₮ 0

No products in the cart.

Үйлийн үр гэдэг нь бидний ухамсарт байгаа ул мөр

2008 онд Гэвш Жамба Тинлей багш ОХУ-д морилж байхдаа англи хэл дээр айлдсан сургаалийг орос хэлэн дээр буулгасныг монгол хэлнээ орчуулсан болно.

Аз жаргалд хүрэх 41 сургаалийн НЭГДҮГЭЭР СУРГААЛ: Хүн хийх зүйлгүйдээ бус, харин ямар зөв үйл хийхээ \зөв амьдрахаа\ мэдэхгүйгээс болж зовж шаналдаг

Хүний ахуйг ойлгох, тайлбарлах нь гурван түвшинд явагддаг. Нэгдүгээр түвшин нь өдөр тутмын амьдралын тусгал байдаг. Бидний өдөр тутмын амьдралд олон асуудал гарч ирдэг билээ. Бид өөрсдийнхөө аз жаргалын төлөө юу ч хийдэггүй учраас бус, харин бид яаж зөв үйлдэл хийхээ мэддэггүйгээс энэ асуудлууд гарч ирдэг.

Иймд бид үйлдлийнхээ арга барилыг мэдэж авах ёстой. Жишээлбэл, таны хувцас цоорлоо гэж бодъё. Та юу хийх вэ? Хувцасны өөр хэсгээс нь хайчилж аваад эхний цоорхойг нөхлөө гэж бодъё. Гэвч одоо таны хувцсанд хоёр дахь цоорхой гарч ирсэн тул та өнөөх асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй болно.

Хэрэв та анхны цоорхойг нөхсөнтэй адил хийгээд байвал цаашид цоорхойг нөхөх арга үгүй болно. Учир нь үйлдэл хийх аргаа эхнээс нь буруу сонгосон байна. Бид амьралдаа өдөр болгон чухамхүү ийм алхам хийж, асуудлаа ийнхүү шийддэг нь дахин дахин шинэ асуудал бий болгодог.

Нэг газрын цоорхойг өөр газрыг цоолон нөхсөөр байвал асуудал шийдэх аргаа ойлгоогүй тул цоорхой үлдсээр байх болно. Ийм маягаар үйлдэх нь нэг газар руу явах, асуудлыг үнэн хэрэг дээр бодож шийдвэрлэхээс хялбар мэт бидэнд санагддаг. Үр дүн нь гэвэл бид хамгийн хялбар аргаар өөрийн амьдралын “цоорхойг нөхөх” гэж оролдох юм бол амьдрал улам улам дордсоор байх болно.

Асуудлыг бүр бага байх үед түүнийг бид тоохгүй байх нь олонтаа. Асаасан лааны юмуу ширхэг шүдэнзний дөлийг та хараад ганцхан үлээгээд л унтраачих амархан, энэ нь танд асуудал биш. Гэвч гал асч, унтрааж болохгүй түймэр болон таны өмч хөрөнгө, тэр бүү хэл таны болон ойр дотныхны чинь амь насанд заналхийлэх үед зүгээр нэг үлээх нь галтай тэмцэх арга биш болсон байна. Энэ үед та гал руу үлээх юм бол одоо та түүнийг улам дүрэлзүүлнэ.

Гал жижигхэн дөл байх үед үлээх аргыг ашиглаж болох байсан. Гэвч түймрийн үед галтай тэмцэх огт өөр арга шаардагдана. Хүмүүс бид нар аюулыг үл анзааран голдуу үүсэж байх үед нь “үлээгээд” унтраачихгүй, харин дүрэлзсэн хойно нь галыг үлээгээд унтраах гэж оролддог.

Нэг нөхцөл байдал нөгөөгөөсөө шал өөр байсан ч бид “галыг” үлээх гэсэн нэг л төрлийн аргаар ажлаа үргэлжлүүлж, бидний амьдралыг авч явахаар заналхийлсэн том түймрүүдийг улам гааруулдаг.

Амьдралын нөхцөл байдлыг ойлгож, түүнд ухаалаг, зүй ёсоор нь зөв хандаж сурвал зохино.

Зохих хугацаанд хэрэгтэй зүйлийг хийдэггүй нь өдөр тутмын амьдралд тохиолддог алдаа юм.

Өөрийнхөө асуудлыг шийдэхийн тулд оносон аргаар ажиллаж сурах нь маш чухал.

Бид өдөр тутмын амьдралын асуудалд бяцхан тайлбар хийлээ.

Бидний ахуй, амьдралаас үүссэн асуудлыг тайлбарлах хоёр дахь түвшин нь бидний зовлон, жаргал бидний үйлийн үрээс хамааралтай. Үйлийн үр буюу карма гэдэг нь бидний мэддэг бүдүүвтэр шалтгаантай харьцуулбал илүү гүн гүнзгий, илүү нарийн шалтгаан юм.

Бидний аз жаргалын шалтгаан нь бидний мэдэж байгаагаар хоол, дулаан хувцас, мөнгө, сайхан байшин, машин гэх мэт юм. Гэвч бидний аз жаргалын эдгээр шалтгаан нь байнгын дэмжлэг шаардаж байдаг. Бид аз жаргалын эдгээр шалтгаануудыг гүйцэлдүүлэхийн төлөө санаа зовж байдаг.

Энэ бол мөнгө, байр, хувцас, машин худалдаж авах зэрэг асуудлууд байдаг. Бидний аз жаргалын нарийн шалтгаан нь карма буюу үйлийн үр байдаг. Карма гэж юу болохыг ойлгомжтой тайлбарлах юм бол энэ нь бидний ухамсарт байгаа ул мөр гэж хэлж болно.

Биднийг явахад газар дээр мөр үлддэг шиг, дуу хураагчийн соронзон хальсанд бидний хэлсэн үг үлддэг шиг хийсэн үйлдэл бүхэн маань бидний ухамсарт ул мөрөө үлдээж байдаг. Бидний бие, хэл, сэтгэлээрээ үйлдэж байгаа болгон эцсийн эцэст бидний ухамсарт тусаж, ухамсарт буй энэ ул мөрийн ачаар, тухайлбал та монгол хэлээр дурын ном уншиж чадах бол бусад олон хүмүүс үүнийг хийж чадахгүй.

Яагаад?

Та хүүхэд наснаасаа эхлэн монгол хэл судалсан, үүний ул мөр таны ухамсарт үлдсэн, харин гадаад хүнд ийм ул мөр байхгүй, тэд монгол хэл судалж байгаагүй. Хүний тархийг задлаад саяын яригдсан ул мөрийг илрүүлэхийг оролдвол энэ ул мөрийн тэмдэг болох юу ч илрүүлж чадахгүй.

Хэрэв ямар нэг объект байгаа бол гол төлөв шинжлэх ухааны арга хэрэглэн микроскоп, телескоп гэх мэт тусгай багаж ашиглан тэр объектийг ямар нэг хэмжээгээр ажиглаж болдог. Харин энэ тохиолдолд ажиглалт хийх боломжгүй. Бидний ярьсан ул мөрийг ямар ч багаж ашиглан харах бололцоогүй. Үүнийг зөвхөн дотооддоо мэдэрч болно.

Үйлийн үрийн ул мөрийн гурван хэлбэр байдаг. Эдгээр ул мөрийн нэгдүгээрх нь бидэнд аз жаргал авчирдаг ул мөрүүд, өөрөөр хэлбэл та бусад хүмүүст тусалсан, тэдэнтэй сайхан харьцсан, тэдэнд янз бүрийн ашигтай сайхан зөвлөгөө өгсөн, өөртөө хайр энэрэл хөгжүүлсэн зэрэг бүхэл амьдралынхаа туршид хуримтлуулсан эерэг үйлийн үрийн ул мөрүүд.

Энэ бүхэн таны ухамсарт эерэг ул мөрөө үлдээсэн байдаг.

Үйлийн үрийн ул мөрийн хоёрдугаарх нь бидэнд хор хөнөөл, зовлон авчирдаг ул мөрүүд юм. Эдгээр нь урд насандаа таны хийсэн аллага, хулгай болон бусад сөрөг үйлийн үр дагавар болон бий болсон байдаг.

Үйлийн үрийн ул мөрийн гуравдах бүлэг саармаг ул мөр байдаг. Энэ нь аз жаргал, зовлон, хоёрын аль алиныг нь авчирдаггүй бөгөөд эерэг ч бус, сөрөг ч бус үйлдлийн үр дүнд бий болсон байдаг.

Та зүгээр л гараа өмнөө эргүүлсэн байвал энэ бол саармаг үйлдлийн жишээ юм. Үүнээс үзвэл аз жаргалын үнэнхүү шалтгаан нь үйлийн үрд суурилсан байдаг. Бид агшин болгонд өөрийн үйлийн үрийг эерэг болон сөрөг үйлдлүүдээр үржүүлж байдаг. Гэхдээ амьд амьтан зовлон жаргалын жинхэнэ шалтгааныг мэддэггүй.

Шантидева гэгээнтэний айлдсанчилан, амьд амьтан зовохыг хүсдэггүй, гэхдээ тэд зовлонгийн шалтгааныг бүтээж өөрийнхөө үйлдлээр зовлонгоо үржүүлж байдаг. Тэд аз жаргалыг хүсэх боловч өөрийнхөө аз жаргалаас зугатаах мэт аз жаргалыг бий болгодог шалтгаанаас холдсоор байдаг. Ийнхүү зовлон улам нэмэгддэг.

Бид “Хүн хийх зүйлгүйдээ бус, харин ямар зөв үйл хийхээ мэдэхгүйгээс болж зовж шаналдаг” гэсэн сэдэв рүүгээ эргэн ирлээ.

Хүний амьдралыг тайлбарлах хоёрдугаар түвшинд хүн аз жаргалд хүргэх шалтгааныг бий болгож, зовлон зүдгүүрийг дагуулах шалтгаанаас зайлсхийх мэдлэгийг олж авсан байх.

Эцсийн эцэст бидэнд тохиолдож буй зүйлийг ойлгох гуравдугаар түвшин нь бүх зовлон жаргал бидний ухамсараас гардаг гэсэн мэдлэгтэй холбоотой билээ. Энэ түвшин нь бидний нөхцөл байдлыг хэрхэн ойлгохтой холбоотой. Бидний ухамсарт уур хилэн, шунал тачаал, ёс зүйгүй байдал зэрэг нь ноёрхож байгаа үед бид зовлонд нэрвэгдэнэ. Гэвч бид сэтгэл оюуныг минь хордуулж буй энэ сөрөг зангаас чөлөөлөгдөж чадвал зовлонгоос ч чөлөөлөгдөнө.

Өөрөөр хэлбэл бидний асуудлуудын шийдэл нь зөв ухамсараас гарч ирнэ. Гагцхүү өдөр тутмын амьдралдаа аливаа үйлийг ухаалаг бус аргаар хийж, үйлдэж байна. Аз жаргал биднээс гадуур хаа нэгтээ байна гэж санаад ямар нэгэн аргаар түүнийг олж авах гэж оролдож байна. Гэтэл бидний зовлонгийн эх үүсвэр нь бидний өөрсдийн дотор байна. Үүнийг ойлгохгүйгээр бид амьдралынхаа гадаад нөхцөл байдлыг өөрчлөн зовлонгоос ангижрах гэж дэмий оролдох нь олонтаа.

Заримдаа хүмүүс аллага үйлдэхээс буцдаггүй. Өөрөөр хэлбэл тэдний үзэж байгаагаар тэдний зовлонгийн эх булаг болсон хүнийг устгах гэнэ. Жишээ болгож хэлэхэд хардалт, өрсөлдөөн зэргийн үндсэн дээр аллага үйлдэх нь цөөнгүй тохиолдож байна. Үнэн хэрэгтээ зовлонтой тэмцэх энэ арга нь үндсээрээ буруу юм. Би үүнийг жишиж харьцуулах үндсэн дээр тайлбарлая.

Жишээлбэл: та толинд өөрийнхөө нүүрний халтар тусгалыг олж хартал нүүр тань танд таалагдсангүй, нүүрээ халтар хэвээр байлгахыг та хүсэхгүй. Нүүрээ цэвэрлэхийг хүсээд та толинд туссан нүүрнийхээ тусгалыг угаахыг оролдоно. Та хичнээн шаргуу толио цэвэрлэлээ ч гэсэн таны нүүр цэвэрхэн болохгүй. Нүүрээ цэвэрхэн болгох бодит арга бол толинд туссан тусгалыг бус, харин халтар нүүрээ угаах хэрэгтэй.

Хэрэв та нүүрээ угаачихвал толинд харахад таны нүүр цэвэрхэн болсон байна.

Хэрэв толь тань халтар бол толио угаачих. Тэгвэл царай чинь улам цэвэрхэн харагдана.

Харин таны халтар нүүрийг толийг угаах замаар цэвэрхэн болгож болохгүй.

Бидний бүх бэрхшээл зовлон бидний сэтгэлээс гаралтай гэдгийг та ойлгох ёстой. Ухаан тань мунхагаар дүүрсэн байх үед та хаана ч очиж, юу ч хийлээ гэсэн асуудлууд тулгарсаар байх болно. Хэрэв таны сэтгэл хуучнаараа гутрангуй, цэвэр бус бол та бизнесээ амжилттай хийж, баян боллоо ч гэсэн урьдын нэгэн адил олон асуудалтай хэвээр л байх болно.

Ядуу байхын бэрхшээл байхгүй болоход баян байхын асуудал гараад ирнэ. Ядуусын асуудал хоол хүнс, хувцас хунар хүрэлцээгүй байх байдаг бол баячуудынх амрах цэнгэх цаг гардаггүй, оюуны хэт ачаалал, үүний уршгаар биеийн болон сэтгэл, эрүүл мэндийн асуудлууд.

Амжилт, албан тушаал, алдар нэрийн оройд гарсан хүний хувьд бас л дахин доошоо уначихгүй, энэ хүрсэн түвшиндээ тогтож байх асуудал байдаг.

Хэрэв та өөрийнхөө асуудлыг шийдэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг цэвэрлэ.

Үүнд л Будда болон хэдэн зуун мянган жилийн өмнө амьдарч байсан их багш нарын сургаал оршиж байдаг юм. Үүнд л бидний үеийн хүн, Бурханы амьд хувилгаан, түүний сургаалийг авч яваа Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын сургаал байдаг юм. Зөв үйлдэж сурцгаая!

Хэрэв бид өөрсдийнхөө үйлдлийг эргэн харвал бидний үйлд сайн зүйл их байгаа боловч ашиг тус болохоосоо илүү хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа асуудлуудыг улам бэрх болгож байгааг харж болох юм. Орчин үеийн амьдралд сөрөг зүйлийн хэмжээ өсөж байна.

Жишээлбэл, орчин үеийн дайныг авч үзвэл асар олон гэмгүй хүн амь үрэгдэж байгаагийн учир нь орчин цагийн шинжлэх ухаан техникийн ололт дэвшил болсон зэр зэвсэгт байгаа юм.

Дээр үеийн дайнд орчин цагийнх шиг тийм олон хүн амь үрэгдэж байсангүй. Өнгөрсөн цагт цэрэг эрс амь үрэгдэж байсан ч XX зууны дайнууд шиг энгийн хүмүүс тийм олноороо амь үрэгддэггүй байжээ. Орчин үеийн хүмүүсийн үйлдэл урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй болжээ.

Бид олон сайн зүйл хийх чадвартай боловч хүн төрөлхтөний үйл ажиллагааны сөрөг тал нь урьд өмнө хэзээ ч байгаагүй их болжээ. Одоо хүмүүс манай гаригийг сүйрүүлэх чадвартай болжээ. Энэ гаригийн хүмүүсийн амьдралд учруулж буй хор хөнөөл шиг тийм их хор хөнөөлийг өөр бусад амьтад учруулаагүй байна.

Бид эвдэн сүйтгэх зорилгоор маш их зүйл хийж байна. Дэлхий дахинд болж буй олон гай зовлон, сүйтгэл, экологийн сүйрэл. Энэ бүхнийг хүмүүсийн гар л бий болгосон. Энэ бүх сүйрлийн хандлага эцэстээ бүх дэлхийн хүн төрөлхтөнийг үхэлд хүргэх аюултай. Бид ухамсартай, оюун ухаант хүмүүс учраас энх тайвны төлөө олон агуу их зүйл хийж чадахсан билээ.

Хүний үйл ажиллагааны сүйтгэгч хор уршгийг экологийн амьдралын жишээн дээр авч үзэх юм бол хүмүүс олон зүйлийг буруу хийж байгаагаас энэ асуудал гарч байна. Хүмүүст асуудал яагаад тулгарч байна гэвэл тэд устгах гэж оролдоогүй ч буруу үйл ажиллагаа явуулж байгаа юм. Иймд олон асуудлыг шийдэхийн тулд их зүйл хийх хэрэгтэй гэж бодох хэрэггүй.

Харин ямар нэг зүйлийг хийхээсээ өмнө асуудлыг зөв ойлгож, ухаарах хэрэгтэй. Уг асуудал хаанаас гарсныг задлан шинжилж, түүнийг төрүүлсэн шалтгааныг тодорхойлоод дараа нь юу хийж байгаагаа зөв ухааран ажиллах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд та үр дагаварыг нь хүртэнэ.

Жишээ болгож орооцолдсон бөөрөнхий утсыг авч үзье. Хүн орооцолдоог нь гаргах гэж оролдож чармайсаар эсрэгээр нь бүүр орооцолдуулах нь бий. Бэрхшээлтэй тааралдвал та няцах хэрэггүй. Нөхцөл байдлыг яаралгүй задлан шинжлээд үр дүнтэй нь бус шалтгаантай нь ажиллавал зохино. Орчин үед хүмүүс байгаль орчны асуудлыг шийдвэрлэхдээ хямралд хүргэсэн шалтгааныг олоогүй байж үр дүнтэй нь тэмцэх нь олонтаа.

Хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа бусад асуудал дээр ч иймэрхүү зүйл харагддаг.

Амьдралын нөхцөл байдлыг ойлгох гуравдахь түвшин нь хүмүүс сэтгэл санаагаа цэвэршүүлж, зөв үйлдэл хийх чадварыг төлөвшүүлэхтэй холбоотой. Гадаад ертөнцийг өөрчлөх гэж бүү оролд, харин өөрийнхөө ухамсарыг өөрчлөн, түүнийг цэвэршүүл. Энэ бол амьдралын асуудлыг шийдвэрлэх арга бөгөөд үүнийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй нь бус учир шалтгаантай нь ажиллах арга юм. Бидний ухамсар төгс цэвэршин нирваанд хүрэх юм бол энэ нь жинхэнэ аз жаргал юм.

Нирваан дүрийг олоод та байнга аз жаргалтай байна. Дээдийн ашдын жаргал нь ухамсараа дотроос нь цэвэрлэсний ачаар бий болдог.

Ойлголтын хоёрдугаар түвшинд буяны шалтгааныг бий болгох, сөрөг үйлийн үр ба нүглийн шалтгааныг устгах дээр голчлон анхаарсан юм. Ойлголтын нэгдүгээр шатанд хүн үйлдлийг зөв, зохих хугацаанд нь нөхцөл байдлын дагуу хийхийг эрмэлзэж байна. Хэзээ ч цорын ганц аргыг ашиглаж болохгүй. Галыг бага дээр нь үлээгээд унтрааж болно, гэвч түүнийг дүрэлзээд ирэхийн цагт энэ аргаар дөлийг улам идэвхижүүлнэ. Нэгдүгээр сургаальд өгөх тайлбар ийм байна.

Эх сурвалж: Аз жаргалд хүрэх 41 сургаал ном

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...