Uyanga’s фейсбүүк хуудсанд нийтлэгдсэн тун чухал зөвлөгөө мэдээллийг хүргэж байна
Тараг нь хүн төрөлхтөний олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн, эрүүл мэндэд нэн тустай исэгсэн сүү (fermented milk) юм. Тараг бүрэхэд ашигладаг бактериудыг “тарагны өсгөвөр” гэж нэрлэдэг. Үнээний сүүнд агуулагддаг байгалийн САХАР болох ЛАКТОЗЫГ хувиргах буюу исгэх үйл явцад сүүний хүчил үүсдэг бөгөөд энэ нь сүүнд агуулагдах уургийг өтгөрүүлсэнээр сүүний амт болон бүтэц өөрчлөгддөг байна. Ингээд тарагны гайхамшигт ашиг тусын талаар мэдэж авцгаая.
1. Эрдэс бодис, амин дэмээр баялаг
Тарганд бидний биед нэн хэрэгтэй бараг бүх шимт бодисууд агуулагддаг. 1 аяга тараг нь насанд хүрсэн хүний өдөрт авах ёстой КАЛЬЦИЙН 49%-ийг агуулдаг бөгөөд энэ нь бидний яс болон шүдэнд сайнаар нөлөөлдөг. Мөн тарганд Б-ийн төрлийн амин дэм ялангуяа Б12, рибофлавин (Б2) амин дэм ихээр агуулагддаг бөгөөд зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Мөн 1 аяга тарганд насан хүрсэн хүний өдөрт авах ёстой фосфорийн 38%, Магнийн 12%, Калийн 18% агуулагддаг. Эдгээр эрдэс бодисууд нь цусны даралтыг тогтворжуулах, бодисын солилцоо болон бидний ясанд маш сайн юм.
2. Уургаар баялаг
Тараг нь амьтны гаралтай төгс уургаар баялаг хүнс юм. 200 гр тарганд ойролцоогоор 12гр уураг агуулагддаг. Тиймээс жингээ барьж буй хүмүүст тараг нь тустай байдаг. Учир нь уургаар баялаг учир цадсан дохиог өгдөг дааврын ялгаруулалтыг нэмэгдүүлдэг байна. Нэгэн судалгаагаар хөнгөн зуушиндаа тараг хэрэглэдэг хүмүүс, уураг багатай хөнгөн зууш хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад илүү бага өлсөх мэдрэмж төрдөг бөгөөд 100 ккал-р бага илчлэг оройн хоолондоо хэрэглэдэг нь болох нь батлагджээ.
3. Хоол боловсруулах үйл явцыг дэмждэг
Тараг нь ашигт бактериар баялаг бөгөөд гэдэсний микрофлорыг сайжруулсанаар хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг байна. Судалгаагаар тарганд агуулагдах Бифидо болон Лактобациллус омгийн бактериуд нь эмэгтэйчүүдийн өтгөн хаталт болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болох нь тогтоогдсон бөгөөд антибиотик эмчилгээний дараах гүйлгэлт болон өтгөн хаталтаас сэргийлдэг болохыг баталжээ. Гэвч үйлдвэрийн тараг нь ариутгах үйл явц буюу пастержуулах үеийн халуун хэмд ашигт бактериудаа алддаг байна. Тиймээс худалдааны тараг сонгохдоо ашигт бактерийн агууламжийн тухай шошгыг унших, эсвэл гэртээ бүрсэн шинэ тараг уух нь илүү үр дүнтэй.
4. Дархлааг дэмжинэ
Пробиотикоор баялаг тараг тогтмол хэрэглэх нь дархлааны системийг сайжруулж, өвчин тусах эрсдлийг бууруулж, харшлын урвалыг намжаадаг ид шидтэй. Пробиотикоор баялаг хүнс тогтмол хэрэглэх нь вирусын халдвараас сэргийлэх, гэдэсний олон төрлийн өвчлөл болон үрэвслээс сэргийлдэг. Сүүлийн үеийн судалгаануудад ханиад хүрсэн тохиолдолд пробиотик хүнс хэрэглэх нь өвчний үргэлжлэх хугацааг бууруулж, хүндрэлийг багасгадаг болохыг баталсаар байна. Тарганд агуулагддаг магни, цайр, селен зэрэг эрдэс бодисууд нь дархлааг дэмжихэд мөн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж судлаачид үзэж байна. Ханиаднаас сэргийлэхийн тулд Д амин дэмээр баяжуулсан тараг уухыг мөн зөвлөж байна. Учир нь кальци Д амин дэмийн шимэгдэлтийг сайжруулахад тустай байдаг.
5. Ясны сийрэгжилтээс сэргийлнэ
Тараг нь кальци, уураг, кали, фосфор, зэрэг ясанд хамгийн хэрэгтэй эрдэс бодисыг агуулдаг. Ясны сийрэгжилттэй хүмүүс, ялангуяа настай хүмүүст тараг нь ашиг тустай хүнс яах аргагүй мөн.
6. Зүрхний үйл ажиллагааг дэмждэг
Тарганд амьтны гаралтай ханасан өөх тос агуулагддаг учир зүрх судасны өвчлөлд хүргэж болзошгүй хэмээн өдөр тутмын хооллолтонд тохиромжгүй гэж үзэх хүмүүс элбэг байдаг. Гэвч тарганд агуулагдах өөх тос зүрхний үйл ажиллагаанд сөргөөг нөлөөлдөг гэсэн хангалттай нотолгоо байхгүй бөгөөд харин ч тараг нь зүрх судасны өвчний гол шалтгаан болдог цусны даралтыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон юм. Мөн ханасан өөх тос хязгаарлах шаардлагатай тохиолдолд тослог багатай эсвэл тослоггүй сүүгээр бүрсэн тараг сонгох нь зүйтэй.
7. Биеийн жингээ барихад тустай
Биеийн жингээ бууруулах, эсвэл барих гэж байгаа бол тараг хамгийн тустай. Учир нь тараг нь уураг болон кальциар баялаг бөгөөд эдгээр нь өлсөх мэдрэмж төрүүлдэг пептид YY, GLP-1 даавруудын ялгаруулалтыг бууруулдаг байна. Сүүлийн үеийн нэгэн судалгаанд тараг уух нь илүүдэл жинтэй болохоос сэргийлдэг гэж тогтоосон бол өөр нэгэн судалгаанд тараг уудаг хүмүүс, тараг уудаггүй хүмүүстэй харьцуулахад амжилттайгаар жингээ бууруулж, бодисын солилцоогоо дэмжин, эрүүл хооллолтын хэв маягт шилжиж байгааг баталсан байна.
Хэзээ уухад тохиромжтой вэ?
Махан хоолноос дор хаяж 2 цагийн зайтай уух нь зүйтэй. Учир нь кальци болон төмөр нь бие биенийхээ шимэгдэлтийг бууруулдаг эрдэс бодисууд бөгөөд хамтад нь хэрэглэсэн тохиолдолд шингэхдээ удаан, гэдэс дүүрэх шалтгаан болж болзошгүй.
Ямар хүмүүст тохиромжгүй вэ?
Лактоз шингээх эмгэгтэй (Lactose Intolerance)
Энэ нь үнээний сүүнд агуулагдах чихэр буюу лактозыг задалдаг ЛАКТАЗА ферментийг маш бага ялгаруулдаг эмгэгтэй хүмүүс юм. Ийм эмгэгтэй хүмүүс сүүн бүтээгдэхүүн хэрэглэсэний дараа гэдэс хүчтэй өвдөх, гүйлгэх шинж тэмдэг илэрдэг. Хэдийгээр тарганд лактоз бага агуулагддаг ч ийм эмгэгтэй хүмүүс таргийг болгоомжтой сонгож хэрэглэх нь зүйтэй юм.
Үнээний сүүний харшилтай
Үнээний сүүнд казейн болон шар сүүний уураг агуулагддаг бөгөөд энэ нь зарим хүмүүст харшил өгдөг байна. Сүүний харшилтай хүмүүс сүүн бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд хавдаж, хавагнах болон амь насанд аюултай анафилакси урвалыг өгдөг учир үнээний сүүгээр бүрсэн тараг хэрэглэх хориотой байдаг.
Нэмэлт сахар ихээр агуулсан
Зарим худалдааны тарганд маш их хэмжээний сахар нэмсэн байдаг. Ялангуяа тослог багатай гэсэн тарганд их хэмжээний сахар, нэмэлт агуулсан байдаг бөгөөд энэ нь эсрэгээрээ илүүдэл жин, чихрийн шижин өвчний шалтгаан болж болзошгүй. Тиймээс худалдааны тараг сонгохдоо шошгыг сайтар унших нь зүйтэй бөгөөд аль болох хадгалах хугацаа богинотой, чихэргүй, энгийн тараг сонгох нь тохиромжтой байдаг.
Ямар тараг сонгох вэ?
Аль болох чихэргүй шинэ тараг сонгох нь хамгийн эрүүл бөгөөд ашигт бактериар баялаг байдаг. Тослог багатай эсвэл тослог өндөртэй тараг сонгох нь зөвхөн таны сонголт юм. Тослог өндөртэй тараг нь илчлэг ихтэй боловч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэсэн үг биш юм. Хамгийн гол нь зөвлөмж хэмжээний дагуу тохируулж хэрэглэх нь зүйтэй юм.
Орчуулсан А.Уянга
эх сурвалж https://www.healthline.com/nutrition/7-benefits-of-yogurt…