Олон улсын “Сувилагчдын баярын өдөр”-ийг угтан иргэддээ хүндлэл хүлээсэн, сувилагч нараа алдаршуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Зөвлөх Поликлиникийн Чих хамар хоолойн сувилагч Ц.Шүрэнцэцэг уригдлаа.
-Сайн байна уу? Танд удахгүй болох ОУ-ын сувилагчдын баярын мэндийг дэвшүүлье! Хэдэн жил чих хамар хоолойн сувилагчаар ажиллаж байна вэ?
Баярлалаа. Намайг Ц.Шүрэнцэцэг гэдэг. 1984 онд Анагаах Ухааны дунд сургууль төгсөөд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилд орсоноор одоог хүртэл 36 дахь жилдээ ажиллаж байна.
-Чихний булагтай гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Энэ өвчний тухай мэдээллийг танаас авья гэж бодлоо. Яагаад чихнээс булаг гоождог юм бэ?
Энэ өвчин нь ямар ч зовиургүй юм шиг боловч хэнгэрэгэн хальс цоорох үед их өвдөлт өгдөг. Хүүхдийн чихнээс шингэн зүйл гоожиход хэвийн зүйл мэтээр ойлгодог нь маш буруу. Булаг бол дунд чихний үрэвсэл гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Дунд чих үрэвссэнээс болж чихнээс янз бүрийн шингэн зүйл гардаг. Идээ, цус, шингэн ус ч гарч болно.
-Шингэн зүйл гоожихоос гадна ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Яаж урьдчилан сэргийлэх вэ?
Чихнээс булаг гарч сонсгол муудна, халуурч чихний орчимд хөндүүрлэн өвдөнө, цэвэрлэхгүй удвал эвгүй үнэр гарна, уур уцаартай болж хөдөлмөрийн чадвараа алдана, чимээ шуугиантай газар ажиллахад толгой эргэж, бөөлжис хүрдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд хамрын хөндийн үрэвсэл, шүд үйрэх, хоолойны ангиныг тууштай эмчлүүлж байх хэрэгтэй. Мөн хүүхдийг багаас нь нусны алчуур хэрэглүүлж сургах, нусыг зөв нийлгэж байх, хоол ундны өмнө гараа тогтмол угаах, хоол идсэний дараа амаа угааж байх нь энэ өвчин тусахаас сэргийлдэг.
-Тэгвэл нэгэнт булагтсан чихийг яаж эмчлэх вэ? Чихнээс булаг гоожиж байгаа үед гэрийн нөхцөлд яаж цэвэрлэх хэрэгтэй вэ? Зөвлөгөө өгнө үү?
Эмчилгээг эмчийн зааврын дагуу хийнэ. Антибиотик эмчилгээ хийх эсэхийг зөвхөн эмч шийнэ. Тиймээс эцэг эхчүүд дун мэдэн эмчилгээ хийж болохгүй. Чихнээс булаг гоожиж байгаа үед өдөрт 3-аас доошгүй удаа хуурай цэвэрлэх хэрэгтэй. Чихний сувагт байгаа булгийг хөвөнд шингэтэл нь байлгаад буцааж болгоомжтой авна. Хуурайштал хөвөнгөөр хуурай цэвэрлэгээ хийнэ. Мөн чихэнд ус оруулахгүй байх хэрэгтэй.
-Цаг гаргаж зөвлөгөө өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.