₮ 0

No products in the cart.

О.Бадрал: Шаргуу ажиллахаас илүү ухаалаг байх нь чухал

“Залуус” буландаа “Сэтгэл зүйч” подкастын хөтлөгч, сэтгэл зүйч О.Бадралыг урилаа.   

-Таныг хүмүүс “Ub comedy”-ийн комедиан, “Сэтгэл зүйч” подкастын хөтлөгч гэдгээр тань илүү мэдэх байх. Анх сургуулиа төгсөөд радиод хөтлөгч хийдэг байсан шүү дээ. Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ? -Сургуулиа төгсөөд хэзээ нэгэн цагт мэргэжлээрээ ажиллана гэдгээ мэдэж байсан учраас залуу байгаа дээрээ олон зүйл туршиж үзмээр санагдсан. Сургуулиа төгсөхөд манай багш, сэтгэл зүйн төвийн захирал намайг бэлтгээд сэтгэл зүйчээр ажиллуулмаар гэсэн санал ирж байсан ч миний хувьд өөрийгөө арай болоогүй гэж үзсэн учраас татгалзсан.

Ингэж явж байгаад фм-ийн хөтлөгч авна гэсэн зар сонсоод хүчээ үзмээр санагдаж байв. Анх фм-ийн шалгаруулалтад орох гээд очиход бэлтгэгдсэн олон сайн хүүхэд байсан боловч даалгавруудыг нь биелүүлсээр байгаад тэнцэж чадсан. Тэр үедээ огт харамсаж байгаагүй. Харин ч олон талын юм хийж үзсэн болохоор мэргэжил рүүгээ улам сайн орж ажиллаж байгаа гэж бодож байгаа. 

-Эрүүл мэндийн боловсролоос сэтгэл зүйн боловсрол илүү чухал тавигдаж байна. Ямар арга барил, шат дарааллаар сэтгэл зүйн боловсролыг олговол илүү үр дүнтэй гэж харж байна вэ? -Эрүүл мэнд болон сэтгэл зүйн боловсрол хоёулаа чухал. Хүмүүс биеэ өвдөхөөр түүнийгээ анзаараад эмнэлэгт очдог. Харин сэтгэл зүйн асуудлээ мэддэггүй.  Сэтгэл зүйн асуудлаасаа болоод өөрөө ч мэдэлгүй хүүхдээ сэтгэл зүйн асуудалтай өсгөдөг. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн асуудалтайгаа мэдэхгүй байгаа нь хамгийн том алдаа.

Мөн олон зүйлийн эхлэл. Хэрвээ эртхэн мэдэж авбал даамжрахаас нь өмнө мэргэжлийн хүнд хандах, нүүр тулах гэсэн олон арга хэмжээ авч болно. Тиймээс дунд сургуульд сэтгэл зүйн хичээл орвол их зүгээр гэж боддог. Мөн  сэтгэл зүйн боловсролыг энтертайнмент хэлбэрээр олговол илүү үр дүнтэй болов уу. Энтертайнмент хэлбэрийг хүссэн үедээ тааваараа үзэж болно. Манай подкаст Apple чартын нэлээн дээгүүрт явдаг ч хүссэн хэмжээний олон хүнд хүрч чадахгүй байгаа. Сэтгэл судлаачид технологитой ойр ажиллах шаардлага тулгарч байна.  

-Сэтгэл зүйн талаар судалж байхад Монголын нийгэмд хамгийн их тулгамдсан асуудал юу вэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? -Тулгамдсан асуудал олон байна. Тэгэхээр дээр хэлсэнчлэн сэтгэл зүйн асуудалтай гэдгээ ойлгож, таньж мэдэх нь шийдэлд хүрэх хамгийн эхний алхам. Сэтгэл зүйн боловсролыг  олгох нь чухал. 

-Подкастын дугаартаа “Хөөрхөн зүрхнүүд” ТББ-ын нийгмийн ажилтантай хийсэн бэлгийн хүчирхийллийг хөндсөн. Олон нийт хэрхэн хүлээж авсан бэ? -Энэ дугаарыг арай цөөн хүн үзсэн нь хүмүүсийн сонирхох зүйл өөр байгаад байх шиг. Уг нь бэлгийн хүчирхийлэл бол огт нуун дарагдуулж болохгүй сэдэв. Бэлгийн хүчирхийллийг нийгэмд ил тод, нээлттэй ярьдаггүй. Дээрээс нь хүн өөрт нь тохиолдохоос нааш мэддэггүй юм байна. Төрсөн аав, өвөө нь хүчиндсэн, хамаатны ах нь оролдсон гэсэн жишээ олон байдаг. Мэдээж хууль зүйн үүднээс арга хэмжээ авдаг л байх. Гэхдээ бүртгэгдэхгүй, мэдэхгүй өнгөрч байгаа нь олон.Bystander эффект гэж байдаг. Энэ нь болохгүй зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрөх, түүнийгээ буруу муу зүйл гэж ойлгоддоггүй байхыг хэлж байгаа юм.

Бэлгийн хүчирхийллийн тохиолдол олон байдаг ч хажуугаар нь чимээгүй өнгөрснөөрөө үүнийг улам даамжруулж байдаг. Олон хүн дэргэд нь байх тусмаа туслахгүй байх магадлал багасдаг. Өөрөө ганцаараа байгаа тохиолдолд туслах ёстой гэж бодож эхэлдэг. Дөрвөн жилийн өмнө нэг охиныг аав ээж хоёр нь зодож байгаад амийг нь бүрэлгэсэн. Гэтэл хөршүүд нь мэдэж байсан мөртлөө нэг нэгэндээ найдаад хэн нь ч туслаагүй. Энэ сэтгэхүй л монголчуудыг дорой байлгаж байна.  

-Таны хувьд подкастаа хийж эхлээд олж мэдэж нээсэн зүйлээсээ дурдвал? -“Сэтгэл зүйч”-ээс гадна “Битгий сонс” подкастыг хөтөлдөг. Олон хүнтай ярилцах тусам илүү их зүйлд суралцдаг. Одоогийн байдлаар хоёр подкаст нийлсэн 260 гаруй дугаар хийхэд хамгийн чухал нь салбар болгоны гажуудлын шийдэл нь нийгмийн асуудал юм байна. Жишээлбэл, археологичтой ярилцахад олон үнэтэй олдворыг нь тоноод байхад тэр нь байх л ёстой юм шигээр хүлээж авдаг. Тэгээд цагдаагаар шалгуулахад эзэн холбогдогчийг нь мэдэж байдаг. Тэгсэн хэрнээ болиулдаггүй, өнгөрөөдгөөсөө болоод олон муу зүйлийг өөгшүүлж байдаг. Тэгэхээр үүнээс харахад боловсролын түвшин нэмэгдэхийн хэрээр нийгмийн асуудал ч бас багасна. 

-Цар тахлаас үүдэн дэлхий нийтээр хагас жил шахам хөл хорионд байлаа. Үүнд хэрхэн дасан зохицож амьдарсан бэ. Таны ажил, амьдралд хэр нөлөөлөв? -Цар тахал миний амьдралд бусад хүнтэй харьцуулахад тийм ч айхтар нөлөө үзүүлээгүй. Манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь гадаадаас холбогддог учраас эдийн засгийн хувьд хямрах, ажилгүй орлогогүй болсон зүйл байгаагүй. 

-Таны хэтийн зорилго юу вэ. Цаашид юу хийж хэрэгжүүлье гэж төлөвлөж байна? -Амьдралаа хүмүүсийн нөөц боломжийг нь тэлж, хөгжихөд зориулна гэж боддог. Хувийн амьдралын хувьд тайван амьдрахыг хүсдэг. Цаг наргүй, цай уух ч завгүй ажиллаж үзсэн. Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл гэдэг маш буруу ойлголт. Шаргуу ажиллах биш, ухаалаг ажиллах ёстой. Яг өөртөө хэрэгтэй, утга учиртай гэж бодсон зүйлдээ л цаг зарцуул. Түүнээс биш юу ч хамаагүй хийгээд завгүй байна гэдэг нь чамд толгойгоо ажиллуулах цаг өгөхгүй байна гэсэн үг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...