₮ 0

No products in the cart.

Сайхан амттай хор бүү амтлаарай! Солонгоны араас бүү хөөцөлдөөрэй

“Аз жаргалд хүрэх 41 сургаал” номоос

Хоёрдугаар сургаал

Зөв амьдарч сурахын тулд юуны өмнө амьдралын тодорхой зөв чиг зорилготой болох хэрэгтэй. Бурхан багшийн сургаал нь амьдралын зөв чиг зорилгын талаар олон зааврыг бидэнд өгдөг. Түүнийг эрж хайх хэрэгтэй.

Хэрэв та ямар нэгэн зүйлийг зөв, зохих ёсоор нь хүсч байгаа бол түүнд хүрэх анхны алхам нь шаардагдаж байгаа зүйлийг яаж зөв хийх вэ гэдгийг мэдэх, ойлгох явдал юм. Өөрөөр хэлбэл чармайлт гаргах тодорхой чиглэлтэй байх нь тун чухал. Хэрэв та нирвааны хутгийг олъё гэж бодож байгаа бол таны хувьд түүнийг олохын тулд зөв чиг баримжаа олж авах нь нэн чухал.

Хэрэв та нирваанд хүрэхээр тэмүүлж байгаа боловч зөв чиглэлээ мэдэхгүй байгаа учир өөрийн сэтгэлийн муу зуршлаас болоод нирвааны оронд хүрэхийн тулд огт өөр чиглэлээр явчихаж магадгүй.

Товчхон хэлбэл хоёр чиглэл бий. Нэгдүгээр зам нь хар зам. Хоёрдугаар зам нь цагаан зам.

Нэгдүгээр замд олон амттай даллуур буюу хортой “чихэр” тааралдана. Хар замд олон солонго татах болно. Хэсэг хугацаанд хар замын “амттангууд” аятайхан юм шиг санагдах боловч удалгүй тэднээс болж асуудлууд гарч ирнэ. Энэ замд олон олон хурц тод солонгыг харж болох авч та тэднийг гараараа барьж, авч явж чадахгүй.

Би адилтган ярьж байна, харин та миний хэлсний үнэн утгыг ойлгохыг хичээгээрэй. “Амтат хор” бол бидний муу үйлүүд. Хулгайч мөнгө хулгайлаад хэсэг хугацаанд бах нь ханаж, аз жаргалтай юм шиг санагдах боловч хэсэг хугацаа өнгөрөхөд тэрбээр энэ бол муу юм гэдгийг ойлгоно. Хууран мэхлэх нь хэсэг хугацаанд гэм хоргүй юм уу хууртсан хүний хувьд буян ч юм шиг санагдах боловч урт удаан хугацаа өнгөрөхөд заавал түүний хор уршиг гарч ирнэ. Бүх муу үйлдэл сайхан амттай хортой төстэй. Бүх дотносол бас л хортой “чихрийн” нарийссан, нууц хэлбэр. Алдар нэр, хөрөнгө мөнгө, албан тушаал гэх мэт нь бас л солонго гэсэн үг.

Хүмүүс хичнээн тэмүүлэвч хүссэн “солонго”-оо хэзээ ч барьж авч чадахгүй. Баяжихыг тэмүүлсэн хүн өөрийнхөө зорилгод хэзээ ч хүрч чадахгүй. Тэр хүн хичнээн ч баяжлаа гэсэн түүнд дахиад баяжих хүсэл төрнө. Албан тушаал, алдар нэрийн хойноос хөөцөлдөгсөд хичнээн өндөрт гарч, нэр алдар оллоо ч гэсэн үнэнхүү сэтгэл ханаж, баяр хөөр болно гэж үгүй.

Энэ чиглэлд явж эхлэх үед үнэхээр сэтгэл татам, хүний бүх хүчийг дайчилсан санагдах авч цаашаа явах тусам улам их асуудал үүсч энэ зам явуургүй нь мэдэгддэг. Та энэ чиглэлээр явах хэрэггүй шүү.

Сайхан амттай хор бүү амтлаарай! Солонгоны араас бүү хөөцөлдөөрэй! Энэ сургаалийг Бурхан багш сургасан юм шүү. Таны асуудлуудыг бурхан тэнгэр гаргаж ирээгүй, асуудлууд таныг “амтат хор” амталж байх үед таны хийсэн үйлийн үрийн үр дүнд бий болсон юм.

Хордуулсан амттан идсэн хүний ходоодонд асуудал үүсдэг шиг муу үйл хийсэн хүний ухамсарт асуудал үүсдэг. Энэ нь сөрөг үйлийн үр буюу нүгэл бий болж байгаа хэрэг юм.

Таны зовлон өөрийн тань хийсэн үйлдлээс бий болдог. Биднийг буруу чиглэлд явах үед нүгэл хилэнц хуримтлагдаж байдаг. Хар замаар бүү яв, цагаан замаар яв. Цагаан замд солонго байхгүй, гоё даллуур байхгүй, харин олон тооны өргөс, тарилга, өөрөөр хэлбэл тааламжгүй эм байдаг. Эхлээд тэр хэцүү, гэвч яваандаа та хүч орсоор эцэст нь амар амгаланд хүрнэ.

Номыг дадуулах нь эмчийн хийж буй өвтгөдөг тариатай төстэй тул тэвчээртэй байх хэрэгтэй.

Иймд Буддын шашинтан хүний анхны, хамгийн чухал дадлага нь тэвчих юм. Хэрэв таны тэвчээр дутаад байвал та цагаан замаар явж чадахгүй. Та миний сургаалийг сонсоод “Буддизм- энэ бол агуу их сургаал, би энэ цагаан замаар явна” гэж хэлнэ. Та цагаан замаар явж байхдаа маш олон тариа хийлгэж, олон саад бэрхшээлийг даван туулж, янз бүрийн эм уух хэрэг гарна. Хэрэв таны тэвчээр алдагдвал маш олон асуудал гарч ирнэ.

Иймд цагаан замын анхан шат нь тэсвэр тэвчээртэй байж сурах юм. Ийм дадлага нь танд сэтгэлийн их хүчийг бий болгоно. Цагаан замаар улам цаашилсаар аз жаргалын илүү өндөр түвшинд хүрсээр эцэст нь гайхамшигт чухал аз жаргалын сүмд очно гэдгээ ойлгох хэрэгтэй.

Үүнийг ойлгож эхэлсэнээр замд тааралдаж буй бэрхшээлийг нэг их хэцүү зүйл гэж хүлээж авахаа болино. Та таагүй тариа хийлгэх болгондоо асуудлуудаа арилгах болно. Эцэст нь та үүнийг ойлгож авснаар өвддөг тариаг дуртайяа хийлгэх болно. Эмч таныг эдгэрнэ гэдгийг мэдсэн болохоор танд тариа хийдэг эмчид талархаж явдаг болно. Хүүхдүүд тариа хийлгэхдээ уйлан, эмч нарт уурлаж байдаг. Учир нь тэдний эрүүл мэндийн төлөө үүнийг хийж байгаа, тэдэнд ашиг тусаа өгдөг гэдгийг хүүхдүүд ойлгодоггүй.

Өөртөө тэсвэр, тэвчээр бий болгож аваад урт хугацааны турш цагаан замаар урагшилж болно.

Бидэнд тус хүргэнэ гэж таны мэдэж байгаа эм , эмчийн тариа шиг тэвчээр танд нөлөөлөх болно. Эмчилгээний явцад хийсэн их өвтгөдөг тариа эцсийн эцэст танд тус болно. Та эдгэрээд заавал талархал илэрхийлээрэй. Эмч танд биеийн эрүүл мэндийг эргүүлж өгч, номын эмч таны оюуны хүчийг бэхжүүлж, таны оюуны эрүүл мэндийг эргүүлэн өгч байгаа тул та хоёр дахин талархах ёстой.

Тов тодорхой чиглэл маш чухал, Бурхан багшийн сургаал түүнийг олж авахад бидэнд тусалдаг. Цагаан зам ойрхон биш, энэ бол маш урт зам. Та бүхнийг тодорхой ойлгож, өөрийнхөө асуудлуудад зөв хандаж сурах хэрэгтэй. Цагаан замд бэлтгэх, энэ замыг зөв туулж эцэст нь нирвааны төдийгүй Бурханы хутагт хүрэх талаар олон сургаал байдаг. Та эдгээр сургаалийг судлах хэрэгтэй, тэгвэл цагаан замаар зөв чиглэлд явж чадна. Бурхан багшийн сургаал энэхүү тов тодорхой чиглэлийн тухай олон олон заавар бидэнд өгсөн байдаг. Түүнийг эрж хай!

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...