой сөрөг талыг нь хүлээн авч, энэ бол хүний шаналал, үхлийн газар, хүний эрх чөлөөт үнэ цэнэтэй амьдралыг хязгаарладаг гэх мэтээр боддог бол тийшээ ороход таны сэтгэлд их хүнд, муухай байх болно. Гэтэл эмнэлэгтэй холбоотой эерэг зүйл их бий.

Өнгөрсөн жил би Москвад нэг сар эмнэлэгт хэвтсэн. Тэнд байх бүх хугацаандаа би нөхөдтэйгээ нөхөрсөгөөр ярилцан инээж байсан. Миний нэг найз Азербайжан хүн “Чи дандаа инээж байх юм, чи чинь эмнэлэгт байгаа биз дээ?” гэж надаас асуув. Эмнэлэгт ямар нэгэн сайн зүйл олж болно. Хэрэв би эндээс гараад ямар нэгэн сайхан зочид буудалд оччихвол хэн намайг эмчилж, миний эрүүл мэндэд санаа тавих болж байна?

Харин эмнэлэгт намайг сайхан сувилж, эмчилж байна. Энд би хоолны тухай санаа зовох зүйлгүй, бэлэн хийсэн хоол авчраад өгч байна. Өвчтөн бид нар энд нэг ёсны ноёд шиг амьдарч байна. Юм ууя гэвэл шууд л авчраад өгч байна, эмнэлгээс бид цоо эрүүл болсон догь амьтад гарах болно.

Энэ үүднээс эмнэлэг бол их юм уншиж, зурагт харж болох тун сайхан газар гэж би хариуд нь хэлэв. “Үнэхээр тийм юм, би одоо хүртэл эмнэлгийг шорон шиг үзэж, ням гариг болохоор л нэг баярладаг байсан шүү” хэмээн найз маань хэлснийг минь хүлээн зөвшөөрөв.

Дурын үзэгдлээс эерэг тал эсвэл эерэг цэнэг та хүлээн авч чаддаг бол юу ч хийлээ гэсэн, хаашаа ч явсан бай та бүгдийг зөв хүлээн авч, зөв чиглэлд явах нь дамжиггүй. ”Би аз жаргалтай байвал сайн, би зовж байвал энэ бас сайн. Би баян бол сайн, ядуу бол бас сайн” хэмээн Гаадамбын ёсны нэг аугаа хүн хэлсэн байдаг.

Зовлонд өөрийн гэсэн эерэг тал байдаг тул та үүнийг ашиглан зовлонгоос ямар нэг сайн зүйл олж, ямар нэг ашигтай сургамж авч болох юм. Та аз жаргалтай, баян байгаа бол олон сайхан боломж бий. Жишээлбэл, та ядуучуудад туслах боломжтой. Хэрэв та ертөнцийг сайн талаас нь өөрөөр хэлбэл эерэг нүдээр харах юм бол бүх зүйл сайн тал руугаа эргэх боломжтой.

Хэрэв та тийм үүднээс өөрийнхөө асуудлыг хүлээн авч шийдээд байх юм бол танд эерэг талаараа туссан мэт олон зүйл таны оролцоогүй танд ашиг олж авчрах болно.

Таны аз жаргалтай байдал гадаад ертөнцөөс хамаарахгүй. Бидний аз жаргал маань ихэвчилэн бидний хайртай, дасал болсон ямар нэгэн объект дээр тогтдог гэж буруу бодож байдаг. Энэ объект маань гэнэт алга болчихвол бид гуниг гутрал тэр бүү хэл гаслан зовлонтой болдог.

Энэ нь буруу юм. Биднээс ангид оршин буй объектууд маш амархан өөрчлөгдөж, эвдэрч сүйрч болох учраас бидний аз жаргал хувирамтгай, бат бөх бус гэж үү? Таны аз жаргал танаас тийм амархан яваад өгөх үү?

Бяцхан хүүхдүүдэд хөвөн цагаан үүл их таалагддаг. Тэд өөрсдөд нь таалагддаг тэр л гоё янзаараа байгаасай гэж хүсдэг. Гэвч үүл агшин тутамд дүрсээ өөрчилж байдаг. Хүүхдүүд үүлийг хэзээ ч хувирдаггүй, (нисдэг хивс шиг), солонгыг гараараа барьж үзэж болохоор байгаасай гэж хүсдэг. Бас хүүхдүүд элсээр шилтгээн барьдаг, тэгээд нурахад нь их гомдоллодог.

Томчууд харин үүлний дүрс, элсэн шилтгээнд дурладаггүй. Гэхдээ бидний жинхэнэ аз жаргал гадны өөрчлөгддөг зүйлээс, бас тэнгэрийн үүл мэт хэврэг, байнгын биш зүйлээс хамаардаггүй гэдгийг ойлговол зохино. Бидний эргэн тойронд өөрчлөлтөнд өртөхгүй, эвдрэл сүйрэлд орохгүй зүйл байхгүй. Энэ ертөнцөд мөнх зүйл гэж үгүй.

Таны мөнхийн гэж боддог тэр зүйлүүд ч тэнгэрт байгаа үүлнээс ялгагдах юмгүй, үүлтэй адилхан агшин тутамд өөрчлөгдөж байдаг бөгөөд нэг бяцхан хэсэг нь задран унаж байхад нөгөө нь шинээр үүсэж байдаг. Зөвхөн материаллаг объект өөрчлөгдөх төдийгүй ер нь бүх юмс өөрчлөгддөг. Бидний дасал болсон зүйлс, найз нар, хайртай хүмүүс ч үүл мэт өөрчлөгдөнө.

Иймээс бодит байдал дээр тантай хамт байгаа бүхэн, өөрөөр хэлбэл бидний эргэн тойронд байгаа юмс, таны өмч, хамт ажиллагсад, найз нөхөд, хайртай хүмүүс бүгдээрээ найдваргүй объектууд. Хэрэв эргэн тойрны бүх юм хувирамтгай, хэлбэлзэлтэй бол хэнд ч, юунд ч үнэн голоосоо итгэж найдах аргагүй.

Бидний жинхэнэ найдвартай гэж итгэж болох цорын ганц зүйл бол бидний ухамсар юм. Энэ үүднээсээ бидний аз жаргал бидний сэтгэлээс, бидний сайхан бодлоос шалтгаална. Хэрэв та ухаантай, анхаарлаа төвлөрүүлж чаддаг, бусад амьтан, хүнийг өрөвдөх сэтгэлтэй бол та аз жаргалтай байх болно. Энэ нь таны өрөвдөх сэтгэл, хайр нигүүлсэл, оюун ухаанаас хамаарна.

Таны ухаан санаа, өрөвч сэтгэл, сайхан сэтгэлийг танаас хэн ч хулгайлж авч чадахгүй.

Чухамхүү сэтгэл санааны энэ эерэг чанар таныг энэ амьдралдаа төдийгүй дараа дараачийн амьдралд зорилгодоо хүрэхэд тань тусална. Гуравдугаар зөвлөгөөнд өгөх тайлбар ийм байна.

Эх сурвалж: Аз жаргалд хүрэх 41 сургаал Зохиолч: Гэвш Жамба Тинлей

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...