LOADING

Type to search

Uncategorized

Б.Эрдэнэбулган: Хөхний хавдрын үед эдгээр шинж тэмдгүүд илэрдэг

Share

Хөхний хорт хавдрын талаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн дарга, АУ-ны доктор, тэргүүлэх зэргийн эмч Б.Эрдэнэбулган зөвлөгөө мэдээлэл өглөө.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хөхний хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байгаа бөгөөд  Европ, Ази, Хойд Америкийн бүс нутгуудад хамгийн өндөр байгаа аж. Харин Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдийн нийт өвчлөл дотор хөхний хорт хавдар нь зургадугаарт бичигдэж байна.

Хөхний хорт хавдрын үндсэн шалтгаан:

-Хөхний хорт хавдраар дан ганц эмэгтэй хүн өвддөггүй эрэгтэй хүнд ч тохиолддог. Энэ нь хөхний хорт хавдраар өвдсөн 100 хүний дотор заавал эрэгтэй хүн байдаг нь тогтоогдсон.

-Хүний нас ахих тусам хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг учраас нэг шалтгаан нь нас юм.

-Хөхний хорт хавдар нь удамшдаг учир ээж болон хүүхдүүд энэ өвчнөөр өвдөх магадлал их.

-Цацраг туяатай орчинд амьдарч, ажилладаг бол хөхний хавдраар өвдөх эрсдэл өндөр байдаг.

-Хөхний хэмжээ төрөлхийн том байх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Хөхний хорт хавдрыг үүсгэж байгаа хүчин зүйлс:

-Таргалалт

-Сарын тэмдэг хэт их эрт эрх

-Эмэгтэйчүүдийн цэвэршилт хэт орой явагдах

-Эмэгтэй хүн төрөх насандаа төрөхгүй байх

-Хэт аажуу хүүхэд төрүүлэх

-Цэвэршилтийн эсрэг бэлдмэл хэрэглэх

-Архины хэрэглээ их байх зэрэг асуудлууд нь хөхний хорт хавдраар өвдөх эрсдэлт хүчин зүйлсүүд болж байна.

Хөхөн дээр ямар, ямар төрлийн хавдрууд үүсч ургадаг вэ?

-Хөхөнд найман төрлийн хавдар үүсдэг.

-Хамгийн их тохиолддог хавдар бол хоргүй хавдар. Нийт 84 үйлчлүүлэгчийн судалгаанаас үзэхэд 38 хувь буюу 32 нь хөхний хоргүй хавдраар өвдсөн байсан.

-Уйланхайд өөрчлөлтүүд нь мөн адил их түгээмэл тохиолддог. Дээрх 84 тохиолдлоос 17.9 хувь буюу 15 эмэгтэй энэ төрлөөр өвдсөн байсан.

-Хөхний буглаа орно. Ихэнхдээ хөхүүл ээжүүдэд хөхний буглаа үүссэн байдаг. Тэгэхдээ хөхүүл биш эмэгтэйчүүдэд ч хөхний буглаа  тохиолддог.

-Хоргүй хавдраас хортой хавдар рүү шилждэг хавдар. Энэ хавдраар өвдөх нь харьцангуй цөөн байдаг.

-Таваас найм хүртэлх хавдруудад дандаа хортой хавдрууд байна. Хортой хавдрууд дотроо хамгийн түгээмэл тохиолддог хавдар бол сувгийн нэвчсэн хавдар юм. Манай улсад энэ төрлийн хортой хавдар их тохиолддог.

Хөхний хавдрын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

-Хөхний гадна талд ямар нэгэн байдлаар овгор зүйл тэмтрэгдэх эсвэл харагдах.

-Хөхний толгойноос цусархаг юм уу, шингэн зүйл гарах.

-Арьс татагдах шинж тэмдэг илэрнэ. Өөрөөр хэлбэл, хөхний арьс дотогшоо татагдаж хонхойх шинж илэрдэг.

-Хөхний нэг хэсэг газарт давтамжтай байнга өвдөх.

-Хөхний толгойн хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх.

-Хөхний аль нэг газар улайх, бэрсүүтэх

-Арьсны өнгө өөрчлөгдөх

-Нөгөө талын хөхнөөс илүү хавдсан шинж тэмдгүүд илэрвэл та эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Хэрхэн оношлох вэ?

-Нэгдүгээрт хувь хүн хөхөө өөрөө тэмтрэх мэдэх аргыг сурсан байх ёстой. Хэрхэн тэмтэрч үзэх арга интернэт орчинд маш их байдаг учир тэдгээрийг уншиж судалж сурах хэрэгтэй. Түүнчлэн 40 дээш насны хүн жил бүр хөхний урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж байх хэрэгтэй.  Харин 40 хүртэлх насанд гурван жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой байдаг. Өгөх хамгийн чухал шинжилгээнүүд бол хөхний рентген зураг авахуулах, хөхний хэт авиан шинжилгээ юм.  Хэрвээ голомтод бүтэцтэй өөрчлөлт гарсан бол эдийн шинжилгээг өгөх хэрэгтэй.

-Хэрхэн эмчлэгдэх вэ?

-Хамгийн их тохиолдог хоргүй хавдар нь урт удаан хугацаанд удаан томордог ч зарим тохиолдолд зовуурь ихтэй. Өөрөөр хэлбэл тухайн хавдар байрласан хэсэгт өвдөх, чимчигнэх, хатгуулах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Иймд эмэгтэйчүүд үүндээ санаа зовж хорт хавдар болчих вий гэж их санаа зовдог. Тийм учраас бид сүүлийн үед хөхийг тайрахгүйгээр тухайн хоргүй хавдрыг соруулж авах аргыг хэрэглэж байгаа. Харин бусад төрлийн хортой хавдрыг соруулж авах аргыг хараахан нэвтрээгүй байна.  Олон улсад соруулж авах эмчилгээг 1см буюу түүнээс бага хэмжээтэй хавдрын тохиолдолд мөн булчирхай бусад эрхтэн рүү үсэрхийлээгүй тохиолдолд хийдэг. Тийм учраас бид цаашдаа хортой хавдрыг эхэн үе шатанд соруулж авах эмчилгээгээр эмчлэх арга техникийг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Том хэмжээний хавдрыг уламжлалт аргаар авахаас өөр арга байхгүй. Харин бидний нэвтрүүлж байгаа соруулж авах эмчилгээгээр дээд тал нь 3 см хүртэлх хавдрыг авч болно.

Эх сурвалж: Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!