Кармын биеийн зовлонгууд
Та санаж байгаа бол каузаль (буюу кармын) бие нь бидний төрөл арилжих бүрт шилжин явдаг, үхэшгүй мөнх орших бүрэлдэхүүн болох сүнсэнд хамаарах нарийн бие юм. Ингэхлээр чухам энд л (өөр аль нэг үхэшгүй биед байж болохыг ч бас үгүйсгэх аргагүй) урьд насанд бий болсон зовлон бэрхшээлийн тухай мэдээлэл хадгалагдаж байгаа хэрэг.
Бэрхшээл зовлон бүр өнгөрсөн амьдралаас ирдэггүй. Урьд наснаас ирсэн бэрхшээлүүд хүн бүрт байдаггүйг бидний туршлага харуулж байна. Энэ насны тань зовлон бэрхшээлүүдийг буруу итгэл үнэмшил, “кармын сав” дүүрсэнээр тайлбарлах аргагүй тохиолдолд л шалтгааныг нь урьд наснаасаа хайвал зохино.
Ийм бэрхшээлүүд тун бага тохиолддог, гэхдээ байдаг л юм. Кармын зовлон бэрхшээлүүд, кармын зангилаа болон амьдралыг маань хордуулж байдаг өөр бусад зүйлсийн талаар өмнө нь ярьж байсан. Гэхдээ бүх зовлон бэрхшээлийнхээ шалтгааныг өнгөрсөн амьдралаас хайх хэрэггүй!
Ихэнх зовлонгоо бид энэ амьдралдаа бий болгосон байдаг билээ. Энэ насны амьдралаасаа хайж эхэл. Үзмэрч төлөгчид урд төрлөөс нь өчнөөн зовлон бэрхшээл “олж илрүүлсэн” олон хүн бидэнтэй таарч байлаа. Үзмэрчдийн хэлснээр бол энэ амьдрал нь урд насандаа үйлдсэн нүглүүдийнх нь өр төлөөс бололтой юм. Ийм хандлага нь хүнийг оньсого таавар мэт далд урьд насны амьдралын өмнө арга алдрахад хүргэн, зовлонгийнх нь шалтгааныг өнгөрсөн амьдралаас нь олж мэдээд, мөн арилгаж өгөх гээд байгаа үзмэрчийн эрхэнд оруулдаг.
Хүн сүсэг бишрэлийн хүлээснээс (нийгмийн, улс төрийн, мөн өөр бусад ч үзэл бодлын хүлээс байж болно) өнгөрсөн амьдралдаа хийсэн нүглийн хүлээсэнд орно гэсэн үг. Нүгэл юу гэж нэрлэгдэх нь хамаагүй, хүнийг л санаснаараа хөдөлгөж байвал боллоо шүү дээ! Харин бид арай өөр хандлагыг илүүд үздэг юм.
Бидний мэдэхгүй урьд төрлөөс ирсэн зовлон бэрхшээл байж болохыг (заримдаа) үгүйсгэхгүй ч, энэ амьдралд учир шалтгаан нь байгаа эсэхийг илрүүлэхээр өөрсдөө оролдохыг бид санал болгож байна. Буруу итгэл үнэмшил, сөрөг догдлол шаналгаа, буруу үйлдлээсээ хайх хэрэгтэй. Ер нь л олдож таарах вий.
Одоо танд тохиолдоод байгаа явдлыг энэ насны тань ямар ч буруу итгэл үнэмшил, үйл явдлаар тайлбарлах аргагүйд итгэлтэй болсон хойноо л үл мэдэгдэх урьд насны амьдралуудад тань ямар бэрхшээл байсныг хайж эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үхэшгүй мөнх сүнс тань урьд балрын ямар зовлон бэрхшээлийн тухай мэдээллийг энэ амьдрал руу тань тээж ирснийг хайна гэсэн үг шүү дээ.
Иймэрхүү мэдээллийг өөрөө илрүүлэх боломжтой байдаг. Урьд насныхаа явдлыг хэрхэн өөрөө олж мэдэх вэ. Юуны өмнө энэ насандаа гаргасан алдааныхаа төлөө “хүмүүжүүлэх арга хэмжээнд” өртсөн бүх тохиолдлыг орхих хэрэгтэй. Үүний тулд та амьдралдаа тохиолдсон бүх зовлон бэрхшээлүүдийг “хүмүүжүүлэх” арга хэмжээ байсан эсэхэд тулгуурлан шинжлээрэй.
Өөрөөр хэлбэл, бүрэн ухамсартай насандаа хурааж хуримтлуулсан байж болох алдаатай буруу итгэл үнэмшил, хэт утга учир өгөлтийг тань, тэдгээрийг няцаах таван аргын аль нэгийг буюу хослуулан хэрэглэх замаар “хүмүүжүүлсэн” тохиолдлуудад үндэслэн тооцож гаргах хэрэгтэй.
Хэрвээ ямар нэг бэрхшээл “кармын савны” загварын хүрээнд яагаад ч тайлбарлагдахгүй байвал таны урьд наснуудад ямар үйл явдал тохиолдсон байж болохыг ердийн логик ашиглан ойлгож болно.
Жишээ нь, энэ насанд тань уснаас үхтлээ айхуйц ямар ч явдал тохиолдоогүй атал усанд дургүй, сэлж сурахаас ч мөн айдаг байж болно. Энэ нь таны урьд наснуудынхаа аль нэгэнд усанд живж нас барахдаа амссан айдас кармын биед тань бичигдсэн гэсэн үг. Уг мэдээллийг арчин өөрчлөхийн (ахин кодлох) тулд усан онгоцтойгоо живсэн үү, ганцаараа живсэн үү, тохиолдлоор уу , аль эсвэл амийг тань хүч хэрэглэн хороосон уу гэдгийг тодруулах нь зүйтэй.
Хүний амьдралын үйл явдалд ийм логик шинжилгээ хийснээр, хүний нарийн биед инкарнацийн ямар хөтөлбөр бичигдсэн, хүн урьд насныхаа амьдралуудаас ямар буруу итгэл үнэмшил, кармын бэрхшээл тээж ирснийг заримдаа тодорхойлж болдог.
Энэ тохиолдолд урьд насных нь үйл явдлыг тодорхой мэдэх шаардлагагүй бөгөөд амьдрал танд ямар сургамж өгөхийг оролдоод байна вэ гэдгийг ойлгоход л хангалттай байдаг. Тэгээд уг сургамжийг хүлээн авч “төлөвших” хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Хэрхэн өөрөө мэдээллийг илрүүлж тайлах вэ.
Ой санамжаа өөрчлөхийн тулд чухам ямар явдал болсныг тодорхой мэдэх шаардлагатай бол харин яах билээ?
Ийм мэдээллийг олж авах хэд хэдэн арга зам бий. Жишээ нь, та бясалгал хийх үедээ хүсэлт тавин хэрэгтэй дүр зургаа олж харж болно. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, төсөөлөн бодох чадвар нь сайн хөгжсөн хүмүүст энэ арга тус болох нь элбэг байдаг. Ямар ч бясалгал хийж болно. Тусгай бясалгал ч байж болно. Жишээ нь, реинкарнацийн тусгай бясалгалууд одоо өргөн дэлгэрч байгаа шүү дээ. Унтахын өмнө өөртөө асуулт тавьж болно. Ялангуяа та энэ хүсэлтээ хэд хэд давтан хийвэл хариу нь зүүд байдлаар ирж болдог. Хариу шууд илээр ирж, та урьд насандаа болсон үйл явдлыг зүүдэндээ олж үзнэ. Эсвэл далд, кодлогдсон мэдээлэл бүхий зүүд хэлбэрээр ч ирж мэднэ. Бага зэрэг ухан бодох болон зүүдний тайлал ашиглах замаар үүнийг ойлгож авч болно.
Эцэст нь та далд ухамсартаа шууд хүсэлт тавин хандаж болно. Үүнийг хэрхэн хийж болохыг номын долдугаар хэсэгт нэлээд тодорхой бичсэн байгаа. Арга ядвал үзмэрчид хандаж бас болно. Гэхдээ хэд хэдэн үзмэрчээс нэг зүйл асуухгүй байх нь дээр. Тэдний хариулт хоорондоо нэлээд зөрөх нь таныг гайхширалд хүргэж мэднэ. Иймээс нэг үзмэрчээс авсан хариутайгаа нэлээд хугацаанд ажиллаад үзээрэй.
Үр дүн гарахгүй бол өөр хүнд хандана биз. “Кармын савны” хүрээнд тайлбарлах боломжгүй өөр бусад бэрхшээлтэй ч мөн ийм маягаар ажиллах хэрэгтэй. Та битүү, давчуу байр саванд орохдоо эвгүйцдэг бол битүү саванд үхэх үед (газар хөдлөлт, дэлбэрэлтийн нурангид дарагдсан, бүтэж үхсэн г.м.) төрсөн айдас кармын биед тань бичигдсэн нь л тэр болов уу .
Ийм маягаар хүмүүст тохиолддог олон “фобийн” тухайд инкарнацийн бодит шалтгаан олж илрүүлж болно. Харин ийм хайгуулд хэт автахгүй байх нь чухал. Бидний ажигласнаар буруу итгэл үнэмшил, ямар нэг зүйлд хэт утга учир өгөх явдал хүний бэрхшээл, зовлонгийн уг шалтгаан болох нь нийт тохиолдлын 90-95%-г эзэлдэг.
Бэрхшээл зовлонгийн уг шалтгаан урьд насанд байх тохиолдол зөвхөн 5-10%-ийг эзэлнэ. Олж авсан мэдээллээ хэрхэн ашиглах вэ. Урьд насанд тань ямар гай барцад тохиолдсоныг олж мэдлээ гэж бодъё.
Цааш нь юу хийх вэ? Цаашаа тун амархан. Кармын биед тань хадгалагдаж буй уг мэдээллийг өөрчлөх буюу ахин кодлох хэрэгтэй. Өнгөрсөн явдлыг бодитойгоор өөрчлөх боломжгүй, нэгэнт болж өнгөрсөн л бол буцаах ямар ч аргагүй. Харин тэр явдлын тухай таны ой санамжийг өөрчилж болно. Үүний тулд бид дараахь дасгалыг зөвлөж байна. Энэ дасгалыг урьд насандаа болж өнгөрсөн үйл явдлыг олж харах бясалгалынхаа үед хийнэ. Хэрэв мэдээллийг зүүд нойр, далд ухамсраасаа болон үзмэрчээс авсан бол сүүлд нь, аль чөлөө завтай цагтаа хийх хэрэгтэй.
“Өнгөрснийг ахин кодлох” дасгал.
15-20 минутын туршид хэн ч таныг түйвээж саад болохгүй нөхцөл бүрдүүл. Эвтэйхэн байрлал эзэлж, нүдээ аниад, биеийнхээ булчингуудыг суллан, толгойдоо эргэлдэн гүйх бодлуудыг зогсоо.
Танд кармын бэрхшээл бий болгоход хүргэсэн үйл явдлыг (та живж, шороонд дарагдаж, өөр хэн нэгэн хүн, амьтныг алж, алуулж байна г.м.) аль болох дэлгэрэнгүй тодорхойгоор хар (эсвэл төсөөл).
Одоо ухаан санаандаа үйл явдлын эхэнд хүртэл уг зургийн хальсыг “буцаан ороо”. Тэгээд үйл явдал сайнаар төгсөж байхаар ухамсраараа өөрчил (Жишээ нь та живж байтлаа гэнэт шинэ хүчийг олж гараараа хэд самраад усны мандал дээр гараад ирэв. Гэтэл завиар явж байсан хүмүүс тааралдаад таныг татаж гаргана. Эсвэл та шороонд дарагдан үхэж байтал найз тань гэнэт олж хараад хүмүүсийг дуудан ирж ухаж гаргалаа г.м.)
Гай зовлонгоос ангижирсандаа баярлагтун. Бурхан болоод сахиусан тэнгэрт баярлаж талархсанаа илэрхийл. Одоо нүдээ нээгээд бодол санаагаа хэвийн байдалд нь оруулж болно. Дасгал тийм ч хэцүү биш болохыг та үзлээ шүү дээ. Дотоод дэлгэцэндээ юухан хээхэн ч болов харж чаддаг хэн хүн энэ дасгалыг гүйцэтгэж чадна.
Чаддаггүй байсан ч энэ дасгалыг хийж болно. Үйл явдлыг зургаар харахын оронд өөртөө үгээр ярьж болно. Үр дүн нь мөн л адил эерэг байна.
Зүүдээ ахин кодло.
Энэ дасгал нь өнгөрсөн үйл явдлын тухай ой санамжаа өөрчлөхөөс хавьгүй өргөн хэрэглээтэй байдаг. Хар дарсан эвгүй зүүд зүүдлэгдэх үед үүнийг ашиглахыг бид зөвлөх байна. Та нойрондоо хөөгдөж, хаднаас унаж, машинд дайруулж, аль эсвэл өөр
ямар нэг таагүй муухай юм зүүдлэн хар дараад цочин сэрвэл уг зүүдээ ахин кодлоорой! Үүний тулд нүдээ аниад, таныг айлгасан зүүдээ эргэн санаж, сайн сайхнаар төгсгө. Өөрөөр хэлбэл та халил хаднаас унаж явтал дор тань чулуу биш, ус байж байлаа. Та усны мандалд гараад эрэг рүү сэлж хүрэв.
Араас тань хэн нэгэн хөөж явтал гэнэт цагдаагийн машин гарч ирээд танхай этгээдийг барьж одов, харин таныг машинаар гэрт тань хүргэж өглөө гэх зэргээр бод. Ингэснээрээ та бодит ирээдүйгээ сайн тал руу өөрчлөх болно! Та ойрын ирээдүйд тохиолдож болзошгүй үйл явдлын тухай мэдээллийг зүүднээсээ авсан байж болно. Хэрвээ та уг мэдээллийг өөрчилж чадвал амьдралын тань бөмбөг өөр, арай аятайхан сувгаар өнхрөх болно.
Үүнд нь дэм өгөх хэрэгтэй! Ийм маягаар, урьд насныхаа таагүй муу үйл явдлын тухай мэдээллийг засч залруулахын тулд уг үйл явдлыг эргэн санаж, эхлэлийг нь хэвээр үлдээн төгсгөлийг нь сайн сайхнаар өөрчлөн төгсгөх хэрэгтэй. Цэвэрлэгээний энэ шатанд танд амжилт хүсье.
Эх сурвалж: Карма алдаагаа засацгаая ном