LOADING

Type to search

Uncategorized

Хөлс их ялгарахад жингээ хасч байна гэж эндүүрдэг

Share

Зарим хүн зуны улирлыг гадаа дасгал хөдөлгөөн хийх тохиромжтой цаг ирлээ гэж хардаг. Харин зарим нь зуны халуунд илүү их хөлөрч, илүү их жин хаяна гэж боддог.

Хүмүүс дасгал хөдөлгөөн хийх үеэр хөлс ихээр ялгарч байгааг өөрсдийгөө дасгалаа сайн хийж байгаагийн шинж тэмдэг гэж үздэг. Гэтэл энэ нь эндүүрэл байж. Хөлс хэр их хэмжээгээр ялгарах нь таны хийж буй дасгалын хүнд хөнгөнөөс хамаарахгүйгээр барахгүй хөлрөх тусам биеийн калори илүү их шатдаг гэдэг ойлголт ч буруу аж.

Биеийн хэм нэмэгдэх тусам таны эккрин булчирхайнууд хөлс ялгаруулж эхэлнэ. Арьсан дээрх чийгшил буюу хөлс ууршсанаар бие сэрүүцдэг байна.

Мэдээж хөлс стресс болон айдас зэргээс болж бас үүсч болно. Гэхдээ энэ төрлийн хөлс нь суганы доорх болон цавинд байрласан апокрин булчирхайнаас ялгардаг байна.

Дасгал хөдөлгөөн хийх үеэр хөлс хэр их хэмжээгээр ялгарах нь олон хүчин зүйлээс хамаарна. Үүнд хүйс (эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү их хөлөрдөг онцлогтой), нас (залуу хүмүүс настай хүмүүсээс илүү хөлөрдөг), удамшил, дасгал хөдөлгөөн хийж буй орчны агаарын хэм, чийгшил зэрэг орно. Түүнчлэн биеийн жингээс хамаарна. Жингийн илүүдэлтэй, том биетэй хүмүүсийн бие илүү их дулаан ялгаруулдаг учраас илүү их хөлрөх хандлагатай байдаг.

Чийрэг, манайхны хэлдгээр мах шөл нь таарсан хүмүүс дасгал хөдөлгөөн хийх үедээ бусдаасаа илүү хурдан хөлөрч эхэлдэг байна. Байнгын дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл чийрэг биетэй хүмүүсийн биеийн дулаан зохицуулах тогтолцоо нь илүү үр дүнтэй ажиллаж, биеийг түргэн хугацаанд сэрүүцүүлж, илүү их дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангадаг байна.

Дасгал хөдөлгөөн хийгээд, хөлс маш ихээр ялгарсны дараа жингээ үзээд хэдэн зуун граммаас нэг килограмм хүртэл жин хаясныгаа хараад цагаасаа өмнө баярлаад хэрэггүй. Энэ бол таны дасгал хийх үедээ алдсан шингэний хэмжээ болохоос та тэр их хэмжээний калорио шатаачихлаа гэсэн үг огтоос биш юм. Алдсан шингэнээ нөхөх төдийд л биеийн жин тань эргээд хэвэндээ орох болно.

Нөгөө талаар хөлс бага ялгардаг дасгал хөдөлгөөн хийснээр та хангалттай калорио шатааж чадахгүй байна эсвэл ямар ч ашиггүй дасгал хийгээд байна гэсэн үг биш юм шүү.  Агааржуулалт сайтай орчинд, сэнсний дэргэд, гадаа салхитайд хийсэн дасгал хөдөлгөөний үед таны хөлс илүү хурдан ууршин алга болдог. Эсвэл та ердөө л тэгж их хөлөрдөг хүн биш гэсэн үг юм.

Дасгал хийх үедээ полиэстер болон Ликра зэрэг синтетик материалаар хийгдсэн хувцас өмсөх нь танд илүү хуурай мэдрэмжийг төрүүлнэ. Эдгээр материал нь танаас ялгарсан хөлсийг гадагшлуулдаг онцлогтой. Хөвөн даавуун материал нэг талаараа хөлсийг шингээж авдаг ч нөгөө талаараа ууршуулж чаддаггүй учраас дасгал хийсний дараа таны хувцас норж, хүнд оргих болно.

Полиэстер материалаар хийгдсэн хувцасны нэг муу тал нь дасгал хийсний дараа илүү үнэртэй болдог. Судлаачид 26 хүнийг нэг цагийн турш дугуй жийлгэх дасгал хийлгэснийхээ дараа тэдгээр хүмүүсийнхээ хөлстэй цамцыг хураан авчээ. Маргааш өдөр нь судлаачид полиэстер материалаар хийгдсэн цамцнууд нь хөвөн даавуун цамцнуудаас илүү муухай үнэртэй болсныг тогтоожээ.

Микрокоччи хэмээх нян нь хөлсийг задалж, эвгүй үнэртэй болгодог бөгөөд тус нян полиэстер материалаар хийгдсэн хувцсан дээр л үрждэг болохыг тогтоосон байна. Хүний биеэс ялгарах хөлс нь өөрөө үнэргүй гэдгийг санах нь чухал. Хөлс болон тодорхой нэг нян хоорондоо нийлснээс эвгүй үнэр үүсдэг байна.

Гадуур “үнэрэнд тэсвэртэй” гэх синтетик материалаар хийгдсэн хувцас зарагддаг нь нянгийн эсрэг бодис түрхсэн эсвэл цацсан байдаг аж. Эдгээр бодисуудаас хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь мөнгө юм. Хувцсанд мөнгөны маш нарийн жижиг хэсгүүдийг түрхсэн байдаг гэнэ.

Зарим судлаачид эдгээр нь амалсан шигээ сайн үйлчилгээ үзүүлж чадахгүй хэмээн үздэг ба тухайн хувцсыг угаахад гарах мөнгө нь байгаль орчныг бохирдуулах сөрөг талтай хэмээн ярьдаг.

www.cnn.com

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!