LOADING

Type to search

Uncategorized

“Хүүхэд болгоны харцыг унших гэж багш бүхэн судлаач байдаг”

Share

Жил болгоны намар “Есөн сарын нэгэн дээ, ерөөсөө бидний баяр даа Ээждээ үнсүүлж,  аавдаа хөтлүүлээд  эрдэм сурахаар мордлоо доо” хэмээн хүүхдийн цовоо дуу цангинаж, хэн бүхний сэтгэлд баясал, уярал  төрүүлдэг.  Мөнгөн хонхны дуунаар сургууль бүхэн  үүдээ нээж, хүүхдүүд удтал хүлээсэн сургууль, багшдаа  яаран очих  айсуй  гэгээн өдрүүдийг угтаж Хо Ши Ми-ний нэрэмжт лаборатори 14 дүгээр сургуулийн бага ангийн багш Ж.Анхбаярыг “Амьдралын тойрог”-ийн зочноор урьсан юм.   

Хүүхэд байхдаа мэргэжлээ сонгосон багш

   “Бага ангийн багш бол  хамгийн сайхан ажил  мэргэжлийн нэг юм. Хүүхэд гэдэг  тэр чигээрээ ариун гэгээн, бас  хайр итгэл дүүрэн ертөнц. Аав, ээждээ хэлээгүй нууцаа багшдаа л ирж хэлдэг юм шүү дээ. Тийм болохоор  бага ангийн багш яг л хүүхэд  шиг  цайлган болчихдог. Аливаад хандах хандлага  нь  ч, сэтгэл  хөдлөл, ухаарал  нь ч бүгд  тийм гэгээн. Аливааг яг тэгж хүлээж авна. Тэр нь хамгийн сайхан.Тиймээс шавь нарынхаа итгэлийг   алдахгүйн  юм сан гэж боддог”  хэмээн ярих  Жамбалдоржийн Анхбаяр багш 1992 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн, айлын хоёр охины ууган нь. Түүний аав Ц.Жамбалдорж шүүхийн шийдэр гүйцэтгэх газар жолооч хийж байгаад гавьяаны амралтад гарч өдгөө хувиараа хөдөлмөр  эрхэлдэг. Ээж Отгончимэг нь  ханийнхаа  хамт хувиараа бизнес эрхэлж байна.  Тэрбээр хүүхэд байхдаа  л  “Том болоод багш болно”   хэмээн өөрийн ирээдүйг сэтгэл дотроо зуржээ. Хамаатан, садан ойр тойрны ах эгч нарынх нь  дотор багш хүн олон. Тэднийгээ харж өссөн болохоор, дээр нь “Эмэгтэй хүнд хамгийн зохимжтой сайхан мэргэжил бол багш юм шүү, миний охин багш болоорой” гэсэн   ээжийнх нь нөлөө их байв.  Ийнхүү охин ирээдүйд багш болно. Ингэхдээ  бага ангийн багш л  болох юм шүү   хэмээн мөрөөдсөөр  2011 онд  нийслэлийн  Баянзүрх  цогцолбор сургуулийн 11 “А” ангийг  төгсөх жил  ээж нь хөдөөнөөс ирээд түүнийг дагуулан МУБИС-д шалгалт өгүүлж, түүнд  тэнцсэнээр тус сургуульд  элсэн орж 2011 онд Одгэрэл багшийнхаа удирддагад сургуулиа  төгсчээ. Одгэрэл багш нь өөрөө сурганы чиглэлд мэргэшсэн учраас шавь нар нь ч тэр л  чиглэлд, өөрөөр хэлбэл тусгай хэрэгцээт боловсролын чиглэлд давхар мэргэжил эзэмшиж төгссөн байна. Тэгвэл дүү нь мөн л түүний замаар бага ангийн багш болсон бөгөөд өдгөө нэг   айлын хоёр охин  хоёулаа багш, тэр дотроо бага ангийн багш болж ховорхон хувь заяаны эзэн болжээ. 

 “Багш хүн шавь нарынхаа  итгэлийг  даах ёстой”   Хүн өөрийн хүссэн  зорьсон  зүйлд  заавал амжилт гаргадаг. Энэ бол аль ч салбарын бичигдээгүй  хууль  гэж болох юм. Ж.Анхбаяр багш  оюутан байхаас эхлэн мэргэжлийн хичээлүүдээ нарийвчлан  судлахын зэрэгцээ энэ чиглэлд эрэл хайгуул хийж ирсэн   бүтээлч оюутнуудын нэг байсан бөгөөд энэ нь түүнийг  урагш ахихад том нөлөө үзүүлжээ. Анх анги даасан  багш болж байгаа залуу хүний хувьд гол бэрхшээл нь  нэг ангийн 50 хүүхэд бус харин  тэдний ард байгаа аав ээж, эмээ өвөө  нартай тулж харилцах нь  хамгийн хэцүү. Ерөөс залуу багшийн хувьд энэ л гол бэрхшээл  юм. Харин бяцхан шавь нарынх нь хувьд   нуух хаах зүйл өчүүхэн ч үгүй. Аав ээждээ хэлээгүй  нууцаа багшдаа л ирж хэлнэ. Багшийгаа хайрлаж хүндэлнэ. Тэр их итгэлийг даасан хамгийн гол хүн байх өндөр хариуцлага анги даасан багшид л ногдоно. Өдгөө тийм ч  олон жил багшлаагүй атал Ж.Анхбаяр багш  шавь нарынхаа хайрыг татсан хамгийн үнэнч туслагч хийгээд итгэлт хүн байгаагийн гол учир  энэ юм. Харин тэрбээр дотроо багш нарынхаа үг сургаалыг л ягштал баримтална. Багш нар нь лекц орох болгонд, мөн суралцагчдын олонхи нь эмэгтэй хүн учраас биеэ зөв боловсон авч явахыг  захиж зөвлөнө. Мэргэжилдээ эзэн болохыг даамай сайн сургана. Тухайлбал, МУБИС-д сурч байх үед Гантуул багш нь “Бидний мэргэжил асар  нэр хүндтэй. Таяг тулсан эмээ, өвөө нар орж ирээд өөртэй чинь “Энэ хүн залуу багш шүү”  гэж харилцахгүй. Ерөөс настай багш байна уу, залуу  уу, огт  ялгаж харилцахгүй. “Багшаа,  та” гэж хүндэлж харьцах учраас тэр л хүндлэлийг хүлээж авч, итгэл даахуйц багш нар болоорой” гэж захиж байсныг тэрбээр өнөөдөр ч амьдралдаа баримтлах гол  зарчим болгож яваа ажээ.  

 Хүнд хөдөлмөрийг үүрсэн хамгийн бага цалинтай хүмүүс

   Боловсролын салбар дахь стандартыг  авч үзэх юм  бол нэг ангид 25 хүүхэд байх ёстой атал өдгөө  бүх сургуульд тогтсон  жишиг бол нэг анги  50-аас дээш хүүхэдтэйгээр хичээллэж байгаа юм. Захын ангид ороход сурагчийн ширээ хооронд багш явах зайгүй   шахам наалдаж суудаг нь нууц биш. Бодит байдалд нэгээс  хоёрдугаар ангид туслах багш байвал нэн сайн гэж бид ярилцдаг. Ялангуяа нэгдүгээр ангид  бол  сургуулийн босгоор дөнгөж алхсан учраа мэдэхгүй жаахнууд орж ирдэг. Сургууль дотроо битгий хэл анги дотроо төөрнө. Тэр хэрээр асуудал үүснэ. Түүнд ангийн багш бус  туслах багш туслаад явбал илүү тустай байх сан. Гэвч ийм бололцоо боломж өнөөгийн Монголын боловсролын салбарт бүрдээгүй байгаа юм. Ачаалал өндөр байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа атал туслах багш  ажиллуулах бүү хэл одоо ажиллаж байгаа бага  ангийн багш нарын нарын цалинг нэмэх талаар олигтой дэвшил гарсангүй.  Ж.Анхбаяр  багшийн хувьд төгсөх курст сурч байхдаа ирээдүйд  ажиллах салбарынхаа бодит амьдралын зах зухаас мэдэрсэн  байна. Тэр нь багш нарын цалинг нэмэгдүүлье гэсэн Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Багшийн цалин нэмүүлэх түр хороо төрийн бус байгууллага буюу Ч.Мөнхтуяа багшийн санаачилга байв. Тиймээс багш нарын цалинг нэмэгдүүлэх  жагсаал  цуглааныг дэмжиж  мэргэжил нэгт нөхдийнхөө хамтаар очжээ. Жагсаал, цуглаанд дуу хоолойгоо өргөөд орой  харих замдаа  бичиг  хэрэгслийн  дэлгүүр ортол  худалдагч нь “Багш нар жагсаад байх юм. Монголын хамгийн өндөр цалинтай байхаар  хүмүүс багш нар байлтай” гэсэн үг сонсчээ. Тэгээд “Та багшийг хэдэн төгрөгийн цалинтай гэж боддог вэ”  гэж асуухад “Бараг 800-900  мянган төгрөгийн цалин авдаг байх”  гэхийг сонсчээ. Монголын нийгэм багш нарын ажлын хариуцлага хийгээд ачааллыг мэддэг, тиймээс ч  өндөр цалинтай гэж боддог.  Тэгэхээр жагсах ёсгүй гэж боддог байсан шиг билээ” хэмээн өдгөө манай нийтлэлийн зочин ярьж сууна. Тухайн үед багш нарын цалин 500 мянган төгрөг  байсан бөгөөд татвар, НДШ төлөөд гар дээрээ  400 гаруй  мянган төгрөг л  авна. Жагсаал цуглааны үр дүнд тэр нь  өдгөө  600 гаруй болсон байна.  

Анхны бүхнийг дурсуулсан сэтгэлд дотно  нулимстай хичээл     Тэрбээр багшлах анхны дадлагыг  Нийслэлийн 111 дүгээр  сургууль дээр хийжээ. Ээжийнх нь ах эгч нар   насаараа багшилсан  учраас багш хүний  жаргал, зовлонг  тэр бүр мэдэхгүй,  ерөнхийд нь сайхан  мэргэжил гэж боддог байж. Ингээд гуравдугаар  курст  анхны  багшлах дадлагыг  хийжээ. Дараа нь  хамгийн  анхны бие даасан хичээлээ  хоёрдугаар анги дааж авснаар эхлүүлж, математикийн хичээл  заах болжээ. Хичээлдээ бэлдэж шөнөжин  суухад ээж нь ямар их юм бэлддэг юм   бэ. Ийм хүнд байдаг юм уу гэж  гайхжээ.  Харахад    гоё мэргэжил боловч бодит   амьдрал дээр  ямар хүнд хэцүү болохыг ээж нь тухайн үед ойлгосон  нь тэр байж. Ж.Анхбаяр  багшийг сургуулиа төгсөхөд Нийслэлийн 131 дүгээр  сургууль шинээр байгуулагдаж, МУБИС-ийн захирал Булган  багш нь  тэдний ангиас хичээл сурлагаараа  тэргүүлэгч  таван оюутныг тус сургууль руу урилгаар илгээжээ. Тэдний нэг нь манай нийтлэлийн баатар байсан бөгөөд  анх очиход сургууль  нь дөнгөж л  барилгын ажил дуусч байв. Залуус угаалга  цэвэрлэгээний бүхий л ажлыг  хийж, гаднах хаягаа хүртэл  хадаж янзлаад бяцхан шавь нараа хүлээж авахад  эхнээс нь бэлджээ.  Хөтөлбөр төлөвлөгөөгөө ч сургуулийн захирлын хамт   шөнөжин сууж байгаад бэлтгэж  боловсруулав.  Ажлын анхны гарааг тэд  ингэж эхэлсэн байна. 131 дүгээр сургууль СБД-ийн төв хэсэг, Хангай хотхоны дунд орших учраас ирж очиход хүндрэлгүй, хоёрдугаар анги дааж авсан болохоор шавь нар нь бас ч гэж гайгүй зүгширсэн  байлаа. Багш, шавь хоёрын тулсан агшин, учирсан зам, анхны хичээл бүхэн мартагдагшгүй байдаг.  Тэрбээр анх монгол хэлний хичээл дээр “Эхийн сэтгэл”  сэдэвт хичээл орж, хөгжим сонсгож, аав, ээжийнхээ тухай бодож, хүүхэд бүр босч сэтгэгдлээ ярьж  зохион бичлэг хийх  даалгавар өгчээ. Хэдэн хормын дараа хүүхдүүд  зохион бичлэгээ бичиж бүгдээрээ  нулимс мэлтэгнүүлж, залуу багш ч  шавь нартайгаа хамтдаа  уйлжээ. Маргааш нь эцэг эхчүүд хүүхдээ дагуулж ирээд “Өчигдөр яагаад хүү, охин маань уйлав. Ямар хичээл орсон бэ. Яагаад нүд нь бүлцийтэл хавдав” хэмээн асууж тал талаас цугласнаар сургуулийнхаа захирлыг урьж,  эцэг, эхчүүдтэй хамтран  нээлтэй хчиээл хийжээ. Энэ хичээл өдгөө түүний сэтгэлд тод тодхон үлдсэн бол  амьдрал зохиож ханиа дагаад ажил амьдралын зам хөөж  131 дүгээр сургуулиас шилжихэд шавь нар нь түүнийг явуулахгүй хэмээн захидал бичсэн нь  өдгөө хэзээ ч мартагдашгүй дурсгал болж үлджээ.   

Шавь нартайгаа хамт суралцаж яваа залуу багш   Хүүхэд бүрийн асуултаас  ухаарал,  сургамж авч, өөрөө ч бас давхар суралцаж байдаг  багшийн мэргэжил  хамгийн гэгээн ариухан юм.  “Энэ хүүхэд өнөөдөр ингэж асуулаа. Дараагийн удаад ийм асуулт  асуувал тэгж хариулах юм байна”  гэж багш болгон олон хувилбартай бодлого бодож, хичээлдээ  бэлдэнэ. Ангийнхаа ариун цэвэр, аюулгүй байдлын  үүднээс булан тохой болгоныг шалгаж, ямар нэгэн өнцөг, хүүхэд тээглэх зүйл бий эсэхийг  шалгаж зохицуулна.  Зургаан настнууд хөдөгнөөн ихтэй болохоор тэр бүхэнд багш анхаарал хандуулна. Бас хүүхэд бүрийг биеэ авч явж байна уу  гэдэгт  анхаарна, ярьж зөвлөнө.  Хэл ярианы түвшин, хичээлд  анхаарахаас илүү их зүйлд сэтгэл чилээнэ. Хүн байхын утга учрыг багаас нь эхлэн таниулж,   мэндлэх хүндлэх ёсноос эхлээд заана. “Анги танхимдаа орж ирүүт бие биетэйгээ мэндэлж байгаарай, ахмад настантай мэндэлж байгаарай” гээд  сургана. Олон цагаар хичээл үзэхэд хөдөлгөөний  дутагдал  их гарна. Тиймээс хичээл дундуур хөдөлгөөн хийх, 5-10 минутын дасгал хийж хэвшүүлэх гээд  хийх юм их бий. Хамгийн чухал нь тухайн хүүхэд ар гэрт  нь  ямар нэгэн асуудал тулгарсан байхад  тэрийг нь мартуулж зааж байгаа  хичээлд бүрэн төвлөрүүлэхэд  ихээхэн  анхаарна. Үүний тулд багш бүхнээс судлаач байх чадвар шаардагдана. Хүүхэд бүхний нүдний харцнаас, түүнд чухам  юу тохиолдсоныг мэдэж авч,  ар гэрт асуудал гарч уу, ангид асуудал гарч уу  гэдгийг харгазан үзэж байж хичээлээ заана. Энэ бүхэнд залуу багш шавь нартайгаа хамт суралцаж явна хэмээн даруухан өгүүлэх ажээ. 

  Мөнхийн хөдөлгөөнд, тасралтгүй үргэлжлэх багшийн   ажил хөдөлмөрийн урт замыг хүүхэд байхдаа сонгосон Ж.Анхбаяр багш  2011 онд нэгдүгээр  курсын оюутан  байхдаа   амьдралын ханьтайгаа  танилцжээ. Анх уулзах гээд ирэхэд нь “Дүрэмт хувцас нь ямар гоё зохисон юм бэ” хэмээн бэ бодож харсан цэргийн сургуулийн сонсогч залуу өдгөө хоёр хүүгийнх нь аав, амьдралын хань нь  юм. Тэд  гурван  жил үерхэж  2015 онд гэр бүл болсон байна. Том хүүгээ 2015 онд өлгийдөж авсан залуу хос  2017 онд  дахин хүүтэй болсон байна. Түүний хань Б.Нямбаяр  өдгөө 084 дүгээр ангийн нууцын албаны дарга, архивын эрхлэгчээр ажилладаг. Ж.Анхбаяр багш айлын бэр, цэргийн хүний эхнэр болсон эхний хоёр жил өглөө 7.00 цагт гэрээс гарч шөнө 00.00 цагтай уралдан гэртээ харьдаг байсан бөгөөд   тэр болгонд ажил мэргэжлийнх нь онцлогийг ойлгож, хүлээцтэй хандаж, ойлгож дэмжиж ирсэн хань нь түүнд “Эхний хоёр жил ханийнхаа гарын  халуун хоолыг идээгүй юм байна шүү” гэж нэлээд сүүлд хэлж байсан гэдэг. Үнэндээ залуу багшийн хувьд өөрийнхөө хичээлийг заачихаад  бусдаас  суралцахын тулд үдээс хойш бусад багш нарын хичээлд сууж, тэмдэглэл хөтлөх гээд цаг наргүй ажилласан өдрүүд даанч олон юм. Тэгж байж л туршлага олж авна. Тэр бүхэнд цаг хугацаа оролгүй яах билээ. Энэ бүхэнд тэрбээр  аав ээжийн түшиг, сайн ханийн  минь тус дэм  их байсан хэмээн өгүүлж сууна. Гаднаас нь харахад багшийн хөдөлмөр нэг хичээлийн 45-хан минутаар хэмжигдэх  мэт боловч тухайн хүүхдийн насан туршийн боловсрол, мэдлэгийг залуурддаг болохоор зүйрлэшгүй. Түүний ард асар их тэвчээр, хөдөлмөр ордог ажээ гэж бодогдоно. Энэ бол Ж.Анхбаяр гэж бага ангийн нэг багшийн ажил амьдралын нэгэн тойрог мэт боловч Монголын боловсролын салбарт сэтгэл зүтгэлээ зориулсан мянга мянган багшийн зам ийм л замаар явж иржээ. Дээр нь Хо Ши Миний нэрэмжит  14 дүгээр  лаборатори  сургууль бол 3500 орчим  суралцагч, 150 орчим багштай,  Монголын хамгийн анхны хоолны  технологийг өөрөө хийдэг болсон жишиг сургууль юм. Бас сургалт, заах арга зүйн олон талт судалгааг явуулж бусад сургуульд  туршлагаа түгээн дэлгэрүүлж ирсэн судалгааны том төв юм. Хөдөө орон нутагт ч заах арга зүйн үр дүнг хуваалцаж, жишиг болж байдаг эрдмийн ордон ажээ. Сүүлийн хоёр жил цахим сургалтыг нэвтрүүлсэн бол нэг талаар техник технологийн дэвшилд ололт авчирсан ч мөн  суралцагчдын хувьд  хичээлийн хоцрогдол бас нэлээд гарсан гэдгийг багш нар ярьж байгаа юм. Өдгөө хэдхэн хоногийн дараа удаан уулзаагүй багш шавь нар эрдмийн өргөөндөө уулзана. Ахмад багш нарын хэлдгээр эрдмийн өргөөнийнхөө дөрвөн булангаас адис хүртэж, мөнгөн хонхны дуунаар  хичээлийн шинэ жил эхэлдэг гэдэг. Түүн шиг  сэтгэл догдлом энэ л гэгээн мөчийг, бяцхан шавь нараа хүлээж суугаа Ж.Анхбаяр багш, түүний мэргэжил нэгт нөхдөд хичээлийн шинэ жилийн  баярын мэндийг хүргэе. “Оньсыг нь тайлан эрдмийн үүдийг нээж өгч та Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та Оройд дээдлэм ардын багш таны Ойд шингээсэн баатар сүрийг магтья”  хэмээн багшийн ач, сэтгэлд үүрд үлдсэн гэгээн хүндлэл, үйлсийн сайхныг нь хүүхэд байхаас насан өндөр болтлоо хүн бүр  бахархан дуулж,  дурсан хайрлаж явдаг билээ л. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!