LOADING

Type to search

Зөвлөгөө

Интровертүүд буюу дотогшоо хүмүүс сайн удирдагч болж чаддаг

Share

Та өөрийгөө хувийн ямар зан төлөвтэй хүн гэдгээ мэдэх үү. Энэ нь темпераментаас өөр ойлголт гэдгийг хэлэх нь зөв байх. Швейцарын нэрт философич, сэтгэлзүйч К.Г.Юнг хувь хүний зан төлвийг онцлог шинжүүдээр нь гурав ангилсан байдаг.

Тодруулбал, экстраверт хүмүүс гол төлөв гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертүүд зожиг, дотогш чиглэсэн зан үйлийн хэв маягтай байх нь олон. Зарим хүнд экстраверт болон интроверт шинж хоёулаа байдаг бөгөөд гагцхүү аль нэг шинж нь нөгөөгөөсөө давамгайлсан байдаг. Үүнийг амбиверт зан төлөв гэнэ.

Өнөөгийн нийгэм биднийг хүссэн хүсээгүй экстраверт байхыг шаарддаг. Тухайлбал, эцэг эх, багш нар хүүхдийг яриулах, олны өмнө үг хэлүүлэх, багаар ажиллуулахад маш их анхаардаг болсон. Энэ байдал интровертүүдэд ихээхэн дарамт болж хувирдаг нь хэн их ярьж байна тэр хүнийг сайн харилцагч гэж шууд ойлгох хандлага байдагтай холбоотой. Гэтэл интровертүүдийн дунд хамгийн өндөр EQ (Emotional intelligence)-тэй сайн харилцагчид байдаг аж.

Интровертүүд сайн удирдагч болж чаддаг

Жинхэнэ удирдагч бол экстраверт байх ёстой гэсэн ойлголт бидний амьдралд давамгайлдаг. Харин АНУ-ын Уортоны бизнесийн сургуулийн судлаач Адам Грант “Интровертүүд сайн удирдагч болж чаддаг” гэжээ. Учир нь тэд ажилчдаа сайн сонсож, тэдний санал хүсэлтийг харгалзан үзэж, өөрийн төслийг бодит байдал дээр хэрэгжүүлэх боломж олгодог байна.

Харин экстравертууд зөвхөн өөрийн бодол санааг л дэмждэг аж. Та Ньютон, Дарвин, Тесла, Закерберг, Гейтсгүй амьдралыг төсөөлөөд үз дээ. Тэд интроверт хэдий ч өөрийн авьяас чадварыг хөгжүүлж, дэлхийд танигдсан нэгэн болсон юм. Урлаг, уран зургийн тал дээр интровертүүд экстравертуудаас ч илүү амжилтад хүрч чадна.

Гэхдээ уран зохиол, урлагийн интроверт нь “ганцаардал, меланхолик” гэсэн зан чанартай уялддаг бөгөөд энэ төрлийн хүмүүсийг хэн ч ойлгохгүй байгаа мэт сэтгэгдэл төрдөг байна.

Интроверт, экстраверт хэв шинжүүд төрөлхийнх биш

Экстраверт болон интроверт шинж нь хүний темпераментийн онцлогоос ихээхэн шалтгаалдаг ч төрөлхийн, өөрчлөгддөггүй хэв шинж биш юм. Тухайлбал, ажил мэргэжлийн онцлог тухайн хүнийг экстраверт эсвэл интроверт байхад тодорхой хэмжээгээр нөлөөлж болно. Мөн меланхолик эсвэл флегматик темпераменттай хүмүүс интроверт байх хандлагатай байхад сангивиник болон холерик темпераменттай хүмүүс экстраверт хэв шинжтэй байх нь бий. Харин темперамент бол өөрчлөгддөггүй, хүнийг эхийн хэвлийд байхад тодорхойлогддог хүчин зүйл. Тиймээс нэг талаас та экстраверт байх уу, эсвэл интроверт байх уу гэдгээ өөрөө шийдэж болох юм. Бага зэрэг хичээхэд л хүссэн чиглэлээрээ өөрчлөгдөх боломжтой. Ихэвчлэн хүний амьдралын хэв маяг, хобби, найзуудын онцлог зэргээс сэтгэл зүйн хувьд дотогшоо чиглэх үү, эсвэл гадагшаа чиглэх үү гэдэг нь шалтгаалсан байдаг. Тиймээс интровертүүд заавал ичимхий, айдастай байдаг гэсэн үг биш. Тэд өөрсдийн орон зайдаа байх дуртай, асуудал тохиолдсон үед өөртөө төвлөрч, өөрийгөө чагнах дуртай, товчхондоо өөртэйгөө байхдаа уйддаггүй хүмүүс гэж ойлгох хэрэгтэй.

Өөрийн онцлогтоо тохируулан ажил мэргэжлээ сонго

Экстраверт, интроверт аль нэгийг илүүд үзэхээсээ илүү энэ хоёр хэв маяг нь арга, билиг хоёр шиг ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Аль аль нь өөрсдийн давуу болон сул талтай. Тухайлбал, интроверт хүн шинэ санаа олох, төвлөрөх зэрэг чадвараараа давуу байхад экстравертууд сайн ярьдаг, эрч хүч ихтэй байх нь олон. Түүнчлэн экстраверт, интроверт шинжийг тэнцүү агуулсан амбивалент хэв маягтай хүмүүс ч байдаг. Тэгэхээр та өөрийн төрх байдлыг тодорхойлох хамгийн амархан арга бол эрч хүчээр дутагдсан үедээ гол төлөв хэрхэн эрч хүчээ сэлбэдэг вэ гэдгээ бодоорой. Гадаад нөлөөнөөс буюу бусадтай байхыг сонгож байвал та эсктраверт байх магадлалтай. Харин ном унших, бясалгах гэх мэт ганцаараа байхыг сонговол эсрэгээрээ интроверт байх магадлалтай юм. Товчхондоо, интровертүүд бол бодогч, гүйцэтгэгч нар байдаг бол экстравертууд “харилцааны” хүмүүс байдаг. Өөрийн бие хүний энэхүү онцлогтоо тохируулан ажил мэргэжлээ сонгож ч болох аж.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!