LOADING

Type to search

Uncategorized

Ж.Гэндэндарам: Будда багшийн маш олон номыг орчуулсан нь энэ биед маань “шингэж” дээ

Share

… Хэдхэн хоногийн өмнө Д.Урианхай гуайн өрөөнөөс харсан “дүр зураг”. Гэндэндарам гуай орныхоо өмнө эмнэлгийн жижиг тумбочкыг тавьчихаж. Дээр нь хинди хэл бүхий ном дэлгээстэй байх агаад орчуулга бүхий гар бичмэл, харааны шил, мөн л томруулдаг шилийг тавьж, хэд хэдэн балаар бэлтгэл хангажээ. Буурлуудын яриа соронз мэт татаж, цагийг умартан уяж орхих гээд байхыг яана. Энэ удаад МУ-ын СГЗ, орчуулагч, дипломатч Ж.Гэндэндарам гуайтай уулзах сайхан завшаан тохиосон юм. Тэрээр хөгшинтэйгээ тамир сэлбэхээр Манба Дацан эмнэлэгт маань хэвтээд буй нь энэ гэнэ.

-Та хоёр маань сайхан зусаж байна уу. Яриагаа эхлүүлэхээс өмнө таныг би “зэмлэж” мэдэх нь байна шүү.  Эмчилгээ хийлгэж байгаа хүн чинь амраад авах байтал та ном шагайгаад л сууна уу?

-/Инээв. сурв/ Харин тийм ээ, ном шагайгаад л сууна. Би одоогоос гурван жилийн өмнө 21 боть ном хэвлүүлсэн. Энэ жилийн тухайд “Ухаарахуйн толь” монгол зүйр цэцэн үгсийн тайлбар номыг хэвлүүллээ. Хөгшөөн, гаргаад ирээч. /Эмнэлгийн шүүгээнд арваад ном нямбайлан өрснөөс нэгийг гаргаж үзүүлэв. сурв/ Монголчууд зүйр цэцэн үгээ мэдэхээ больсон байна. Бидний багад аав ээж, нутгийн хүмүүс зүйр цэцэн үгээр л сургаж ирсэн. Энэ номонд 700 гаруй зүйр цэцэн үгийг шүүж, тайлбартай нь оруулсан. Ирэх жил 23,24 дэх ботио гаргахаар төлөвлөгөөтэй. Ийм л нэгэн зүгээр сууж чаддаггүй өвгөн байна даа.

-Хүний төгс сурсан юм гэдэг сайхан юм даа.

-Олон жилийн өмнө дөө, нэгэнт нас болжээ. Төрийн ажлаа ингээд өгье. Гэхдээ би энэ насандаа энэ хоёр хэлийг сурах гэж их л ядарсан юм сан. Ингээд энэ хэлнүүд надтай хамт тэтгэвэрт гарчих юм уу гэж бодогдсон. Тэгээд Монголд хинди хэлийг заах сургууль гэж байх биш дээ. Тийм болохоор Энэтхэгийн эртний гайхамшигтай дэлхийн сонгодог бүтээлүүдийн тоонд багтах, дэлхийн эрдэнэсийн санд орчихсон сод бүтээлүүдийг монгол хэлэнд хөрвүүлье. Харин англи хэлийг их, дээд сургуулийн оюутнуудад зааж болох юм гэж бодсон. Би чинь 2018 оныг хүртэл англи хэлний багшаар ажиллалаа. Төр түмэн миний хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг юм аа. 2008 онд МУ-ын СГЗ цолыг хайрлалаа. Сүхбаатар, Чингисийн одонгоос бусдыг нь зүүлээ. Зохиолчдын хороо, Орчуулагчдын эвлэлийн шагнал урамшуулал зөндөө бий. Энэ бүхэнд урамшаад өнөөдрийг хүртэл орчуулга хийгээд л сууна.

-Одоо ямар ном орчуулж суугаа юм. Хинди  үсэгнүүд ийм байдаг байх нь ээ.

-Энэ их сонин ном. Энэтхэгийн яруу найрагч, сэтгэгч Рабиндранат Таагүр гэж дуулсан уу.

-Дуулалгүй яахав. Буруу санаагүй бол азиас анхны Нобелийн шагнал  хүртсэн хүн.

-Түүний “Бэр хатан” гэж энэ ном нэгэн хааны бэрийн тухай юм. Манай Мандухай сэцэн хатан шиг гэх юм уу.

Энэ бол 2000 гаруй жилийн түүхтэй хинди бичиг. Манайхан алин дивангаравын гэж ярьдаг даа. Энэ нь маш эртний гэсэн утгатай энэтхэг үг, монголжчихсон байгаа нь тэр.

Анх 1958 онд гурвуулаа Энэтхэг улсад суралцахаар явж байлаа. Өнөөдөр бол жилдээ 100 гаруй хүн Энэтхэг рүү явдаг болж. Өрнөдөд байхгүй олон зүйлийг тэднээс харж болно. Даанч манайхан хажуудахаа харахгүй өрнө л гээд шогшроод байх юм. Хичнээн харамсалтай. Сурах юм ямар их гээч. Тухайлбал, манайх тэтгэврийн шимтгэл гэж насаараа хураалгачихаад, тэтгэвэртээ гарахдаа өнөөхийнхөө үр шимийг үзэлгүй бурхан болчих нь бий. Энийг Энэтхэгт яаж шийддэг вэ гэхээр албан газар болгон ажилчдаасаа  шимтгэл авна. Талыг нь ажилтан өөрөө, талыг нь байгуулагаас гаргаад хадгаламжийн дэвтэр нээчихдэг. Тэр дэвтрийг тэтгэвэрт  гарахаас нааш банк хэнд ч өгөхгүй. Нас болоод тэтгэвэрт гарахад хадгаламжаа авах уу, эсвэл улсад өгөөд улсаас тэтгэмж авах уу гэж асуудаг. Улсад өгсөн нь сар бүр тэтгэврээ авах нь байна шүү дээ. Манай  ЭСЯ-нд 18-тай ажилд манаачаар орсон залуу тэтгэвэрт гарахдаа 50 мянган рупигийн хадгаламжтай болсон байв.  Тэгээд мөнгөө аваад, том гэгчийн идэш уушийн дэлгүүр нээгээд сайхан амьдардаг байлаа.  Үүнээс  өмнө дөө. Энэ залуу гэр бүлтэй болж, зургаан долоон хүүхэдтэй болдог юм. Тэгээд ганц манаачийн цалингаар амьдрахад хүрэлцэхгүй байгаа нь андашгүй. Тэгэхээр нь бид түүнд бас хэдэн  төгрөг олоод өгчих санаатай, нэг жилийнхээ төсөвт хаалгач гэсэн орон тоо нэмээд, төвөд руу явуулчихлаа. Тэгсэн батлаад явуулчихаж. Биднийг баярласан гэж. Өнөөхдөө өгнө гээд би жигтэйхэн баяртай очоод  уулзлаа. Таны цалинг энэ жилээс нэмэх боллоо гэсэн их л баярлаж байна. Тэгснээ би юу хийх юм гэж асуухаар нь манаачийнхаа хажуугаар  хаалгач хийнэ гэв. Хаалгач нь юу хийх юм гэнэ. Ажлынхаа зав чөлөөгөөр хашаанд унасан ганц нэг хогийг цэвэрлэчихэд болно доо гэлээ. Тэгтэл жигтэйхэн уурлаад, “Би цэвэрлэгч юм уу. Үгүй би манаач. Наад цалинг чинь авахгүй” гэв. Манаач нь цэвэрлэгчээс доор албан тушаал учраас тэр юм гэнэ ээ. Хандлага харагдаж байгаа биз. Энэ жижиг жишээнээс эхлээд сурах юм ч их бий дээ.

-Таныг 1958 онд Энэтхэгт очиход цаг үе ямар байсан бэ?

-Үндэсний баячууд нь тодорчихсон. Баян ядуугийн ялгаа ихтэй ийм л нийгэм угтсан.  Гэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд Неру Энэтхэгийн өнөө цагийн хөгжлийн суурийг,  маш ухаантай тавьжээ.  Хэдийгээр хөрөнгөтөн орон ч гэлээ социалист чиг баримжаагаар явж ирсэн. Өөрөөр хэлбэл, хүн бүхнийг адил тэгш амьдруулах энэ чиг шугамаас ухраагүй. Мөн үйлдвэржүүлэх ажлыг эрчимтэй хийсэн. Түүнчлэн хүнээ гэгээрүүлэхэд их анхаарсан. Энэ бодлогын улбаагаар Энэтхэг өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудын нэг болж чаджээ.

-Та Ю.Цэдэнбал даргын орчуулагчаар ажилласан гэдэг. Тэр нь хэзээ юм бэ?   

-1960-иад оны эхэн үе. Энэтхэгт сураад жил гаруй болж байлаа. Тухайн үед Ю.Цэдэнбал дарга тус улсад айлчлахаар очсон юм. Тэр үед улс төрийн хэлэлцээ, яриа англи хэл дээр явдаг байсан. Ю.Цэдэнбал даргыг айлчлах үеэр Шинэ Дели хотын төв талбайд байрлах Монголын хаадын хэрмийн гадна талбайд нийт ард түмэнд хандан цуглаан хийхээр болдог юм. Тэрхүү цуглаан дээр хоёр улсын тэргүүн заавал үг хэлдэг уламжлалтай . Тэгсэн урьд өдөр нь Ю.Цэдэнбал дарга ЭСЯ-ныханд “Бид англи хэлээр л яриад байх юм. Хинди хэлээр нь ярьж болдоггүй юм уу” гэжээ.  Тэд ч энд хинди хэл сурч байгаа хоёр оюутан байгаа. Тэднээр орчуулга хийлгэе гэж л дээ. Тэгээд биднийг дуудаж, тэр орой нь ярих текстийг бэлдэж, маргааш нь индэр дээр гарсан юм.

-Очоод жил л болсон гэлээ. Айсан байх даа.

-Илтгэл тавихын өмнөх өдөр бас л их сандарсан шүү. /инээв.сурв/ Ж.Бадраа, Нямсүрэн бид нар  хамт суралцаж байсан ч Бадраа нэг жил болоод буцаад Монгол руугаа явчихсан юм. Нямсүрэн бид хоёр үргэлжлүүлж сурахаар айлдаа үлдээд байсан юм. Ингээд элчингээс дуудаад “Энэ бол намын даалгавар. Маргааш төв талбайд Ю.Цэдэнбал дарга, Энэтхэгийн ард түмэнд хандаж үг хэлнэ. Үүнийг та хоёр хинди хэлээр орчуулж, хэлэх юм” гэлээ. Тэр үед элчин сайдаар Дүгэрсүрэн гуай ажиллаж байсан юм. Маргааш нь би Ю.Цэдэнбал даргын хамт индэр дээр гарахдаа олон мянган хүнийг хараад үнэхээр балмагдсан. Дарга яриад байдаг, би шууд л хинди хэлээр орчуулж эхэллээ. Хүмүүс инээх үед нь инээгээд алга таших үед нь алга ташаад байхаар нь ямар ч байсан буруу хэлээгүй юм байна гэж баярлаад байгаа юм. Үүний дараа хинди хэлийг тийм муу сураагүй юм байна гэдгээ ойлгож, их урам зориг, эрч хүчийг авсан.

-Монголын сүсэгтнүүдийн хувьд Энэтхэг бол Буддын орон шүү дээ, тийм ээ. 

-Будда бол Их баян хааны хүү тэрээр нэг өдөр ордноосоо гараад амьдралын эрээн барааныг харсан байдаг. Тэгээд ертөнцийг таниад эргээд ордондоо ирээгүй. Ой хээрээр даян хийж, мэргэдтэй уулзаж, ядарсан олонд тусалж ирсэн. Бодь модонд очиж, сахил хүртээл 26 насандаа анхны айлдвараа хүргэсэн ийм л хүн юм. Тэр эцсийн дүндээ тэнгэр бурхан гэж байдаггүй. Тэнгэр бурхан гэж байдаг бол хүн өөртөө л бурхан. Хүн өөрийн амьдралаа өөрөө зохиож түүгээрээ л амьдардаг. Зөвөөр зохиож, зөв замаар, зөв ухаанаар залахад хүн сайхан амьдарна гэдэг энэ ухааныг нээсэн. Ингэж амьдрахын тулд хүн гэгээрэх хэрэгтэй. Бүдүүлэг мунхаг байсан цагт амьдралын дандаа буруу зам руу явдаг. Харин гэгээрсэн цагт өөрөө өөрийгөө залаад явж чадна. Тиймээс гэгээрч, танил хүмүүсээ ч гэгээрүүлсэн цаг ертөнц тэр чигээрээ гэгээрч сая бодь мөрийн зэргийг олно оо гэсэн байдаг. Үүний тулд маш их бясалгал хийсэн. Бясалгана гэдэг чинь үзсэнээ бодож эрэгцүүлэхийг хэлж байгаа юм. Бясалгасны үр дүнд тэр хүн чинь ямар нэг дүгнэлтэнд хүрнэ ээ дээ. Тэр дүгнэлтүүд нь Буддын сургаал байгаа юм.  Нарийн учиртай байх нь. Гэтэл манайхан бясалгал гэхээр нүдээ аниад суучихдаг. Үгүй, үгүй, бясалгал хийнэ гэдэг маш нарийн хүнд ажил. Маш олон шатны цаана очиж хийдэг юм. Үнэндээ манайхан шашин гэдгээ ч ойлгодоггүй л дээ.

-Шашин гэж юу юм? 

-Намайг Энэтхэгт сурч байхад Делийн их сургуулийн эрдэмтэн профессорууд гадаад оюутнуудтай уулздаг юм. Тэгэхэд Делид монголын 20 хэдэн хүүхэд дээр гадны  оюутнууд ч ирсэн байлаа. Бид хаана хаанаас ирснээ  ярьцгааж дараа нь нэг жижигхэн цайллага болдог юм. Тэгсэн нэг хөгшин профессор над дээр ирээд “За хүү минь, чи Монголоос ирсэн байх нь ээ. Энэтхэг хүний зүрхэнд монгол гэдэг үг  их дотно байдаг юм. Бид бол эртний их соёлын харилцаатай улс. Миний хүү сайн сураарай. Их юм үзэж яваарай” гээд толгой илэв. Цааш нь яриагаа үргэлжлүүлэн “Монголчууд бол Буддын шашинтай улс. Миний хүү бас Буддын шашинтай юу” гэж асуулаа. Би чинь намын гишүүн хүн. “Шашингүй” гэвэл “Шашингүй гэнэ ээ”  хэмээн гайхсан байртай харвал би ч “Тийм ээ” хэмээн бататган их том амьтан хариуллаа. Тэгсэн “Хүү минь уучлаарай. Чи шашингүй бол мал болох нь ээ. Мал хүн хоёр үхнэ төрнө, өвдөнө зовно гээд яг адилхан амьтад. Тэднийг ялгадаг ганцхан зүйл нь хүнд өөрийн гэсэн үзэл бодол байдаг. Харин малд байдаггүй. Тэгэхээр тэр үзэл бодлыг чинь шашин гэдэг юм. Үзэл бодолгүй болчихоор мал болчихож байхгүй юу. Чи Энэтхэгт сурч байгаа хүн байна. Шашин гэдгийг мэдчихээд буцаарай” гэлээ. Ингээд би шашны тухай түлхүү судалж, хоёр жил болоход их ч юм уншлаа. Нээрээ л үзэл бодлыг шашин гэдэг аж. Тэгсэн нэг өдөр өнөө профессортой  айлд таарчихдаг байгаа. “За миний хүү хүн болж чадсан уу” гэж асуулаа. “Чадсан” гэвэл “Шашин гэж юу вэ” гэнэ.  “Маркисимз, Ленинизм бол  миний шашин” гэвэл “Зөв шүү дээ. Энэ чинь нэг үзэл. Чи Марксимз, Ленинизмын үзэл суртлаараа явна гэвэл тэр чинь чиний шашин. Тэрэндээ үнэнч байх хэрэгтэй” гэж хэлсэн. Товчхондоо коммунизм, марксизм, ленинизм, буддизм, ардчилал цөмөөрөө л үзэл бодол. Ардчилсан үзэл суртал ч шашин. Энийгээ л ойлгох хэрэгтэй.

Минийхээр хувраг, лам  хоёр нь бага зэргийн ялгаатай гэж боддог

-Та Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн талаар хэзээнээс мэддэг вэ?

-Би Манба Дацан эмнэлгийг байгуулагдахаас нь өмнө Д.Нацагдорж хамбыг мэдэх юм. Сүүлд хамба лам энэ төвийг байгуулсныг дуулаад ирж тан авч байлаа. Тэр чинь 20-иод жилийн өмнө байх шүү. Бид нэг нутгийн улс.  Хамтдаа Завхан аймгийн  Нөмрөг сумын 90 жилийн ойд цуг оролцож явлаа. Ингээд ярьсан надад ийм нэгэн сэтгэгдэл төрж байна. Би Д.Нацагдорж хамбыг лам хүн гэж хэлмээргүй байна. Хувраг хүн гэж хэлмээр байна. Будда багш яг өөрийн шавь нараа хувраг гэж байсан. Минийхээр хувраг, лам  хоёр нь бага зэргийн ялгаатай гэж боддог юм. Яг Буддын ном сургаал, айлдвараар яваа хүнийг хувраг гэх болов уу. Эндээс үүдэхэд хамбын тухайд хийж буй энэ ажил үйлс нь буян дагуулж байна. Буянаар орж ирсэн зүйлийг буянд нь зарж яваа хүн байна даа гэж харлаа. Энэ цогцолборыг хар. /Манба Дацан төвийг хэлэв.сурв/ Соён  гэгээрүүлэх сургууль нь байна. Эмнээд эмчлээд өгөх эмнэлэг нь байна. Буддын сургаалын гол нь “Хүнд л тус болж яв. Буянаар орж ирсэн зүйлийг буянд нь зарцуул. Битгий өөр юманд зар” юм шүү дээ.

Намайг Төгөлдөр эмч үзэж байна. Залуу хүн ч энэ хүнийг нэг эдгээчих юм сан гэсэн чин сэтгэл нь алхам тутмаас нь харагддаг. Хандлага нь их өөр. Өглөө орж ирээд л “Өчигдөр та эмээ яаж уув” гээд “шалгалт” авна. /инээв.сурв/ Үгүй дээ л хэвтэж байгаад босоход дэмнээд өгнө. Сугадаад өрөөнд хүргээд өгөх жишээний.  Энэ чинь сайхан санагдахыг яана. Энэ бол хүнд долигнож байгаа хэрэг биш. Хүний төлөө хүнд үйлчилж байгаа нь тэр. Эргээд энэ нь сэтгэл санааны эмчилгээ болоод явчихдаг. Эмч нар ийм л байх ёстой юм.  Төгөлдөр маань нас залуу байна. Ахиад гадаад дотоод  явж,  дадлага хийж, туршлага судлах хэрэгтэй. Өнөөдрийн 5,6 жилийн сурсан ном бол юу ч биш. Энэ бол дөнгөж эхлэл юм шүү гэж хэлснийг маань дамжуулаадахаарай.   

-Таны амьдралд Буддын сургаал хэрхэн нөлөөлсөн байдаг вэ?

-Би 70,80-иад ном бичсэн хүн. Би номыг хүнд уншуулах гэж л бичдэг. Тэрнээс мөнгө олох гэж бичдэг хүн биш. Би өөрийн бичсэн 60,70 номоо 2018 онд 21 боть болгож 150 хувь хэвлүүлээд бүгдийг нь үнэгүй тараасан.  Томоохон номын сангууд, их, дээд сургуулиудын номын сан, эрдэм шинжилгээний байгууллага, аймгуудын номын сан гэхчилэн. Энэ бол миний хийж буй номын буян гэж боддог. Би мөнгөтэйдөө биш юм. Өнөөдөр муу хөгшинтэйгээ тэтгэврийнхээ хэдээр л амьдарч байна. Гэхдээ би чинь насаараа орчуулга хийлээ. Орчуулгын эрдэм гэдэг чинь гайхамшигтай эрдэм юм аа. Иймээс энд өөрийн  өчүүхэн  дэмийг  үзүүлчих юм сан гэж боддог. Орчуулагчдадаа урам өгөхөөр тэтгэврийн хэдээсээ илүүчилж хураасаар 50-иад сая төгрөгтэй болсон юм. 2015 оноос хойш хоёр жил тутамд нэг удаа шилдэг орчуулгын бүтээлийг шалгаруулж, таван сая төгрөгийн шагналыг олгодог.  Энэ жилийн шагналыг энэ оны ирэх 9-р сард олгоно. Дөрөв дэх бүтээлдээ шагналаа гардуулна даа. Жил бүр олон бүтээл ирнэ шүү. Тэндээс томилсон коммисынхон шалгаруулалтыг хийдэг. Энэ бол миний хийж байгаа буян гэж боддог. Өөрөө номоо хийгээд тараая. Ном хийдэг хүнийг бас дэмжье тусалъя, урам хайрлая л гэж боддог. Би бол Будда багшийн сургаалаар яваа хүн. Будда багшийн маш олон номыг орчуулсан нь энэ биед маань “шингэж” дээ. 

Буддын ганц үзэн ядаж байсан юм бол шунал. Хүн шунал тачаалаас ангид байлгаж чадвал хүн шиг амьдарч чадна. Тэгэхээр шунал тачаалыг буй болгодог юм юу вэ гэхээр тэр нь өмч. Манайхан өмчийг хүртэл ойлгодоггүй. Хуучин гээд голоод л байна. Гэтэл марксизм, ленинизмын сургаалд хүний хэрэгцээ, өмч гэж хоёр ялгаатай зүйл байдаг юм. Хүн өөрийн орон гэртэй, унах тэрэгтэй, банкинд хадгаламжтай байж болно. Энэ бол хэрэгцээ. Харин энэ бүх хэрэгцээнээс илүү гарсан юм бол өмч, хөрөнгө. Тэр илүү гарсан хөрөнгө хүнийг дандаа л шунал руу хөтөлдөг тухай өгүүлдэг. Цаад утгаараа Буддын сургаал яваад байсан байгаа биз.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн нэг асуулт байна. Та хэл сурч буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Манай нэг хуучны арга байна шүү дээ. Үг цээжлээд байдаг. Тэгэхгүй л дээ, өгүүлбэр цээжил. Өдөрт арга ядахад 10 өгүүлбэр цээжилчих. Тэр чинь сар болохоод 300 өгүүлбэр. Энэ 300 өгүүлбэрээс хэчнээн үг гарч ирэх үү. Үүнийг дагаад өгүүлбэрийн бүтэц , дүрэм ороод ирнэ. Миний анхны орчуулга “Таван сургамж”.  Эхэндээ өдөрт сайн бол хоёр гурван өгүүлбэр орчуулна. Толь бичиг ч ховор байлаа. Хинди хэлнээс англи руу, англиас орос  руу, орос хэлээс монгол руу хэдэн толь бичиг дамжуулж байж олж авна. Тэгж олсон үгийг ёстой мартана ч гэж байхгүй дээ.  Дараа нь хагас нүүр, тэгээд бүтэн, дараа нь хоёр гэсээр өдөрт 4 нүүр орчуулдаг болохоор  цаашаа яваад өгчихдөг юм. Гэхдээ хэл гэдэг чинь сурч дуусна гэж байхгүй. Би одоо ч сурсаар л байна. Хэл бол туулшгүй далай юм.

-Ярилцсанд баярлалаа. Тандаа эрүүл энх сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: otoch.edu.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!