LOADING

Type to search

Uncategorized

С.Хокинг: Хүн төрөлхтөн ойрын 30 жилийн дотор дэлхийгээс нүүж явах нь зүйтэй

Share

Хүн ам хэт олшрох болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөхөн сүйрэхээс зайлсхийхийн тулд хүн төрөлхтөн Дэлхийгээс ойрын 30 жилийн дотор нүүж эхлэх ёстой. Ийм дүгнэлтийг Их Британийн нэрт эрдэмтэн Стивен Хокинг Норвегийн Тронхейм хотод болсон эрдэм шинжилгээний “Starmus” хурлын үеэр хийснийг “The Telegraph” сонинд иш татан мэдээлжээ.

Одон орны физикч С.Хокингийн үзэж байгаагаар, Улаан нүдэн гараг болон Саран дээр суурьшлын бүс байгуулан тэнд ургамал, амьтан, мөөг, шавьжийг аваачсанаар шинэ орчныг бий болгох нь маш чухал байгаа аж.

Хокингийн тэмдэглэн хэлснээр, солиртой мөргөлдөх, дэлхийн агаарын температур нэмэгдэх болон хүн ам хэт олширсны улмаас хүн төрөлхтөн мөхөн сүйрэх нь ердөө л цаг хугацааны асуудал болжээ.

“Хүмүүс Дэлхийг орхин явах зүйтэй гэдэгт би итгэлтэй байна. Энэ гараг бидний хувьд дэндүү жижигхэн болжээ, манай Дэлхийн нөөц, эх үүсвэр маш хурдан шавхагдан хоосорч байна” хэмээн Хокинг ярьсан байна. 

Өмнө нь хүн төрөлхтөнд иймэрхүү хямрал тохиолдож байсан ч шинээр суурьшин амьдрах нөөц газар байсаар ирсэн билээ.

“Колумб шинэ дэлхийг 1492 онд нээснээр шинэ суурьшлыг бий болгосон. Харин одоо бол шинээр суурьших газар байхгүй болжээ. Бидэнд хэтэрхий их давчуу болж байна, тиймээс бидний явж болох цорын ганц газар бол өөр гарагууд” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Хокинг цааш нь ярихдаа “эцсийн эцэст Дэлхий солиртой мөргөлдөн сүйрнэ. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөл бишээ. Энэ бол физик болон магадлалын онолоор батлагдсан зүйл” гэж батлан хэлсэн байна. Мөн тэрбээр “сансрын судалгааг хөгжүүлэх нь хүн төрөлхтний ирээдүйг эрс өөрчлөөд зогсохгүй ерөөсөө хүн төрөлхтөнд ирээдүй бий юү гэдгийг тодорхойлох гол хүчин зүйл болж магадгүй” хэмээн дүгнэжээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!