LOADING

Type to search

Uncategorized

Л.Баярсайхан: “Баярлалаа эмч ээ” гэдэг л хамгийн сайхан үг

Share

Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр тохиож буй билээ. Энэ өдрийг тохиолдуулан ХСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт мэдээлэл эрхэлсэн дэд захирал Л.Баярсайханыг “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа.

-Ярилцлагын булангийн маань  нэр  “Чухал хүн”. Манай чухал хүний өсч торнисон нутаг ус, ижий аавын тань талаархи асуултаас ярилцлагаа эхлүүлье?

-Би Улаанбаатар хотын уугуул иргэн. МУИС-ийн хойхно бага тойрогт өсч торнисон хүн дээ. Тухайн үеийн бага тойргийн хүүхдүүд ямар байсан тэр л жишгээр өссөн. Миний төрсөн эцэг Архангайн Их тамир сумынх. Аймгийн нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр насаараа ажилласан С.Лувсандорж гэдэг хүн байсан. Одоо бурхан болсон. Насаараа л Архангай аймагт ажилласан учраас буурал Луяа эмч гэхэд нутгийнхан нь андахгүй. Хойд аав минь С.Дэмбэрэл гэж инженер мэргэжилтэй хүн байдаг, одоо ч ажилласаар байгаа. Ээжийн нутаг гэхээр би Дундговь аймгийн Дэлгэрхангай сумаас гаралтай болчихдог юм.

Ээж минь Г.Сосор гэж хүн бий. Уг нь тэтгэвэртээ хэдийнээ гарсан ч, ажил хийж байж л санаа нь амардаг хүн, одоо СӨХ-ийн дарга ажилтай /инээв/. Ажлын төлөө төрсөн мэт хүмүүс байдаг даа. Миний ээж тэдний нэг. Хар багаасаа л ажил хийж, амжилтанд хүрч явсан юм билээ. 1963 онд Монголын  ажил амжилтаараа тэргүүлэгч эмэгтэйчүүдийн хамт Москвад болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн тавдугаар их хуралд Монголоо төлөөлөн оролцож явсан. ЗХУ-ын баатар, маршал Будённыйтай хамт авахуулсан зураг нь байдаг.   

-Эмчийн цагаан халаадаар гоёх таны багын мөрөөдөл үү, эсвэл эцгийнхээ мэргэжлийг өвлө гэсэн гэр бүлийн захиас байв уу?

-Хүүхэд байхдаа эмч болно гэж бодож байсангүй. Ер нь надад сонголт өгөөгүй дээ. Харин ээжид эмч болгоно гэсэн төлөвлөгөө байсан байх, ээжийн заасан замаар л явсан. Амьдралын тойрог маань Анагаах ухааны сургуульд суралцахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байсан. Би 23-р сургуульд 10-аа төгсөөд эмнэлгийн байгууллагад үйлчлэгчээс эхлээд ажил хийж явлаа. 17 настайдаа бүх авто баазад үйлчилдэг Гоош даргатай Тээвэрчдийн эмнэлэгт 260 төгрөгийн цалинтай үйлчлэгчээр оров. Өглөө болгон хамгийн түрүүнд ажилдаа очдогсон. Амьдралд юм юм хэрэгтэй тул оройн цагаар Богд уулын Хүүшийн зооринд давхар ачигч хийдэг байв. Харин эндэхийн цалин сайн байсан. Орос хэлтэй, 10 дугаар ангиа төгссөн, бичиг үсэг гаргууд тул бригадын даргаар тавьчихсан, шорон оронгоос дөнгөж гарсан хүмүүстэй ажиллана. Тэр үед дарга гээд 10 хувь илүү цалин авдаг байлаа. 21 аймгаас зогсолтгүй цуван ирэх хөлдүү мах, толгой, цувдааг гарын тамирыг алдартал шидэлдэг, пүүлдэг, зоорины гүнд ачиж овоолдог.

Тээвэрчдийн эмнэлэгт ажилласны дараа хоёрдугаар эмнэлэгт өндөр даралтын кочегар гэдэг нэртэй ажилд орж билээ. Хүчил төрөгчийн баллонуудыг эргэлдүүлээд явна. Эмнэлгийн дарга Оргил, техникийн тасгийн дарга Пүрэвдорж гээд олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж байлаа. Хатуудаа хатуу, адармаатай он жилүүдийг үдэж дээ. Гэхдээ тэр үед шударга систем байсан. Эмнэлгийн ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулаад хамгийн өндөр оноо авсан нь дээд сургуульд элсдэг. Тэр журмаар шалгалт өгөөд Сеченовын нэрэмжит Москва хотын анагаах ухааны нэгдүгээр их сургуульд суралцахаар явсан. Ингэж л миний эмч болох зам мөр шулуудсан хэрэг.

-Москвагийн Сеченовын нэрэмжит анагаах ухааны академийг эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээр төгссөн байх аа?

-Намайг анх элсэхэд Сеченовын нэрэмжит анагаах ухааны их сургууль гэж байсан юм. Дараа нь нийгмийн нөхцөл байдал, тогтолцоо солигдож хамгийн олон профессорын бүрэлдэхүүнтэй тул Сеченовын нэрэмжит анагаах ухааны академи болж өөрчлөгдсөн. Тэнд мэргэжил эзэмших шалгалтаа эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр өгч, эмчийн  дипломаа өвөртлөөд эх орондоо ирж байлаа.

-Ажлын анхны гараа хүнд хэзээ ч мартагддаггүй юм шиг санагддаг. Та эх орондоо ирээд аль байгууллагад ажиллаж байв?

-Намайг сургуулиа төгсөх үед мэргэшлийн сургалтаар дамжин байж эмч болдог систем үйлчилж байсан. Тэгээд АУҮИС-ийн харьяа эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшил олгох сургалтад АШУ-ы доктор, профессор, МУ-ын хүний гавьяат эмч Т.Эрхэмбаатар багшийнхаа удирдлага дор хоёр жил гаруй суралцаж мэргэшсэн. Мэргэшлийн сургалт нь практикт суурилсан байдаг учир ЭНЭШТ дээр ахмад багш, эмч нартайгаа бүхий л хагалгаанд хамтран орж, өвчтөнтэйгөө ч харилцдаг байв. Тэндээс л миний ажлын анхны гараа эхэлсэн гэж хэлж болох байх. Дараа нь 1995 онд Хавдар судлалын төвд эмэгтэйчүүдийн хавдрын эмчээр ажиллахаар ирж байлаа. Түүнээс хойш мэргэжлийн чиглэлээсээ хазайгаагүй, өнөөдрийг хүртэл ажиллаж ирлээ. Сүүлийн жилүүдэд хавдраас урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүдийн хавдрыг эрт үед нь илрүүлэн эмчлэх чиглэлд дагнан ажилласан.

-Таныг ажилд орж байх үед хавдрын өвчлөл ямар төвшинд байсан бэ?

-1995 оны Хавдрын өвчлөлийг одоогийнхтой харьцуулахад ерөнхий дүр зураг нь төстэй хэвээр. 1990-ээд онд манайд оношлогдсон хавдрын 70-80 хувь нь хожуу, тэр жилдээ мөн өвчлөгсдийн 70-80 хувь нь нас бардаг байв. Элэг, ходоод, уушиг, умайн хүзүү, улаан хоолой гэсэн үндсэн таван төрлийн хавдар зонхилдог байлаа. Тэр дундаа, умайн хүзүүний хавдрын 70-80 хувь нь хожуу оношлогддог байсан хэрэг. Харамсалтай нь, 20 гаруй жилийн дараа нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Өнөөдөр яг л элэг, ходоод, умайн хүзүүний хавдар зонхилсон хэвээр. Дараа нь уушги, улаан хоолойны хавдар бичигдэж байна.

Үүнээс умайн хүзүүний хорт хавдрыг авч үзвэл, 20 жилийн өмнөхөөс ялгаагүй л дийлэнх нь хожуу илэрсэн байх жишээтэй. Гэхдээ эрт илрүүлгийн буюу хавдар болохоос өмнөх үеийн оношлогоо тэр үеийнхээс эрс нэмэгдсэн онцлогтой тул урьдал өвчин, байран хавдрын тохиолдол мөн ихэссэн нь сайн хэрэг. Өнөөдөр умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамрагдалт 44.9 хувьтай байна. Үүнээс эрт үедээ буюу I ба II үеийн хавдар 75 хувьтай байгаа нь скрининг хөтөлбөрийн ач холбогдлыг харуулж байгаа билээ.  Эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх маш их үр дүнтэй. Өртөг зардал ч тийм өндөр биш. Зарим хүмүүс хэмжээлшгүй их зардалтай гэж ойлгодог юм шиг байгаа юм. Гэхдээ умайн хүзүүний эрт илрүүлгийн хувьд нийслэлд хамрагдалт 32.6 хувьтай бол аймгийн дундаж 53.6 хувьтай байгаа нь бас нэг зүйл хэлээд байна.

Манайд ирж буй өвчин нь хүндэрсэн хүмүүсийн дийлэнх нь энергийн эмчилгээ хийлгэж, хугацаа алдсан байдаг

-Манайхан сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ гэж ярьдаг. Энэ үүднээс хавдартай гэж оношлогдсон ч, ардын эмчилгээ, элдэв сүлжээний эм бэлдмэл хэрэглээд, эцэстээ өвчнөө даамжруулчихсан ирдэг тухай өмнө нь сонсч байсан. Үнэхээр тийм хэрэг үү?

-Харамсалтай нь, ХСҮТ-д цаг алдаж, хожуу ирж буй өвчтөн олон бий. Уг нь энэ талаар байнга л ярьдаг. Гэсэн ч олигтой үр дүнд хүрдэггүй. Манайхан энергийн эмчилгээнд их явдаг болсон юм байна. Энэ төрлийн эмчилгээ нэрийн дор үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн тоо ч олширсон юм шиг байна. Үүнээс болоод хугацаа алдаж, хүндэрсэн хойно нь эмнэлэг бараадах тохиолдол их. Манайд ирж буй өвчин нь хүндэрсэн хүмүүсийн дийлэнх нь энергийн эмчилгээ хийлгэж, хугацаа алдсан байдаг.

Энэ талын мэдээллээс энергийн үйлчилгээний сурталчилгаа нь илүү хүчтэй байгаа хэрэг. Уг нь хорт хавдартай бол энергийн эмчилгээнд явж цаг алдах хэрэггүй гэдгийг сайн ярьж байх ёстой. Тэр төрлийн эмчилгээ эсрэг заалттай, улам хүндрүүлдэг. Харин хоргүй хавдар төст зарим нэг тохиолдлын хувьд хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулах эмчилгээ хийлгэхэд үр дүнгээ өгсөн байж болох юм. Тэрийгээ хавдар эмчилчихлээ гэж яриад байна уу. Манайд яг ийм шалтгаанаар цаг алдаж, өвчнөө хүндрүүлсэн нэг эмэгтэй одоо эмчлүүлж байгаа. Өндгөвчний хорт хавдартай. Оношоо сонссоныхоо дараа энергийн эмчилгээнд яваад, өвчнөө сүүлийн шатанд ортол нь хүндрүүлчихсэн байх жишээтэй. Ийм жишээ олныг жагсааж болно. Хүмүүс хавдар надад хамаагүй гэж боддог. Гэтэл бодит байдалд ойр дотны хэн нэгэн нь хавдраар өвдөөгүй хүн бараг байхгүй болсон гэж болно.

-Эмч, тэр дундаа эмэгтэйчүүдийн хавдрын эмчээр ажиллах хэцүү юу?

-Хавдрын мэс заслын эмч хэцүү, эсвэл эмэгтэйчүүдийн хавдрынх илүү хэцүү тухай ойлголт байхгүй. Яах вэ, өвчин нь хожуу оношлогдож, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлсний дараа хэрэв эрт илэрсэн бол тэр хүний амьдрал өөр байх байсан болов уу гэж бодох, санах үед хэцүү байх нь бий. Харин эсрэгээр өвчнөө эрт илрүүлж, мэс засал хийлгээд эдгэчихсэн, ажиллаад явч байгаа өвчтөнгүүдтэйгээ уулзах хамгийн сайхан байдаг. Яагаад гэвэл ажлынх нь үр дүн шууд харагдаж байгаа учраас тэр. Ийм үед эмч шиг сайхан ажил байхгүй. Баярлалаа эмчээ гэдэг үг хамгийн сайхан үг шүү дээ. Хүмүүст амьдрал, баяр баясал бэлэглэхийн зэрэгцээ тухайн гэр бүлд элэг бүтэн, амар амгалан амьдрахад бодитой үйлчилгээ үзүүлдэг учраас тэр. Хэцүү үедээ хэцүү. Сайхандаа сайхан.  

-Одоогоос хэдэн жилийн өмнө та эх орныхоо 21 аймагт умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж байсан гэсэн. Сайн дураар, үнэ төлбөргүй хөтөлбөр хэрэгжүүлсэн эмч таниас өөр байхгүй байх?

-2005 онд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх “Амьдралын төлөө аян” хөтөлбөрийг санаачилж, Хүрээ Ротари клубын болон бусад сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар 10 жилийн турш 21 аймагт хүрч ажилласан. Нийтдээ 30 гаруй мянган эхчүүд, эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүйгээр умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоо хийсэн. Шинжилгээгээр өөрчлөлттэй гарсан хүмүүсийг хяналтад авч, үнэгүй эмчилгээ хийж, шаардлагатай тохиолдолд мэс засал хүртэл хийж байв. Ингэхдээ бид зөвхөн иргэдээ оношлоод, эмчлэх бус, тухайн аймгийн эмч нарыг давхар чадавхижуулах сургалтыг байнга зохион байгуулж байлаа. Үзлэг хийж буй эмнэлгийн гадна олон хүн дугаарлачихсан. Ийм л дүр зураг дунд 10 жил ажилласан. ХСҮТ-ийн эмч сувилагчдаасаа л сайн дурын баг бүрдүүлээд явж ирсэн.

Тийм ч учраас хөдөө орон нутаг, нийслэлд хавдрын нөхцөл байдал ямар байдгийг сайн мэднэ. Олон мянган хүнд хүрч үйлчилснийхээ дүнд хорт хавдраар өвчилж, цаашлаад амиа алдаж ч болзошгүй эрсдэлтэй хэдэн зуун хүний өвчнийг эрт үед нь илрүүлж, амь насыг нь аварсан ажил болсон. Ротари клубээс санхүүжүүлж байсан учир иргэдээс нэг ч төгрөг гарч байгаагүй. Би өөрөө 2002 оноос Ротарийн гишүүн, ОУРотари 3450 дүүргийн Хүрээ Ротари клубын 2005-2006 оны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоо Улаанбаатар Төв Ротари клуб шинээр байгуулаад байна. Хөтөлбөрийнхөө уриаг “Эмэгтэйчүүд эрүүл бол үндэстэн эрүүл” гэж би өөрөө өгсөн.  Миний өөрийн ажил мэргэжлийн итгэл үнэмшил юм даа. Эмэгтэйчүүд, ээж нар өвчин зовлонгүй, эрүүл саруул байгаа цагт үр хүүхэд ч эрүүл саруул төрж өснө, улс үндэстэн ч эрүүл хүчтэй байх болно гэж итгэдэг. Энэ хөтөлбөрийн адил одоо олон хөтөлбөр хэрэгжиж байна. Анх хийж байсан ажил минь өргөн хүрээг хамарч буйд баярладаг.

-Хорт хавдрыг эрт үед илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд юу түлхэв. Сүүлийн үед ч энэ чиглэлд дагнан ажиллаж байгаа шүү дээ?

-Намайг өсгөсөн эмээ минь  умайн хүзүүний хорт хавдраар өөд болсон. Өвчин нь хожуу үедээ илэрсэн юм. Нэг удаа эмээгээ асраад байж байтал гэнэт “Миний хүү тийм мундаг сургууль төгсчихөөд наадахаа тайраад, таслаад эмчилчихэж чадахгүй юм уу” гэж асууж билээ. Яагаад ч юм надад тэр үед хэлэх ч үг олдоогүй. Эмч хүн чадахгүй гэж хэлэх хэцүү байдаг юм. Арга нь барагдаад өөрийн өсгөсөн хүүхдээсээ ингэж асууж байхад “Би чадахгүй нь ээ” гэж хариулах хэцүү байсан. Удалгүй эмээ маань бурхны оронд одсон доо. Тэр үед миний үзсэн зовлонг өөр олон хүн битгий туулаасай гэсэн бодол намайг эзэмдсэн.  Өөрийнхөө яг мэргэшсэн чиглэлээр эрхэм хүнээ алдах эмч хүнд тун  хүнд  тусдаг юм билээ.

Энэ ч намайг 10 жилийн турш хөдөө орон нутгаар явж, тодорхой тооны хүмүүсийг хорт хавдраар өвчлөхөөс урьдчилан сэргийлж, амийг нь аврахад  чиглэгдсэн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэхэд нөлөөлсөн байх гэж боддог. Нөгөө талаас, өвчтөн нь хожуу үедээ оношлогдсон тохиолдолд  хэчнээн мундаг мэс заслийн эмч байсан ч, эмчилгээ хүссэн үр дүнд хүрэхгүй байхад нөлөөлдөг юм. “Хэрэв энэ өвчтөн эрт оношлогдсон байсан бол хагалгааны үр дүн илүү сайн, эсвэл бүр эдгэрэх ч боломжтой байлаа” гэдгийг мэдрэх тусам, мэдэх тусам хавдрыг эрт илрүүлэх л хамгийн чухал, үүнд л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн итгэл үнэмшилтэй болдог юм байна.

-Мэс засал хийхээ болиод, хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр ажилласан нь ийм учиртай байжээ?

-Тийм ээ. Хавдрыг эрт илрүүлж байж л өвчтөний амь аврагдана, эмчилгээнд эерэг  үр дүн гарна гэдгийг ажил, амьдралаараа мэдэрсэн учраас том хагалгаа хийхээ болиод сүүлийн 10 гаруй жил энэ чиглэлд өөрийгөө зориулж явна даа. Илүү олон хүний амь нас аврагдана.

-Эрүүл мэндийн салбарт дорвитой, шийдэмгий санал санаачилга нэлээд гарлаа. ХСҮТ ч энэ жилийг “Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх жил” болгож зарласан гэсэн үү?

-Салбарын хувьд аятай нөхцөл байдал үүсчихлээ гэж харж байгаа. Салбарын сайдаар мэргэжлийн хүн томилогдсон. Өөрөө олон жил эмчээр ажилласан Цогцэцэг сайд зөв зүйтэй бодлого явуулсны эерэг үр дүн нь өдөр тутамд мэдрэгдэж байдаг. Наад захын жишээ дурьдахад, ХСҮТ-д үзүүлэх иргэдийн урт дараалал 50 орчим хувиар буурсан. Ингэснээр үзлэгийн хүлээгдэл цөөрч, хүмүүсийн бухимдал багасч, үйлчилгээний хүртээмж нь ихэссэн. Салбараа мэддэг хүн учраас асуудлыг зөв зүйтэйгээр зохицуулж чадаж байна. Засгийн газраас “Элэг бүтэн монгол хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон. ХСҮТ-д элэгний анхдагч өмөн үүтэй өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал энэ жилээс хийгдэхээр төлөвлөгдсөн. Дээр нь өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар элэг, бөөр, ясны чөмөг зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг төрөөс даах шийдвэр гарлаа.

Үнэхээр сайхан мэдээ. Хүндээр өвдөж, зовсон хүний нуруун дээрээс маш том ачааг төр өөр дээрээ авч буй хэрэг шүү дээ. Түүнчлэн, элэгний  В, С вирүсийн оношлогоо эмчилгээг даатгалаас төлж хөнгөлж байна. Иргэд, төр засаг, мэргэжлийн байгууллагынхан зангидсан гар шиг хамтарч, өвчний эсрэг тэмцэн үр дүнд хүрэх бодит нөхцөл нь бүрдчихлээ гэж харагдаж байна. Ходоодны хорт хавдрын өвчлөлөөр Монгол дэлхийд тэргүүлдэг.  Элэгний хавдар ч ялгаагүй. Тиймээс ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, танин мэдүүлэх, хавдрын боловсрол олгох, мэдээ мэдээлэл хүргэх, хавдрын шинж тэмдгийн талаар иргэд рүүгээ чиглэсэн  сургалт сурталчилгаа явуулах жил болгон бид ажиллаж байна. Эрт илрүүлэлтийг эхлүүлэх урьтал суурь, хөрсөө бэлдэж байна гэсэн үг. Ходоодны оношлогоог улаанхоолойгоор дамжуулан дурандаж оношлодог учраас улаанхоолойн хорт хавдрын асуудал ч давхар хөндөгдөнө. Одоогоор манайд хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг хэрэгжиж байгаа. Үр дүн нь ч боломжийн явж байна. Гэхдээ чанарын баталгаажилтын тал дээр анхаарах, хийх зүйл бий.  

-Чанарын баталгаажилт аа?

-Чанарын баталгаажилт гэдэг нь тодорхой хийж буй үйл ажиллагаа ямар нэг алдаа дутагдал гарахыг хамгийн боломжит хэмжээнд багасгах үйл ажиллагааг хэлж байгаа юм. Оношлогоо, эрт илрүүлгийн тал дээр ямар нэг алдаа гарах эрсдэлтэй байдаг учраас аль болох багасгах тал дээр дорвитой ажлууд хийх шаардлага байгаа. Бид одоогоор судалгаа хийгээд явж байна. Зарим нэг тохиолдол болгоны учрыг олох хэрэгтэй байна.

Бурхан л хүний амь аварч чаддаг бол зөвхөн бурхны л хийх энэ ажлыг эмч л хийдэг

-Хүмүүс сайн эмчийг “Бурхан мэт” гэж тодотгодог. Тэгвэл сайн эмч болохын тулд  залуу эмч нар, энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд яах хэрэгтэй вэ?

-Сайн эмч л болоорой гэж хэлье. Хүний төлөө ажилладаг гэдгээ сайтар ухамсарлах хэрэгтэй.  Хүмүүс бурхан тэнгэрт байдаг гэж ярьдаг. Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд би гарч үзсэн. Магадгүй Монгол Улсаас Эверестийн оргилд  гарсан анхны эмч нь би байх. Тэр үед бурхан надад харагдаагүй. Бурхан гэж тэнгэрт байдаг юм биш, харин газарт байдаг, тэр дотроо жинхэнэ эмч хүнийг хэлдэг юм шиг  санагддаг. Хүний төлөө мэдлэг боловсролоо дайчилж ажилладаг эмч л бурхан байх.  Бурхан л хүний амь аварч чаддаг бол зөвхөн бурхны л хийх энэ ажлыг эмч л хийдэг. Тэгэхээр бурхан гэж эмчийг л хэлнэ.

-“Эмч нар хариуцлагагүй, ашиг хардаг, хүний амийг мөнгөөр үнэлдэг. Тэгсэн атлаа цалингаа голдог” гэх сөрөг хандлага нийгэмд түгээмэл болчихсон. Та энэ асуудалд салбарт нь ажиллаж яваа хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Амьдралд нь авдаг цалин нь  хүрэлцэхгүй өнөөдрийн нөхцөл байдалд чи бурхан шиг бай гээд шаардаад байх бас утгагүй. Цалингийн асуудал мэдээж чухал. Гэхдээ цааш цаашдаа байдал сайжрах болов уу гэж их итгэж байна. Нэг эмчийн өрөөнд 10 гаруй өвчтөн ирлээ гэж бодъё. 10 хүн тус бүртээ хорвоо дээр ганцаараа зовлонтой мэт орж ирдэг. Эмч өөрийн зовлон дээрээ 10 хүний зовлонг хүлээж аваад ажиллана гэдэг хэцүү л ажил. Зовлон тоочоод байвал барагдахгүй. Иргэд нь эрүүл саруул, ажиллаж, хөдөлмөрлөж, бүтээж байхад  улс орон, эдийн засаг, ахуй амьдрал сайжирна. Түүнийг дагаад салбарын байдал ч сайн сайхан болох байх.  Бүгд л нэг том механизмын эд эс шүү дээ. Хамгийн олон хүний ашиг сонирхол зөрөлдөж байдаг учраас муулах шалтгаан мунддаггүй байх. Юу ч хийдэггүй газар л муулуулдаггүй юм шүү дээ.

-Та тогтмол ууланд алхдаг уу?

-Долоо хоногийн ням гараг бүр ууланд алхдаг. Өглөө гараад, орой л орж ирнэ. Сүүлийн 10 гаруй жилд ууланд алхалт  миний амьдралын ердийн  хэвшил болчихсон. Өдөрт 8-9 цаг, заримдаа 15-16 гаруй цагаар ч алхана. Миний хобби л доо. Хобби маань  явсаар уулын спортын тамирчин бараг болчихсон.

-Өндөр уулын оройд гарахад эр хүний хийморь сэргэдэг гэдэг. Үнэндээ хүн бүр өөр өөр шалтгаанаар ууланд авирдаг юм билээ. Таны хувьд?

-Хүн бүр янз бүрийн зорилгоор ууланд авирдаг байх. Миний хувьд сүм хийдэд очин бие сэтгэлээр эрүүлжиж байгаа гэсэн итгэл үнэмшлээр долоо хоногт нэг удаа ууланд гарч, аялдаг. Одоогоос 10 жилийн өмнө “Монгол Хайкин” клубээ байгуулж байлаа. Бүхэл бүтэн 10 жилийн турш долоо хоногийн ням гараг  бүр хүмүүсийг уул руу дагуулж явлаа. Олон клубууд ч даган төрлөө. Тэдний нэг “UB хайкин” клубын залуус өчигдөр намайг хүлээн авч, амаа халтал уул, оргил ярилцаж сайхан суулаа. Нэг талаар, эмчийн ажлаа хийхийн  зэрэгцээ, олон хүмүүсийг эрүүл идэвхтэй амьдралд хэвшүүлэх сүлжээ үүсгэсэн гэж хэлж болно. Ууланд дурласан бид олуулаа.

-Та уулын өндрийн авиралтын спортын мастер хүн. Хамгийн сүүлд ямар ууланд авирсан бэ?

-Үнэнийг хэлэхэд, сүүлийн жилүүдэд экстрим өндөр ууланд авираагүй. Хамгийн сүүлд гэвэл, өнгөрсөн жилийн долдугаар сард Хөвсгөл аймгийн Улаантайгын нурууны хамгийн өндөр оргил болох Бэлчир уулын /3351м/ ууланд авиралтын залуустайгаа хамт гарсан. Гадаадад гэвэл 2015 онд Гималайн нурууны 6000 гаруй метрын өндөр Имжа Цэ,  Лобуче Ийст гэсэн хоёр оргилд “Монгол Хайкин”  клубынхаа залуусын хамт угсруулан авиралт хийгээд ирсэн. Уулын өндрийн авиралтын  чиглэлээр хэд хэдэн амжилт гаргасан.  Эверестийн оргил шиг 8000 метрээс өндөр нийт гурван оргилд гараад байна. 2012 оны  шилдэг тамирчин ч болоод амжлаа.

-Дээр нь телевизэд эрүүл мэндийн хөтлөгчөөр ажилладаг шүү дээ?

-Ер нь миний хувьд уул, телевиз хоёр холбоотой шүү. Иргэддээ эрүүл мэндийн мэдээлэл, боловсрол өгөх гэж ням гараг бүр Үндэсний телевизийн “120/80” эрүүл мэндийн нэвтрүүлгийг хөтөлдөг. 2003 оноос хойш телевизэд ажилласан. Хамгийн анх TV9 телевиз дөнгөж байгуулагдаж байхад  “Жаргалан” гэх эрүүл мэндийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж билээ.  Түүнээс хойш иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр боловсрол олгох чиглэлээр цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж ирлээ.  Хамгийн сүүлд гэхэд,  өнгөрсөн долоо хоногт “Эсэн мэнд амаржихуй”, “Нярайн эрт илрүүлгийн шинжилгээ”, “Элэгний өөхлөлт”-ийн талаар мэргэжлийн эмч нартай сайхан ярилцлага хийлээ. Нэвтрүүлгүүд маань дарааллаар гарах байх. Олон жил, олон эмч нартайгаа ярилцахад эцэстээ л эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спорт чухал гэдэг байсан тул өөрөөсөө эхэлье гээд анх 2005 онд ууланд явж эхэлсэн түүх тэр. Одоо ч олон хүн уулаар явдаг болсон. Бүр өндрийн уулчин ч олон төрж байх шиг байна.

Хааяа л нэг зураг авалтанд оролцоно уу гэсэн санал тавихаар нь 10 жилийн дараа надад олдохгүй зураг болно гээд л орчихдог

-Таныг бас сайн загвар өмсөгч гэж дуулсан юм байна?

-Хааяа л нэг зураг авалтад оролцоно уу гэсэн санал тавихаар нь 10 жилийн дараа надад олдохгүй зураг болно гээд л орчихдог.  Гоёо, Говь компанийн бүтээгдэхүүний рекламд оролцоод амжсан.  Байнга биш л дээ. Манай охидууд бас орноо. Бага охин гадаадад сурдаг, амралтаараа ирээд  “Говь”-ийн  үйл ажиллагаанд оролцоод буцсан байсан. Том охин ч бас гадаадад зурганд орчихоод байгаа сураг байна. Нэг тийм юм болдог юмдаг, гэхдээ хобби ч биш л дээ.

-Та их завгүй юм. Ажил мэргэжлийн онцлог ч байж болох. Ер нь хэр сайн аав бэ?

-Хоёр охин маань том болоод,  гадаадад сурдаг. Одоо  интернэтээр хааяа л харьцана. Амралтаараа нэг ирдэг. Бага байхад нь бусдын адил цэцэрлэг, сургуульд нь хүргэж, өгч авдаг, аав нар ямар байдаг билээ, тийм л байсан. Хоорондоо ойрхон төрсөн болохоор аав, ээжийгээ гээд байхгүй өсчихдөг юм.

-Охидоос чинь эцгийнхээ мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?

-Одоогоор байхгүй. Өөрсдийн сонирхсон өөр  чиглэлийг мэргэжлээр суралцаж байгаа.  Би заавал эмч бол гэж хэзээ ч хэлж байгаагүй. Ирээдүйд хэн болох, ямар салбарт яаж ажиллахаа өөрсдөө сонгох хэрэгтэй гэж боддог юм. Надад олдоогүй тэр сонгох боломжийг би охидууддаа өгсөн байх. Би ч ээжийн заасан замаар. Гэхдээ эх, эцэг гэж хэзээ ч хүүхдүүддээ муу юм хүсдэггүй учир үгийг нь  дагаж явахад хэзээ ч доройтдоггүй юм шүү гэж хүүхэд, залуучуудад хэлдэг.   

-Таны ойрын төлөвлөгөө юу байна?

-Би дээр дурьдсан.  Хорт хавдраас үүдэлтэй нас баралтыг бууруулахад  эрт илрүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах нь  чухал. Үүний хамгийн гол нөхцөл нь чанарын баталгаажилтын асуудал байдаг. Яг энэ чиглэлээр гурван жилд нэг удаа болдог умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээ сэдэвт дэлхийн конгресс ирэх сарын 2-7-ны өдрүүдэд АНУ-ын Орландо хотод болно. Дэлхийн шилдэг эмч, мэргэжилтнүүд оролцдог тус конгресст би оролцоно. Скрининг хөтөлбөрийн чанарын баталгаажилтын тогтолцоог бий болгох талаар олон улсын туршлага, ололт амжилтаас суралцаж, басхүү  Монголынхоо  хөрсөнд нутагшуулах зорилго тавьж байгаа. Үүнээс гадна олон улсын шилдэг экспертүүдийг  Монголдоо урьж, хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр. Тиймээс ярилцлагынхаа төгсгөлд таныг эмч нартаа хандаж үг хэлээч гэвэл?

-Хүн ойр дотны хүмүүстээ мэдээж хайртай. Тэднийгээ өөрөө өвдөж зовоохгүйн тулд өөртөө бас хайртай, анхааралтай байх ёстой. Үүнтэй адил эмч нар ч гэсэн өөрсдөө эрүүл мэнддээ анхааралтай байгаасай гэж хүсч байна. Эмч нар эрүүл саруул байж, ард иргэдээ өвчин зовлонгоос нь салгана. Энэ тал дээр улс нийгэм ч гэсэн анхаарна гэдэгт итгэлтэй байна. Юуны өмнө ХСҮТ-ийн эмч, сувилагч, ажилчиддаа баярын мэндийг хүргэе! Мөн ЭМ-ийн салбарт, эрүүл энхийн манаанд зогсож байгаа Монголын нийт эмч мэргэжилтэн та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж, ОУ-ын эмч нарын баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Эх сурвалж: mminfo.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!